2024-10-07, Даваа
-8 C
Ulaanbaatar

Д.ЭНХБАТ: Ядуу хүн цагаа зарж мөнгө олдог, харин баян хүн мөнгөө зарж цаг олдог

“Датаком”-ын Д.Энхбатын “Монголын эдийн засгийн систем” илтгэлийн тоймыг хүргэе.

  • Монгол хүний тархинд “Би дэлхий сөнөхөд ганцаараа л үлдэнэ. Таван ханат хэрэгтэй. Мотоцикль хэрэгтэй. Бусад нь дүүрч, галав юүлж байсан ч хамаа алга” гэж сэтгэдэг. Өөрөөр хэлбэл монгол хүн ганцаараа амьд үлдэнэ гэдэгтээ итгэдэг. Хятад хүн эсрэгээрээ. Бөөгнөрч байж л амьд үлдэнэ гэдэгтээ итгэдэг. Ганцаараа үлдэх нь япон хүний хувьд сүйрлийн эцсийн хэлбэр. Монгол хүний хувьд “Эр хүний жаргал эзгүй хээр” гээд явчихдаг. Энэ хандлага нь бизнест нөлөөлдөг.
  • Булганд явж байхад тохиолдсон явдал. Санаандгүй тохиолоор Булган, Өвөрхангайн айрагны аль нь амттай тухай маргаан өрнөв өө. “Булганы айраг гэж яг ямар айраг юм бол, найрлага технологи, түүх нь юу вэ” гэж асуутал нэг ч хүн хариу хэлж чадаагүй. Булганы айраг гэдэг нь хадны мангаа гэдэг шиг хоосон яриа байгаа байхгүй юу. Тийм учраас Булганы айраг хөгждөггүй. Байхгүй юмыг яаж хөгжүүлэх билээ, бичээгүй юмыг сайжруулах арга байхгүй. Хаана ч тодорхой биш юмыг хэнд яаж заах вэ. Өөрөөр хэлбэл Булганы айраг маань мэдлэгийн хэлбэрт ороогүй хэрэг. Шотландын вискины үйлдвэр 1100 жилийн турш хураасан хэдэн зуун жортой. Нэг жорыг хийх гэж магадгүй нэг нөхөр бүх амьдралаа зориулсан байх. Ингэж тасралтгүйгээр сайжруулж өөрчилж ирсэн учраас шотланд виски мэдлэгт тулгуурлаж байгаа юм. Тийм учраас сайжруулж болдог, тийм учраас бизнес болсон. Манай нийгмийн хувьд мэдлэг хөгжих процесс энэ мэтээр өрнөхгүй байна.
  • Би гольф тоглох дуртай. Нэг удаа англи багш ирж зөвлөгөө өглөө. Цагийн 300 доллараар зөвлөдөг, та нарт бол 100 доллараар зөвлөе гэхээр нь нэг удаа мөнгө зарж зөвлөгөө авъя гээд төлбөрөө хийчихлээ. Намайг цохихыг нэлээд харж байснаа “Та яг ямар хичээлд суусан бэ” гэж асуулаа. Хичээлд огт суугаагүйгээ хэллээ. Хэсэг харж зогссоноо “Та гольфийн чигийн ном уншсан уу” гэж байна. “Үгүй” л гэлээ. Цохиж дууссаны дараа өнөөх чинь “Танд сайжруулах юм алга” гэдэг байгаа. Учрыг нь лавлатал “Таныг сайжруулах үүрэг магадгүй Буддагийн хийх ажил байх. Миний үүрэг бол таны арга барил, технологийг сайжруулах. Гэтэл танд арга барил, технологи алга” гэсэн хариу хэлсэн. Бөхөөр бол ямар ч мэхгүй нөхөр болж таарч байгаа юм. Монголчууд үүнийгээ монголчлох, монгол ухааны гайхамшиг гэх мэтээр дөвийлгөдөг. Угтаа ямар ч жор, ямар ч стандарт, ямар ч дүрэмгүй, бодож байгаад хийнэ гэдэг юу ч байхгүйгийн л шинж.
