2024-05-03, Баасан
15 C
Ulaanbaatar

Р.Раш: Төмөр замын авлигыг миний үетэй холбож хардагсдад “битгий эндүүрцгээ” гэж хэлье

Улаанбаатар төмөр замын дарга, Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.

Ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулна гэсэн Үндсэн хуулийн заалт лоозон болчихсон

-МАН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулж төр барьж байна. Энэ хугацаанд алдсан оносон зүйл гэвэл та юу хэлэх бол?

-Би одоо улс төрийн халуун тогоонд биш, эрэг жалганд байгаа хүн шүү дээ. Тийм учраас өөрийн чинь асуултад хариулахад давс дутна. Гэхдээ ганц нэг зүйлээр жишээ болгож мэдэх хэмжээндээ хариу хэлье танд. Манай улсын баялгийн гол өндөрлөг болсон “Оюу толгой”-н гэрээнийхээ 34 хувьд бүрэн эзэн боллоо. Үндэстэн дамнасан дэлхийн тэр том корпорацтай хэрэлдэж, хэлэлцэж цаана нь гарсан гэж ойлгодог. Рио тинто 2.4 тэрбум ам.долларыг Монгол Улсад өгсөн. Мөн тус компанитай хийх санхүү банкны тооцоо Монголын Үндэсний банкнуудаар дамжиж хийгдэх болж байна. Энэ бол асар том зүйл шүү. Мөн олон жил яригдсан Эрдэнэтийн асуудлыг Монгол Улсын үндэстний эрх ашигт нийцүүлэн шийдсэн. Эрдэнэт манай улсын саалийн ганц үнээ хэвээрээ л байна.

-Алдааг нь хэлсэнгүй, та?
-Ерөнхийдөө ард түмний дунд төрийн нэр хүнд тааруухан талдаа боллоо. Энэ маш муу. Төр гэдэг чинь хувь хүн, гишүүдээсээ эхэлнэ.

Албан тушаалын хойноос амиа өгөх нь холгүй харагдах юм. Сайд болчихоод тэврэлдэж, үнсэлдэж байгаа нь муухай харагдах жишээтэй. Үнэхээр жигшим. Төрийн ажлыг ингэж хийх юм бол цаашид энэ нам яаж явах юм.

Яагаад өөрсдөөсөө ичдэггүй юм. Яагаад хийж буй зүйлдээ дүгнэлт хийдэггүй юм. Муухай дээр улцан гэгчээр төрийн өндөр албан тушаалтнууд нь элдэв хэрэгт хутгалдаж байна ичиж үхмээр, нүүр ч хийх газар алга. Хэлэх үг ч алга. Хөгжлийн банкнаас авсан зээл гэхэд л ямар байгаа билээ. Монголын эд баялгийн дийлэнх хэсэг нь цөөхөн хүний гарт орчихлоо. Ард түмэн ядуу, барлаг байна. Шуудхан хэлэхэд ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулна гэсэн Үндсэн хуулийн заалт лоозон болчихсон. Энэ улс орон чинь хэрэг дээрээ феодалын дарлагч анги, харц ядуу давхарга дахин бий болгочихоод байгаа юм биш үү.

Раш-Албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй байдал төрд их гарах юм. Сая та ч хэллээ, албан тушаал авчихаад гарч ирээд үнсэлддэг тухай?

-Албан тушаалын төлөө ямар их хэнээрхэнэ вэ. Зарим нь бүүр шантаажилж байгаад сайд болж байна шүү дээ. Сайд болчихоод тэврэлдэж, үнсэлдэж сүйд болж байгаа нь муухай. Дээхэн үед том суудлыг шууд за гээд авдаггүй байлаа. За бодъё, ар гэртэйгээ ярья гэж хэлээд гардаг байв.

