2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Б.МӨНХБААТАР: Өдөрт төрдөг 60 мянган бодлын 80 хувь нь сөрөг, сөрөг бодол таагүй зүүдний шалтгаан болдог

Гандантэгчинлэн хийдийн сургалтын багш, сэтгэл судлаач Б.МӨНХБААТАРЫН "Буддын бясалгал ба зүүд” илтгэлээс тоймлон сонирхуулъя.

Биологийн шинжлэх ухаан талаас нь үзэх юм бол нэг эст зарим амьтнаас эхлээд манай цэнхэр гаригийн хамгийн том амьтан болох халим хүртэлх бүх амьтад сэтгэлтэй болж таардаг. Тэгвэл уламжлалт бурханы шашины онол үзэл, буддизм талаас амьтдыг зургаан зүйлд хувааж авч үздэг. Эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэж бид зөндөө л сонсож байсан. Тэр зургаан зүйлд ямар амьтад орох вэ гэхээр тэнгэр, асур, хүн, бирд, тамын орны гээд бүгдээрээ амьтан болж таардаг.

Амьтан гээд ярихаар зэрэг онцгой шинж чанар нь сэтгэлтэй болж таарч байна. Сэржан буюу сэтгэлтэн амьтан гэж орчуулдаг. Хүн бид өөрсдийгөө Homo sapiens гэж нэрлэдэг. Мөн бид өөрсдийгөө бусад амьтнаас онцгой давуу талтай гэж үздэг. Тэгвэл хүн ба бусад адгуус амьтан гэж авч үзье л дээ. Энэ хоёрт адил төстэй түгээмэл шинж чанарууд гэж байна. Нэгдүгээрт, аль аль нь тухайн агшинд төрж байгаа бодол мэдрэмж, сэтгэл хөдлөл, зөн совингийнхоо нөлөөнд шууд автаж удирдуулж явдаг. Энэ байдлаараа ижилхэн байдаг. Өөрсдийн сэтгэлд төрж буй бодлууддаа шууд удирдуулж автаж явдаг гэсэн үг. Хоёрдугаарт, аль аль нь амар амгалан, аз жаргал, тав тух, аюулгүй байдлыг хүсдэгээрээ ижилхэн.

Бид заримдаа санаатай, санамсаргүй байдлаар амьтныг бяцлах, няцлах үйлдлийг хийж байдаг ч, түүндээ огтхон ч гэмшдэггүй. Яагаад гэвэл энэ амьтан сэтгэлтэй, яг над шиг, бидэн шиг аз жаргал, амар амгалан, аюулгүй байдлыг хүсдэг, үр төлийнхөө төлөө зүтгэж яваа гэдгийг ойлгодоггүй учраас огт гэмшилгүйгээр амийг нь таслаж байдаг. Тэгвэл хүн ба адгуус амьтанд адилгүй шинж чанар гэж бас байна. Хүнийг адгууснаас ялгаж өгдөг онцгой шинж чанарууд гэж бий.

Хүн адгуус амьтнаас сэтгэлд төрж буй бодол мэдрэмж, сэтгэл хөдлөл, зөн совингоо шинжилж, улмаар тэдгээрийг дагах, дагахгүйгээ ухамсартайгаар шийдэх буюу сонголт хийх чадвартайгаараа ялгардаг. Энэ бол эрдэнэт хүний төрөлд байдаг онцгой гайхамшигтай чадвар юм. Тийм учраас буддын сонгодог сургамжид “эрдэнэт хүний төрөл” гэж нэрлэж тайлбарласан байдаг. Уурын, мунхагийн, шуналын бодол төрлөө гэхэд түүнийгээ ажиглах, хортой, хоргүй, саармаг алин болохыг ухамсарлан, шинжилж мэдэх чадвар хүнд л бий.

Бодлоо ухамсарлан, шинжиж мэдсэний дараа цэвэр сонголт хийнэ. Тэр сонголт нь тухайн хүнд аз жаргал, зовлон зүдгүүр, эсвэл саармаг үр үр дагаварыг нөхцөлдүүлж бий болгоно. Ийм учраас “Бодгаль өөрөө өөрийнхөө авралын шалтгаан, бодгаль өөрөө өөрийнхөө зовлонгийн ч шалтгаан. Алийг нь ч үйлдсэн өөрөө өөрийнхөө гэрч нь” гэж Бурхан багш айлдсан байдаг. Товчхондоо бид ухамсарласан, эс ухамсарласан байдлаараа өөрсдийн зовлон, жаргалаа бүтээдэг юм.

