2024-05-03, Баасан
8 C
Ulaanbaatar

А.Идэрбат: Хөрөнгийн зах зээл дээр тоглогчид хувьцааг лотоны тасалбар шиг л харж байна

Манай сайт сошиалд, нийгэмд нөлөөлөгч залуустай цувралаар ярилцаж буй. Ээлжит зочин маань Apex Capital компанийн үүсгэн байгуулагчдын нэг, AvtaМata хөрөнгө оруулалтын аппликейшны үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулалтын зөвлөх, контент бүтээгч, номын зохиогч А.Идэрбат. Бидний ярилцлагын хоёрдугаар хэсэг хөрөнгө оруулалтын талаарх зөвлөгөө, хувьцаа, шинэ эдийн засаг, коинтой холбоотой зарим асуудлаар өрнөсөн юм. Ярилцлагын эхэнд ч, төгсгөлд ч бүх л зүйлс хувь хүний, тухайн нийгмийн үнэт зүйл, ёс суртахуунаас хамааралтайг энэ удаагийн зочин маань онцолж байлаа.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

-ХХК-ууд хувьцаагаа хэрхэн өсгөх, иргэд ирээдүйтэй, ашигтай хувьцаа худалдан авахад юуг анхаарах талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Компанийн хувьцаа авч байна уу, эсвэл ханш худалдан аваад байгаа юу гэдгээ анзаарах хэрэгтэй. Найман нэрийн дэлгүүр ч бас ХХК. Байршлаа зөв сонгож, маркетингдаа анхаарч, барааны сонголтуудаа зөв хийж байж л ашигтай ажиллана. Ашигтай ажиллаад эхэлмэгц дансан дахь мөнгөн дүн өснө. Мөнгө нь өсөхөөр дараагийн дэлгүүрээ байгуулж таарна. Арван салбар дэлгүүртэй болоход анхны үнэ 10 дахин өссөн байж таарна шүү дээ. Хэрэв компанийн ханшийг авбал зөвхөн хувьцааны ханшийг хараад ямар дэлгүүр авсанаа эргэж хардаггүй. Ханшийг нь л өдөржингөө хараад улайгаад ирмэгц нь сандарч, ногоон болоод ирмэгц баярладаг.

-ХХК-ийн нэгэн захирлын яриаг сонсож байхад хурал зарлахаар хувьцаа эзэмшигчид нь ирдэггүй гэж байсан. Хувьцаа эзэмшигчдэд бас асуудал байх шиг?

-Тийм. Ханшийг нь хараад завгүй байгаа юм чинь яаж очих вэ дээ.

-Хүмүүс хувьцааг авч байгаа зорилгоо ойлгож байна уу?

-Ойлгохгүй байна. Хөрөнгө оруулалт хийж байгаа зорилго нь хурдан, хялбар, амархан аргаар мөнгөө хэд дахин нугалъя гэсэн бодолтой. Тийм зүйл байхгүй л дээ.

-Бид хувьцааг цэнхэр, ягаан тасалбарынхаа түвшинд л ойлгоод байна уу?

-Түүнээс ч доогуур. Лотоны тасалбар шиг л харж байна. Компани авч байгаа мэдрэмж огт байхгүй. Компанийн өсөх боломжийг ерөөсөө хардаггүй. Дандаа дампуурлыг нь харж, бодно. Ханш нь буугаад ирмэгц дэлхий сүйрч байгаа юм шиг мэдрэмж авна. Хувьцааг яагаад авч байгаагаа сайн ойлгох хэрэгтэй. Ханш нь биш шүү дээ. Ханш бол зах зээлийн халуун, хүйтэнд үүсэж буй үр дүн. Хувьцаа нь хурдан өсөж байна гэхээр маш олон хүмүүс шуналтдаг. Хувьцааны ханш бол эмоцийн тодорхойлолт. Дээшээ эсвэл доошоо “солиорч” байна уу гэдгийг л илэрхийлдэг.

-Тэгвэл хүмүүс нь нэг их сайн ойлгохгүй байгаа хөрөнгийн зах зээл дээр банкууд хувьцаа гаргаж байгаа нь хэр зохистой вэ?

-ХААН банк 2003 онд 6,8 сая ам.доллароор хувьчлагдсан. 2023 онд 600 гарй сая ам.доллароор хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа нээлттэй болгосон. Тэгэхээр 2003 онд ХААН банк руу хөрөнгө оруулалт хийсэн хүн мөнгөө 100 дахин өсгөсөн. Төгрөг биш доллароор шүү. Ингэж өсөхөд хорин жилийн хугацаа шаардлагатай байсан. Ийм ид шидтэй. Гэхдээ өнөөдөр хувьцаагаа гаргаж бцй банкуудын аль нь дараагийн ХААН банк юм бэ гэвэл ирээдүй мөн л тодорхой биш.