1972 онд Ю. Цэдэнбал дарга С. Жалан-Аажав даргыг дуудаж Ж. Самбуу агсны оронд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга болооч гэж үүр цайтал ярилцаж байсан юм гэнэ лээ. Тэгэхэд С.Жалан-Аажав гуай би барахгүй, та өөрөө нам, төр хоёрыг хослуулж авч яваач гэж ятгасан гэдэг. Ж. Самбуу сайд 1954-1972 он хүртэл АИХ- ын Тэргүүлэгчдийн албыг хашсан Монгол төрийн мэргэн өвөө байсан шүү дээ. Тэргүүн хатагтай Анастасия Ивановна Филатова улс төрийн товчооныхныг шүүмжилдэг харин ганцхан Ж.Самбуу гуайн өөдөөс үг дуугарч чаддаггүй байсан гэдэг.

Парламент хоёр танхимтай болох хэрэгтэй

-Өнөөгийн өндөрлөгөөс харахад парламент төлөвшихөд хугацаа их орох юм шиг…?

-Тэр үнэн байх. Бид өөрсдийгөө Азийн хамгийн ардчилсан улс гэж яриад байдаг шүү дээ. Тэр жил Г. Баярсайханаар ахлуулсан УИХ-ын цөөн гишүүн Катар улсад очиж эзэн хааны тамгын даргатай уулзахад нэлээд нас хэвийсэн эр “Ардчилал ч яах вэ олонхын засаглал даа, зөв ч олонх байдаг, буруу ч олонх байдаг” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Өнөөдөр бодит байдал дээрээ хүний эрх нь ч тэр боогдмол болчихоод байна.

Сонгодог парламент гэдэг утгаар бодвол хоёр танхимтай байх нь зөв гэж мунхагладаг. Тэр пропорционал системээр сонгууль өгөх, гишүүдийн тоог нэмэх зэргээр төдийлөн боловсронгуй болж чадахгүй байх. Хувь тэнцүүлсэн аргаар 2012 онд сонгууль өгсөн шүү дээ. Эхлээд эвэртэн туурайтай хэд нь л орчихдог юм билээ.

-Эвэртэн туурайтай гэдэг нь?

-Хэдэн дарга нар, мөнгөтэй гишүүд л байхгүй юу.

-Тэрэг боолт нь суларчихаар жайжганан хөдөлдөг. Үүнтэй адил парламент хүчтэй сөрөг хүчингүй болохоор сул байгаа гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

Раш-Санал нэг байна. Парламент гэдэг өөрөө гудамжны яриаг танхимд оруулж ирсэн л хэрэг. Тэгэхээр нэг нам нь хэтэрхий давамгайлчихаар эсрэг талын дуу хоолой үгүйлэгдэж таарна. Гэхдээ санал хэтэрхий ойролцоо байх бас хэцүү юм билээ. 2004 оны сонгуулиар тун ойрхон гарсан. Тэгээд нэг нь нэг юм ярихаар нөгөөх нь гарч явчихаад ажил явж өгөхгүй байсан. Тэр үед их хурлынхаа бүтэц бүрэлдэхүүнийг байгуулж чадахгүй найман сар гаргаж байсныг та санаж байгаа байх. Тэгэхээр тэр олонх цөөнхийн харьцаа бас нарийн зүйл.

-Төрд хүчтэй, үнэнийг нь хэлээд өгчих шүүмжлэгч алга л даа?

– Брежнев 1970 аад оны Украйны коммунист намын нэгэн бүгд хурал дээр “Шүүмжлэл бол шоколад биш” гэж хэлсэн байдаг юм. Яг хэрэг дээрээ тэнд ч хэлээгүй юм билээ. 1956 онд тэр үеийн Зөвлөлтийн сайд нарын зөвлөлийн дарга Микоян Бээжин орж Зөвлөлтийн коммунист нам И.В. Сталины талаар цаашид баримтлах бодлогоо Хятадтай яриад буцах замдаа Улаанбаатарт ирсэн гэдэг. Тэр үедээ манайд суух Зөвлөлтийн элчин сайдын яаман дээр болсон цуглааны үед хэлсэн үг гэж учир мэдэх улс ярьдаг. Үнэн зөв шүүмжлэлийг төр хүлээн авч чадаж байвал бие нь эрүүлжинэ гэсэн утгаар хэлсэн үг л дээ.