Гэтэл бид энэ онцгой чадвараа ашигладаг билүү? Харамсалтай нь үгүй. Огт ашигладаггүй юм байна. Энэ гайхамшигтай онцгой чадвараа ашиглахгүй болохоор бид эргээд адгуусны шинж чанар руугаа орох гээд байна. Сэтгэл хөдлөл, зөн совин, бодол мэдрэмжээ яг дагадаг, нөлөөнд нь шууд ордог, удирдуулдаг. Хүн юу бодож байгаагаа огт ухамсарлан мэддэггүй. Яг энэ агшин, түүний өмнөх агшинд ямар бодол төрсөн бэ гэдгийг бид огт анзаардаггүй.

Өрнөдийн эрдэмтэд судалгаагаар өглөө сэрэхээс орой унтах хүртэл хүнд 60 мянга орчим бодол төрдгийг нотолчихсон. Гэтэл бид ийм олон бодол төрж байгааг ухамсарлан мэддэг бил үү? Өглөө дөнгөж сэрээд юу бодсоноо тухайн үедээ мэдээгүй болохоор өнөө эргэн санах гээд ч чаддаггүй. Яг одоо юу бодсоноо, таван минутын өмнө ямар бодолд автсанаа ч анзаардаггүй. Мэдээж хүн бүр ийм биш. Ном үзэж буй хүмүүс бол багцаална.

Ном гэдэг нь төвдөөр чой, санскритаар дарма хэмээн бууна. Чой гэдэг үг нь хоёр салаа утгатай. Эхнийх нь, бидний мэдэх дээдийн ном буюу гэгээрэлд хүрэх арга зам, мөрийг тодорхойлж, тайлбарлаж өгсөн номыг чой хэмээн нэрлэдэг. Нөгөөтэйгүүр чой гэдэг нь үйл үгэндээ засах гэсэн утгийг илэрхийлдэг. Тэгэхээр ном үзнэ гэдэг бол сэтгэл засах гэсэн утгатай болж гарч ирж байгаа биз. Юугаар засах юм бэ гэвэл Бурхан багшийн айлдсан 84 мянган цогц номоос үзэж сэтгэлийг засна гэсэн үг. Тэгэхээр ном үзсэн хүн бол сэтгэлийг шинжих, ухамсарлах багцаатай байдаг юм.

Харин сэтгэл заслын номыг үзэхгүй болохоор бид яг л хүчтэй голын урсгалд уначихаад амь дүйн хөвж, сэлж яваа хүнээс ялгаагүй байдаг гэж бүтээлч, бясалгаач нар тодорхойлсон байдаг. Хамгийн айхтар нь хүнд өдөрт төрдөг 60 орчим мянган бодлоос 80 орчим хувь нь сөрөг бодлууд байдаг. Сөрөг бодлууд гэхээр буруу, муу, хилэнцийн бодлууд гэсэн үг. Эдгээр сөрөг бодлууд маань хүсээгүй зовлонд нөхцөлдүүлээд эргээд зовлонт орчин нөхцөлийг бий болгож байдаг.

Хүн өөрөө өөрийнхөө зовлонг бий болгож явдаг гэдгийн учир энэ. 60 мянган бодлоос дахиад хувилж үзэхэд 95 орчим хувь нь гялайх, гялтайх зүйлгүй зүгээр л улиг болсон бодлуудын давтамж байдгийг мөн тогтоочихсон. Эрдэнэт хүний төрөлд төрсөн гэх боловч бид өөрсдийнхөө хамгийн эрхэм дотно хүмүүсээ бие махбодь, сэтгэлзүйн дарамтанд автуулж явдаг. Жишээлбэл, амьтад нэгнээ дандаа биесээсээ өмгөөлж, хамгаалж байдаг. Нэгнээ зовоох шинж чанар нь харьцангуй бага байдаг гэсэн үг. Гэтэл хүн стресс депресст орохоор энэ шинж тэмдэгээс эсрэг шинж тэмдэгүүд илэрч байдаг. Энэ нь цаашлаад зүүд рүү ордог.

