2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Хүнсний инженер О.Гал-Очир: Архи бол хүнсний биш химийн үйлдвэрлэл

Фэйсбүүкт "Хүнсний инженер" нэрээрээ танигдсан, сошиал нөлөөлөгч залууг энэ удаагийн зочноороо урилаа. Түүнийг О.Гал-Очир гэдэг. Хүнсний технологич, инженер мэргэжлээр арав гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

-“Хүнсний дэлгүүрт талхны хажууд, архи зэрэгцүүлээд өрчихсөн байх юм” гэдэг асуудлыг та “Хүнсний инженер” цахим хуудастаа хөндсөн байсан. Хүүхдүүд дэлгүүрээс талх авахдаа архийг энгийн хэрэглээ мэт ойлгох сэтгэлгээ суучих вий дээ гэсэн болгоомжлол чинь ортой санагдсан шүү.

-Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 3.1.1-т хүнсний бүтээгдэхүүн гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. “Хүнс гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг хэлнэ” гэж заасан байна. Этонол буюу спирт нь хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангахгүй, эрүүл мэндийг дэмжин хамгаалахгүй. Тиймээс хүнс гэдэг тодорхойлолтод спирт архи багтахгүй гэсэн үг. Жишээлбэл, архины үйлдвэр АПУ байна. Танаас нэг зүйл асууя. АПУ компани хүнсний үйлдвэр үү?

-Сүү, тараг, ус, ундаа үйлдвэрлэдэг учраас хүнсний үйлдвэртээ орох л байлгүй дээ.

-Энэ чинь заль байхгүй юу. Дээхнэ үед Галт ус гэдэг архи үйлдвэрлэдэг үйлдвэр хажуугаар нь ийм нэртэй ус гаргадаг байсан. Үүгээрээ хүнсний үйлдвэр гэж явах гээд байдаг. Гэтэл үндсэн бүтээгдэхүүнүүдийг нь харвал хүнсний үйлдвэр биш. Архийг мансуурч, согтож, харилцаагаа илүү нээлттэй болгох гэж эрт дээр үеэсээ хүмүүс ууж эхэлсэн.

Монгол Улсад хуулиндаа заагаагүй мөртлөө архины үйлдвэр нь хүнсний үйлдвэр гээд явж байдаг. Хүнсний дэлгүүрт нь архи хүнс шиг л зарагдаж байна шүү дээ. Өнөөдөр маш их гэмт хэрэг, өвлөл, согтуугаар жолоо барих тухай асуудал ярьж байгаа боловч эдгээрийн суурь асуудал архийг ерөөсөө хөндөхгүй байна. Ярихдаа “архины градусыг бууруулна” гэж ярьж байна.

-“Архины градусыг бууруулчихсан” гэж яриад байсан шүү нээрээ?

-Тийм. Суурь асуудлаа ярихгүй утгагүй зүйл яриад яваад байгаа юм. Үүгээрээ би архийг битгий үйлдвэрлэ гэж ерөөсөө хэлээгүй. Би ч бас хааяа найз нөхөдтэйгөө баяр ёслолын үеэр архи уудаг. Энэ бол хүний хувийн хэрэгцээ юм. Харин архийг тусдаа дэлгүүрээс нь орж аваад, уух ёстой газар нь ороод уучихдаг л байх хэрэгтэй. Хүнсний дэлгүүрээс биш, яг зориулалтынх нь дэлгүүрээс.

GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүд хүртэл архи зараад эхэлчихлээ шүү дээ. Архийг Онцгой албан татварын тухай хуулийн 6.1-т “бүх төрлийн согтууруулах ундаа, хүнсний зориулттай спирт “гээд ороод ирдэг. Гол хуулиндаа архийг хүнсний бүтээгдэхүүн гэж тодорхойлоогүй. Гол асуудлаа аль ч төвшиндөө ойлгодоггүй. Энэ өөрөө маш том асуудал.

-Хүнсний зориулттай спирт гэж юуг хэлээд байна вэ?

-Хүнсний тухай хуулиндаа хүнсээ эрүүл мэндийг дэмжин хамгаалахад, бие махбодийг хэвийн байлгахад шаардагдах зүйл гээд тодорхойлсон байдаг. Гэтэл нөгөө хуулиндааа хүнсний зориулттай спирт гэж тодорхойлсон байх жишээний. Ингээд харахад хуулиуд нь хоорондоо зөрчилдөөд байгаа биз.

