2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

96 настай теннисчин эмээ

Түүнийг ганцхан “теннисчин” гэх үг тодотгохгүй бөгөөд олны анхаарлыг шинэхэн танил руугаа хандуулахыг тулд энэхүү гарчгийг бичигч би сонгосон билээ. Нэг тийм дулаан бас ёжтой инээмсэглэн ярих түүнийг Должинхүүгийн Цэрэндолгор гэдэг. Өнөө жил 96 настай, Монгол Улсын гавьяат багш. Эмээ ерөөсөө олон өнгөөр солонгорсон гэрэл шиг. Тэр олон өнгөний зөвхөн нэг нь л “теннисчин”. Өнгө бүрийг нь ялгаж бичихийн тулд “бүр эхнээс нь” гэх сонголтыг хийсэн нь надад илүү дээр байв. Түүний түүхийг бүүр эхнээс нь хүргэе.

-Та аль нутгийн хүн бэ. Тухайн үед физик математикийн багшийн мэргэжлээр сурна гэдэг бас л ховор тохиолдох боломж байсан байх. Энэ талаар дурсахгүй юу?

-Би Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Аав, ээж минь малчин хүмүүс байсан. Их малтай. Анх нэгдэл байгуулагдахад нэгдэлд ор гэхээр нь эсэргүүцээд ороогүй болохоор төр засгаас нь хавчиж гадуурхаад зарц нарыг нь нүүлгэсэн юм билээ. Тэр үед нь казахууд ирж туслаад, үхрийг нь сааж өгдөг байж л дээ. Тэгэхэд нь ээж минь “Монголчуудыг дарга нар нь аваад явж байхад казахуудыг дарга нар нь явуулаад туслуулж байна” гэж байсан гэдэг. Ээж минь их шартайчиг бас ухаантай хүн байсан.

Аав, ээжээсээ бид долуулаа. Бид долоог бүгдийг нь гадаад дотоодын их дээд сургуульд явуулж сургасан. Малчин болгохгүй л гэж тэр л дээ. Тэгээд малтай байхаар авч явж буудаад байдаг юм байна гээд ээж минь хамаг малаа казахуудад өгсөн. Нөгөө хүмүүс нь “хэзээ ч хамаагүй ирээд бид нараас идэш авч идээд, зундаа хэдэн ч үхэр хамаагүй авч маллаад сүү саалийг нь авч байгаарай” гэж хэлж байсан. Аав минь удалгүй бурхан болж, ээжтэйгээ Улаанбаатарт ирсэн. Манай 6 хүүхдийг хүртэл хамт өсгөж өгсөн шүү дээ, ээж минь.

Би Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн сургуулийг төгсөөд МУИС-ийн Физик, математикийн багшийн ангид хуваарилагдаж сураад 40 жил багшилсан.

Теннисчин эмээ

-Та хань Лувсан гуайтай хэзээ анх танилцаж, гал голомтоо бадраасан юм бэ?

-Манай өвгөн Булган аймгийн хүн. Аав нь их том лам байсан юм билээ. Их хэлмэгдүүлэлтэд өртөөд ээжтэйгээ үлдсэн ч удалгүй ээж нь бурхан болсон. Ингээд нэг ах нь Улаанбаатарт авч ирээд офицерын сургуульд сурч төгсөөд их сургуульд Малын эмчээр суралцаж байхад нь бид танилцсан. Сургуулиа төгсөөд хамтдаа Буянт суманд очиж, гэр бүл болоод ажилласан. Бид хоёр хүү, дөрвөн охинтой өнөр олуулаа болсон.

Хүүхдүүд минь бүгд гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн. Дор бүрнээ ажил хөдөлмөр хийгээд сайхан л амьдарч байна даа. Том хүү минь “Монос”-ын Хүрэлбаатар, дараагийн охин минь Мэдрэлийн их эмч. Дараагийн охин минь Нэгдүгээр амаржих газар олон жил эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад гавьяат эмч болсон. Бага хүү минь барилгын инженер мэргэжилтэй, халаалтын тоног төхөөрөмжийн компанитай. Дараагийн охин минь “Монгол плора” цэцгийн компанитай. Монголд цэцгээ тарьдаг. Бага охин минь УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг гээд шар охин шүү дээ. Хүүхдүүдийн ажил амжилттай явж, олонд танигдаад ирэхээр хэл ам их дагана. Би тэр бүрийг огт тоодоггүй ээ. Хүүхдүүд минь урдах ажлаа хийгээд, эх орондоо хэрэгтэй үйл бүтээгээд явж байхад хүмүүсийн хэл ам жижиг зүйл гэж боддог доо. Өвгөн бид хоёр ер нь хүүхдүүдээ огт загнаж байгаагүй. Эмээ нь сурган хүмүүжүүлэгч хүн болохоор аль болох ясли, цэцэрлэг, сургууль, их сургуульд нь таслахгүй сургаж, өндөр боловсрол олгохын төлөө л хичээж амьдарсан.

