2024-12-03, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Оросыг иргэншүүлсэн догшин эр

Өдгөө хүртэл Петр I-ийг дэмжигч шүүмжлэгчдийн хоорондох маргаан үргэлжилсээр байна. Тэр ингэхэд хэн байсан бэ? Оросыг агуу их эзэнт гүрэн болгосон цэргийн болон улс төрийн суут ухаан уу, эсвэл өөрийн эрхэмсэг зангаараа доод албан тушаалтныхаа хүсэл мөрөөдөл, хувь тавиланг эрэмдэг болгосон солиотон уу? Магадгүй аль аль нь уу? Петр хэзээ ч хувийн ашгаа бодолцож төр барьж байсангүй. Хөшүүн байдалтай тэмцэх улс төрийн хатуу бодлого барьж байсан нь Оросыг Европын эзэрхэг гүрэн болгож харагдуулах гэсэн хүсэл нь байв. Түүхчдийн зарим нь түүний талаар “хаан бол төрөлхийн ялагч” гэж тодорхойлсон байдаг.

Ирээдүйн эзэн хаан (Орост энэхүү титмийг авсан анхны хүн) 1672 онд Оросын хаан Алексей Михайлович Романовын гэр бүлд мэндэлжээ. Энэхүү аз жаргалтай үйл явдал хаана болсон нь өнөө ч тодорхой бус. Эсвэл Москвагийн Кремлийн Теремний ордонд, нэг бол Измайлов тосгонд, эсвэл Коломенскт байж болох юм. Бяцхан Петруша Алексей Михайловичийн удмын 14 дэх хүн байв. Үнэндээ бол түүний хоёр дахь эхнэр Наталья Кирилловна Нарышкинагийн ууган хүүхэд нь. Тухайн үед хүүг хэн ч захирагч болно гэж төсөөлж байсангүй. Тиймээс ээлжит хүү нь хорвоод мэндэлсэн нь ээж, аавынх нь хувьд онцгой үйл явдал байсангүй. Петр системтэй боловсрол эзэмшсэнгүй. Тиймээс нас биед хүрсэн хойноо үзээгүй юмаа нөхөж үзэх шаардлага гарсан юм. Бүх л амьдралынхаа туршид алдаатай бичиж, бичгийн хэвийг нь гаргаж унших боломжгүй байв. Алдарт эрдэмтэд, философичид хаантай ойрын хүмүүс байсан юм. Тэд хааны сэргэг ухаан, тал бүрийн мэдлэг, ямар ч асуудалд мэдлэгтэйг нь онцолдог байв.

Түүний эцэг Алексей Михайловичийг таалал төгссөний дараа хаан ширээнд анхны эхнэр Мария Милославскаягийнх нь хүү Федор суужээ. Харин хоёр дахь эхнэр Наталья Кирилловна бяцхан хүү Петрээ аван Преображенское тосгон руу явжээ. Дараахан нь Алексей Михайловичийн анхны эхнэрээс гарсан охин хатан хаан София төрийн эрхийг гартаа авсан юм. Залуу Петрийн хувьд эцэг нэгтэй эгчтэйгээ сөргөөцөлдөх болсон нь хэрийн зүйлд шантрахгүй чанарынх нь анхны том шалгуур болсон билээ. Хатан хаан тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр боловсролтой эмэгтэй байв. Эзэрхэг София ганцаараа төр барихыг мөрөөддөг байсан юм. 1682 онд хүүхэдгүй байсан Федорыг нас барсны дараа хаан ширээний төлөөх сөргөлдөөн өрсөлдөөн үүссэн юм. Нарышкиных (Наталья Кирилловнагийн төрөл төрөгсөд) мэдээж хаан ширээнд арван настай Петрийг суулгахыг хүсч байсан. Хоёрдугаар нэр дэвшигч нь милославчуудын дэмжиж байсан Петрийн ууган ах өвчтэй, ухаан муутай Иван. Үүнээс болж нэлээд бослого, үймээн самуун дэгдэв. Тэдний гол хүч нь буучид байв. Цуст мөргөлдөөний явцад Петрийн нүдний өмнө ойр дотнын төрөл төрөгсөд нь хэд хэдээрээ амиа алдсан юм. Үүний үр дүнд хаан ширээнд Петр, Иваны аль алиныг нь өргөмжлөхөөр болов. Хатан хаан София буучдын шаардлагын дагуу засгийн эрхийг өөртөө авсан юм. Петр хожим “Захирагчдын дундаас миний багынх шиг амьдрал туулсан нь ховор байх” хэмээн хэлсэн гэдэг.