Улс төр гэдэг “захын лангуун дээр зардаг байцаа биш”

-Улс төрд ханцуй дотроо наймаалцах гэх зүйл их яригддаг, улстөр наймааны хэрэгсэл болчихсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тэр жил манай намын нэгэн бүгд хурал дээр улс төрийн зах зээл гэж хэллэгийг хэрэглэж яриад байв. Тэгэхэд миний бие “Улс төр гэдэг захын лангуун дээр зардаг байцаа биш” гэж хэлж инээлгэж байснаа санаж байна. Уг нь улс төр наймааны хэрэгсэл байж таарахгүй. Жинхэнэ улстөрчийн талаар надад дээр үед манай улсын урдаа барьдаг хуульчдын нэг С.Жалан-Аажав агсан тун оночтой хэлсэн байдаг. “Жинхэнэ улс төрч гэж өнөөгийн Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Ю шиг хүнийг хэлнэ. Тэр хүн 1960 аад онд хоцрогдсон Сингапур арлыг өнөөгийн өндөр хөгжилтэй улс болгосон” гэж билээ. Ингээд харахаар жинхэнэ улс төрч хүн манайд тун цөөхөн. Харин Лигдэн агсны хэлснээр улс төр сонирхогчид олон. “Улс төр гэдэг бол эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл” гэж сонгодгууд хэлсэн байдаг. Улс орны язгуур эрх ашгийн үүднээс эрх барьж яваа нам бусад намуудтай хэл амаа ололцох шаардлага зайлшгүй гарна. Үүнийг зөв шийдэж чадаж байвал өөрийн чинь асуултын хариу болох байх. Түүнчлэн хөрөнгөтэй гишүүд улс төрийн байр сууриа улам бэхжүүлж, хүч нөлөөгөө хэвээр хадгалах хүсэл ихтэй байж таараа. Энэ нь бодвол наймааны хэрэгсэл болдог байх. Надад тийм эрх мэдэл байна чамд юу байна гэж ярихын эхлэл шалтгаан нь энэ л дээ. Баячууд мөнгөөр сонгууль хийж намыг улмаар эрх мэдлийг худалдаж авах гэсэн иймэрхүү байдал хүчтэй байгаа нь үнэн.

Пропорционал систем улстөрийг удирддаг баячуудын хүсэлтэй л холбоотой зүйл

-Улс төрийг Монголын баячууд удирддаг гэж үү?

Раш-Үнэний ортой л гэж боддог. Тэд төрд олноор орсноор магадгүй хоорондоо үгсээд засаг унагаах зүйл рүү ч явах магадлал байж болно. Тэдний гол зорилго эрх мэдлээ хадгалах, болж өгвөл барьцаа ахиулах.

Баячууд мөнгөөр сонгууль хийж, намыг улмаар эрх мэдлийг худалдаж авах байдал хүчтэй байгаа нь үнэн шүү дээ. Тэр пропорционал систем үүнтэй ч холбоотой байж болно.

Гэхдээ онолоор бол улстөрч хүн шалдан гуйлгачин байж таарахгүй. Тодорхой хэмжээний хөрөнгө зоорьтой байх ёстой юм гэсэн. Карл Маркс, Фридрих Энгельс, Владимир Ильич Ленин нар бололцооны хөрөнгөтэй байсан гэдэг шүү.

-Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ шинэчлэл хийнэ гэж багагүй хугацаанд ярилаа. Таны бодлоор тэр шинэчлэл хийж чадаж байна уу?

