2024-10-07, Даваа
7.5 C
Ulaanbaatar

Миний “сайн” хөрш

Монголчууд олон жил айл саахалт явж, ах дүү шиг болсон нэгнээ алтан хөрш хэмээн дотносон хүндэлдэг. Нэгэн ам бүл мэт орж, гарч өвдөх зовоход нь тусалж өргөж асарч, үр хүүхдийг нь өөрийн юм шиг сургаж, баяр, гунигаа хуваалцдаг нь алтан хөршүүдийн чанар. Харин хот газар алтан хөрш асар цөөн. Азтай зарим нь л ийм хөрштэй таарах. Мөнгө, хүрэл, зэс хөршүүд харин хаа сайгүй л байдаг.

Түлхүүр гацахад онгойлголцох чанаргүй, хүүхэд халуурахад дөхүүлэх сэтгэлгүй, үүдэнд таарахад үгийн солиогүй, орцонд зөрөхөд харцны хариугүй. Хаалгыг нь андуураад тогшиход заагаад өгчих тамиргүй, хаях хогоо хажууханд үлдээхээсээ сийхгүй ийм л зэс хөршүүд их олон болжээ.

Хаалгаа тас хийтэл хааж ян хийтэл түгжсэн ч хөршийн маань амьдрал нүдэн дээр өрнөнө. Охин нь хуримлаж хавиар нэг цэцэг, инээд бутрахад орсонгүй гэх вий дээ гэж чих тавина. Анхны ач нь мэндэлж сэвлэгний найр хавтгайрахад бэлгэшээлтэй юм даа хэмээн хонх хүлээнэ. Уй гашуу тохиолдож нам гүмхэн хөл дарахад нь орох эсэхдээ тээнэгэлзэж зүрх түгшинэ. Хүүхдүүд нь зодолдож орцоор нэг зодоон цохион болоход “Та нарт хамаагүй” гэж томорно.

Тэгэвч бид нэгэн хоолойноос ундаалдаг, нэгэн дээвэр дор амьдардаг, ирж, очихдоо ижил замаар алхдаг. Нэрийг нь мэдэхгүй ч зүсийг нь сайн таних, ажлыг нь мэдэхгүй ч амьдралыг нь мэдэх, “хүнийг” нь танихгүй ч гэрийг нь бүр илүү мэдэх, энэ л манай хөрш. Захиад үлдээхэд хяламхийдэггүй миний “сайн” хөрш, уриад байхад шагайж ч хардаггүй манай “сайхан” хөршөө.

Хэзээ болтол бид ингэж хана хананыхаа цаана хачин жигтэйгээр амьдарцгаах вэ? Доод айлын эмээ цайны сүүгээр гачигдаж, дээд айлын хатагтай гашилсан цайгаа гаргаж цацна. Хажуу айлын залуу ханийн мөрөөсөл болж ганихарна, хананы цаадах бүсгүй үрийн мөрөөдөл болж гунихарна. Өөдөөс харсан хаалганы хос хоёр зодолдоно, өрсөж сонссон бусад нь зурагтныхаа дууг чангална. Хажуу айлын бүсгүй хүүхдээ орхиод цоожилно. Өрөөнийх нь цаадах айлд уйдсан эмээ ганцаардана. Хөдөөнөөс ирсэн зочин нь цоожтой хаалга мөргөнө, хаалгаа нээсэн хөрш “мэдэхгүй” гэж таглана.

Ийм л хөршүүд олон байгаагаас оройн телевизийн мэдээ зүрх шимшрүүлдэг. Ийм л хөршүүд олон байгаагаас гэрчгүй хохирогчид чимээгүй шаналцгаадаг.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img