Тун удалгүй ханхүү “тоглоомын” цэрэг байгуулах сонирхолд автав. Үе тэнгийнхэн болох хэдэн залуусаас бүрдсэн энэхүү армийг София ёжтойгоор хүлээж авсан юм. Харин тэр гэнэн, жижигхэн арми нь илүү боловсронгуй болж эрийн цээнд хүрсэн билээ. “Тоглоомын” арми Лесная, Полтава, Гангутын дэргэдэх тулаанд Шведийн хэрэм, цайзыг эзлэхэд гайхалтай эр зоригийг харуулсан. Энэ тоглоом хэдэн жилээр үргэлжлэв. Аажимдаа хүүхдийн биш болж хувирч байлаа. Тэд Яуза эрэг дэх Потешних хотод өссөн галт зэвсгийн мастер Федор Зомерын удирдлага дор их бууг бүтээжээ. Энэ үед Петр анхны хайртайгаа учирсан билээ. Дарсны наймаачны (үнэт эдлэлийн наймаачин гэх нь ч бий) охин Анна Монс ханхүүгийн сэтгэлийг анх татсан бүсгүй. Хүүгээ болох бүтэхгүй хүмүүстэй холбогдож, гансаар тамхи татаж, их буу сонирхох болсонд өөрөө өөртөө ихэмсэг Наталья Кирилловна галзуурахаа шахав. Энэ бүхнээс салгах ганц арга нь мэдээж гэрлүүлэх.

Ингээд 1689 онд Петрийг тийм ч баян биш ч язгууртан гэр бүлээс гаралтай айлын охин Евдокия Лопухина хэмээх бүсгүйтэй гэрлүүлсэн юм. “Тэвчвэл дурлана” гэсэн зарчимтайгаар. Гэвч энэ зарчим биеллээ олсонгүй. Хосууд эрс тэс хүмүүс байлаа. Хуримаа хийснээс хойш нэг сарын дараа Петр Плешеево нуур руу хөлөг онгоц байгуулахаар арилж өгөв.

Наргианы, тоглоомын гэгдэж байсан цэргүүд аажимдаа албан ёсны хүлээн зөвшөөрөгдөхөөр хүчин болж хувирлаа. София 1689 оны наймдугаар сард төрийн эргэлт хийсэн ч амжилтгүй болов. Цэргүүдийн дийлэнх нь Петрийг дэмжсэн юм. Хатан хааныг Новодевичий сүмд хорионд оруулахаар илгээлээ. Иван албан ёсоор 1696 онд нас бартлаа хамтран захирагч хэвээр үлдсэн билээ.

Петр өсвөр насандаа л улс нь тэнгис рүү гарах гарцтай болохгүй бол удаан оршин тогтнож чадахгүйг ойлгосон байв. Хар тэнгист туркууд, Балтийн Тэнгист шведүүд ноёрхож байсан нь Оросын тухайд улс төр худалдааны хувьд улсаа тусгаарлана гэдэг маш хүнд, өндөр үнэ шаардагдсан ажил байлаа. Мэдээж тухайн үед XVII зууны ерээд оны дундуур сайн чанарын хөлөг онгоцтой л биш бол Хар Тэнгисийг эзэлнэ гэж мөрөөдөхийн ч хэрэггүй байв. Тиймээс Петр Азовын тэнгисийн Дона цутгаланд байрладаг Туркийн Азов хэрмээс тулаанаа эхлүүлэхээр шийдсэн юм. Оросын арми эхэн үедээ усан онгоцгүй тулалдав. Тулаан бүр хүндхэн бүслэлтэд орж ялагдлаар төгсдөг байсан юм. Гэвч Петр удирдагч болон жанжны хувьд үнэлж баршгүй нэг араншинтай байлаа. Тэрээр ялагдлыг маш хүндээр хүлээж авсан хэрнээ даван туулж чаддаг байв. Хэдхэн сарын дотор Воронежийн усан онгоц засах газарт хэд хэдэн хөлөг онгоц бүтээв. Тэр нь “Апостол Петр” гэдэг нэртэй 36 их буутай хөлөг онгоцоор толгойлуулсан сэлүүрт хөлөг онгоцууд. 1696 оны тавдугаар сард Азовыг хуурай газраар, тэнгисээр бүсэлж цайзыг буулгаж авав. Ингэснээр өмнөд тэнгис рүү гарах гарц нээгдлээ. Гэвч туркуудтэй дайнаа дуусгавар болгож, Хар тэнгис рүү гарахад Оросын хувьд хангалттай хүч байсангүй.