  • ЭнхбатМонголд 100 гаруй мянган бизнес бүртгэлтэй байдаг. Жар, далан мянга нь нийгмийн даатгал төлдөг. Миний хувьд 200 гаруй компанийн захиралд сургалт хийж үзлээ. 90 хувь нь бизнесээ яг монгол аргаар хийдэг. Ямар ч дүрэм журам, стандарт, технологигүй. Товчоор хэлбэл өөртөө ажил үүсгэчихдэг. Гол нууц нь ажил бол бизнес биш. Бид ажил, бизнес хоёроо ялгадаггүй. Ажил бол амьдрахын тулд амиа аргацаах аж ахуй. Бизнес бол өөр. Бизнес бол систем. Мэдлэг, технологи, зохион байгуулалт, менежмэнт. Монголын бизнесийн ерэн хувь нь энэ хэсэг рүүгээ ордоггүй. Сайн ажиллавал болно гээд зүтгээд явдаг. Арын хаалгатай, танилтай, азтай нь амжилтанд хүрдэг, бусад нь насаараа ажилласаар дуусдаг. Ажиллах тусам ядардаг, сөхөрдөг. Эхэн үеийнх нь эрч хүч, энерги мохдог. Сэтгэлгээний ийм төвшинд бид хэчнээн сайн ажиллаад хөгжихгүй. Алберт Эйнштейн “Ямарваа нэг асуудлыг шийдэхдээ тухайн асуудлыг үүсгэсэн толгойгоор шийдэж болдоггүй” гэж хэлсэн байдаг. Хүн асуудлаа шийдэхийн тулд өөрөө дараагийн төвшинд гарах хэрэгтэй.
  • Хятад, япончууд сайн ажиллаж байгаадаа амжилттай яваа юм биш. Тэд өөр төвшинд ажиллаж сэтгэдэг. Өөрөөр хэлбэл тэд вискиний бизнес эрхэллээ гэхэд жор хийж байна, стандарт бүтээж байна, зохион байгуулж байна. Гэтэл бид мэдлэг, технологи, стандарт гэсэн ойлголтыг хэрэгжүүлэхгүйгээр хий зүтгээд явдаг. Тийм зам байдгийг ч мэдэхгүй яваа. Энгийнээр хэлбэл бид хөгжлийнхөө зам дээр гараагүй. Шүдээ зуугаад сайн ажиллавал л хөгжинө гэж зүтгээд байна. Тэгж хөгжих аргагүй. Зуугуулаа нийлээд мянган тонн шороо ухаж болно. Гэхдээ бид хэзээ ч экскаватортай болохгүй. Гэтэл япон, хятадууд бульдозер, экскаватор хийгээд байгаа юм.
  • Бидний хувьд бизнес яаж явах ёстой гэдгийг дараагийн төвшинд сэтгэж мэддэггүй. Энэ нь бидний соёлтой холбоотой. Монголчууд юмыг хурдан ойлгодог мөртлөө ноу хау буюу процедурын мэдлэггүй. Юмыг яаж, ямар дарааллаар хийдгийг мэддэггүй. BSB-гийн захирал Б.Жаргалсайхан надад “Манай бүх гэмтэл нэг зүйлээс болдог. Манайхаас хөргөгч, угаалгын машин авсан нэг ч хүн заавраа хэзээ ч уншдаггүй” гэж хэлсэн юм. Заавраа уншихгүйгээр элдэв юм хийгээд угаалгын машинаа эвдчихдэг гэнэ л дээ. Өөрөөр хэлбэл бид мэдлэгтэй ажиллаж мэддэггүй. Гэтэл бусад улсад заавар, журам, стандарт бол амин сүнс нь.
  • Горхи, Тэрэлжийн аманд зуун орчим компани бий. Бүгд яг адилхан. Цөмөөрөө арван гэр, муухай хоолтой. Яг адил юм хийж байгаа бизнесүүд зүгээр л биесээ хорлодог. Тэрэлжийн бизнес бол өрсөлддөг, сайжруулдаг загвар биш. Хэн нь урагшаа явах вэ биш, хэн нь хамгийн сүүлд амьд үлдэх вэ гэдэг уралдаан. Учир нь хязгаарлагдмал орон зай, хязгаарлагдмал нөөцтэй газар нэг нь л амьд үлддэг. Зах зээл, орон зайгаа тэлээгүй нөхцөлд өрсөлдөөн дандаа буруугаар явдаг. Бусад улсад өрсөлдөөний загварыг зах зээлээ тэлэх маягаар явуулдаг. Тэрэлжид байгаа зуун компани ирсэн мянган зочныг арав, арваар нь хувааж авна. Арван зочинтойгоор тухайн компани амьдрахгүй. Монголчууд гурван саяулхнаа, дэндүү жижиг зах зээл гэж ярьдаг. Тэгж ярьдаг хэрнээ өнөө гурван саяа ахиад бүр жижиглэчихдэг. Зүй нь төрөлжиж өрсөлдөх ёстой. Нэг нь зөвхөн зочид буудлаар, нөгөө нь зөвхөн хоолны үйлчилгээгээр өрсөлдвөл нэг дор мянган хүнд үйлчилж бизнесээ тэлэх боломжтой. Өөрөөр хэлбэл төрөлжилт зах зээлийг олон дахин тэлдэг, дээшээ өгсөх гарц нь болдог. Харамсалтай нь Монголд төрөлжилтийг ойлгодоггүй. Бид өрсөлдөөн бол олон давхар байшин гэдгийг ойлгодоггүй. Нэгдүгээр давхартаа чихэлдэж амьдрахаа л өрсөлдөөн гэж сэтгэдэг. Засгийн газар нь ч ийм бодлого барьж мэддэггүй. Нэгдүгээр давхартаа алалц, хамгийн сүүлд үлдсэн чинь л том бизнес эрхлэгч болно гэчихдэг.