-Архийг хүнс гэж ойлгоод хүнсний дэлгүүрт зарахгүй байхын тулд бид яах ёстой вэ?

-Хэрвээ архийг хүнсний дэлгүүртээ зарсаар байхыг хүсч байгаа бол хуулиа өөрчлөх хэрэгтэй. Эсвэл хүнснээс салгаж тусгай зориулттай бүтээгдэхүүн болгоод өөр газар зардаг болгох хэрэгтэй. Тусгай дэлгүүр байгуулаад зарах хэрэгтэй. “Тамхины хууль” гараагүй байхад бид хаа сайгүй тамхийг татдаг байсан. Хууль гараад больсон шүү дээ. Түүнтэй л адил архийг архи зардаг газраас нь авдаг болъё л доо.

-Хүнсний бүтээгдэхүүн дундаас архи олж харах нээрэн тийм ч сайхан харагддаггүй шүү.

-Бид бол яахав. Ойлгох нь ойлгоод, ойлгохгүй нь гайхаад өнгөрнө. Хүүхдүүд яаж харах вэ? Заримдаа би 5-6 настай хүүхдээсээ тоглоод архи уух уу? гэж асуудаг юм. Тэгтэл “үгүй, архийг чинь том хүн уудаг” гэж хариулж байгаа юм. Том хүн архи уудаг гэдгийг тэр хүүхэд яагаад мэдэж байгаа юм бэ. Энэ бол хүүхдээ дэлгүүр дагуулаад ороход архи зарагдаж байдгаас улбаатай.

Эцэг эхчүүд архийг хүнс биш гэж хэлж өгөхийг оронд “наадах чинь том хүний уудаг зүйл” гэж хэлж тайлбарлаж алдаа гаргадаг. АПУ компани Зүүнхараад Бяслаганы үйлдвэр гээд том нээлт хийсэн. Тэр үйлдвэр нь Монгол бяслаг таслал тавиад Сархадын үйлдвэр гэдэг нэртэй байсныг та анзаарсан уу.

-Анзаараагүй юм байна шүү. Бяслагаар өнгөлөн далдалсан архины үйлдвэр гэж хэлэх гээд байна уу, та?

-Өнгөлөн далдлалт шүү дээ. Архины үйлдвэрийн өргөтөл хийсэн байхгүй юу. “Архины үйлдвэрийн нээлт” гэвэл нийгэм яаж хүлээж авах уу?

Хүнсний инженер-Бяслагны үйлдвэр нээлтээ хийлээ гэдэг л мэдээ гараад байсан даа…

-Наанаа цөөхөн бяслаг хийчихээд бяслагаараа үйлдвэрийнхээ нээлтийг маш том хэмжээнд хийчихэж байгаа юм. Гэхдээ үнэн хэрэгтээ сархадын үйлдвэрээ өргөтгөсөн. Энэ үйл явдал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч очсон. Бүх л төрийн “том”-чууд очиж нээлтэд нь оролцоно лээ.

-Төрийн түшээд “сайхан бяслагны үйлдвэртэй болж байна даа манай улс” гэж бодоод л очсон байх даа. Бяслаг, сүү, тараг, ус, ундаа үйлдвэрлэж байгаа хэрнээ ихэнх бүтээгдэхүүн нь архи л байгаад байна гэж үү?

-Хүмүүс анзаарахгүй байгаа юм. Гэвч хүмүүсийн мэдэхгүйг далимдуулж болохгүй. АПУ компани архи үйлдвэрлэдэг. Спирт нэрдэг. Улаан буудай гэдэг хүнсний зориулалттай цардуулын үр тариаг хүнсний бус бодис буюу спирт болгон хувиргаж байна. Спирт бол химийн бодис юм гэдэг тодорхойлт бий. Хүнс биш. Этанол гэдэг нь шатамхай шинж чанартай, ариутгах шинж чанартай.

-Архины үйлдвэрлэл тэгээд хүнсний үйлдвэрлэл юм уу, химийн үйлдвэрлэл юм уу?