-Хүүхдүүдээ их мундаг хүмүүжүүлж, өсгөжээ. Тэдэнд юуг хамгийн их чухалчилж захиж хэлдэг байсан бэ?

-Хамгийн түрүүнд аль улсын иргэн бэ гэдгээ санаж, хаана ч явсан улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваарай гэж их захидаг байсан. Дараа нь ямар байгууллагад ажиллаж байна. Юу нь муу байна, юу нь сайн байна. Сайн бол сайнаараа л явна. Мууг нь би яаж сайжруулах вэ гэдгийг бодоорой л гэдэг байсан. Хүүхдүүдээ хувиа хичээсэн хүн биш олонтойгоо, юмыг өргөн хүрээнд хардаг хүн болоосой гэж бодоод л захиж хэлж байгаа тэр л дээ. Хүүхдийг загнахгүй хэлж ойлгуулах л чухал байдаг.Теннисчин эмээ-Математик физикийн багшийн мэргэжил эзэмшээд ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ. Таны шавь нар гэж маш олон хүн байдаг байх даа?

-МУИС-д математик физикийн багшаар суралцаад буцаад Буянт сумандаа очсон. Тэндээ 10 жилийн сургуульд 10 гаруй жил багшлаад Улаанбаатар руу шилжиж ирсэн. Улаанбаатар хотын Биокомбинат гэж Унгарын малын эмнэлэгтэй районд өвгөн минь малын эмчээр ирээд ингээд Биокомбинатын 10 жилийн сургуульд 20 жил багшлаад тэтгэвэртээ гарсан. Тэгтэл Энхтайван гэж залуу захирлаар томилогдож ирээд “Та ийм залуугаараа тэтгэвэрт суугаад юу хийх вэ. Ажлаа хий” гэсэн. Ингээд дахиад 20 жил багшилсан. Шавь нарынхаа тоог алдсан эмээ нь. Ардын жүжигчин Зангад миний анхны шавь нарын нэг. Одоо 80 гарсан байх.

-Та энэ олон жил багшаар ажиллахдаа ямар багш л байхсан гэж боддог байсан бэ?

-Багш нар дунд хүүхдүүдийн хайрыг татсан багш байдаг. Тийм багш нарын хичээлд, ажил мэргэжилд хүүхдүүд дурладаг. Хамгийн гол нь тийм багш л байхыг хичээж ирсэн. Сурган хүмүүжүүлэх ухаан гэж агуу зүйл шүү дээ.

-Анх хоёулаа эхэлсэн амьдрал зургаан хүүхдээр нэмэгдээд, одоо бол ач зээ олуулаа болсон байх…

-Тэгэлгүй яах вэ. Одоо бараг хүүхдийн хүүхдүүд гээд бараг 70 гаран болсон. Цагаан сараар гэртээ тэмдэглэж чадахгүй шинийн нэгэнд Чингис зочид буудалд золголтоо хийдэг.

Залуу байхад ч гэсэн хүүхдүүдээ өсгөх, ясли, цэцэрлэг, сургуульд нь явуулах гэж их л хөглөдөг байлаа. Би унадаг дугуй их унадаг байж байгаад мотортой дугуй орж ирэхээр нь тэрийг унаад, сүүлдээ мотоцикл унадаг болсон. Өвгөн бид хоёр нэг нэг мотоциклтэй болсон. Тэгэхэд таван хүүхэдтэй байлаа. Өвгөн урдуураа хоёр, ардаа нэгийг суулгаад би урдаа нэг, ардаа нэгийг суулгаад ясли, цэцэрлэг, сургуульд нь зөөнө. Тэгэхээр өвгөнийг цагдаа зогсоохгүй мөртлөө намайг зогсоогоод “Таныг явуулахгүй. Та чинь эмэгтэй хүн. Энэ олон хүүхдийн амь нас эрствэл яана. Буц буц” гэхээр нь цагдаагүй газраар нуугдаад явдаг байсан. Олон хүүхдийг тэгж л зөөж өсгөсөн дөө.

