2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Х.БАДАРЧ: Миний хань олны мэддэг 400 гаруй дууны шүлэг бичсэн хүн дээ

 -Би “Итгэж болно” гэчихээд үнэн голоосоо баярлаж байгааг нь хараад айх шиг болсон-

Саяхан дуучин Бадраагийн Бадрууган агсны дууг сонсоод сууж байхад тэртээ 2008 онд ээжтэй хөөрөлдөж байсан минь санаанд орж хуучирсан сонины хайчилбаруудаа сөхөж харсан билээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, ардын урлаг судлаач, яруу найрагч, орчуулагч Жамцын Бадраа гэхээр “Халуун элгэн нутаг”, “Гайхмаар аа”, “Соньхон чимэг”, “Аргалд явсан ээжий” гэх мэт сэтгэл зүрхэнд шингэсэн олон сайхан дуугаар нь Монголын ард түмэн андахгүй. Энэ их хүмүүний насны ханьтай хөөрөлдөхөөр Улаанбаатар хотын 50 мянгат дахь гэрт нь очиж байв.
Гурван өрөө байр нь тэр чигээрээ номын сан байсан агаад “Тэн хагасыг нь Радио телевизийн дээд сургуульд хандивлаад байхад энэ шүү дээ” гэж гэрийн эзэгтэй инээмсэглэн өгүүлж байсан нь санаанд тодхон байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул Хандбалын Бадарч эгч тэр үед 75 настай хүн байсан. МУИС-ийн Хүн эмнэлгийн ангийг 1958 онд төгссөнөөсөө хойш тэр тавь гаруй жил эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан гэж байсан сан.
Жамцын Бадраа 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын төв Жалханзын хүрээнд төрсөн, 1950 онд Монгол улсын их сургуулийг хэл бичиг, утга зохиолын мэргэжлээр төгсгөсөн, 1958 онд Энэтхэгийн Дели хот дахь Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэлний чиглэлээр суралцсан нэрт соён гэгээрүүлэгч хүн байсан юм.
Их түвдэч эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багшийн  “Итгэл” хэмээх өгүүлэлд (Ж.Бадраагийн гэргий, хүний их эмч Х.Бадарчийн дурсамжаас) “Бид хоёр гурван жил үерхэж байж ханилсан боловч тэр хугацаанд цөөхөн уулзаж учирч… Өнөө хэр санаанаас огт гардаг үгүй тэр нэг үг бол түүний намайг эгцэлж харж байгаад хэлсэн “Би чамд итгэж болох уу?” гэсэн үг юм. Би юу гэсэн үг болохыг нь ухаж чадахгүй ч, ерөнхийд нь ойлгосон юмуу, ямар ч гэсэн “Итгэж болно” гэж хэлж билээ.
Тэгтэл түүний үнэн голоосоо баярлаж байгааг хараад, би айх ч шиг болж билээ. Тэгээд тэр “Би маргааш явлаа. Би их олзтой буцлаа” гэсэн сэн. Маргааш нь хэлэлцсэн ёсоор, намайг гаргаж өгөхөд, шуудангийн машинд олон хүний захад суучихсан над руу тонгойгоод “Итгэсээр явлаа” гээд бас л нөгөө итгэлээ хэлсээр явж билээ. Гурав дахь жилдээ л би нөгөө “итгэл” гэдэг үгнийхээ учрыг сая нэг ухаарч, тэр итгэлийг хүлээж, гал голомтоо бадрааснаас хойш дөч гаруй жил жаргалтай амьдрахдаа хүний ертөнцөд байдаг бүгдийг л үзсэн дээ.
Би сүүлд “Чи яагаад танихгүй охиноос итгэж болох уу гээд шалаад байсан юм” гэхэд, “Ерөөсөө энэ охин л миний насны хань юм гэж бодогдоод байсан” гэдэг сэн. Бадраагаа, би “Сайн сайхан хүн байсан” гэж хэлэхэд, арай л багадаад байх шиг санагдах юм” гэсэн сайхан дурсамжийг буулгасан байдаг. Х.Бадарч эгчтэй ийн хөөрөлдөж байжээ.
