2024-05-02, Пүрэв
16 C
Ulaanbaatar

Жек Уэтерфорд: Хүн төрөлхтөн Чингисийн хууль дор амьдрахыг хүссэн учраас л Их Монгол хүчирхэг оршсон

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиогч Жек Уэтерфордтой ярилцлаа. (Энэ ярилцлага түүний ном монгол хэлнээ хэвлэгдсэний дараахан буюу 2011 онд "Монголика" сэтгүүлд нийтлэгдэж байсан юм).

-Хэрвээ Чингис хаан төрөөгүй бол дэлхийн түүх ямраар эргэх байсан бол?

-Чингис хаан түүхийг урагшлуулсан. Хэзээ ч холбогдож байгаагүй салангид соёл иргэншлүүдийг холбосон. Тэр үед Хятад, Араб, Европын соёл иргэншлүүд холбогдож байгаагүй. Чингис хаан энэ гурван том соёл иргэншлийг холбож нэг гүрэн болгоод дэлхий ертөнцийг урагш нь маш том алхуулсан. Эдгээр соёл иргэншил хэзээ нэгэн цагт бие биеэ мэдэрч ойлгож холбогдох л байсан. Гэхдээ Чингис хаан төрөөгүй бол энэ үйл явц хэдэн зууны дараа л өрнөх байсан болов уу.

-Та “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номоо бичихийн тулд Чингисийн нутагт дөрвөн жил амьдарсан. Монголын тасхийсэн жавар, хүйтэн бороо, нартай, хавсаргатай өдрүүд, Хэнтий нутаг танд Чингисийг огт өөрөөр нээж өгсөн байх…?

-Яг тэгсэн шүү. Мэдээлэл маш жижиг нарийн деталлаас бүрддэг. Тэднийг нийлүүлж байж л сая нэг ойлгомжтой болдог. Яг газар дээр нь очоод энэ газар ийм юм болсон гэнэ лээ гэж сонссоны дараа аль улиралд өрнөсөн бол, юу хийж явсан бол гэх мэтээр ургуулж бодож эхэлдэг.

Нэг удаа Хэнтийд явж байтал хамтарч байсан түүхчид маань “Энэ хавьд Есүхэй баатар Өүлэн үжинийг булааж авсан байх боломжтой” гэдэг юм. Тэр үгийг сонсоод эргэн тойрноо харлаа. Сайтар харсныхаа эцэст “Хэрвээ энэ хавьд зун байсан бол Өүлэнг айл амьтны нүдэн дээр булааж авахгүй. Эзгүй зэлүүд газар л эмэгтэй хүнийг булаасан байж таарна. Эзгүй зэлүүд газар гэхээр Есүхэй ан хийгээд явж байсан болов уу. Тэгэхээр тэр үе нь өвөл дөнгөж эхэлсэн цаг байж таарна. Ан хийж явсан бол гар дээрээ шонхор юм уу бүргэд суулгаж явсан байж таараа” гэсэн бодлууд ургасан. Тэгээд л тэр дүрслэлээ номондоо шигтгэж өгсөн.

Бас нэг сонирхолтой жишээ санаанд орчихлоо. Би Онон мөрний хөвөөгөөр алхаж явлаа. Тэгж явж байхдаа “Монголын нууц товчоо”-н дээрх “Оюунтай төрсөн Өүлэн үжин Онон мөрнийг өгсөж уруудаж, олирс мойлыг түүж явж, өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж, өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв гэсэн хэсгийг гэнэт санасан. Мөрний эргээр явж байхад Өүлэн үжин хөвгүүдээ хооллох гэж яаж ядарч зүдэрч байсан талаарх дүр зураг нь шууд харагдсан. Тэр хавьд идчихмээр юм огт байгаагүй.

Би Онон мөрний хөвөөгөөр өөд, уруугүй явлаа ч хүүхдүүдээ битгий хэл өөрийгөө хооллох зүйл олохгүй юм билээ. Гэтэл Өүлэн үжин өдөржин яваад хүүхдүүдээ, Есүхэй баатрын нөгөө эхнэрийнх нь хүүхдүүдийг хооллосон гээд бодохоор гайхмаар санагдсан. Ямар хол газар явдаг байсан бол гэх бодол өөрийн эрхгүй төрсөн шүү. Энэ бүх жижиг зүйлс Монголын тухай, ямар цаг агаарт хүн төсвэрлэж байсан тухай, ямар амьдралыг даван туулсан тухай маш их мэдлэг өгдөг.

