2024-12-03, Мягмар
-26 C
Ulaanbaatar

PRAVDA: Монгол “саваагүй нохой саранд хуцах”-ын үлгэр болов

Саяхан Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгсөн нь дэлхий дахины анхаарлыг ихээхэн татсан. Энэ ярилцлагын дараа дэлхийн олон орны улс төрчид байр сууриа илэрхийлсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байлаа. Түүний мэдэгдлийг Украины хэвлэлүүд эергээр дамжуулсан бол Оросын томоохон хэвлэлүүд эгдүүцэж хүлээж авчээ. Ийм хэвлэлүүдийн нэг болох “Правда” сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Такер Карлсонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ярилцлага өгөх үеэрээ түүхийн хуудсыг сөхсөнтэй холбоотойгоор Монголын улс төрч Цахиагийн Элбэгдорж Х олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр Чингис хааны үед, 1471 оны Монголын түүхэн газрын зургийг Ромын эзэнт гүрэн болон Оростой харьцуулан харуулсан юм. Мөн Орост хандан монголчууд бол “энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт үндэстэн” тул тэднээс айхгүй байхыг Орост хандан уриалжээ.

Энэ улс төрч ийм байр суурь илэрхийлсэнд гайхах зүйлгүй. Тэр Оросыг үзэн ядагч, үндсэрхэг нэгэн. Элбэгдоржийг “1990-ээд оны үеийн хүлээн зөвшөөрөгдсөн ардчиллын лидерүүдийн нэг” гэж Барууныхан үздэг. Зөвлөлтийн үед тэрбээр Львовын цэргийн сургуульд суралцаж төгссөн. Харин ЗХУ задран унасны дараа тухайн үеийн, Зөвлөлтийн дараах лидерүүдийн адилаар төрөл арилжсан юм.

Элбэгдорж АНУ болон Англид сурсныхаа дараа барууны нөлөөллийн агент болсон. Монголд тэрбээр ардчилсан намыг байгуулсан бөгөөд тэр үеэс хойш өнөөг хүртэл барууны үзэл суртлыг хамгаалсаар байгаа.

Элбэгдорж Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааг шүүмжилж, Оросын Ерөнхийлөгчид хандан “нэн даруй дайныг зогсоох”-ыг уриалж байлаа.

“Украин яагаад ялах ёстой вэ” нэртэй нийтлэлд тэрбээр “Гагцхүү Оросын булаан эзлэгчдийг хөөж, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг бүрэн чөлөөлснөөр ялалт дуусчихгүй. Путины дайны дараа Украин сэргэж, нурангин дороос өндийх хүртэл тэмцэл үргэлжлэх ёстой. Украин үүнийг хийхгүй бол эрх чөлөө, эрх чөлөөт ертөнц дарангуйлагчдын дайралт, доромжлолд өртсөөр байх болно” хэмээж байв.

Элбэгдорж Барууны орнуудад хандан Украинд сөнөөгч онгоц, алсын тусгалтай пуужин өгөхийг уриалж байлаа. Түүнчлэн Ази тив Путинд тусалдаг, “өөрсдийгөө тунхагласан удирдагчдаар дүүрэн” гэж үздэг нэгэн.

Саваагүй нохой саранд хуцав

Монголын Ерөнхийлөгч асан Орост хандан “айх хэрэггүй” гэсэн нь саваагүй нохой саранд хуцахын үлгэр болов. Элбэгдоржийн харуулсан газрын зурагнаас харахад монголчууд нэг их “энх тайванч” ард түмэн байгаагүй нь илт. Мөн энэ “энх тайванч, чөлөөт ард түмэн” гэдэгт ч учир байгаа юм биш, монголчууд Орост эзэнт гүрнээ алдаж, дэлхийд тэргүүлэгч байх боломжоо гээсэн хүмүүс.

Одоо бол Монгол Улс далайд гарцгүй, ОХУ, Хятадын хооронд хавчигдсан, Элбэгдорж өөрөө хүлээн зөвшөөрсөнчлөн “бүс нутагт Монголоос хамаардаг асуудал гэж тун цөөн”.

Энэ улсын хөршүүдийн нэг нь дэлхийд эдийн засгаараа хоёрт бичигдэж, нөгөө нь дэлхийн хамгийн том цөмийн зэвсэг, хамгийн туршлагатай армитай гэдэг нь Монголын хувьд ихээхэн эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс, Монголын аюулгүй байдлын баталгаа нь төвийг сахисан үзэл хийгээд ОХУ, Хятадтай үр ашигтай эдийн засгийн харилцаа тогтоох явдал.

Ийм байр суурьтай байгаа цагт Монгол Улс эрт орой хэзээ нэгэн цагт сайхан шагнал авна. Тэр нь хийн хоолой. “Сибирийн хүч-2” хоолой Монголын нутгаар дайрах бөгөөд ийнхүү нутгаараа дамжуулан өнгөрүүлснийхээ төлөө энэ улс валютын орлого олох юм.

ОХУ-д Монголд нөлөөлөх хөшүүрэг одоо ч бий. Энэ улс түлш, эрчим хүч, түүнчлэн хүнс, уул уурхайн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн тал дээр ОХУ-аас ихээхэн хамааралтай. 2022 онд Монголд очсон жуулчдын тал хувийг оросууд эзлэж байлаа. Түүнчлэн Европыг чиглэсэн Монголын дамжин өнгөрөх замыг Орос хянадгийн дээр худалдааны түншийн хувьд Хятадын дараа бичигддэг.

Мөн Монголд сонголт гэж байхгүй, учир нь Хятад гадаад бодлогодоо Оросыг дэмждэг. Тиймээс Украины асуудлаар НҮБ-ын Ерөнхий ассамблейд санал хураахад Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэд гайхах зүйлгүй.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

  1. Дээрэнгүй оросуудад үгээ хэлж л байх хэрэгтэй. Гөлөг царайлаад явж байх ёстой юм уу. Манайхаас дор байдалд байгаа Казахстан хүртэл хэлэх үгээ хатуу хэлээд явж байна

  2. Дээрэнгүй оросуудад үгээ хэлж л байх хэрэгтэй. Гөлөг царайлаад явж байх ёстой юм уу. Манайхаас дор байдалд байгаа Казахстан хүртэл хэлэх үгээ хатуу хэлээд явж байна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img