-40 хүрсэн эр дөрвөө дарсан ат гэдэг шүү дээ. Дөрвөө дарсан ат гэдэг чинь дөрөв таван настай тайлган атыг хэлж байгаа юм. Ард түмнийхээ дэмжлэгт түшиглэнэ, ард түмнийхээ хяналтад байна гэдэг хамгийн зөв. Гучин жилийн идээ бээрийг шахах амаргүй. Мэдээж У. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч дэмжиж байгаа. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”, улсын хөгжлийн хөтөлбөр гэх мэт бичиг баримтууд нэг намынх биш Монголын нийгмийн оюуны сэтгэлгээний том бүтээл. Ялсан нам үүнийг цаашид баримжаа болгож авч явах ёстой. Энэ бол Л.Оюун -Эрдэнэ Ерөнхий сайдын хийсэн хамгийн том ажил. Энэ ажил цаасан дээр үлдэж болохгүй.

-Алдсан зүйл гэвэл?

-Мунхаг миний бодлоор парламент дотор дутагдлыг хаацайлдаг хүч байх шиг. Энэ нь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд их саад болж байна. Миний бодлоор түүний хийсэн алдааны нэг нь гэвэл мэргэжлийн сайд нарыг халсан явдал. Үүнийг би эдийн засгийн суурь муутай хэтэрхий их улс төржилт гэж харж байна.

Гишүүд давхар дээл нөмөрч сайд болох гэж улайрч байна, энэ бол буруу. Мөн хүүхдийн мөнгөн дээр ялгаа гаргаснаа эргэж харахгүй бол болохгүй. Үндсэн хууль зөрчсөн асуудал болсон. Гэх мэт алдаж буй зүйл бий. Онох нь алдахаасаа их байвал тэгээд болно доо.

-МАН-ын хувьд АН -аас дутуугүй хэдэн хэсэг хуваагдсан гэж ярьж байна. МАН хэдэн фракцтай бэ?

-2010 онд манай нам хоёр хуваагдсан. Энэ бол эмгэнэл. Талийгаач хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин гуай бид хоёр М.Энхболдтой уулзсан. Гэхдээ тэр уулзалт үр дүн өгөөгүй. Уулзалтын гол шалтгаан манай нам голын хоёр талаар явж байгаа нь буруу гэдгийг л тайлбарласан. Гэвч нам маань хоёр хуваагдаж, Н. Энхбаяр хуучин нэрээ аваад гарсан. Хоёр хуваагдсанаас хойш хүч нь суларсан. Гэхдээ могой гурав хуваагдсан ч гүрвэлийн дайтай гэгчээр МАН нэрээрээ сонгуульд ялсан.

Дээр үед манай нам дотор фракц байсан. Ө.Энхтүвшин манай намын жигүүрийн толгойлогч байлаа.Үүнийг би намын дотоод ардчилал гэж үзэж, дэмждэг. Ц. Нямдорж жигүүрийн эсрэг байсан. Харин одоо нам дотор жигүүр байгаа эсэхийг мэдэхгүй.

Нэг тодорхой зүйл гэвэл хуучин шинийн зөрчил нэлээд байгаа болов уу.

Ирэх сонгуулиар МАН ялах нь тодорхой

-Та аль жигүүрт харьяалагддаг байсан бэ?

-Би жигүүрт харьяалагдаж байгаагүй. Гэхдээ Ө. Энхтүвшингийн фракцыг дэмждэг байлаа.

-Та улстөрчдөөс төр тал руугаа хүн шиг санагддаг?

Раш-Энэ ортой байх. УИХ-д байхад хүний өөрийн гүй Раш ахаа гэлцэж, надад ханддаг байсан шүү.

-Тэгвэл одоо танд хэрхэн хандаж байна вэ?

-(Инээв ) Одоо тэр болгон таарахгүй. Би саарал ордноор гүйхгүй юм. Тэд энд ирэхгүй. Тэгэхээр би яаж мэдэх вэ.

-Та МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг шүү дээ?

-Дээхэн үед нэг биш сэтгүүлч таны тавьсан шиг энэ асуултыг асууж байсан. Одоо бол худлаа.

-Яагаад?

-Аль хэдийн цаг үе нь өнгөрсөн.

