2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

“Хэвлэл мэдээллээр ярьдаггүй сүүний хар үнэн” номд өгүүлсэн 8 баримт

Японы зохиогч Шунсуке Фунасе “Хэвлэл мэдээллээр ярьдаггүй сүүний хар үнэн” гэсэн ном бичсэн аж. “Шилдэг ном” хаягтай youtuber уг номын агуулгыг монгол хэлнээ орчуулан тайлбарласан нь олон хүнд хүрчээ. Уг номонд багтсан сүүний тухай ярьж мэдээлдэггүй найман баримтыг хүргэе.

  • Тугал өдөрт нэг кг-аар өсч богино хугацаанд том болж байдаг. Энэ утгаараа үхрийн сүү асар өндөр шим тэжээлтэй. Богино хугацаанд өсгөж том болгох шим тэмжээлийг агуулсан гэсэн үг. Гэтэл хүний өсөлт зургаа дахин удаан явцтай учраас хүүхэд үхрийн сүүн дэх тийм өндөр шим тэжээлийг шингээж авах чадваргүй. Тэр утгаараа элдэв сөрөг нөлөө үүсдэг.
  • Дайны дараа 1946 онд доктор Benjamin McLane Spock-ийн “Балчир болон өсвөр насны хүүхдийг асрах нийтлэг ойлголт” (The common sense book of baby and child care) ном гарчээ. 42 хэлнээ орчуулагдаж, 50 сая хувь борлогдсон буюу орчуулагдсан хэл, хүрсэн хувиараа Библийн дараа жагсдаг гэгддэг энэ номонд сүүний тухай “Үнээний сүүг боловсруулж гаргаж ирсэн хүүхдийн сүү маш хэрэгтэй бүтээгдэхүүн” хэмээн бичиж байв. Гэхдээ бүр хожим 1998 онд долоо дахь хэвлэл нь гарах үед номондоо “Сүү сүүн бүтээгдэхүүн, мах хүүхдийн эрүүл мэндэд тийм хэрэгтэй эд биш байжээ. Тийм учраас ихээр хэрэглэх хэрэггүй. Сүүний наад захын сөрөг нөлөө гэхэд л харшил үүсгэдэг” гэсэн засвар оруулсан юм. Номынхоо эхний хэвлэлүүдэд сүү хүүхдэд сайн гэсэн буруу ташаа мэдээлэл оруулсандаа уучлал гуйсан тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд сүү, махны төрлийн зүйл идэлгүй ногоогоор хооллож байж. 1903 онд төрсөн Бенжамин 95 насалсан билээ.
  • Сүү яагаад харшил үзүүлдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Сүүний лактозыг задлах ферментгүй хүн байна. Лактоз гэдэг нь сүүний чихэр. Сүүн дотор сүүн чихэр гэж бий. Лактоз задлах ферментгүй хүмүүс сүү уувал ходоод гэдэс нь өвддөг, гүйлгэдэг, элдэв харшлын шинж тэмдэг илэрдэг. Хоёр дахь хэсэгт сүүний уургийн харшилтай хүмүүс багтана. Ийм хүмүүс сүү уувал нус гоожих, биен дээр нь тууралт үүсэх гэх мэт шинж илэрнэ. Уг номыг танилцуулсан youtuber “Монголд хийсэн нэг судалгаагаар монголчуудын 66 хувь нь сүүн чихрийг шингээж чадахгүй, лактозыг үл тэвчих эмгэгтэй гэсэн үр дүн гарсан юм билээ. Монголд очиж судалгаа хийсэн Харвардын их сургуулийн профессор Кристина нэгэн ярилцлагадаа монголчуудын 95 хувь нь сүүн чихрийг шингээж чадахгүй, лактозыг үл тэвчих эмгэгтэй хэмээн ярьсныг уншсан. Ази, Африк, Латин Америкийн уугуулууд лактозыг үл тэвчих эмгэгтэйд тооцогддог бол европчуудын дийлэнхид ийм эмгэг үгүй хэмээдэг. Шалтгаан нь уламжлал дадал гэхээс илүүтэй хүний төрөлтэй холбоотой шиг байгаа юм. Энэ тухай яривал олон зүйл тайлбарлах шаардлага гарах учраас ингэсгээд зогсъё” гэсэн тайлбар хэлсэн нь анхаарал татав.