  • Эхлээд биенээ мэдэх хэрэгтэй. Монголын бизнест биенээ мэдэх тогтолцоо үүсээгүй. Биенийхээ нэрийг мэдэхээс цаашгүй. Үүнийг нийгмийн инститүцүүд нь хөгжөөгүй гэж тодотгодог. Хүмүүс ингэж холбогдоод эхлэхээрээ төрөлжилт явагддаг. Төрөлжөөд эхлэхээр хэлхэлдэж эхэлдэг. Чи хайрцагла, би зөөе гэх мэтээр. Ийм маягаар Монголын компани зуугуулаа нэгдвэл Хятад руу гарах асуудал биш. Ганц ганцаараа зүтгэвэл хэзээ ч зуун үйлдлийг нэг дор хийх боломжгүй. Гадныхан манайхны бараа бүтээгдэхүүнийг чанаргүй гээд авахгүй байгаа юм биш. Системийн тоглолт хийдэг учраас систем ойлгодоггүй зэрлэг хүнтэй хамтрах боломжгүй л гэж биднийг хардаг. Системийн тоглолтод “ганцаараа амьд үлдэх” хүнийг авах боломжгүй. Тийм хүнтэй ажиллах арга байхгүй учраас тэр л дээ. Вьетнамын муухан компанитай Америкийн том компани хамтарч ажиллаад байдгийн нууц нь энэ.
  • Дотооддоо гинжин холбоонд орж сураагүй хүмүүс дэлхийн гинжин холбоонд орж чадахгүй. Бизнес бол тэр чигтээ гинжин холбоо. Хэн ч ганцаараа юм хийж чаддаггүй. Хоорондоо ажиллаж, хоорондоо итгэхийн тулд бизнес өөрөө систем, стандарт байх хэрэгтэй. Бусадтай хамтрахын тулд наад зах нь компани дотроо технологитой, стандарттай, дүрэм журамтай болох хэрэгтэй.
  • Монголын бизнесийн хамгийн том асуудал бол боловсон хүчин. Монголын боловсрол бол бусдад үйлчилдэг биш өөрөө бие дааж амьдардаг л тогтолцоо. Нийгэмдээ үлддэг тогтолцоо биш болчихсон. Өөрөө амьдрах л зорилготой. Энэ нь эргээд бусад салбартаа асуудал авчирдаг. Хэдхэн жилийн өмнө бүх оюутны талаас илүү нь хуульч байсан. Хэн ч идэхгүй хоол хийгээд байна гэсэн үг.
  • Бид системийн төвшинд сэтгэж чадахгүй байна. Бүх зүйл систем. Хоорондоо холбоотой, уялдаатай. Дэлхийн хөлбөмбөгийн тэмцээнд орлоо гэж төсөөөлье. Арван тоглогчгүй бол, ар талын 200 хүнгүй бол, ажилладаг дүрэм, стандартыг нь дагахгүй бол бид ялагч болохгүй. Яг үүнтэй адил дэлхийн бизнесийн дүрмээр тоглохгүй бол бидэнд орон зай олдохгүй.
  • Бид ахуйн төвшинд хийдгээ хийсэн. Гахай зөөсөн цагаас наашлуулаад харвал өнөөдрийн тухайд хувь хүний төвшинд ингээд явж байгаа нь их юм. Одоо үүнээс цааш явъя гэвэл хэзээ ч хувь хүний төвшинд сэтгэж, хувь хүн шиг явж болохгүй. Хувь хүний төвшинд сэтгээд дэлхийн хөл бөмбөгийн аваргад орох аргагүй.
