2024-05-17, Баасан
12 C
Ulaanbaatar

С.Баярцогт: Сонгуулийн хууль одоогийнхоор батлагдвал 2024 он хүртэл маш олон хүн шоронд орно

Ардчилсан намын дэргэдэх Бодлого Стратеги судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж буй өглөөний уулзалтад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт байр сууриа илэрхийлсэн юм. Түүний байр сууриас онцлох эшлэлүүдийг нь тоймлон хүргэе.

Улстөрчдийн эх оронч сэтгэлгээ даамжирвал улсаа хорлодог

Парламентын засаглалаа бэхжүүлэхийн тулд Ерөнхийлөгчөө парламентаас сонгоод Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүд байх суурь зарчмыг дандаа манай намаас гаргаж тавьдаг. Тэр бүрд МАН үргэлж эсэргүүцсээр ирсэн. Яг одоо оруулж буй өөрчлөлт нь манай философи дээр суурилсан, гэхдээ МАН-ыг Хятадын Коммунист нам шиг, эсвэл ОХУ-ын Нэгдсэн Орос нам шиг платформтой болгож бэхжүүлэхээр харагдаад байгаа юм. Одоо бидний хувьд анхааралтай байх цаг ирсэн. Философидоо үнэнч байгаад өргөжөөд явах уу, эсвэл хорь гучин жилийн өмнө тав хуваагдсан шиг задрах уу гэдгээ сонгох цаг ирчихсэн. Пропорционалийн хувь өндөр хэмжээгээр ороод босго доогуур тогтвол АН-ын задрал ахиад үргэлжилнэ. Ийм зүйл харагдаж байгаа учраас АН бодлогын хувьд маш олон зүйлийг ярьж, ойлголцох хэрэгтэй. АН сүүлийн хоёр жил гаруй хоёр талцаад явчихлаа. Хувь хүн рүү нь хандмааргүй байгаа юм. Биеэ даасан бодлого явуулж чадаж яваа эсэх л гол асуудал. Хүмүүст таалагдахын тулд пи ар хийгээд яваа нь, эх оронч сэтгэлгээ бий болж буй нь бодлого, үнэт зүйл байхгүйгийн л тод илрэл. Үнэт зүйл, бодлогогүй яваагийн хамгийн эцсийн илрэл нь эх оронч сэтгэлгээ. Эх оронч сэтгэлгээгээр энэ хэвээр явбал улсаа хорлодог.

Сонгуулийн хууль дээр АН-ын гишүүд МАН-ын тоглоомын дүрмээр яваад байна

Сонгуулийн хуультай холбогдуулаад хэлэхэд манайхаас хуулийн төсөл өргөн барьсан гишүүд өөрсдөө төөрөлдчихөөд байна л даа. Шуудхан хэлэхэд МАН-ын тоглоомын дүрмээр яваад байна. Пропорциональ систем нь дотроо нэрсийн жагсаалт нь хаалттай, нээлттэй гэсэн хоёр хэлбэртэй. 1990 оныхыг бид нээлттэйгээр туршчихсан. Хүний нэр байхгүй, зөвхөн намуудад өгсөн саналын дарааллаар бүр дараа нь нэрээ зоодог нээлттэй систем. Ардчилсан хүчин тухайн үед 19 суудалтай хэрнээ нийт саналын 39 хувийг авч байсан. МАХН нийт саналын 61 хувийг авч, 31 суудал авч байсан түүхтэй. 2012 онд хаалттайгийн хаалттай гэдэг зарчмыг барьсан. Өнөөдөр өргөн барьсан төслийг харахаар МАН, АН ялгаагүй хаалттайгийн нээлттэй хувилбарыг яриад байгаа. Хаалттайгийн нээлттэй хувилбарын цаана нэг зүйл бий. Намд нь санал өгөхөөс гадна дотор буй хувь хүнд санал өгөөд, хувь хүний авсан саналын дагуу нэрсийн жагсаалт хөдөлнө гэж байгаа. Хувь хүний зүгээс харахад шударга юм шиг харагдаж байгаа ч нийт бодлогын хүрээнд их өөр зүйл ажиглагдаж байна. Хаана популизм өндөр байна тэр газар ялалт авах магадлал их. Өөрөөр хэлбэл МАН-д ашигтай гэсэн үг. Учир нь манай намд намынхаа рейтингээс хэд дахин өндөр рейтингтэй лидерт огт байхгүй.