  • сүүСүүг хоёр дахин их уувал хорт хавдрын эрсдэл ес дахин нэмэгддэг. Сүүнд казейн гэж уураг бий. Америкийн Корнелийн их сургуулийн Хоол тэжээлийн тэнхимийн профессор Колин Кэмпбелл энэ талаар судалсан нь бий. Хулганад арван хувийн казейнтай хоолыг хоёр дахин ихэсгээд өгтөл хорт хавдар тусах эрсдэл нь ес дахин нэмэгдсэн бол арван хувийн казейнийг дөрөв дахин ихэсгэж 40 хувийн казейнтай болгоод өгтөл хорт хавдар тусах эрсдэл 25 дахин ихэсчээ.
  • Амьтны гаралтай уураг хорт хавдрыг нэмэгдүүлэх бол ургамлын гаралтай уургийн хувьд сөрөг нөлөө нь бага. Хорт хавдрын эрсдэлгүй аж төрье гэвэл таван зүйлийг хэтрүүлж болохгүй. Хэт их уураг, хэт их калори, хэт их өөх тос, хэт их боловсруулсан бүтээгдэхүүн, хэт их чихрийн хэрэглээнээс татгалзах хэрэгтэй.
  • Сүүнд маш их хэмжээний гормон агуулагддаг. Бүр тодруулж хэлбэл богино хугацаанд өсгөж том болгох даавар агуулж байдаг. Сүүг хэтрүүлж хэрэглэвэл эрэгтэй, эмэгтэй системд гажиг үүсч, эсүүд эвдрэх эрсдэл үүсдэг. Хорт хавдрын эрсдэлтэй гэдгийн цаана ийм шалтгаан бий.
  • Бяслаг их иддэг улс оронд төмсөгний хорт хавдрын эрсдэл 23 дахин их байна. Их хэрэглэдэг улсуудад Финланд, Швед гэх мэт Хойд Европын улс багтана. Бяслаг бага хэрэглэдэг улс болох Япон, Хонгконгийг судлаад үзэхээр төмсөгний хорт хавдрын эрсдэл маш бага байна. Сүүнд их хэмжээний гормон агуулагдахаас гадна фермерүүд сүү их гаргахын тулд элдэв гормон хэрэглэдэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
  • Сүүг уух тусам яс хугарч, судас бөглөрдөг. Норвеги улс сүү ихээр уудаг улс. Яс сийрэгжих өвчин туссан хүмүүсийг нь Японтой харьцуулбал тав дахин олон гэсэн статистик гардаг. Сүүнд агуулагдах өөх тосны хаягдал судасны бөглөрөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс харшил өгдөг, өгдөггүй ямар ч хүн сүүг их хэмжээгээр уухгүй байх хэрэгтэй.

Японы зохиогч Шунсуке Фунасегийн “Хэвлэл мэдээллээр ярьдаггүй сүүний хар үнэн” гэсэн номыг монгол хэлнээ тайлбарлан хүргэсэн youtuber “Сүүг их хэмжээгээр хэрэглэвэл ийм хортой нөлөөтэй гэдгийг онцгой анхаараарай. Тэр дундаа фермийн мал аж ахуйн, боловсруулсан сүү сүүн бүтээгдэхүүн дээр эдгээр асуудал хурцаар яригддагийг ойлгох хэрэгтэй. Манай Монголын хувьд өөр. Бэлчээрийн мал аж ахуйн сүү, сүүн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд тохируулж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай байх нь ойлгомжтой” хэмээн тодотгож тайлбарласан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img