  • Монголын улстөрд ороход нэг юм анзаарагддаг. Төр авч яваа хүмүүс төрийн төвшинд огт сэтгэдэггүй. Сайндаа л нэг асуудлын төвшинд сэтгэдэг, түймэр унтраахын төлөө ажилладаг. Тийм учраас манайд өнөөдөр улстөрчид талаар дүүрэн, төрийн түшээ маш ховор байна. учир нь төрийн хүн бол системийн төвшинд сэтгэдэг. Улс орны, салбарын төвшинд сэтгэдэг. Харин улстөрч бол сонгуулийн төвшинд сэтгэдэг.
  • Би өнгөрсөн гурван жилийн туршид 230 гаруй компанийн захиралтай уулзаж ярилцлаа. Надтай уулзаж байгаа захирлуудын 90 хувь нь хамгийн амжилттай яваа хүмүүс. Амжилттай яваа хүн л хүнтэй уулзаж, зөвлөгөө авдаг, ярьдаг. Тийм хүмүүс мэдэрдэг. Ядраад байна, болохгүй байна гэдгээ ойлгож сэхээрсэн байдаг. Учир нь тэд урагшлахыг хүсэгчид. Хамгийн гайхалтай нь уулзаж байгаа хүмүүсийн маань тавиас илүү хувь нь амжилтаасаа болоод ядарчихсан байна. Дэндүү хурдтай томорсон учраас проблем нь томорчихсон. Түүхүүд нь их энгийн. Анх арван хүнтэй эхэлсэн, бүх ажил нь сэтгэлд нь багтаж байсан, зуун хүнтэй болсон чинь өнөө ажлууд нь санаанд нь багтахгүй, яаж удирдахаа мэдэхээ больсон. Товчоор хэлбэл амжилтынхаа боол болчихсон. Сүүлдээ ядраад стресст орчихсон. Бүх ажлаа өөртөө овоолчихсон, энгийнээр бол тэр хүн компаниа ажиллуулж чадахгүй явж байна. Тэр хүн хувь хүнийхээ төвшинд хийж чадах бүхнээ хийсэн, сав нь дүүрчихсэн. Харин одоо саваа солих ёстой. Монголын ихэнх бизнес энэ төвшиндөө хүрчихсэн явна.
  • Монгол бизнес эрхлэгчид одоо хувь хүний болоод ахуйн сэтгэлгээгээр явах боломжгүй. Ардчиллаас эхэлсэн гахайчдын үе дуусчихсан гэж би тэдэнд хэлдэг юм. Энэ хүмүүсийг цааш авч явах хамтын тогтолцоо үүсээгүй. Тэдний хоёрдугаар үе болох хүүхдүүд нь гарч ирж байна, бизнест. Ихэнх нь ээж аавынхаа их мөнгөн дээр ирчихсэн, өөрийгөө том бизнес эрхлэгч гэж бодсон хүмүүс л байна. Аав нь ахуйн төвшинд сэтгэж явсан бол баруунд сурсан хүүхдүүд нь системийн төвшинд сэтгэх ёстой. Харамсалтай нь ихэнх нь тэгж чаддаггүй. Аавынхаа ажлыг арай өөрөөр хийж яваа. Аав нь солонгос машинтай байсан бол хүү нь арай гоё машинтай яваа. Сэтгэлгээ нь яг адилхан. Энэ гацааг бусад улс орнууд төрөл бүрийн бизнесийн коллеж, судалгаа, экспорт, ярилцлагуудаар шийддэг. Үүнээс хамгийн чухал нь гадаадын хөрөнгө оруулалт. Бүр тодруулж хэлбэл гадаадын мэдлэг оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд биднээс онцгой юу ч байхгүй. Адилхан байшинд ажиллаж, адилхан зүйл хийдэг. Цор ганц ялгаа нь ашиглаж байгаа мэдлэг нь л өөр. Бидний зуун жилд сурах юмыг тэд аравхан жилд өгч буйд л хамаг шим нь байгаа юм. Хамгийн чухал нь Монголын бизнесийг дэлхийн бизнестэй холбож өгч байна. Ядуу хүн цагаа зарж мөнгө олдог, харин баян хүн мөнгөө зарж цаг олдог. Сайн мэргэжилтнийг мөнгөөр худалдаад авчихдаг. Хөгжил бол их нүүрс гаргах биш ерөөсөө л төгөлдөршил. Их нүүрс гаргах нь өсөлт болохоос хөгжил биш.
- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img