Ард түмэн гоё тоо, ирээдүйн үлгэрээс илүү цусанд дуртай байдаг

Сонгуулийн түүхэнд 2004 онд Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа намынхаа рейтингээс хоёр дахин өндөр рейтингтэй сонгуульд орж байсан. 2020 онд У.Хүрэлсүх намын дарга байхдаа намынхаа рейтингээс хоёр дахин рейтингтэй сонгуульд орж байсан учраас томсгосон мажоритар дээр савах савалтыг бий болгосон. Тэгэхээр яг одоо хаалттай дотор 28, 38,76-г ч бай жагсаачихаад нам дотор гээд харъя. Нэг популистийн нэр маш ихээр зурагдахад хоёр реакци явагдах юм. Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдвал сонгуулиас өмнө маш олон хүн шоронд орно. Тэгж байж одоо байгаа Ерөнхий сайдын рейтинг өндөр болдог. Ард түмэн гоё тоо, ирээдүйн үлгэрт гэхээс илүү цусанд дуртай байдаг. Хүний хамраас цус гарлаа гэхэд шударга ёс тогтлоо гэж үздэг. Ийм платформ дээр явж буй сурталчилгаа маш удаан үргэлжлэх учраас Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх мэтээр явсаар байгаад сонгуульд орно гэсэн үг.

Тэгэхээр бид сонгуульд аль нэг намыг ялуулна гэдэг нэрийн доор улс орныхоо нийт системийг эрүүл биш, айдас хүйдэст автагдсан диктатуртай улс болгох эрсдлийг нээж өгч байгаа юм. Манай УИХ-ын гишүүдийн Сонгуулийн хуулиа тайлбарлаж яриад байгааг анзаарахаар үүний талаар ямар ч ойлголт алга. Зөвхөн өөрсдийнхөө сонгогдох магадлалыг тооцсон зүйл л яриад байна. Сонгуулийн систем аль нам руу яаж ханарах вэ, ямар үр дүн авчрах вэ гэдгийг урьдчилсан байдлаар тооцож үзэх бололцоотой. Ерэн оноос хойшх сонгуулиудыг харахаар бид дэлхий дээр байдаг сонгуулийн бүх системийг тодорхой хэмжээнд туршаад үзчихсэн. АН-ын хувьд цэвэр нам дээр нь зураад хаалттайгаар явбал ялах магадлал маш өндөр. Учир нь нийт хүн амын дунд АН-ын хэн нэг лидерт итгэл өгөхөөс илүү аврагч хайгаад яваа хандлага тод анзаарагдаж байна. МАН засагласан найман жилийн дараа ард түмэн энерцээрээ хоёр зүйлд их гутарч байгаа. Хүлээлтийг нь хангаж чадсангүй. Маш олон хүн хоёр удаа дарааллаад МАН-ыг дэмжсэндээ өөрсдийгөө буруутгаад эхэлчихсэн. Ил хэлж чадахгүй ч “нүглээ наманчилна” гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа хэсэг бий. Ахмадуудын дунд “Балансгүй байлгаад байвал диктатуртай байх юм байна” гэсэн ойлголт хүчтэй байна. МАН-ын хөгшчүүл өөрсдөө үүнийг ойлгочихсон байна. Тийм учраас АН дажгүй байвал сонгуульд ялах боломжтой.