-Чингис хаан дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн агуу жанждаас яг юугаараа ялгаатай, өвөрмөц, давтагдашгүй бол?

-Чингис хаан бол дэлхийн хамгийн алдартай байлдан дагуулагч. Гэхдээ би Чингис хааныг байлдан дагуулагч гэх алдраас нь илүү хамгийн том хууль тогтоогч гэдгээр нь хүндэтгэдэг. Түүний арми зуун мянгахан цэрэгтэй байсан гэсэн тооцоо гардаг. Ийм цөөхөн цэрэгтэй арми хэдэн зуун сая гаруй хүнтэй дэлхий ертөнц, тив орнуудыг хэзээ ч байлдан эзэлж чадахгүй.

Тэгэхээр тухайн орны иргэд Чингисийн гаргасан хуулийн доор амьдрахыг хүссэн гэсэн үг. Чингисийн арми байлдах ур чадвараараа бусад армиудыг ялсан. Харин ялалтын дараа ард түмнийг байлдан дагуулах ажлыг Чингис хааны тогтоосон дэг журам, хуулиуд хийсэн. Чингисийг нас барсны дараа цэрэг арми нь улс орнуудыг удирдсан байж таарахгүй. Түүнээс хойш 150 жилийн туршид тогтоосон хууль, дэг журам нь хүчинтэй хэвээр байж тэдгээр улс орнуудыг захирч байсан. Ингээд бодохоор үнэхээр ард түмэнд хэрэгтэй, таалагдсан хууль эрх зүйн орчин байсан байж таарна.

-Их Монголын үеийн байлдан дагуулалтаас тасраад үлдчихсэн монголчууд дэлхийн олон улсад амьдардаг. Чингисийн түүхийг судлахад тэдний амьдралаас олж харах зүйлс их байх. Та тэдэнтэй уулздаг уу?

-Би дэлхийн маш олон орноор явж монголчуудын үр удамтай уулзаж байсан. Тэнд Монголын ховор үгс хадгалагдсан байдаг. Афганистанд байдаг хазарачууд гэхэд эртний монгол үгийг олноор нь хэрэглэдэг. Гэхдээ тухайн үеийн амьдралын хэв маяг гээд яривал зөвхөн Монголд л хүчтэй хадгалагдсан байдаг. Хэрвээ Чингис хаан буцаж ирээд хөдөөгийн аль нэгэн айлын гадаа буулаа гэхэд өөрийнхөө амьдарч байсан үе шиг босгоо давж ороод гэртээ байгаа мэт хоймроо сууж, идэж байсан хоол ундаа идэж чадна. Монголын соёл ийм удаан хугацаанд хадгалагдаж үлдсэн нь гайхамшигтай санагддаг.

-Таны бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном 25 улсад хэвлэгдсэн. Тэдгээр улсын уншигчдын танд хэлж байсан мартагддаггүй үгсээр ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Энэтхэгийн ерөнхийлөгчийн хэлсэн үг санаанаас гардаггүй юм. “Энэтхэгчүүд Их Монгол улсаас маш их зүйл сурсан. Яаж хамтран амьдрах вэ, хэрхэн олон шашныг хүлээн зөвшөөрөх вэ гэх мэт маш олон зүйлсийг монголчуудаас сурсан учраас Чингис хааны тухай ном надад таалагддаг” гэж хэлж байсан.

Уншигчдын бас нэг сонирхолтой хэсэг бол гадаадад амьдардаг монгол үндэстэн хүмүүс. ОХУ, АНУ-д байгаа халимагууд, Хятадад амьдардаг монголчууд гээд монголоор ярьж чаддаггүй ч монгол гэдгээ мэддэг гадаадын иргэдээс их олон захиа авдаг. Тэд монгол хэлгүй ч Монголын тухай мэдэх маш их сонирхолтой. Монголын мах цусны тасархай гэдгээрээ бахархдаг.