Залуу хааны санааг Оросын техникийн хөгжлийн хоцрогдсон байдал байнга зовоодог байв. Тиймээс тэрээр урьд хожид сонсогдоогүй алхмыг хийхээр шийджээ. “Агуу Элчин сайдын яам”-ны бүрэлдэхүүнийг дагалдсан ойрын хүмүүсийн хамт 1697 онд Европыг зорьжээ. Усан онгоц, зэвсгийн үйлдвэрлэлийг судлах гэж. Сонирхуулж хэлэхэд Петр 14 төрлийн дархны чадварыг гайхалтай эзэмшсэн хүн байсан юм. Гарал угсаа сайтай биш ч чадвартай, төрийн ажилд тустай хүмүүсийг өөртөө ойртуулдаг байсан нь түүний бас нэг давуу тал байлаа.

Европт байхдаа тэр нутагт нь мөргөлдөөн хийх оролдлого гарсан талаар мэдээ сонсчээ. Хаан Москвад буцаж ирэнгүүтээ босогчдыг хатуу шийтгэв. Алагдсан хүмүүсийг тооцохгүйгээр зөвхөн бослогыг дарах үүднээс ойролцоогоор 800 хүнийг нэг дор цаазалсан юм. Буучдын бослогыг дарсны дараа хаан төд удалгүй ихэс дээдсийн сахал самбайг хусч эхэллээ. Тэр 1698 оны наймдугаар сарын сүүлчээр герман даашинз өмсч, сахал үсээ хусах тухай, үнэн алдартнуудыг яг зааж өгсөн ёс журмын дагуу хувцаслахыг шаардах тухай тушаал гаргав. Харин тариачдыг европ загвараар хувцаслахыг шаардсангүй. Петрийн үед соёлыг ордны болон энгийн иргэдийн гэж хуваасан билээ. Цаашид энэ ялгаа улам гүнзгийрсэн юм.

Петр I-ийн үед Юлианы он тоололд шилжсэн түүхтэй. Тухайн үеийн “ертөнц бий болсон үе” гэгдэх 7208 оныг 1700 он болгож хувиргасан юм. Шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нээс тэмдэглэж эхэлсэн нь мөн л түүний санаа. Хаан зарлигдаа “Шинэ жилээр бие биедээ баяр хүргэх, ажил хэрэгт нь сайн сайхныг хүсч, гэр бүлд нь эрүүл энхийг хүсч байх”-ыг онцолсон байдаг. Шинэ жилээр гацуур мод чимэглэж хүүхдүүдээ баясгахыг, насанд хүрэгчдэд архидан согтуурч гар зөрүүлэхгүй байхыг зарлигдсан хүн нь мөн л Петр.

Хаан 1700 онд Балтик руу гарц гаргахын төлөө тэмцэхээр шийдэв. Яг энэ үеэр Шведийн залуу хаан Карл XII Оросын газар нутгийг эзэмших замаар эзэмшлийн газраа өргөжүүлэх санаархлаа илэрхийлж байв. Эхэн үедээ Хойд холбоо буюу Орос, Польш, Дани, Саксон улсууд Шведийн эсрэг дайн зарлалаа. Гэвч шведүүдийн ширүүн тулааны дараа 1700 онд энэ эвсэл аажмаар задарч эхэлсэн юм. Орос хүчтэй дайсныхаа өмнө ганцаардаж эхлэв. Энэ үед Петрийн Христийн эсрэг гэж нэрлэгдэх эхлэл тавигдсан юм. Учир нь тэрээр сүм хийдийн хонхыг зэвсэгт хайлуулж ашиглах болсон билээ. Эндээс Петр шашинд итгэдэг байв уу гэсэн асуулт гарч ирнэ. Эргэлзээгүй, тэр итгэдэг байсан юм. Энхийн цагт хаан эзэн ням гариг бүр сүмд очдог байсан билээ.

1703 оны намар Шведийн эсрэг хэд хэдэн удаагийн ялалтын дараа хааны гарт Нева орлоо. Төдөлгүй намагтай Невийн газраар Петропавловын цайзын суурь тавигдав. Тэнд цайз хэрэм байгуулж, хот сүндэрлүүлж эхэллээ. Арван жилийн дараа гэхэд Оросын шинэ нийслэл бий болсон юм. Санктпетербург нь шведүүдийн эзэмшил газар байсан билээ.

Петр тэр үед их жаргалтай байв. Учир нь Европын цонх болох Балтик хааны гарт ороход ойрхон байлаа. Гэвч Петербургийг бүтээн байгуулах ажил харгис хатуу байв. Хүмүүс тэнд мянга мянгаараа булшлагдаж байсан юм. Ясан дээр боссон хот гэсэн нэршил ч сонсогдож байлаа.

Үүний дараа цуварсан ялалтууд ирлээ. Леснаягийн дэргэдэх, Полтавын дорх, Гангут оргилын дэргэдэх тулааныг хийж ялалт байгуулснаар Оросын байр суурь улс гэдэг утгаараа бэхэжсэн юм. Энэ улстай тооцоо хийж, сөргөөцөлдөж болохгүй гэсэн баталгаа ингэж бүрдэв. Петрийн хувьд зөвхөн удирдаад шийтгээд зогсохгүй урам өгөх чадвар нь ч мундаг байлаа.

