Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Нүүрсний утааны задралын үр дүнд бий болж байгаа хүхрийн давхар ислээс шалтгаалсан мутаци илэрсэн. Энэ нь монгол хүнд өвөрмөцөөр хавдар үүсгэж байгааг геномын түвшинд баталж дүгнэсэн. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутаци үүсгэх өндөр эрсдэлтэй.
Хүхрийн давхар ислээс хамааралтай мутацийг хавдар үүсгэж байна уу гээд барууны хөгжингүй орнуудын элэгний эсийн хавдрын мутацитай харьцуулан судалллаа. Нүүрсний задралаас үүсэлтэй ийм гажигшилийн илэрц нь зөвхөн монгол хүнд байна гэсэн дүгнэлт гарчихсан. Өөрөөр хэлбэл, монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн мутаци нь утаанаас үүдэлтэй” гэсэн мэдэгдэл хийгээд удаж байна. Энэ бол монгол эмч нарын Сингапур, Франц, Испани, АНУ-ын 14 байгууллагатай хамтарч хийсэн судалгааны нэг үр дүн.
Эрдэмтэд элэгний эсийн хавдрыг үүсгэхэд геномын түвшинд ямар онцлог байна вэ гэсэн асуулт тавиад судалгаа хийж. Геномын түвшинд үүсч буй мутаци өөрчлөлтийг АНУ болон Европын өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдэд үүсч буй элэгний эсийн хавдартай харьцуулсан юм билээ. Ихэнхдээ ижил төрөлтэй мутациуд буюу гепатитын В, С, D вирусээр үүсгэгдсэн хавдар гарсан ч орчны шалтгаантайгаар мутаци үүсч хавдар бий болсон гэх илэрц тодорхойлогдсон нь онцолж хөндөхөөс аргагүй өнцөг. Орчны шалтгаан гэдэг нь агаарын бохирдлыг үүсгэгч нүүрс. Нүүрсний утаа элэгний хавдартай болоход анхаарч байна гэсэн үг.
Манайх шиг утаан дахь PM2.5 нь 300-аас дээш гарсан агаарын бохирдолтой улсын нэг хүн өдөрт 5-6 тамхийг уугиулан татаж буйтай ижилхэн хор нөлөөнд өртдөг гэсэн судалгаа бий. Төр засгаас агаарын бохирдлыг шийдэх олон арга шийдэл хэрэгжүүлсэн ч үр дүнгүй өнөөг хүрээд буй.
Одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа утаагүй түлш үйлдвэрлэх санаа, шийдэл гаргаж хэрэгжүүлсэн ч гавьтай өгөөж гарсангүй. Агаарын бохирдол, утаан дахь хортой бодисын хэмжээ жилээс жилд ихэссээр байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюу-Эрдэнийн өгсөн мэдээллээс харж болно.
Тэрээр “Бидэнд ирдэг долоо хоног тутмын агаарын бохирдлын мэдээгээр архаг хууч өвчинг сэдрээдэг хүхрийн давхар ислийн агууламж 2023 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд Зурагт орчимд урд жилийн мөн үеийнхээс 12.9 дахин нэмэгдсэн байна. Нийт бохирдуулагчийн 78 хувийг хүхрийн давхар исэл эзэлж байна” хэмээн онцолсон юм. Агаар дахь хүхрийн давхар ислийн агууламж 12 дахин ихэснэ гэдэг бол түгшим том тоо.
Агаарын бохирдлоос үүдсэн том асуудлуудыг шийдэх ганц гарц бидэнд байна. Тэр нь нүүрсний давхаргын метан хий. Англиас эхлээд утаандаа живсэн улс орнууд хийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдолдоо баяртай гэж хэлсэн кейс өнгөрсөн түүхэнд өчнөөнөөрөө бий.
Манайх шиг нүүрсний их нөөцтэй улсын хувьд нүүрсний давхаргын метан хийгээ олборлож утааны асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Метан хийн олборлолт, хэрэглээ, экспортоороо тэргүүлж буй Австрали зэрэг барууны томоохон улсууд манай улсад энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийж эхэлсний цаана хэд хэдэн шалтгаан бий.
Эхний шалтгаан нь хөгжилтэй улс орнууд утааны асуудлыг тойроогүй дайраад гарч ирсэн. Тэдний утаанаас салсан цор ганц шийдэл нь хий байсан юм. Орос, Украйны дайнаас хойш Европ тивийнхэн хийн хоригт орж, хий ямар чухлыг хүн төрөлхтөн ахин мэдэрсэн нь хоёр дахь шалтгаан байсныг тодотгоё. Гурав дахь шалтгаан нь мэдээж эко хөрөнгө оруулалт.
Ногоон эдийн засаг гэж ярьж, бичиж, харсан өнөө цагт хийн хэрэглээ моодонд орохоос аргагүй. Олзуурхмаар нь бидэнд нөөц нь, хөрөнгө оруулалт нь, засгийн дэмжлэг, бодлого нь байна. Метан хийн эдийн ашигтай нөөц илэрчихвэл олборлох технологи нь ч байна.
Аль ч улсын метан олборлолтдоо хэрэглэж буй технологи байгальд хал багатай гэсэн давуу тал бас бий. Одоогоор дөрвөн компани нүүрсний давхаргынметан хийн хайгуул, судалгааг эрчимтэй хийж байна.
Эхнээсээ сайн мэдээ дуулдаад эхэллээ. Тэд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар хамтарч ажиллана. Өндөр өртөг шаардсан хайгуул судалгааны ажил нь бүтэмжгүй болбол Засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй, компани эрсдлээ үүрээд үлдэнэ. Хийн дажгүй нөөц олоод олборлолт эхэлбэл Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар хувь хүртээд явна. Ийм ашигтай тохироо, яриа шийдэл дунд метан хийн судалгаа, хайгуулын ажил эрчтэй өрнөж байна, яг одоо.
Сайн мэдээ дуулдвал Монгол улс дотооддоо метан олборлож, дотоодын зах зээлээ хийгээр хангаж эхэлнэ. Үр дүнд нь Английн Лондон шиг агаарын бохирдолтоо бүрэн цэг тавьж чадна. Хожигч нь мэдээж монголчууд. Утаагүй эрүүл орчинд аж төрж эхэлнэ гэдэг маш том хожил. Эрүүл орчинд аж төрөхөөс гадна эдийн засгаа тэлэх хэмжээний мөнгө зах зээлд эргэлдэж эхэлнэ гэх мэтээр ургуулж бодвол метан хийн бидэнд өгөх өгөөж их.