2024-11-10, Ням
1 C
Ulaanbaatar

Г.Ёндонгомбо: Австралийн компаниудын судалгаагаар Монголын метан хийн таамаг нөөц 50 их наяд гэж яригдаж байна

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой метан хийн сэдвээр ярилцлаа.

-Нүүрсний давхаргын метан хийн хэрэглээний дэлхийн чиг хандлага ямархуу байгаа вэ, цаашид метан хийн хэр өргөн хүрээг хамрах бол? Метан хийн хэрэглээгээрээ толгой цохидог улсууд гэвэл ямар орнуудыг онцлох вэ?

-Эхлээд нүүрсний давхаргын метан гэж юу вэ гэдгийг хэлж өгсөн нь дээр болов уу. Олон мянган жилийн явцад газрын гүнд оршдог нүүрсний давхаргад явагдсан хими, физикийн процессын дүнд үүссэн метан нүүрсний нүх сүв, ан цавд байршсныг хэлж байгаа юм. Дэлхийн орнуудын нөөцийн талаар жишээ татахад ОХУ 78 их наяд, АНУ 60 их наяд, Хятад 28 их наяд, Австрали 22 их наяд шоо метр нөөцтэй гэсэн судалгаа байдаг. Монгол Улс Австралийн компаниудын хийсэн судалгаагаар дунджаар 50 их наядын таамаг нөөцтэй гэдэг.

-Метан хийн технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаас нь илүү дэлгэрэнгүй тайлбар хэлбэл…?

-Нүүрсний давхрага руу цооног өрөмдөхөд цооногийн доод үзүүрт нүүрсний давхрагын даралтаас бага даралт үүсдэг учир тэр хэсэгт эхлээд давхрагын ус, дараа нь метан хийн хүчтэй урсгал ирдэг. Энэ урсгал газрын гадаргууд гарч ирэхийг олборлолт гэж байгаа юм. Маш товчхон хэлбэл ийм л юм. Дээр нэг нөхөр телевизээр соруулна гэж яриад байна лээ. Тийм юм байхгүй л дээ. Хөрс хуулалт хийдэггүй учир байгал орчны нөлөө бага. Харин хэрэглэх буюу шатаах үед нүүрстөрөгчийн давхар исэл үүснэ л дээ. Гэхдээ нүүрс, нефтийн бүтээгдэхүүнээс хоёр дахин бага байдаг. Улаанбаатарын утаа хоёр дахин багасна гээд бод доо.

-Метан хийн судалгаагаараа ямар улс тэргүүлдэг вэ?

-Судалгааны хувьд Австрали, Хятад улсуудыг тэргүүлдэг гэж бодож байна.

-Метан хийг хэрэглээнд нэвтрүүлснээр ямар асуудлуудыг шийдэх боломжтой вэ.Манай улсын хувьд Улаанбаатарыг утаагүй болгох боломжтой гэсэн тайлбар сонсогддог. Энэ тал дээр бодлоо хуваалцаач?

-Ер нь хийн түлшинд шилжих нь одоохондоо утааг багасгах үндсэн шийдэл мөн. Гэр хороолол, халаалтын зуух, тээврийн хэрэгсэл гээд бүгдийг хамарсан шийдэл шүү. Яваандаа устөрөгч рүү шилжих байх. Гэхдээ энэ нь өнөө маргаашийн асуудал арай биш.

-Манай улсад метан хийн чиглэлийн хайгуул хэр идэвхтэй хийгдсэн бэ. Одоогоор метан хийн чиглэлээр хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байгаа бол?

-Австралийн компаниуд монголчуудтай хамтраад үйл ажиллагаа явуулж байна. Жи Өү Эйч, Жэйд, ТМК гэх мэт.

-Метан хийн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж хэр вэ?

-Хөрөнгө оруулалтын одоогийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Тэгж чадвал том өрсөлдөөн бий болно.

-Та “Эрдэнэс метан-“ы анхны захирлаар ажиллаж байсан хүн. Метан хийн чиглэлд төр засгаас ямар шийдлүүд гаргах ёстой гэж боддог вэ?

-Ашигт малтмалын нөөц ашигласны болон бусад татваруудаа аваад л бусдаар оролцохгүй байх ёстой. Оюутолгойн 34 хувь ямар төвөг учруулсныг бид мэдэж л байгаа шүү дээ. Харин шинэ салбарыг хөл дээр зогсооход татварын хөнгөлөлт үзүүлбэл сайн л байна. Гэхдээ энэ бол засгийн шийдэх ажил.

-Метан хийгээ экспортлох боломж хэр бол, зах зээл талаасаа?

-Хятадын агуу том зах зээл бэлээхэн байж байна. Тэд хийн импортоо солонгоруулж байна. Монгол одоохондоо хий нийлүүлдэггүй учир боломж маш их. Оросын хийг Монголоор дайруулахаас өөр сонсогдох ёстой.

-Метан хийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд зайлшгүй хийх учиртай алхам шийдлүүдийг нэрлээч?

-Пропан бутан ч байна уу , метан ч байна уу, устөрөгч ч байна уу аюулгүй ашиглалт л чухал. Засаг энэ талынхаа дүрэм, журмыг гаргаж, хатуу мөрдүүлэх ёстой. Шатдаг хийн дүрэм бий лдээ. Сайжруулах ёстой.

-Манай улсын хувьд метан хийн гарц агууламж бусад оронтой харьцуулахад өндөр төвшинд байдаг гэцгээдэг. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Пермийн галавын нүүрсэнд байдаг. Австралийн, Хятадын, Монголын Пермийн галав гэж байхгүй шүү дээ. Дэлхий даяараа 1 тонн нүүрсэнд 7-15 шоо метр метан агууллагддаг. Энэ түвшинд л байгаа.

-Сүүлийн үеийн ямар мэдээлэл байна. Манайд хийгдэж байгаа судалгааны талаар?

-Жи Өү Эйч өнгөрсөн оны сүүлчээр хийн бамбараа асаасан. Туршилт маш амжилттай явж байна. Нөгөө компаниуд ч төлөвлөгөөний дагуу ажил нь зогсолтгүй явж байгаа. Тус тусын вэбсайт дээр нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Жишээлбэл Жи Өү Эйчийн мэдээллийг https://elixirenergy.com.au/ сайтаас авах боломжтой.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img