-Хэдэн арван жилийн туршид хувьцааны үнэ нь ерөөсөө өсдөггүй ХХК-ууд нь байдаг нь ямар учиртай вэ?

-Компанийн ашигт ажиллагаа нь өсөөд хувьцааны ханш нь хэвээрээ үлдэх юм бол гоё. Нэг салбартай найман нэрийн барааны дэлгүүрийн хувьцаа нь 100 төргөг байлаа гэж бодъё. Арван жилийн дараа 20 салбар дэлгүүртэй болсон гэж төсөөлье. Хувьцааны ханш нь гэтэл 100 төгрөг хэвээрээ байна гэдэг бол “wow”.

-Тийм хувьцааг авах ёстой юу?

-Аваад л байлгаж байх хэрэгтэй. Жишээлбэл, би ХААН банкны хувьцааг нэмээд л авч байна. Яагаад гэвэл IPO гарснаас хойш ашигт ажиллагаа нь 30-40 хувиар өссөн. Харин хувьцааны ханш нь хэвээрээ байна. Хувьцааны ханш өснө гэдэг нь барааны үнэ өсөөд байгаа гэсэн үг. Би энэ хувьцааг 10-20 жилийн хугацаатай авч байгаа юм. Төсөөлөөд үз л дээ. Ирэх 10 жилийн хугацаанд хүмүүс мах хэрэглэсээр байх юм байна. Тэгвэл ирэх 10 жилийн хугацаанд махны үнэ өссөн нь дээр үү, буурсан нь дээр үү? Буурсан нь дээр биз дээ. Цуглуулах хугацаандаа би хувьцааны ханшаа өсгөмөөр байна. Учир нь дараагийн худалдан авалт нь илүү үнэтэй болно шүү дээ.

-Хувьцаа худалдан авч, арилжаанд оролцож байгаа хүмүүсийн тоо тэгвэл өсөж байна уу?

-Буурсан. Хүмүүс нэг халуухан зүйл гарч ирмэгц энэ хурдан мөнгө хийх юм байна гэж хараад нөгөө л хурдан, хялбар, амархан руу шуурдаг. Нэг хэсэг коин байсан бол дараа нь хувьцаа гээд л өөрчлөгдөөд явж байна. Сая нэг хэсэг хүмүүс үл хөдлөх рүү нэлээд шуурсан. Дараагийн зүйл дахиад л гарч ирнэ. Хүмүүс угаасаа л ийм. Массаар нь өөрчлөх боломжтой эсэхийг мэдэхгүй байна. Нийтээр нь ёс суртахуун, үнэт зүйлийг нь өөрчилж болдог юм уу, үгүй юм уу гэдэг гоё асуулт байна. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хувийн амьдралаасаа даваад дараа нь хийх зүйл.

Үр хүүхдүүддээ ч авдаг зүйл. Тиймээс энэ бол маш урт хугацааны тоглоом. Тэр утгаараа урт хугацааны тоглоомын дүрмийг ойлгомоор байна. Дүрмийг нь ойлгож чадахгүй байвал үл хөдлөх хөрөнгө авчих хэрэгтэй. Үл хөдлөхийн сул тал нь эдийн засаг, улс төр нь муудаад ирмэгц дагаад мууддаг. Арван жилийн дараа илүү сайн байр суурьтай байхыг хүсэж байгаа бол хөрөнгө оруулалт хий. Өнөөдөр шинэ машин, шинэ гар утас лизингээр аваад ирээдүйд хүүг нь төлнө. Ирээдүйн өөрийгөө хүүгийн дарамтаар торгомоор байна уу эсвэл ногдол ашгаар өөрийгөө шагнамаар байна уу гэдэг таны шийдэл.

-Өр зээл тавьж байж л мөнгө олдог гэх зэргээр санхүүгийн зөв, буруу нь мэдэгдэхгүй зөвлөгөөнүүдийг хүмүүс нэг нэгэндээ өгдөг…?

-Ашигтай зээл гэж зүйл бий. Би бол зээлийн эсрэг хүн биш. Гэхдээ надад авсан нэг ч зээл байхгүй. Компаниуд маань ч ямар ч зээлгүй. Яагаад гэвэл зээл сэтгэлзүйд, шийдвэр гаргалтад нөлөөлж дарамт өгдөг. Өртэй хүн урт хугацааны тоглоом тоглож чадахаа больдог. Гэхдээ өр зээлээр хөшүүрэг аваад амжилттай явж байгаа хүмүүс бий. Тэднийг гадна талаас нь хараад би заримдаа атаархдаг. Дотор нь юу болж байгааг бол би хэлж мэдэхгүй байна.