-Химийн үйлдвэрлэл. Монгол Улсын хуулиар бол юуг нь мэдэгдэхгүй алинд нь ч багтаахгүй явуулаад байна шүү дээ. Хүнсний үйлдвэрлэл гээд заачихсан заалт байхгүй, архийг хүнс гээд тодорхойлсон тодорхойлолт байхгүй. Хүмүүсийг албаар төөрөгдүүлээд байна шүү дээ. Архины үйлдвэрээ өргөтгөж байна гэхээр нийгэмд муухай харагдчих гээд байдаг. АПУ гэдэг үг нь өөрөө Архи, Пиво, Ундаа гэсэн үг байсан. Одоо үүнийгээ өөрчлөөд Absolute, Pure,Unique болгочихсон. Энэ ч бас л төөрөгдүүлж байгаа биз дээ. Архи үйлдвэрлэх өртөг нь маш бага тул маш ашигтай бизнес байдаг. Энэ бодлого, хандлага өөрөө маш муухай зүйл.

Витафит ХХК ундаа үйлдвэрлэдэг байж байгаад сүү үйлдвэрлэдэг болсон. Энэ үйлдвэр хэзээ ч спирт үйлдвэрлээгүй. Сүү компани нь сүүний үйлдвэрлэлээрээ өчнөөн олон жил дагнан ажиллаж байна. Архи үйлдвэрлээгүй.

-АПУ компани архи үйлдвэрлэлээ бусад бүтээгдэхүүнээрээ өнгөлөн далдалж байгаагийн зорилго нь тэгээд юу гэж?

-Архийг хүнсний дэлгүүрүүдэд худалдаалахын тулд шүү дээ. Өнөөдөр манай улсын бүх л сүлжээ дэлгүүр, жирийн найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийн хувьд ч хамгийн их гүйлгээтэй бараа нь архи. Эдгээр дэлгүүрүүд хамгийн их ашиг орлогоо архи зарж олдог.

-Асуудлын гарц, шийдэл нь архины борлуулалт дээр зохицуулалт хийх юм байна тийм үү?

-Борлуул гэхдээ зохицуулалт хий. Хүнсний дэлгүүрт биш. Архитай тэмцэх үү, архинчинтай тэмцэх үү гээд бид архитай олон жил тэмцсээр ирсэн. Гэвч яг гол асуудалтай нь тэмцэх байтугай, олж харахгүй яваад байна.

-Гэхдээ яагаад чи энэ бүгдийг яриад байгаа билээ, ямар нэг эрх ашигтай болоод АПУ руу дайрлаа гэх шүүмжлэл анзаарагдсан…?

-Би хүнсний технологич мэргэжилтэй энгийн нэг залуу. Би өнөөдөр аль нэг үйлдвэрт ажиллаад өдөр тутмын ажлаа хийгээд амьдраад явж болно. Хүмүүс ингэж явсаар ч ирсэн. Би Салбарын тэргүүний ажилтан болж болно.

Гэхдээ энэ амьдралыг зөвхөн өөрийнхөө төлөө өнгөрүүлэх надад бол дэндүү харамсалтай санагддаг. Тиймдээ ч би долоо хоног бүрийн Баасан гаригийг хүмүүст зориулдаг. Бусад ажлын өдрүүдэд хувийн ажлаа хийдэг ч, орой нь гэртээ очоод юмаа бичээд л суудаг. Нэг ч гэсэн хүнд мэдээлэл өгчих юмсан гэж тэр шүү дээ. Архины тухай энэ асуудлыг хүмүүс мэдэхгүй байж болно. Гэхдээ мэдсэн бол холбогдох хүмүүс нь хамтраад, бүгдээрээ нийлээд нэг асуудлыг шийдчих юмсан. Ингэвэл хүн болсоны хэрэг тэнд л гарах байх.

Би АПУ компанийн энэ асуудлыг маш удаан ярьж байна. Хүмүүс наанаа алга ташдаг ч хэзээ ч оролдлого хийдэггүй. АПУ компани ямар мөнгөтэй компани билээ дээ, хуулийг хүртэл “худалдаж авч” чадах чадал тэдэнд бий.

-Гэхдээ тэр их мөнгөтэй компани байлаа гээд нэг хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө ямар сэтгэл, зүтгэл гаргаж байна вэ гэдгээр л таны ярьж буй хүч, чадал хэмжигдэх байх шүү.

-Тийм. АПУ компани хэзээ ч надад энэ тал дээр тайлбар хийж чаддаггүй.

-CU сүлжээ дэлгүүрийнхэн шиг хүлээж авч уулзаагүй юу?