Тавантолгойн төмөр зам хэзээ ч зах зээлтэйгээ холбогдохгүй

Харамсалтай нь бид үнэнийг нь хэлж чадахгүй байна. Өргөн царигийг хэн болгосон юм бэ? Хэлж чадахгүй л яваа. Хамаарал нь өндөр байгаа учраас тэр. Одоо баригдсан төмөр зам хэзээ ч цаад зах зээлтэйгээ холбогдохгүй. Цаад талдаа нарийн царигтай, өндрийн зөрөөтэй. Гэтэл тэнд зарсан мөнгө нь нарийн царигийн өчнөөн км төмөр зам барих хэмжээний хөрөнгөөр хэмжигдэж яваа.Тавдугаар цахилгааны станц барих асуудлыг монголчууд өөрсдөө нураадаг. Эг, Шүрэнгийн голын усан цахилгаан станцууд байна. Хөвсгөл нуураас Сэлэнгэ мөрөн манайхаас гарч явах хооронд 37 том хэмжээний усан цахилгаан станц барьж болно гэсэн ТЭЗҮ-ийг оросууд өөрсдөө хийсэн. Хамгийн томыг нь Эгийн гол дээр, хоёр дахь нь Шүрэн дээр хийсэн байдаг. Энэ хоёрын зөвхөн нэг нь л баригдахад Монголын эрчим хүчний бүх системийн тохируулга хийгдэх бүрэн бололцоотой. Тэгвэл тусгаар тогтносон цахилгааны эрчим хүчиний системтэй болох юм. Гэтэл өнөөдөр манай баруун таван аймаг тусгаарлах системтэй. Уг нь төвийнхөө эрчим хүчний системд холбож боломж бий.

Улстөрч эмэгтэйчүүд нэгдээд платформтой болчихвол мөнгө босгож өгөхөд бэлэн байна

Эмэгтэйчүүдэд мөнгө босгоход маш амархан. Улстөрд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш байгаа нь хоёр шалтгаантай. Эхний шалтгаан нь бидний сэтгэлгээ. Учир нь бид эцгийн эрхэт овгийн системтэй. Тэр утгаараа эмэгтэй хүн дээшээ гарахад угаасаа дургүй. Гэсэн хэр нь гэрт эмэгтэй хүний үүрэг ямар байдаг билээ. Бодит байдал дээр эмэгтэй хүний контролд байгаа хэрнээ ил гаргахдаа их дургүй. Энэ сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Хоёрдугаарт эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй. Атаархлаас болдог уу, эсвэл өөр шалтгаан бий юу, тэрийг нь ойлгохгүй байгаа. Тус тусдаа ажиллахаараа эмэгтэйчүүд амжилт гаргадаг. Нийлээд нэгдэхээрээ маш их хэмжээний талцлыг улстөрийн суурьгүйгээр зөвхөн танил тал, аймаг нутаг гэх мэтээр өөр зуураа үүсгэдэг. Үүнээсээ болж эрэгтэй улстөрчдийн тоглоом болдог. Эрэгтэй улстөрчдийн бүлэглэлийн хүн болоод харагдчихдаг. Эмэгтэйчүүд өөрсдөө нэгдээд платформоо яг таг болгочихвол бүсгүйчүүдийн оролцоо хүссэн хүсээгүй нэмэгдэнэ. Хэрвээ тэгж чадвал миний хувьд улстөрд зарцуулах мөнгийг нь босгож өгч чадна. Тийм хэмжээнд пи ар хийж өгөх асуудалгүй. Нэг удаа амжилттайгаар мөнгө босгочиход цаашид эмэгтэй хүн дээр мөнгө босдог систем үүсчихдэг. Өнөөдрийн тухайд улстөрийн намууд эмэгтэйчүүдийн квотыг 30 гээд эхэлчихсэн. Энэ хувь өгссөөр 50 хувь болно. Ингэвэл шийдвэр гаргалтад эмэгтэй шийдвэр гаргагчийн оролцоо өндөр болчих юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img