Өр, зээл гэсэн зүйлээр би хувьдаа нэг их оролдоггүй. Асуултын чинь цаана нэг гоё зүйл байна. Дөрвөн мянган жилийн өмнө бичигдсэн шашины номоос нэг зүйл олсон нь санаанд орж ирлээ. Тэр үед үер, гамшиг болоход тайлбар байхгүй байж л дээ. Галт уул дэлбэрэх зэргийг ойлгохгүй үе байсан тул ойлгомжгүй зүйлийн цаана бурхан байдаг байхаа гээд тайлбарлачихдаг байж. Нуад Бурхан “үертээ бэлд, үер ирнэ” гэдэг тушаал өгдөг. Энэ түүх яагаад 4000 жилийн турш одоо ч яваад байна вэ? Энд үер ус буухын тухай яриагүй.

Амьдралд чинь хэзээ нэгэн цагт гамшиг тохиолдоно. Чи болоод чиний хайртай хүмүүс чинь өвдөнө. Чи үхэж магадгүй. Орлогын чинь хоёр эх үүсвэр нэг болж магадгүй. Нэг байсан бол огт байхгүй болж магадгүй гэх зэргийг үерээр зүйрлэж хэлж байгаа юм. Энэ үер хэзээ нэгэн цагт ирнэ. Харин чи завьтай юу, эсвэл гурван гамбанз, хоёр ширхэг хадаастай байна уу? Гурван гамбанз, хоёр ширхэг хадаас барьчихсан хүн үер нь ирэхэд живэх нь тодорхой. Энэ түүхэнд маш том завь бариад үерт бэлтгэж суугаа хүнийг бусад нь, ямар том завьж барьдаг юм бэ, чи тэнэг юм уу гэж шоолдог.

Бид говьд амьдардаг, үер болохгүй гэцгээдэг. Өнөөдрийн цаг үеэр бол “чи байраа томсгооч ээ, машинаа томсгооч ээ” гэж байгаатай яг адилхан зүйл. Хэзээ нэгэн цагт үер ирдэг. Түүндээ бэлэн баймаар байна уу, үгүй юм уу гэдгээ бодох л хэрэгтэй. Сонирхолтой нь, 9911-тэй утасны дугаар 10 000 ширхэг байдаг. Дугаарын эзэд хэдэн жилийн дотор солигдох нь их. Сул дугаарууд олон байдгийг нь нөгөө ямар ч завьгүй хүмүүс авцгаагаад байгаа хэрэг. Дөрвөн жил тутамд тодорхой тооны дугааруудын эзэн нь солигдох нь их байгаа нь тэд үерт бэлэн биш байсныг л харуулж буй хэрэг.

-Өмнө нь чи шинэ эдийн засаг гэж ярьсан. Нэг ажлаас нөгөө ажлын хооронд бүтэн өдрийн цаг хугацааг зориулаад өөр юу ч хийхгүй байх нь нөгөө л бидний социализмын үеэс үлдсэн хязгаарлагдмал амьдралын хэв маяг ч юм шиг. Юу ч хийж болох хязгааргүй боломж дунд шинэ эдийн засаг гэж бас шинэ ойлголт гарч ирж байна уу?

-Сурталчилгааг 20 жилийн өмнө телевиз, сонинуудад мөнгө төлөөд гаргадаг босго нь их өндөр байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Жишээлбэл, миний фэйсбүүк контентыг нэг сард 1,500,000 хүн үзэж байна.

Монгол HD телевизээс илүү их хүн үзэж байна. Вэб сайт хийе гэвэл сарын 5 ам.доллар болсон. Дэлгүүр ажиллуулахад үл хөдлөх хөрөнгө хэрэггүй болж инстаграм, фэйсбүүк үл хөдлөх хөрөнгө болсон. Өөрийн зүйлийг хийхэд ямар нэгэн босго гэж зүйл байхгүй болсон учраас хүн амын тодорхой хэсэг нь бизнес хийх бүрэн боломжтой. Хязгааргүй зах зээл дээр хувь хүн ч өөрийгөө хязгааргүй хөгжүүлэх боломжтой. Үүнийг мэдэж байж хэвээрээ, яг янзандаа суусаар байгаа хүнийг би хувьдаа “мэдрэл муутай” л гэж хэлэх юм байна.