-Та ханьтайгаа анх танилцсан гэгээн дурсамжаасаа хуваалцаач!
Badraa-1948 оны намар, би Мөрөнгийн арван жилийн сургуулийн наймдугаар ангид орж байсан үе. “Маргааш хичээл эхэлнэ” гээд ном дэвтрээ бэлдэж байтал найз охин Лхамжав маань гоёлын хувцсаа өмсчихсөн “Хоёулаа Бүрэн сумын улаан буланд бүжигт оръё” гэж шалгаагаад болдоггүй.
Бүрэн сум манай Мөрөнгийн төв, улаан булан нь хүрэн дүнзэн байшин байв. Улаан булангийн эрхлэгч Маналжав гуай үдэшлэг эхэлснийг зарлаж, хоёр хөтлөгч сонгоход Бадраа бид хоёрыг хүмүүс “баталж” орхив. Хүмүүс бүжиглэхгүй гэрэвшээд байсан тэр үдэшлэгийн хамгийн анхны вальсыг бид хоёр хийж билээ.
Тэр мөчөө дурсаж Бадраа маань
“Эрэвгэрхэн алаг нүд чинь
Энгийн ч биш дээ, хонгор минь
Эрвээхэй ч эндүүрмээр
Ээ, мөн ч хөөрхөн дөө
Алив бүжиглэе дээ,
Ай хө бүжиглэе” гэсэн нэг шүлэг тэмдэглэлийн дэвтэрт нь байсанд 1960-аад онд хөгжмийн зохиолч Лха.Дорж ая зохиосон удаатай.
-Бүжиг тараад таныг хүргэж өгөв үү?
-Тэр үдэшлэг тараад явж байхад нөгөө хөтлөгч залуу маань “Намрын эхэн сарын арван тавны сүү шиг цагаан саран мэлтийн байна даа хөө” гэх нь надад их л ахмад хүн шиг санагдаж билээ.
-Бадраа гуай танд захиа өгч байв уу?
-Маргааш нь хичээл тараад харьж явтал, манай гудамжны өнцөгт байдаг хэвтээ үхэр шиг чулуун дээр Бадраа дүү нартайгаа сууж байна.
-Та дүү нарыг нь таньдаг байжээ?
-Хажуугаар нь өнгөртөл дүү Дорлигжав нь гүйн ирж “Май, захиа. Ах өглөө. Хариуг нь авч ир гэсэн шүү” гээд доогтой инээгээд байж билээ. Би хариу бичих нь битгий хэл бичсэнийг нь ч ойлгоогүй юм даг. Тэр орой нь хөдөөнөөс ирсэн ахынхаа морийг айлд аваачиж өгөх гээд хашаанаас хөтлөөд гартал нөгөө Бадраа чинь манай үүдэн дээр зогсож байх юм. Бид хоёр морио аваачиж өгөөд буцах замдаа элдвийн юм ярьснаас, өнөө хэр санаанаас гардаггүй нэг үг нь, түүний эгцлэн харж байгаад “Би чамд итгэж болох уу” гэж хэлсэн үг юм.
-Энгийн боловч их сайхан үг юм даа?
Badraa
-Би юу гэсэн үг болохыг нь сайтар ойлгоогүй ч “Итгэж болно” гэж хэлчихээд үнэн голоосоо баярлаж байгааг нь хараад айх шиг болсон шүү. Маргааш нь шуудангийн машинд олон хүний захад суучихсан байснаа над руу тонгойж, “Итгэсээр явлаа” гээд нөгөө л итгэлээ хэлсээр явж билээ. Өвөл нь надад олон захиа ирсэн ч би ганц ч хариу бичээгүй. Бидний анхны учрал энэ байсан.
-Бадраа гуай тэгэхэд хэдэн настай байв?