Өнөөдөртөө цаадуул чинь хүрэлцээтэй сэдэвтэйгээ зодолдож байгаа улс. Сонгууль дөхөхөөр л мартаж санасан тал гарах биз. Энэ ташрамд хэлэхэд бидний үеийн ёс суртахуун өнөөгийн байдал хоёр тэнгэр газар, тэмээ ямаа шиг зөрүүтэй. Капиталист хөрөнгөтөн нийгмийн гүнзгий ухагдахууныг мань мэт ойлгохгүй байна.

1970 аад онд өмч хөдөлмөр хоёрыг шүтэн бишрэх тухай намын лоозон одоо хүртэл ач холбогдлоо алдаагүй гэж үздэг. Энэ дээр л юм бий байх.

-Та нөлөөгөө алдмааргүй байгаа юм аа даа?

-Нөлөөтэй байна гэдэг хүссэнээр болдог эд биш. Нэр хүнд гэдэг зүйл аяндаа зүгширч бүрэлддэг тийм л зүйл.

-2024 оны сонгуульд МАН дахиад л ялалт байгуулах болов уу?

-Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ. Ялж л таарна.

-Яагаад?

-Өөр олигтой юм байхгүй юм чинь. АН-ын байж байгааг хар.

-АН-ын тухайд таны бодол?

-Би АН-ыг биеэ аятайхан зөв авч яваасай тулхтай улс төрийн хүчин байгаасай гэж боддог. Энэ нь МАН- д ч хэрэгтэй улсад ч хэрэгтэй. Л. Гантөмөрийг би сайн мэднэ. Тэр залуу намыг аятайхан болгож авч явж чадна гэж итгэж байна.

-Яагаад?

-Би найман жил түүнтэй хамт ажилласан. Хэн бэ гэдгийг байнд нь биш гэхэд банзанд нь гадарлана.

Өмчийн харьцааг 50:50 биш Монголын талд 51 болгох асуудлыг хоёр хувь нийлүүлэгч шийдэж болно гэсэн өөрчлөлт оруулсан

-Ерээд онд төмөр замыг оросууд зуун хувь ав гэж байхад таныг Оросуудаас гуйсаар байгаад хувийг нь аваагүй хойд хөршийн талд үлдээсэн гэх яриа чих дэлсдэг. Тэр үед үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Ямар ч явдал болоогүй. Наад яриаг чинь би бас сонссон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр манай улсын удирдлагад байсан нэг нөхөр иймэрхүү маягийн зүйл хэлсэн сураг дуулдана лээ. Улаанбаатар төмөр зам чинь Засгийн газар хоорондын байгууллага шүү дээ. Энэ байгууллагын дарга гэдэг чинь компанийн захирал гэсэн үг. Тэгэхээр улс хоорондын зүйлийг яаж компанийн захирал шийдэх юм. Энэ бол дэмий сул яриа.

Оросын Төмөр замын сайд байсан Фадеевтай би үнэхээр ойр дотно байсан. Энэ хүний дэмжлэгийг Монголын төмөр зам их авсан. Намайг Японы зээл тусламжийг төмөр замдаа авъя гэж ороход санхүү эрхэлсэн орлогч сайд Мартинчук гэдэг хүн эрс татгалзаж билээ. Тэгэхэд Фадеев сайд “Өнөөдөр Монголын төмөр замд туслах нь бүү хэл бид өөрсдөө ч амаараа шороо үмхэх гэж байна. Мартинчук чи өнхөрч яваа дугуйн дор битгий банз чулуудад бай” гээд хөөж гаргасан нь санаанаас гарддаггүй юм.

РашНөгөө талаар ЗХУ задрахад задарсан улсуудын төмөр зам нь тэр улсдаа очсон нь тодорхой. Манай улс чинь СССР-ийн бүрэлдэхүүнд байгаагүй шүү дээ. Тусгаар улс. ОХУ нь ЗХУ-ын гадаад харилцаатай холбоотой бүх асуудлыг өвлөн авч үлдсэн. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын хувьд үндэсний төмөр зам болох нөхцөл бүрдээгүй байхгүй юу. Харин 1949 оны хэлэлцээрийг орчин цагийн шаардлагад нийцүүлж өөрчлөх гэж Сангийн сайд байсан Э.Бямбажав гуай ОХУ-д элчин сайд байсан Мишигдорж дарга бид хэд чамлахааргүй зүйл хийсэн.