Гадаадын зохиогч миний номоор дамжуулж эх оронтойгоо холбогдож байгаадаа баярласан, гайхширсан, бахадсан сэтгэгдлүүд давамгайлдаг шүү. Монголын тухай мэдэхийг үнэн зүрхнээсээ хүсдэг хүмүүс байдаг юм билээ. Анх номоо бичиж байхдаа ийм найзуудтай болно гэж огт төсөөлөөгүй. Гэхдээ энэ номыг бичсэний дараа Монголд хайртай, Монголын тухай мөрөөддөг, Монголыг үзэхийг хүсдэг маш олон монгол цусны хүн байдгийг олж мэдсэн.

-Тэр хүмүүсээс ирсэн захидлаас таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн нь гээд яривал дурсах хууч их бий дээ…?

-Монгол гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж, хэлмэгдэж явсан хүмүүсийн үр сад олноороо ханддаг. “Миний эцэг эх, өвөг дээдэс Монгол байсан учраас хэлмэгдсэн, шийтгүүлсэн. Тиймээс аав ээж минь бидэнд монгол гэдгээ нууж яв, монгол хэл битгий сур гэж захидаг байсан. Гэхдээ би Монголыг их сонирхож байна“ гэж ирээд бичнэ. Уйлмаар үгстэй захидал их ирдэг. Нэг хазара залуутай уулзсан юм. Хазара хүмүүс Афганистан, Пакистанд маш их дарлал үзсэн. Олон үеийн засаг захиргааны хэлмэгдүүлэлтэд амьдарч ирсэн. Одоо ч хэлмэгдэж яваа хүмүүс. Тэгж их хэлмэгдэж, үе үеийн турш гашуун зовлон амссаар ирсэн хэрнээ монгол гэдэг үгийг сонсох төдийд л баясдаг хүмүүс гэдгийг тэр залуугаас их тод мэдэрсэн.

Афганистанд талибанууд засгийн эрх барьж байхад хэдэн арван мянган хазарчуудыг алж устгасан. Анх энэ номыг бичиж байхдаа тийм хүмүүстэй танилцана ч гэж мэдээгүй. Ийм хүмүүсийн тухай сонсоно гэж ч төсөөлөөгүй. Ийм сайхан хүмүүс байдаг, тэр хүмүүс миний номыг уншиж яваа гээд бодохоор нулимс унагадаг шүү. Тэр хүмүүс 800 жил сэтгэлийн дөлөө унтраалгүй хадгалсан, Монголоо мөрөөдөж найман зууны турш зүрхэндээ зултай амьдарсан гээд бодохоор гайхамшигтай байгаа биз.

-Тийм шүү. Дэлхийг Чингис хаан шиг өөрчилсөн, Чингис хаан шиг маань биш юм аа гэхэд Чингисийн дайны өөрчилсөн хүн гэвэл та хэнийг онцлох вэ. Ер нь Чингис шиг удирдагч дахин төрөх болов уу. Эсвэл нийгмийн түүх дууссан, хувьсгал дууссан гэх үедээ хүн төрөлхтөн оччихсон уу?

-Дэлхийн түүхийг тэр чигт нь өөрчилсөн дөрвөн хүн байдаг. Будда, Есүс, Мухамед, Чингис хаан дөрөв. Тэд сэтгэлийн маш их хүчтэй. Сэтгэл санаагаараа маш их зүйлийг удирдсан хүмүүс. Есүс, Будда, Мухамедаас Чингис хаан практик амьдралд илүү их өөрчлөлт хийсэн гэдгээрээ онцгой ялгарна.

Дотоод итгэл үнэмшил нь практик амьдрал дээр их биелсэн л дээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн түүхэндээ Чингис хааны дотоод итгэлийг Будда, Есүс, Мухамед гурваас илүү хүлээж авсан. Миний бодлоор энэ дөрөв шиг дэндүү чухал хүн ахиад төрөхгүй байх. Гэхдээ маргаашийн цаг агаар ямар байхыг мэдэхгүй байж ирээдүйг угтаж хараад яахав. Ирээдүйн тухайн таамаглалыг ингээд орхисон нь дээр байх.