-Хорь гаруйхан настай, амралтаараа ирсэн МУИС-ийн оюутан хүн шүү дээ. Бид хоёр түүнээс хойш гурван жил үерхэж байж хамтын амьдрал зохиож байлаа. Аравдугаар ангид орох зун аав маань Арбулаг сумын наадамд намайг дагуулж явав. Наадам эхлэх өглөө Хийт, Гялаадын голын олон сайхан залуустай сумын төвд ирэн наадмын талбай руу ортол өөдөөс хэсэг морьтон явж байсны дотор тодоос тод нэг дэгжин хүн нүдэнд туссан нь Бадраа байлаа. Өмнө нь уулзахаас төвөгтэй санагддаг байсан чинь энэ удаа хачин их баярлаж билээ.
-Гэнэт таарсан чинь Бадраа гуай яаж байх юм?
-Тэр ч угаас сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүн болохоор бараг л тэвэрч авах шахсан шүү. Наадмын хоёр өдөр бид хоёр наадмаа ч бараг үзээгүй. Арбулаг сумын төвийн хойд биеийн цэцэгтэй сайхан хөндийд нааш цааш явсаар хоёр өдрийг мэдэхгүй өнгөрөөсөн сөн.
-Ай, мөн ч сайхан дурсамж юм даа…
-Өвгөн маань зуны тэр учралаа дурсаж өвөл нь захиандаа
“Цэцэгтэй хөндийгөөр
Цэнгэлтэй ч явж билээ
Хонгор хайртай чамтайгаа
Хослон дуулж явсан сан…” гэж бичсэн байв.
Хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн аялгуу зохиосон “Мөрөөсөл” гэдэг энэ дууг Хөдөлмөрийн баатар Баартуугийн Зангад маань дуулснаас хойш олон ч эмэгтэй дуучин сайхан дуулсан даа.
-“Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гэсэн найрагчийн үг байдагчлан танд өөр хуучлах зүйл их л байгаа даа?
-Аравдугаар ангид орох жилийн намар шалтаг заасаар хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө төв ороход Бадраа ч ирчихсэн аймгийн клубт “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд тоглож байна. Нансалмаад нь Цолмон гэдэг сайхан дуулдаг эршүүд бор хүүхэн дуулж байв. Би найз Лхамжавтайгаа үзсэн юм. Хажууд суусан хоёр залуу “Энэ Юндэн чинь Нансалмаагаасаа турьхан амьтан байна даа” гэхэд бид хоёр их инээж байлаа. (Инээв. Л.Б) Тийм туранхай цагаан залуу байсан юм. Бас болоогүй ээ, Юндэнг зам тосон цохьж унагадаг үзэгдлийн дараа хөшиг хаагдаж, “Жүжиг түр завсарлана” гэж зарлаад таг чиг болж орхив. Гэтэл жүжигт нөгөө хоёр хиа нь үнэхээр цохиод, Юндэн нь ухаан алдаад унасан юм билээ. Жүжгийн дараа уулзахад хариугүй цонхийсон хүн арын өрөөндөө сууж байлаа.
-Хань чинь танд олон дуу зориулсан биз?
Badraa
-Зориулах гэдэг хаашаа ч үг юм бэ дээ. Онгодтой найрагч хүн уран бүтээлээ амьдралаас сэдэвлэдэг юм билээ дээ. Хань минь надад “Уяхан хорвоон хань”, “Намрын шөнө” гээд нэлээд олон дуу зориулсан байдаг. Хөдөө очоод айлын хуриманд явж байхад морь унасан намайг хараад “Соньхон чимэг” дууны шүлэг бичигдсэн гэж ярьдаг байсан. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуай эхнэртээ зориулаад аяыг нь хийчихсэн байсан юм билээ.
Манай өвгөнтэй ардын жүжигчин Дагвын Лувсаншарав, Л.Мөрдорж, төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа, Самбын Гончигсумлаа, Нацагийн Жанцанноров нарын Монголын хорьдугаар зууны бараг бүх л хөгжмийн суутнууд уран бүтээл хамтран хийсэн байдаг юм. Рок попынхонтой л уран бүтээл хийгээгүй байх. Нийт дөрвөн зуугаад дууны шүлэг бичсэн хүн шүү дээ.