-Яг ямар өөрчлөлтүүд хийснээ сонирхуулаач?

-Өмчийн харьцааг 50:50 биш Монголын талд 51 болгох асуудлыг хоёр хувь нийлүүлэгч шийдэж болно гэсэн өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл манайхаас ЗТЯ, Оросын талаас одоо бол РЖД хоёр шийднэ гэж оруулсан. Монгол хүн замын дарга байна гэж тохирсон. Улаанбаатар төмөр зам нийгмийн ачааллыг багасгах замаар тэр хэмжээгээр ногдол ашиг биш татвар төлнө гэж оруулсан. Мөн хэлэлцээр хугацаагүй биш 10 жил тутамд авч үзэж байна гэж тохирсон. Энэ ташрамд хэлэхэд МТЗ өөрөө өөрийгөө аваад явчих бүрэн чадамжтай болсон.

-Төмөр зам дээр нарийн цариг байж таарахгүй, үндэсний аюулгүй байдал талаасаа хэцүү зүйл гэж ярих улстөрч бий. Нөгөө талд бизнесийнхэн дэлхийн жишиг болсон нарийн цариггүй учраас нүүрс тээвэр муу байна гэсэн асуудлыг ярьдаг. Цариг үндэсний аюулгүй байдлын талаасаа тийм чухал зүйл мөн үү?

-Ер нь бол төмөр зам чинь өөрөө улс үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэдэг нь цаг явах тусам улам тодорхой болж байна. 2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж баталж гаргасан. Тэр үед царигийн тухай асуудал хүчтэй яригдсан. Тэр асуудлыг бараг би өөрөө эхэлж гаргаж тавьсан байх. 2007 онд төмөр замын бодлогын тухай асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярихад Ерөнхийлөгч Н. Энхбаяр “Бодлогыг боловсруулахдаа хоёр их хөршийн сонирхлыг адилхан авч үзэх хэрэгтэй “ гэж анхааруулж байсан юм. Таван толгой , Гашуун сухайт хоорондын зам 200 хэдхэн км. Үнэн хэрэг дээрээ энэ чинь уурхайн салаа зам шүү дээ. Оросын элчин сайд Самойленко гэдэг хүн надтай хоёр удаа уулзсан. Би тэр үед төмөр замын ажлын хэсгийг мэргэжлийн хүний хувьд ахалж байсан юм. Элчин сайд тухайн үед геополитик гэж их ярьсан. Мөн Орос улс их алттай тухай ярьсан. Миний хувьд гео эдийн засаг гэж бас байх ёстой шүү гэж тов тодорхой хэлсэн.

Хэрэв тэр үед нарийн царигаар шийдсэн бол манай улсын эдийн засаг дор хаяж 10 жилээр хожсон байх магадлалтай. Өнөөдрийн дэлхийд вагон дээр танк ачиж ирээд сүйд болгоно гэж юу байхав дээ. УИХ-ын дарга асан С. Дэмбэрэл намайг дуудаад Раш минь энэ томьёоллоо өөрчлөхгүй бол унаж магадгүй байна шүү гэж хэлж байлаа. Энэ бодлогын баримт бичгийг батлах гэж 23 хоног наана цаана болсон л доо. Тэр үед ажлын хэсэг дээр УИХ-ын гишүүн Ц. Баярсайхан, талийгаач Г. Батхүү, Н. Батбаяр, Ц. Бадамцэрэн нарын нөхөд миний байр суурийг хатуу дэмжиж байсан. Харин хоёр нөхөр эсрэг байсан.

-Хэн хоёр бэ?