Нягтлан бодогч хүн санхүүгийн зөвлөгөө өгч болно. Бусдаас туранхай байх нь ч өөрөө үнэ цэнтэй болоод эхэлсэн. “Чи яаж туранхай байна вэ” гэхэд нь надад туранхай байх тухай нэг цахим ном байна чи энэ чадварыг 10 мянгаар худалдаж авч болно гэчихэд л орлогын эх үүсвэрээ нээчихэж байна. Бусдаасаа жаахан түрүүлж алхдаг хүн илүү орлоготой болох боломжтой. Хоёр хүүхдээ сайн хүмүүжүүлсэн хүн ч өөрийн нууцаа хүмүүст санал болгох боломжтой. Тийм учраас бүтээгдэхүүн, үйлчилгээ гэдэг зүйл үүсэх нь хязгааргүй болсон. Хязгааргүй зах зээлд орон зай хангалттай бий. Босго гэж байхгүй.

-Саяхан манай иргэд коин гэдэг зүйл рүү нийтээрээ хошуурсан. Энэ ч бас шинэ эдийн засгийн нэг хэсэг байв уу. Байр, машинаа зараад кион авсан ч гэж сонсогдох шиг. Чинийхээр коин авсан иргэд хэр зөв зүйл рүү хөрөнгө оруулсан гэж бодож байна вэ?

-Хурдан, амархан, хялбар… Үнэт зүйлс, ёс суртахууны луужин нь угаасаа тэр буруу зүг рүү зааж байгаа учраас дэгдсэн үзэгдэл. Хамгийн өлөн загас амьд үлдэггүй гэдэг. Дэгээг бэлдсэн хүмүүс нь дэгээгээ маш сайн бэлдсэн. Сая бас нэг хүн амиа хорлосон. Миний хуучин хамтрагч нэг хүн бас Тайланд руу зугтчихсан. Интерпол мань хүний араас явж байна. Олон хүмүүс ч шоронд суух байх. Улс төрийн холбоотой хүмүүс нь яах ч үгүй байх.

-Эргээд л эхэнд ярьсан сэдэвтэй тулж байх шиг байна. Үнэт зүйл, ёс суртахуун дээрээ эдгээр койнчид алдчихаж тийм үү?

-Тийм. Нийтээрээ харагдаж байна. Амьдралыг казино маягаар л харж байгаа байх. Мөнгөө нэг нугалсаны дараа тэд зогсохгүй шүү дээ. Дараа нь байгаа мөнгөө нугалсан юм чинь, байхгүй мөнгөө тавиад дахин нэг нугалсны дараа амьдардаг орон сууцаа тавина. Дахиад нэг нугарчихвал байхгүй орон сууцаа тавина.

-Яг л мөрийтэй тоглоом тоглож байгаа юм шиг үү?

-Иймэрхүү ёс суртахуунтай хүмүүс хэзээ казиногоос гардаг юм бэ гэвэл бүх зүйлээ алдсаны дараа л гардаг.

-Чи коин руу ороогүй юу?

-Миний хуучин хамтрагч Батжин коин руу орсон. Надад ярихдаа “үүнийг коин шиг биш хувьцаа шиг явуулна. Хүмүүсийг хувьцаа эзэмшигчид болгоно. Эрх, үүрэгтэй болгоно. Боловсролын салбарт хувьсгал хийнэ. Олон сургууль барина” гэсэн. Би түүнийг нь тодорхой хэмжээгээр дэмжсэн. Тэр нь буруу болж таарсан. Би оролцоотой байсан гэсэн үг. Үүгээрээ алдаа хийсэн. Өөрийгөө өмөөрч байгаа мэт сонсогдож байж магадгүй. Би тэр коины мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. “Найз чинь талх барьж байгаа бол талхыг нь худалдаж авна” гэдэг үүднээс л тусалсан. Надад маш том амлалтууд өгсөн. Гэвч алийг нь ч биелүүлээгүй. Орон нутгаасаа зугтсан.

Тодорхой хэмжээгээр миний нэр хүнд ч унасан. Унах ёстой байсан. Өөртөө, “хохь чинь чи ямар итгэмтгий тэнэг байсан юм бэ” гэж хэлээд л бүгдийг орхисон. Мань хүнд би тухайн үед “Яагаад хувьцаат компаниараа хийхгүй байгаа юм бэ, нэг мөсөн IPO хийчих” гэх зэргээр )хэлж байсан. “Хүмүүс буцлаад байна шүү дээ. Хувьцаа өсгөх нь яршигтай, ярвигтай. Тийм учраас одоо яг хийчихье” гээд чичрээд байсан л даа. Нэг жилийн дотор л коин гэдэг зүйл манайд шуурга шиг л шуурсан. Тиймэрхүү шуурч байгаа зүйлээс аль болох хол байх хэрэгтэй. Надад маш том сургамж болсон. Батжингийн коиныг анхнаасаа дэмжих ёсгүй байсан юм.