-Та залуугаасаа л их хөдөлгөөнтэй хүн байжээ…

-Би хөдөлгөөн хүний биед чухал гэдгийг өөрөө ухамсарласан хүн. 40 гаран настай байхдаа хөл өвдөөд эмчид үзүүлсэн чинь “Яс ургасан байна. Хагалгаанд оруулна” гэлээ. Тэгэхэд би хагалгаанд орох нь байтугай тарианаас айдаг байсан болохоор хагалгаанд орохгүй ээ гээд гүрийсэн чинь “Тэгвэл та тэргэнцэр дээр суу” гээд хөдөлгөөн хийхийг хорьсон. Ингээд тэргэнцэр дээр сууж байх үед нэг баян хуур хөгжимтэй сургуулийнхаа зааланд хүүхдүүдэд хөгжим тоглохыг заагаад л бүжиглүүлээд, хүүхдүүдийн дунд ороод хөгжилдөөд сүүлдээ сагс тоглоод, ширээний теннис тоглож байгаад нэг мэдэхнээ яс нь ч алга болоод хагалгаанд ч оролгүй зүгээр болчихсон.

-Таныг Монгол Улсын анхны воллейболын улсын аварга гэж сонсож байсан. Хэрхэн энэ цолонд хүрсэн түүхээ дурсахгүй юу?

-Их сургуульд сурч байхад Ишдорж гээд багш биен тамирын хичээлийн хажуугаар анх волейбол тоглуулдаг байсан. Волейболыг анх л Монголд тоглож байсан үе байхгүй юу. Би үеийнхнээсээ жаахан ахмад байсан болохоор намайг багийн ахлагч болгоод дасгалжуулж байлаа. Тэр үед Яармагт Улсын наадам болдог байсан. Анхны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод Цэрэндолгор ахлагчтай эмэгтэйчүүдийн баг, Сурмаажав ахлагчтай эрэгтэйчүүдийн баг Монголын анхны волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар шалгарч, Спортын мастер болсон.

-Та ширээний теннисийг хэзээнээс тоглож эхэлсэн юм бэ. Ширээний теннисний нэгдүгээр зэрэгтэй гэсэн. Энэ спортоор одоо ч хичээллэж байгаа гэхээр олон жил тогложээ дээ…

-Ширээний теннисийг 1960 аад оноос л тоглож эхэлсэн. Ширээний теннис хараа хөгжүүлдэг юм байна лээ. Одоо бараг хүүхдүүдийнхээ үзэхгүй юмыг эмээ нь хараад өгдөг.

“Оргил” рашаан сувилалд 90 настайдаа амарч байхад теннисний тэмцээн болоод. Манай ширээнийхэн намайг орооч гэхээр нь ичээд орохгүй ээ л гэлээ. Тэгтэл нэг нь очоод нууцаар бүртгүүлчихсэн байдаг байгаа. Тэгээд эрэгтэйчүүдийн ангилалд оролцоод 20 настай хүүтэй үлдээд хожчихсон. Гэтэл нөгөө хүү чинь цаашаа явахдаа “Наад эмээ чинь бөмбөг ширээн дээр унахыг сонсоод л тоглодог юм байна” гээд ярихыг нь сонсоод “Чи яасан муухай хүүхэд вэ. Энэ олон хүн үзэж байхад намайг тэгж хэлээд байхдаа яахав. Тэгвэл дахиад нэг тоглоё” гэсэн чинь зугтаад яваад өгсөн. “Оргил” рашаан сувиллын хүндэт самбар дээр миний зургийг тавьсан байсан.

Тэгсэн чинь дахиад нэг хоёр хөгшин “Энэ “Монос”-ын ээж юм гэнэ лээ. “Монос”-оос л янз бүрийн юм уулгаад байдаг байх” гээд ярьж байсан. Ямар юм аа уух вэ дээ.

Хүмүүс надтай уулзаад 90 гарсан гэдгийг сонсохоороо л яаж 90 гартлаа наслах вэ гэж их асуудаг. Үүний нэг хэсэг нь энэ спортын төрлүүдээр хичээллэх юм шүү.