Хойд дайны жилүүдэд хувцас угаадаг Екатерина хэмээх бүсгүй хааны амьдралд гарч ирсэн юм. Екатеринаг тухайн үед Марта Скавронская гэдэг байв. Түүний талаарх намтар дурдатгал бүдэг бадаг, сайн судлагдаагүй. Гэвч домог хуучид өгүүлснээр хөгшин эр Шереметевээс Меншиков эхлээд сонгож авсан, дараа нь хааны мэдэлд очсон гэлцдэг. Тэр хэнээр ч орлуулшгүй эмэгтэй болж хувирсан юм. Зөвхөн Екатерина л Петрийн галзуурсан уур бухимдлыг намдааж чаддаг байлаа. Хүнд хэцүү тэр үед Екатерина хаанд 7-14 хүүхэд төрүүлж өгсөн гэсэн түүх яриа энэ цагийнханд үлджээ. Хүүхдүүдийнх нь дийлэнх ой хүрэлгүй нас барсан гэдэг. Энэ бүсгүйн ачаар Оросын түүхэнд Гэгээн Екатеринагийн одон гэж бий болсон юм. Домогт өгүүлснээр Петр энэхүү одонг хамтран амьдрагчдаа талархсаны хариу болгож баталсан гэдэг. Дашрамд дурдахад Петрийн үед одон шагналын тогтолцоо бий болсон билээ. Энэ үеэс зөвхөн эрхтэн ямбатан, дээдэс язгууртан төдийгүй ажил үйлээрээ ялгарсан, онцгой гавьяа байгуулсан хүмүүс ч шагнуулах болсон юм.

Хойд дайны үеэр Петр Европын уур амьсгалыг Орос орон ахуйдаа нэвтрүүлэх болсон. Эхлээд язгууртан эмэгтэйчүүдийн ганцаардсан зожиг байдлыг халав. Өмнө нь язгууртан бүсгүйчүүд тансаг орд харшдаа өдрийг уйтгарлан, нам гүмхэн өнгөрөөдөг байлаа. Гадны дэгжин даашинз, дарс, вальсыг ахмад настнууд гайхаж цочирдож хүлээж авсан бол залуус таатайгаар хүлээж авсан юм.

Хаан доод албан тушаалтнууддаа ёс зүйг эрхэмлэхийг үүрэг болгож байлаа. Бүсгүйчүүдийг элдэв үгээр дайрч доромжлохгүй байх хандлага ч энэ үеэс эхлэлтэй. 1721 оны намар Ништадын энхийн хэлэлцээрийг байгуулсан түүхтэй. Хорь гаруй жил үргэлжилсэн дайн Оросын ялалтаар дууссан нь энэ. Тэр жилийнхээ өвөл нь Петр эх орны эцэг гэсэн титэм хүртсэн билээ. Сенатчдын санаачилсан эх орны эцэг, Оросын эзэн хаан гэсэн титмийг Петр хүлээж авсан юм. Шинэ титэм нь түүнийг эртний домогт жанждын эгнээнд багтаав. Оросын эзэнт гүрэн болж бэхэжсэн түүх ерөөсөө л Петрийн амьдралын түүх гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

Хаан зарим үед өдөрт хоёроос гуравхан цаг унтдаг байлаа. Бүх л юманд оролцохыг хүсдэг Петрийн шинэчлэл болон шинээр эхлүүлсэн зүйлсээс зөвхөн нэгийг нь дурдахад л хэдэн хуудас болно. Жишээ нь инженер, их бууны нээлтүүд байна. Тэр анагаахын сургууль, хэвлэх үйлдвэрийн сүлжээг анх байгуулсан хүн. Сонин хэвлэх эхлэлийг тавьсан, шинжлэх ухааны академийн дүрэм хуулийг баталсан, уулын металлург, аж үйлдвэрийн хөгжлийг эхлүүлсэн гэж ирээд яривал Петрээр овоглосон шинэчлэл өчнөөн.

Эзэн хаан 1725 онд таалал төгсчээ. Шведийн зохиолч Август Стриндберг түүний талаар “Оросыг иргэншүүлсэн зандалчин, тэрээр хот байгуулсан ч түүн дотроо амьдрах хүсэлгүй байсан юм. Эхнэрээ сураар шийтгэж байсан ч гэргийдээ маш том эрх чөлөө олгосон. Түүний амьдрал агуу бөгөөд баялаг. Бас нийгэмд ашигтай. Хувийн амьдралынхаа хувьд байдаг л нэгэн” гэж үнэлсэн нь бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img