-Чи оролцоогүй мөртлөө найзынхаа хийсэн талхыг худалдаж аваад “шатчихсан” юм шиг байна тийм үү. Нууц биш бол хэчнээн мөнгөөр худалдаж авсан бэ?

-Өө, нэлээн мөнгө.

-Цагдаад дуудагдсан уу?

-Цагдаад байцаалт өгсөн. Хоёр контентоороо найзыгаа дэмжсэн байснаас өөр оролцоогүй учраас элдэв юм болоогүй. Ёс суртахууны хувьд алдаа хийсэн үү, хийсэн. Бузартаад явсан уу гэвэл харин тэгээгүй.

-“Чиний хамгийн сайн найз чинь, чиний дайсан чинь байдаг шүү” гэсэн контент чи бас хийсэн байсан. Олон зуун жилийн настай үг ч гэсэн өдгөө ахиж сануулахад илүүдэхгүй үг гэж бодсон уу?

-Тийм. Найз чинь яг толь шиг байх хэрэгтэй. “Хөөе, энэ чи байна. Энэ чинь хангалттай юм уу, үгүй юм уу” гэж хурцалдаг байх хэрэгтэй. Тухтай таатай үгийг хаа сайгүй сонсож болно. Сайн найз бол “чи буруу замаар явж байна” гэж хэлдэг хүнийг хэлнэ. Тийм хүмүүс цөөхөн. Яагаад гэвэл бид тийм хүмүүсийг сонгодоггүй. Тийм үгсийг сонсмооргүй байдаг. Тухтай байхад чи хангалтгүй байна гэж үзээд тухтай байдлыг сонгодог.

-Илүү “пялдага” үгэнд ихэнх хүмүүс их дуртай байдаг нь сонин шүү. Ялангуяа улс төр, төрийн албаны шат шатны дарга нар өөрт нь аль болох нялуун үг хэлж байгаа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай болсон нь тод анзаарагддаг…?

-Хаа сайгүй болчихсон. Би ажлын хэргийн шугамаар хэдэн компанитай уулзаж байхад нэг компанийн үүсгэн байгуулагч нь сайд байсан хүн таарсан. Гайхмаар нь тэр хүн одоо сайд биш мөртлөө хүмүүс нь өнөөг хүртэл тэр хүнийг “Сайдаа” гэж дууддаг юм билээ. Түүнийг нь хараад “за, за болъё, bye,bye, та нартай хамтрахгүй” гэж байгаа юм.

-Хүрээлэл гэдэг зүйл чухал болох тухай чи бас ярьсан байсан. Амьдралд ч, ажилд ч хүрээллээ, үнэнийг чинь хэлж чаддаг хамгийн “зэвүүн” хүмүүсээс сонгоорой гэж хэлсэн.

-Тийм. Чамд урам зориг өгдөг, чамайг тухгүй байлгадаг тийм хүрээлэл л чухал.

-Тухгүй байдлыг хэрийн хүн сонгохгүй л дээ…

-Тухгүй байдлыг сонгоход зориг хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд мөнхийн үхэл, мөнхийн шүүмжлэл чамайг хүлээж байгаа шүү дээ. Болоогүй байна, сайжрах ёстой юм байна гэсэн мөнхийн дутуугийн мэдрэмж… Ийм зүйлсийг сонгочих юм бол чиний дутуу хэсгүүд шатаж үнс болоод чиний хэрэгтэй хэсгүүд үлдэж цааш илүү сайжраад явна гэсэн үг.

-Хүрээлэл гэдэг тухтай бүс бол биш гэж хэлэх гээд байна аа даа?

-Тухгүй бүсэд дасаад 2-3 жилийн дараа гоё болоод л ирнэ. Хүн өөрөө хөгжинө гэдэг гоё зүйл. Гэхдээ хөгжил гэдэг хуучин зүйлсээ орхиж шинээр өөрийгөө бүтээнэ гэсэн үг. Тийм учраас үхэх хэрэгтэй. Буцаад шинээр амьдрах хэрэгтэй. Ихэнх хүмүүст “мэдрэл муутай” юм шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ яг энэ замаар явах юм бол маш гоё.

-Цаг зав гаргаж, нээлттэй ярилцсанд баярлалаа. Чамд амжилт хүсье.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img