Зүүдний талаар сонирхолтой зүйлс их байдаг. Хүний сэтгэлийн сэрүүн төлөвийн ухамсарын хөгжил, зүүд хоёр нарийн уялдаа холбоотой. Зүүдэлдэггүй хүн гэж үгүй. Зүүдээ огт санадаггүй хүн гэж харин бий. Бид сэрүүн төлөвтөө асар олон бодлыг боддог мөртлөө огт санадаггүй тухай өмнө ярьсан. Яг үүн шиг хүн асар олон зүүдийг зүүдэлдэг боловч огт санадаггүй. Тодорхой тоймтойг нь л санадаг.

Тэгвэл зүүд хэр удаан үргэлжилдэг юм бэ? Психологи талаас нь тайлбарлахад хүний зүүдэлж байгаа эсэхийг нь нүдний булчингийн хөдөлгөөнөөр тодорхойлдог. Зигмуд Фройдын “Зүүдний тайлал” гэж ном бий. Дөнгөж төрсөн нярай хүүхдийг ажиглаж байхад нүдний аяга нь хөдөлж байсныг тэр анзаарсан. Тэгээд дөнгөж төрсөн нярай хүүхэд юу бодож зүүдэлж байгаа юм бэ гэдэг асуултыг тавьсан. Эцэст нь идеалист психологийн онолоор “магадгүй энэ хүүхдийн сүнс өөр нэг орон зайнаас ирсэн юм биш байгаа даа” гэж үзсэн байдаг.

Өмнө нь бий болгосон датанууд нь сэргээд зүүд болоод зүүдэлж байгаа юм биш байгаа гэдэг саналыг дэвшүүлсэн. АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хамгийн урт хугацаанд зүүдэлсэн хүн Геннисийн номонд бичигдсэн. Энэ хүний нүдний аягны хөдөлгөөн 3 цаг 8 минут үргэлжилсэн байдаг. Зүүдний тухай олон талын судалгаа бий. Зарим судлаач хүн шөнөдөө 4-6 төрлийн зүүдийг дунджаар 20 минут зүүдэлдэг гэж ярьдаг байхад зарим нь нүдний идэвхтэй хөдөлгөөнөөс шалтгаалдаг гэх зэргээр тайлбарладаг. Энэ мэт олон янзын хоорондоо зөрүүтэй судалгаанууд бий.

Гэтэл буддизм талаасаа хүний сэтгэл тасралтгүй үргэлжилдэг. Унтахаас сэрэх хүртэл тухайн хүний сэтгэлзүйн төлөвөөс хамаарч саармаг байдлаар зүүд үргэлжилдэг гэж бясалгаач, бүтээлч нар үздэг. Учир нь өглөө сэрэхээс орой унтах хүртэл хүний сэтгэлд бодлууд асар идэвхтэй төрж, тодорхой хугацаанд үргэлжилж, тэгээд сарниж байдаг. Хүний зүүд 32 мянган кадр үргэлжилдэг гэдэг сонирхолтой судалгаа бий.

Энэ бол багцаатай тоо баримт. Хүн үүнээс зүүдэлснээ л санаад бусдыг нь санадаггүй. Зүүд бол сэрүүн төлөвийн ухамсарын шууд тусгал юм. Толинд харж байгаа хүн уурлах юм бол өөрийнхөө ууртай дүрсийг л харна. Инээх юм бол инээж байгаа тайван төлөвийг харна. Энэ логикоор юу хэлэх гээд байна вэ гэвэл зүүд өөрөө сэрүүн төлөвийн ухамсарын шууд тусгал болохоос онцгой нэг антен ажиллаад өөр нэг газраас хүлээж авдаг зүйл огт биш.

Гэтэл заримдаа хүмүүс могой зүүдэлдэг. Заримдаа талийгчдыг амьд сэрүүн байна гэж зүүдэлдэг. Заримдаа өөрийгөө тэмээ унаад зүүн урагш зүг чиглээд явж байна гэж зүүдэлдэг. Догматик үзлүүдийг бид амьдралынхаа туршид сонсоод ирчихсэн учраас түүнээсээ болоод зүүдний үзэгдлээсээ сэжиглэдэг. Зүүн урд зүг тэмээ унаад шогшуулахаар үхнэ гэж үздэг. Энэ мэтчилэн зүүдний зөвхөн нэг хэсгийг санаад түүндээ ач холбогдол өгөөд ирэхээр догматик хандлагаар хардаг. Тэгээд зарим нь өндөр уулан дээр гарч хийморио сэргээе гэдэг.