-“Сурсан бүхнийг хүн авахгүй” гээд ахмад хүмүүс захидаг. Та олон төрлийн авьяастай хүн юм аа…

-Энэ бүхнийг би өөрөө л ганцаараа сураад байсан юм биш бас. Сурсан бүхнээ бусадтай хуваалцаж, шавь нартайгаа хамт сурсан байдаг. Намын төв хороонд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан нэг хүн “Та хөгжим сураад УИХ-ын концертод тоглооч” гэхээр нь шавь нараасаа наймыг сонгож аваад театраас 8 скрийп аваад, орос багшаар заалгасан. Орой хичээл тараад л нөгөө орос багштайгаа бэлтгэлээ хийнэ. Тэгсээр 8 хүүхэдтэйгээ хамт номер гаргаад төрийн концертод оролцож байлаа.

Бас Биокомбинатдаа хатгамлыг их дэлгэрүүлсэн. Хатгамлын дугуйлан хичээллүүлээд олон шавь нартай болоод, шавь нар маань бас шавьтай болсон. Тэгээд бид Майн баяраар Сүхбаатарын талбай дээр хатгамалтай дээлтэй жагсаж байлаа. 1966 онд оёсон даалимбан дээлээ одоо ч өмсөх дуртай. Ямар сайндаа дэлгүүрийн худалдагч “Та энэ хамгийн зарагддаггүй, хямдхан даалимбыг толгой толгойгоор нь авах юм. Юу хийдэг юм бэ” гээд гайхаж байсан. “Юу хийгээд байгаагаа удахгүй чамд үзүүлнэ ээ” гэж хэлээд хатгамал оёж хийсэн дээлээ үзүүлсэн. Орос даалимба нэг метр нь 2 төгрөгийн үнэтэй байсан. Хятад даалимба бол үрчийгээд хэрэггүй. -Таны өмссөн байгаа энэ дээл ч гэсэн их гоё хатгамалтай юм аа…

-Пой даавуу гэж хамгийн хямд, метр нь 1 төгрөг 50 мөнгөний даавуун дээр лууны хатгамал хийсэн. Тэр үед Хятадад л лууг шүтэг байснаас Монголд тэр бүр харагддаггүй байсан. Тэгээд өвгөнтэйгөө Хятадад уригдаад очсон байхдаа лууны зургийг зурган дээрээс харж зурсан. Тэнгэрийн амьтан болохоор ар далан дээрээ нэгийг хатгаад, угжны хүүхэд шиг урд энгэртээ хатгалтай биш гээд урд хормойн дээрээ нэгийг хатгасан. Энэ дээлээ өмсөөд сууж байхаар одоо ч хүмүүс их сонирхдог.

-Танд ийм хатгамалтай дээл өшөө бий юу?

-Хатгамалтай дээл зөндөө байсан. Бүр би чинь үзэсгэлэн худалдаа гаргаж байсан. Дэлхийн алдартай зураг “Гурван баатар”-ын хатгамлыг чинь хүмүүс үнэ хаяад л авдаг байсан.

-Одоо та хатгамал хийж чадах уу?

-Чадалгүй яах вэ.

Биднийг ярилцах зуур телевизээр сүмо гарч байлаа. Эмээ үе үе сүмогийн тэмцээн рүү анхаарлаа хандуулан харж хэсэг сууна. Тэгээд яриагаа үргэлжлүүлнэ. Тэрбээр Монголд анх сүмо гарсан цагаас эхлээд л үзэж, тэмдэглэж эхэлжээ. Энэ талаарх ярианд түүнийг уруу татахад амттай дурсамж хөвөрсөн юм.

-Та сүмог хэзээнээс үзэж эхэлсэн бэ. Бас бичиж тэмдэглэдэг гэсэн. Нэг хэсэг Монгол бөхчүүдээ дэмжихээр нийтээрээ сүмо үздэг байсан ч одоо бараг тан шиг уйгагүй үздэг хүн цөөрсөн дөө…

-Сүмо анх Монголд гарч эхэлсэн цагаас л өвгөнтэйгөө хамт үзээд, тэмдэглэж эхэлсэн. Япон хэл мэдэхгүй болохоор сонсголоороо нэрийг нь таагаад бичээд л тэмдэглэдэг байсан. Олон зузаан дэвтэр дуусгаад байж байсан чинь нэг Японд сурсан шавь минь хүрээд ирлээ. Тэгэхээр нь нөгөө шавьдаа дэвтрүүдээ үзүүлээд сүмочдын нэрийг зөв бичсэн байна уу хараад өг гээд үзүүлсэн чинь “Та ёстой зөв бичсэн байна. Та Японд очиж сүмо үзээч” гэсэн. Тэгээд нөгөө шавь минь Японд очоод миний дэвтрийг үзүүлж, намайг урьсан.

