2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

Өндөр гэгээний соёмбо үсгээ зохиосон Төвхөний тухай 8 баримт

Орхоны хөндийн уул, хадтай үзэсгэлэнтэй байгальд Төвхөн хийд бий. Зорьж очсон хүмүүс нэг бол мориор, эсвэл явганаар ой мод бүхий уул өөд мацан байж уг хийдэд хөл хүрдэг. Хүн зоны хөдөлгөөнөөс хол, ой хөвч бүхий уулын оройд орших энэ хийдийг байгуулсан хүн нь Өндөр гэгээн Занабазар. Өндөр гэгээн байгуулсан хийддээ бясалгаж, номын үйл бүтээж суусан түүхтэй. Занабазар энэ хийдэд бясалгаж ахуйдаа соёмбо үсгийг зохиосон хэмээдэг. Уг хийдийн талаар онцлох 8 баримтыг хүргэе.

  1. Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойш 40 км зайд Орхоны хөндийд оршино. 1648 онд анхдугаар Жавзандамба хутагт өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц хадтай бяцхан дэвсгийн онцгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулжээ. Түүнийгээ “Дубхан” буюу бүтээх байр хэмээн нэрлэсэн нь сунжирсаар “Төвхөн” гэгдэх болсон түүхтэй. Занабазар Төвхөн хийдэд сууж ахуйдаа соёмбо үсгийг зохиосон хэмээдэг. Уг хийд Халх-Ойрадын самуунд өртөж, 1688 онд сүйтгэгджээ. Улмаар 1773 оноос хурал номын ажлыг нь сэргээж тогтмолжуулсан юм. Гэвч 1939 онд хэлмэгдүүлэлтийн үеэр хурал ном нь тасалджээ. Төвхөн хийдийг 1992 онд улсын хамгаалалтад авч, сүмийн үйл ажиллагааг сэргээсэн түүхтэй.

tuvhun

  1. Тус хийд Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ.
  2. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ.
  3. Хийдийн дэргэд хоёр худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэнэ. Энэ хоёр худгаас анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа авч байжээ. Баруун хойд талын хаданд Өндөр гэгээний ажлын, түүний зүүн талд номын сангийн агуй нь байдаг аж. Түүний баруун хойд хадан дээр Өндөр гэгээний монгол гутлын мөр (38 сантиметр), гарын алганы мөр үлдсэн хэмээдэг.
  4. Халх Ойрадын дайн самуунаас хойш тус хийд бараг эзгүйрэн орхигдож байгаад 1773 оноос хурал номын ажлыг тогтмол болгон сэргээжээ. Хожим Эрдэнэзуугийн цорж лам Балганшадбидоржоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ болох Уянгын хүрээний лам нар ээлжлэн ирж хурал хурдаг байжээ.
  5. Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий. Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэнэ. Түүний баруун гар талд “Өлгий” хэмээх босоо хүн зогсоогоороо таардаг ухмал хад бий. Дээш авиран гарахад нэг овоо байх бөгөөд эрэгтэй хүн тэр овоог эргэнэ. Эмэгтэй хүн зүүн талын овоог нь эргэн тойрдог ёстой ажээ. Түүнээс гадна хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морины нь уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг дурсгалууд байдаг. 1967 онд хийдийн барилгад судалгаа, хэмжилт, зураглал хийж, өмнө талын нурсан чулууг засаж цэгцлэн явган хүн явах хуучин гарцыг сэргээжээ.

tuvhun

  1. Төвхөн хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм.
  2. 1937 онд хийд хаагдахын өмнө энд 7-8 гэлэн лам үлдэж байнга суудаг байжээ. Дүйчэн өдрүүдээр ойр хавийн хурал ном хүрээ хийдийн газруудаас дугандаа багтахгүй болтол лам нар цугладаг байж.
- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img