-Х. Баттулга, З. Энхболд хоёр. Энэ хоёр улсын эрх ашиг гэж яриад байсан. Би тэр үед” Тэгээд би хувийн эрх ашиг яриад байна уу. Та хоёрын улсын эрх ашиг гэж юу байдаг юм” гэж адарч л явлаа. Харин нэгдсэн чуулган дээр бол манай намынхан миний саналыг дэмжиж ханарч байсан шүү. Гашуун сухайтын төмөр зам царигийн асуудлыг яаж шилжүүлэн ачилт хийх вэ гэдэг дээр эцэслэн шийдээгүй л байна.

-Тэгээд яах уу?

-Цаана нь хил хүртэл зургаан км зам үлдсэн. Бас өндрийн зөрөө бий. Үүнийг Хятадын талтай мэргэжлийн өндөр түвшинд ярьж шийдэх ёстой. Манай нүүрс зардал багатай л байвал Хятадын зах зээл дээр өндөр гүйлгээтэй байна. Цаана нь Австралийн, Оросын, мөн Хятадын өөрийн нүүрс бий. Эдгээртэй манай улс үнэ, чанар хоёроор л өрсөлдөнө шүү дээ. Хэрэв дээр үед миний ярьж байснаар нарийн царигаар тавьсан бол өдийд өөр байх байсан даа. Таван толгойн нүүрс манай улсын үүц шүү.

Төмөр замыг РЖД-д өгснийгөө Путинтэй ойртох нэг боломж гэж харсан байх

-Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ нийгэмлэгийн Оросын талын хувь нийлүүлэгчийг Оросын төмөр зам РЖД болгосныг буруу болсон гэж одоо хүмүүс ярьдаг, энэ тухайд?

Раш-2007, 2008 онуудад миний бие ЗТАЖ-ын сайд байсан ухаантай. Тэр үед Оросын төмөр замын яам татан буугдаж, нэгдсэн тээврийн яам РЖД нийгэмлэг гарч ирсэн. Тухайн үеийн манай улсын удирдлага УБТЗ-ын нийгэмлэгийг Оросын талаас РЖД байх нь зөв гэж үзсэн.

Тухайн үед Оросын төмөр замыг В. Якунин удирдаж байв. Энэ хүн төмөр замын 1520 царигийг хатуу баримталдаг. Нөгөө талаар Ерөнхийлөгч Путинтэй гэр бүлийн найз гэдэг. Тэр нь ч үнэн гэж надад Фадеев сайд хэлж байсан. Тэгээд манайхан төмөр замыг РЖД-д өгсөн нь Путинтэй ойртох нэг боломж гэж үзсэн байх.

Үүнийг улс төр талаас нь үгүйсгэж болохгүй. Харин тухайн үеийн Оросын Тээврийн сайд Левитин “Танайх Оросын тээврийн яаманд биш РЖД-д харьяалагдана гэдэг нь буруу шүү дээ. РЖД бизнесийн байгууллага, УБТЗ ч адилхан. Том бизнесийн байгууллага нь жижгээ захирна гэдэг буруу” гэж зөвлөж билээ. Би ч түүнтэй санал нэг байсан. Даанч улсын дээд удирдлага тухайн үед миний үгийг сонсоогүй юм.

-Төмөр замын авлигын сүлжээг таны үеэс эхтэй гэх хүмүүс байдаг. Үе үе энэ салбарт авлига хээл хахуулийн том кейсүүд гараад ирдэг. Сүүлийн жишээ гэхэд нэг хурган даргын шүүгээнээс хэдэн тэрбумаараа мөнгө гарч ирсэн…?

-Төмөр замын жижиг даргын шүүгээнээс толгойд багтахааргүй мөнгө гарсан нь нэр хүндтэй сайхан байгууллагын нэрийг шороотой хутгасан явдал болсон. Үүний эхийг аль хэзээний 2000 аад оны үед аваачиж наах хэрэггүй биз дээ. Ойрхон арваад жилийнхээ дотор л яривал үнэнд ойртоно. Олон түмэн мэдэлгүй яахав. Миний үетэй холбовол том эндүүрэл, шуудхан хэлэхэд битгий андуурцгаа гэж хэлмээр байна.