-Нэг удаа уулзсан. Гэхдээ архины асуудал дээрээ биш. Тэрэлж, Сэлэнгэ ундааны асуудал дээр хүлээж авч уулзсан. Гэтэл тэд “Манайх хуулийн багтай шүү. Брэндийн нэр хүндэд халдах юм бол…” гэх зэргээр намайг сүрдүүлэх гэж л үзсэн л дээ. Би Эдэн, Алтан Тариа зэрэг компанийг бичиж байсан. Болохгүй зүйлийг нь шууд л биччихдэг. Гэтэл тэд “манай алдаа юу байна, бид татан авалт хийгээд алдаа байвал засаж залруулъя” гэхээр надад тэдэнтэй муудалцах шалтгаан байхгүй болно биз дээ.

Иймэрхүү уулзалт дээр ганцаараа очихыг хэзээ ч хүсдэггүй. Учир нь тухайн компани надад яаж хандахыг би мэдэхгүй. Ашиг сонирхолд өртөх вий гэж айдаг. Хүмүүс хардах вий гэдгээс айдаг. Тийм болохоор ярилцлага хийхээс өмнө СU компанийн удирдлагуудтай уулзах уулзалтад таныг хамт очихыг санал болгосон юм. GS 25 дэлгүүр надтай уулзалт хийхгүй байгаад байсан чинь бас л АПУ-тай холбоотой болж таарсан.

-Өөрийн тань энэ шүүмжлэлүүдийг олон хүний эрүүл, мэнд эрх ашгийн төлөө юм байна гэж хараад эдгээр компаниуд сонсоод, шүүмжлэлийг хүлээн авчихвал олон асуудлыг шийдчих гээд байгаа юм биш үү?

-Миний анхны зорилго бол яг л тэгж эхэлсэн. “Шинэ зууны хүнс” гэдэг групп цахим орчинд үүсгээд түүндээ хүнсний салбарын технологичдыг мэргэшсэн чиглэлээрээ асуудлаа бичдэг байгаасай гэсэн зорилгоор нээсэн. Гэтэл нэг ч хүн дуугардаггүй. Өөрийнх нь эрх ашиг зөрчигдчих вий гэхээс айдаг.

Нөгөө талаар хүнсний салбарынхан дэндүү даруухан хүмүүс. Би өөрийгөө “Хүнсний инженер” гэж нэрлэхэд хүмүүс эхэндээ гайхдаг байсан. Надаас ахмад настай эрдэмтэн, докторууд ч эхэндээ ойлгохгүй байсан. Миний зорилго бол хүнсний үйлдвэрийн технологчдийн ажлыг олон нийтэд ойлгуулахыг зорьсон. Хүнс гэдэг өөрөө инженерийн түвшинд тооцоолол, үйлдвэрлэл явдаг гэдэг ойлгуулж, мэргэжлийн үнэлэмжийг өсгөхийг зорьсон. Одоо бол хийж байгаа зүйлээрээ бахархаж байна.

-Олон нийтээс талархал их ирж байна уу?

-Зөндөө ирнэ. “Баярлалаа, энэ ажлаа битгий зогсоорой” гэдэг.

-Эцэст нь нэг зүйл асууя. Хоол хүнсийг үйлдвэрлэхдээ, хийхдээ сайхан зүйлсийг санаж, бодож хийвэл тэр эм болно эсрэгээрээ таагүй бодол, орчноос төрсөн хүнс таагүй байдаг тухай зарим салбарынхан, шашины номлолуудад ч ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би өөрөө шашин гэж нэг их явдаггүй ч монголчуудын эрт дээр үеэс хэлж ирсэн “идсэн хоол руугаа битгий нулим” гэдэг уламжлалт үг байдаг. Одоо бол бид хоол руугаа нулимаж байгаад л идчихээд байна.

“Энэ сахар хортой доо” гэж яриад л тэгсэн мөртлөө кофендоо хийгээд уугаад байдаг. Хоол боловсрох, шингэхэд сэтгэлзүйн нөлөө байдаг гэдэг нь үнэн. Муухай бодоод л хэрэглээд байвал бие махбодь чинь бодсоноо кодлоод л түүгээрээ ажилладаг. Хоол хүнс гэдэг амьдралын маш сайхан мэдрэмж шүү дээ.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img