2024-05-03, Баасан
15 C
Ulaanbaatar

Сонгууль наашлах уу?

Жижиг дэлгүүрүүд бүр цайчихжээ. НӨАТ-ын баримт өгөхөөс цааргалдаг болж. Метро моллын хүүхдийн дэлгүүрээс футболк авсан. Баримтны дугаарын тал нь алга. “Бүртгүүлэх боломжгүй юм байна” гэсэн чинь “Эгч ээ, ахиад тал гарах гээд байна аа, дугаараа өгчих, илгээе” л гэж байна. Гэрийн хажуугийн гэр ахуйн дэлгүүр 200 төгрөг хасаад, “Баримт өгөхгүй шүү” гэж мэдэгдэнэ. Ажлын ойролцоох хоолны газраас баримт нэхэхэд бүүр өнгөрсөн зургадугаар сарын үзүүр нь шарласан баримт атгуулчихаж. Гутлын дэлгүүр  “Баримт авахгүй гэвэл лангууны үнээсээ 20 мянган төгрөг буулгана” гэхээр нь зөвшөөрчихлөө.

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй  юмсан даа. Иргэд татварын байцаагчийн үүрэг гүйцэтгэх цаг ирлээ гэж омогших ч өнгөрөв бололтой. Нэг алхаад л таарах энэ мэт учралууд намайг мохоожээ. Хулгайч, худалч эрх мэдэлтэнүүдийн тухай мэдээ өдөр бүр цацагдсаар төрийн төмөр нүүр ч элэгдэв бололтой. Татварын газар руу НӨАТ-ын баримт өгөөгүй гэж  мэдээлдэг хүн байна уу даа.

Улс төрчдийн буруу манлайлал манай нийгмийг хааш нь урвуулсныг хараач. Зурагтаар нэг эмээ ярьж байна. “Худалч хулгайч нар нь хэдэн тэрбумаар нь идэж уугаад байхад хүүхдүүдээсээ хэдэн төгрөг харамлаж болохгүй” л гэнэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд сошиалаар үглэж дуулж, хэдэн өдөр энэ сэдвээр  улсаараа амьсгалсан. Салгах боломжтой бүрийг авахаар иргэд улайрна. Сонгууль өнгөртөл манайхан барьцаа сулруулахгүй нь тодорхой.

Монгол банкны ерөнхий  эдийн засагч, судлаач Д.Ган-Очир “бензин” тасалдах эрсдлийн тухай сануулсан нь учиртай байж.

“Улс төрийн эдийн засгийн үүднээс эдийн засгийн дотоод нөөц чадавхи буюу “бензин” нь 2024 оны эхний хагаст хүрч чадах эсэхээс их зүйл шалтгаална”

гэж тэр саяхан нүүр номдоо “төлөг буулгасан” байна лээ.

“Хүрч чадахааргүй бол наана нь сонгууль хийх хувилбар руу орж, цаашлаад эдийн засгийн бодлогын хувьд “Б” төлөвлөгөөг бодох, харин хүрч чадахаар бол сонгуулийг хуваарийн дагуу явуулах сонголт руу л орно” гэсэн л дээ.

Саяхан залуус “Хулгайчийг нэрлэ” хэмээн жагсахад УИХ-ыг тарааж, сонгууль хийх хувилбар яригдаад байсан нь учиртай байж.

Дээдэс маань гэнэт ёс зүйтэй болж, хариуцлага үүрэхээр уралдах нь цаанаа учиртайг манайхан гадарсан л байлгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвлийн хүйтэнд нялх биетэй эхийг таавчиктай гаргаснаас болж уухайн тас огцорсон доо. Хаалгаар гарсан ч  тооноор ороод ирсэн л дээ. Одоо ч бас  “Хулгайчаа зарла” гэж шаардахаар  цаадуул чинь УИХ-аараа огцоръё гээд давхиж магадгүй шүү. Нэг их ичих булчирхайтайдаа ч биш зүгээр л сонгууль өнгөртөл  иргэдийн амыг таглах мөнгө хомс болсонд хамаг учир нь байж.

Товчхондоо сонгууль наашлах эсэхийг эрх баригчдын  хэтэвчний хэмжээ л мэдэх нь.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img