Наушки-УБ чиглэлийн төмөр замыг Монголын талд онцгой хэлэлцээрээр шилжүүлэх жил нь ирэх он

-Төмөр замын дарга байхдаа хийж чадаагүйдээ харамсдаг зүйл танд байдаг уу?

-Одоо би нас хэвийж яваа эр. Төмөр замчдад улсын тэтгэврээс гадна барууны жишиг Норвеги, Дани, Шведийн загвараар байгууллагын тэтгэвэр гэдэг зүйлийг 2014 оноос хойш хөөцөлдсөн. Хууль эрх зүйн нөхцөл алга гээд Оросын тал хүлээж авахгүй байгаа. Үүнийг одоо гарах төмөр замын хуулиар шийдэх ёстой. Ташрамд дурдахад тус хуульд нийгмийн талын гялайх зүйл бараг байхгүй юм билээ. Мөн Монголын нутгаар дамжуулан тавьсан Япон улсын буцалтгүй тусламж болох төмөр замын шилэн кабелийн шугамыг олон улсын транзит яриа явах эрхтэй компани болгох шаардлага бий. Уг нь 2000 онд ийм эрх байсан. Яагаад ч юм сүүлдээ хураалгасан юм билээ.

-Юунаас болж хураалгасан юм бол?

-Бодвол манай үндэсний холбооны компаниуд төмөр замын шугамаас болгоомжлоод байгаа байх. Тэгж болохгүй. Улсад өгдөг татвараа өгнө шүү дээ. Энэ хоёр асуудлыг шийдчих юм сан. За тэр төмөр замыг цахилгаанжуулах хоёр дахь төмөр зам барих зэрэг томоохон асуудлууд цаг үе нь ирэхээр яаж хийгээд дэс дараатайгаар шийдэгдэнэ биз. Нээрээ нэгэнт төмөр зам ярьсных XX зууны Орос орон нэртэй Сталины 1930-1933 оны барьж байгуулсан бүтээн байгуулалтын баримтууд гэдэгт “Наушки-УБ хооронд барьсан замыг байнгын ашиглалтад орсноос хойш 75 жилийн дараагаар Монголын талд онцгой хэлэлцээрийн үндсэн дээр шилжүүлж болно” гэсэн заалт байдаг юм билээ. Тэр он нь ирэх жил буюу 2024 онд таарч байгаа юм.

-Огт сонсоогүй сайхан мэдээ байна. Тэгэхээр 2024 онд энэ чиглэлийн зам 100 хувь манай талд ирнэ гэсэн үг үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй байх. Яагаад гэвэл маш нууцын зэрэглэлд хамаардаг онцгой хэлэлцээр гэсэн байна лээ. Тэр онцгой хэлэлцээр нь үнэхээр хийгдсэн эсэхийг, манай гадаад яаманд ийм зүйл яригдсан эсэхийг нарийн судалж тодруулах хэрэгтэй. Энэ яриа бол зөвхөн Наушки-Улаанбаатарын хоорондох төмөр замд л хамаатай юм.

-Та одоо юу хийж байна?

-Замын дарга Х. Хэрлэнтэй хааяа уулздаг ажил хийж байна. Тэгэхдээ миний санаснаар тэр болгон юм болохгүй шүү дээ. Төмөр замчид, төмөр замын байгууллагуудтай байнга холбоотой явдаг. Төмөр замын залуу удирдлагууд энэ тэнд болох хурал цуглаан дээр намайг оролцож үг хэлэхийг хүсдэг. Би чадлынхаа хэрээр хичээдэг.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Тэрхүү японоос авсан 72 сая долларын төслийн ач өгөөжөөр одоо хүртэл МТЗ улс орныг үүрч дүүрч гал алдуулчихгүй гялалзаж бгаан схан. Уг төслийг бичиж биечлэн оролцож явсан болохоор жапануудын сүрхийг гайхаад бсийн манайхан сэргэлэнтэж сүнгэнүүлсэн бээншд! 🇲🇳😍🇲🇳

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img