Болох гээд байгаа муу зүйлээс өөрийгөө хамгаалах гээд байна шүү дээ. Зарим нь бөө, үзмэрч дээр очдог. Янз бүрийн засал хийдэг. Гэтэл хамгийн сонирхолтой нь “энийг алчих юмсан “ гэдэг хамгийн аюултай бодлоосоо хүн салж чаддаггүй. Ингэхээр яг үнэндээ бидний айх зүүдний үзэгдэл биш юм аа, түүний уг эс үүсвэр болох хяналтгүй, замбараагүй бодлууд юм.

Зүүдний үзэгдэлд өндөр ач холбогдол өгөх тухайд болоод түүнээс урган гарах уршиг, үр дагаварын тухайд Бурхан тахил зүүдлэх юм бол өөрийгөө онцгой гэж боддог. Муухай зүүд зүүдлэх юм бол түүнээсээ тавгүйцэж, айж, сэжиглэдэг. Ер бусын зүүд зүүдлэхээр түүнийгээ тайлж, унших гэдэг. Хүн өөрийгөө ер бусын гэж бодож надад ер бусын онцгой дохио гаднаас ирж байна гэж бодож тайлж уншдаг. Зовлонтой зүүдээ арга, засал хайж засах гэж оролддог.

Хүний сэрүүн төлвийн ухамсар зүүдний тухайд сэрүүн төлөвийн ухамсарыг замбараатай болгож, хянаж сурахгүйгээр муухай зүүд зүүдлэхгүй байх ямар ч бололцоо байхгүй. Зүүдэнд орж байгаа үзэгдэлд өндөр ач холбогдол өгөөд, зүүдээ ариусгаад цэвэрлэнэ гэдэг зүйл ямар ч нөхцөлд байхгүй. Сэрүүн төлөвийн ухамсар өөрөө замбараагүй, хяналтгүй байх юм бол зүүд яг ижилхэн л байна. Бодит үзэгдлийн шууд тусгал болох зүүдээ аятайхан болгохыг хүсэж байгаа бол сэрүүн төлөвийн ухамсараа шинжиж, хянаж байх хэрэгтэй.

Хүн амьдралынхаа туршид бусдыг л уншиж байдаг. Харин өөрийн хэт олон бодол, мэдрэмждээ огт анхаардаггүй. Учир нь бид гадаад үзэгдэл рүүгээ анхаарал хандуулчихаад дотогшоо анхаарлаа хандуулах завгүй явдаг. Тэгэхээр яах ёстой гэвэл өөрийгөө унших, өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийх хэрэгтэй гэсэн үг.

Өөрийн сэтгэл рүүгээ өнгийгөөд юу бодсоноо, хэрхэн сэтгэл хөдлөлд автаж байгаагаа ухамсарлаж мэдэхийг хичээх хэрэгтэй. Ямар сонголт хийж байгаагаа ухамсарлан мэдэх ажлыг хийх хэрэгтэй. Түүгээр зогсохгүй тэдгээрийг бодол мэдрэмж сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй. Нэгэн суутан “Өөрийгөө таньж мэдэх нь бүх мэргэн ухааны эхлэл” гэж хэлсэн байдаг.

Өнөөгийн нийгэмд буддын бясалгалын хэрэгцээ бий гэдгийн цаана ийм учир бий. Буддын сурвалжуудаар хичээллэх юм бол бодол, сэтгэлээ удирдах бүрэн бололцоотой. Бясалгал гэхээр өнөөдөр хаа сайгүй, маш олон урсгал бий болсон. Цаг хугацааны явцад нотлогдсон нь байхад, цаг хугацааны явцад шинэ тутам үүсэж, нотлогдоогүй нь ч бий. Бясалгал судалдаг туршлагатай хүмүүс буддын бясалгалыг сонгоод хичээллэхэд алдаа унал бага болохыг онцгойлон хэлдэг.

Учир буддын бясалгал хүнийг төөрөгдүлэхгүйгээр маш тодорхой газрын зураг шиг зааж байдаг. Тиймээс буддын сонгодог сурвалжаар хичээллэсэнээр бүх зүйл тодорхой, очих хүрэх газрыг маш тодорхой зааж өгдөгөөр онцлогтой. Бүх зүйл тодорхой хөтөлбөрөөр аялахад бидэнд амархан байдагтай адил юм. Өнөө цагт буддын бясалгал өндөр хөгжилтэй орнуудад маш хүчтэй дэлгэрч байна. Тархи судлал, сэтгэлзүйчид ч буддын бясалгалыг маш ихээр сонирхон, судалж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img