-Чингис хаан цэргийн жанжин, улс орны удирдагч гэхээсээ илүү хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан бол. Тэр хэр сайн аав байсан бол. Их хааны маань тухай ном бичсэн хүн учраас та илүү тод таамаг, зураг хэлэх байх…?

-Чингис хаан амьд байсан бол нэг л зүйлд харамсах байсан. Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадсангүй дээ л гэж харамсах байсан болов уу. Хүүхдүүдээс нь хэн нь ч Чингис шиг агуу байж чадаагүй. Тийм агуу хүний ойрхон байсан хэрнээ хангалттай суралцаагүй шиг санагддаг. Мэдээж бүх л аавд тохиолддог зовлон Чингист тохиолдсон. Хүүхдүүд нь хооронд хэтэрхий эв түнжингүй, хэт их тэмцэлддэг, архи их уудаг нь түүнд таалагдаагүй. Гэхдээ Чингис хаан охиддоо итгэдэг байсан. Охид нь ч аавынхаа нэр хүндийг унагаагүй.

Чингис хааныг хувь хүн талаас нь төсөөлөх гэхээр би түүнийг олж харж чаддаггүй. Тэр эргэн тойронд байгаа юм шиг л мэдрэгддэг. Түүнээс биш тийм хүн байна, яг тэнд байна гэж харагддаггүй. Эргэн тойронд түүний эрч хүч, энерги төрсөн юм шиг мэдрэмж төрдөг. Чингисийг өөртөө төсөөлөхөд агуу удирдагч, цэргийн жанжин гэдгээрээ бодогддоггүй юм. Ямар агуу хайрыг түгээж явсан хүн байгаа вэ, Бөртэд ямар их хайртай байсан юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.

Их золиос гаргаж түүнийгээ аврахын төлөө явж байсан нь агуу санагддаг. Тэр хаан болсныхоо дараа ард түмэндээ өөрийгөө дуустал нь өгсөн. Бүх эрч хүчээ ард түмэндээ өгнө гэдэг үнэхээр агуу хайр.

-Таны номыг уншихаар их олон дүрсийг эвлүүлж зүйгээд нэг цогц дүрс гаргаж ирсэн шиг санагддаг. Олон газраас эх сурвалж хайж явсан байх гэж хэлэх гээд байна л даа. Хамгийн гайхамшигтай, дуу алдуулсан эх сурвалжаа хаанаас олсон бэ?

-Ярихад сонин биш байж мэдэх ч нэг гайхмаар үйл явдал тохиолдсон. “Монголын нууц товчоо”-ноос Бөртэ үжинийг мэргидүүд булааж авч явдаг хэсгийг уншиж байтал “Аль Кайда”-гийнхан хоёр өндрийг дайрсан талаарх мэдээ телевизээр гарсан юм. Америкийн ард түмэн тэр чигтээ паникт орчихсон.

Биднийг их том аймшиг нөмөрсөн. Манай ерөнхийлөгч айдас тодорсон царайтай олны өмнө гарч ирээд үг хэлж байлаа. Тэгэхэд би хаанаас дайрсан нь мэдэгдэхгүй дайсан улс орныг гэнэт довтолж орон байрыг нь түйвээхэд ямар аймшиг тухайн орчныг нөмөрдөгийг мэдэрсэн. Тэр мөчийг уншиж суусан зүйл рүүгээ ургуулж бодоод Чингисийн хот айл руу морин төвөргөөн ойртохыг сонссон Хуагчин эмгэнд хэр их түгшүүр төрсөн бол, тэр хот ямар их айдаст автсан бол гэсэн төсөөлөл төрсөн. Их хурц төсөөлөл үүссэн шүү.

Яг тэр мөчид би телевизээ үзмээр байсан ч унтраагаад өөртөө төрсөн аймшигт мэдрэмжээ шууд цаасан дээр буулгахыг хүссэн. Тэгээд номынхоо эхний бүлгийг Хуагчин эмгэн айж цочирдож, Бөртэ үжинийг мэргидүүд булаан авч явж, Чингис хаан аймшигт нэрвэгдсэн ард түмнээ хэрхэн яаж аймшгаас нь салгах тухай бодож байгаагаар эхэлсэн.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа.

Эх сурвалж"Mongolica" сэтгүүл
- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img