Тэгээд дөрвөн охинтойгоо Японд очиж сүмо үзсэн. Сүмогийн ордонд хүмүүс суучихсан цай ундаа тавьчихсан үзээд сууж байдаг юм байна лээ. Намайг “Монголоос ирсэн, тэгээд ийм өндөр настай, эмэгтэй хүн ингэж бичиж тэмдэглэдэг” гээд их гайхаж байсан. Сүмогийн аваргууд ч намайг их сонирхож байсан. Жинхэнэ сүмогийн фен байна гээд л. Тэгээд бид нарын зардлыг нөхөж өгөөд дараагийн удаа дахин ирж сүмо үзээрэй. Тэр үед нь хамгийн урд талын эгнээнд хүндэт зочдын суудалд суулгаж сүмо үзүүлнэ гэж байсан.

Эмээ нь Европын бүх орноор аялсан. Австрали, Арабын нэгдсэн Эмират Улс, Голланд, Герман, Франц, Англи, Итали, Болгар, Япон, Тайланд, Сингапур, Хятад гээд олон орноор аялсан. Хамгийн их сэтгэлд үлдсэн нь л Япон юм даа. Хүнийг хүндэлнэ гэж гайхамшигтай. Надад их л хүндэтгэлтэй хандаж байсан. Өвгөнтэйгөө анх сүмо үзэж, тэмдэглэж эхэлсэн болохоор “өвгөн минь байсан бол…” гэж их бодсон. Өвгөн бид хоёр тэтгэвэртээ гарснаас хойш Бөхийн өргөөний билетийг жилээр нь авчхаад орой бүр очиж бөх, концерт үздэг байсан. Тэтгэвэрт гараад Улаанбаатар руу нүүж ирээд Бөхийн өргөөнд ч ойр байсан юм дөө.

-Насаараа багшилсан хүмүүс тэтгэвэрт гарахаараа шавь нараа санаад байдаг гэсэн. Та шавь нараа санадаг байсан уу?

-Харин ч тэтгэвэрт гараад завтай болоод байнга л сургууль дээрээ очиж шавь нартайгаа спортын төрлөөр тоглодог байсан. Тэгээд өвгөн бид хоёр чинь тэтгэвэртээ гараад зүгээр суугаагүй. Уйдах завгүй л өдөр өнгөрдөг байсан.

Өвгөн бид хоёр нэг 0.7 га хашаанд жимсний мод тариад, нэг 0.7 га хашаанд хүнсний ногоо тариад нэг 0.7 га хашаанд байшин бариад үхрээ малладаг байсан. Зуны амралт болохоор хүүхдүүдийн хүүхдүүд ирээд амрангаа ажилд туслаад л гүйлддэг байсан. Хүүхдүүд их ажил сурдаг байлаа. Одоо ч бүгд том болсон. “Үхэр нь ихэрлэдэг айл” гээд л тэр үед сонин дээр их гардаг байсан даа. Улаанбаатар хотын “Үлгэр жишээ гэр бүл”-ээр хоёр удаа шалгарч байсан.

-Эмээ танаас хүмүүс яаж өндөр наслах вэ гээд хүмүүс их асуудаг гэсэн. Ярилцлагынхаа төгсгөлд та хүмүүст хандаад өөрийн туршлагаасаа хүмүүст зөвлөхгүй юу?

-Эмээ нь багаасаа л их чихэрт дуртай байсан. Бага байхад казахууд чихэр хайлуулаад маатан гэж юм хийдэг байсан. Тэрийг их идэж өссөн. Одоо ч чихэрт дуртай. Чихэр тархины тэжээл болдог. Бас хонины мах байнга л иддэг, өвөлдөө үхрийн махаа иднэ. Сүүтэй цай бараг уудаггүй, байхуу цай л уудаг. Тэгээд эмээ нь амьдралдаа ер нь уурлаж байгаагүй дээ. Аливаа зүйлд уужуу хандах хэрэгтэй Хүн чамд муухай хандаж л байг. Орхичих. Ер нь тэгээд спортоор хичээллэх л их үр дүнтэй юм байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img