-“Бахтай чи минь ухаан бодлоос гаршгүй яа хө” гэдэг гайхамшигт “Гайхмаараа” дууны эзэн та байхаас гарцаагүй дээ?
-“Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлд 1964 онд ажиллаж байхад нь “Дэндүү их орчуулж байна” гэсэн шалтгаар ажлаас нь халчихсан юм.
-Хүнийг ажил их хийлээ гэж халдаг мөн ч балар харанхуй үе байжээ…
-Ер нь Шанжмятавын Гаадамба, Жамцын Бадраа гэдэг нэг ангийн энэ хоёр хүн билгүүн номч Бямбын Ринчен, их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн хэмээх Монголын аугаа их хоёр эрдэмтний гарын шавь нар байснаараа нүд үзүүрлэгддэг үе байсан л байх. Энэтхэгийн их яруу найрагч Раабийндранат Таагүрийн “Өргөлийн дуулал” найргийн номыг орчуулаад дууссаных нь дараа бага ч болтугай амраая гэж бодоод Мөнгөнморьт руу хамаатныхаа айл руу авч явсан юм. Хөгжмийн зохиолч Батсүх одооны “Найрсаг байгаасай” дууны аяыг өгч явуулж л дээ.
Бадраа “Гайхмаар аа”-гийн үгийг аянд нь тааруулж бичээд өгтөл Батсүх нь шүлгийг уншаад одооны аяыг хийсэн юм. Өвгөн маань Батсүхийгээ “Чи муу халзан, тэр аяыг дур мэдэн сольсон” гэж аашилж байдаг сан. Өөрийнх нь бүтээлээс нэг үг засчихсан байхад заргаа авч байж салдаг хүн байсан. “Дөрвөн “ба” минийх биш” гэсэн өгүүлэл нь анхны дорвитой шүүмж байлаа.
-Танайх хэдэн хүүхэдтэй айл билээ?
-Бадрууган, Бадарсан, Баатарнаран гэдэг гурван хүү, таван ач, гурван гучтай. Энэ жил манайх овоо өнөр болж хоёр ч охины зулай зулай үнэрлэлээ дээ. Өвгөн маань 67-тойдоо бурхан болж байсан юм. Ууган маань л насыг насалсангүй дээ, дөнгөж дөчин наймтай. (Шимширтэл санаа алдав. Л.Б) Харамсаад байх юм даа.
-Хүү тань цочирхон өнгөрчихсөн бил үү?
-Өдөр нь Радио телевизийн дээд сургуулиа өөд татах гээд, шөнө нь киногоо найруулаад хүү маань толгой ч өндийлгөх завгүй байдаг байсан. Бэрээ дуудахаар нь зүрхний тариа энэ тэр аваад очтол зүрх нь хаагдчихсан байсан даа.
-Бадраа гуайн нэг өгүүллийг уншиж байхад залуудаа даралт харваж, хэвтэр хүртэл орж байсан хүн байна лээ. Юунаас болсон юм бол?
Badraa-Бид хоёулаа МУИС-ийг төгссөн улс. Нэг айлын хоёр хүн эрдмийн мөр хөөх хэцүү л дээ. Иймээс би “Сайн эмч, сайн ээж л байя” гэж бодсон доо. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Улс төрийн товчооны гишүүн Дарамын Төмөр-Очир 1959 онд Бадрааг Улсын радио хороонд ажиллаж байхад нь “Үндэсний үзэлтэн” гээд Ховд аймгийн арван жилийн сургуульд монгол хэл-уран зохиолын багшаар явуулсан юм.
-Нэг ёсондоо нутаг заасан гэсэн үг үү?
-Нэг ёсондоо нутаг зааж. Хань маань алс баруун хязгаар руу цөлөгдөхдөө “Хүн л амьдардаг газар юм чинь хэдүүлээ хүн шиг амьдарнаа” гээд түрүүлээд явсан. Би гурван хүүхэдтэйгээ энд хоцорлоо. Тэнд очоод агаар, ус нь таараагүй юм уу, сэтгэл санаагаар унасан ч юм уу, шинэ жилийн үеэр цус харвасан юм билээ. Хөгжмийн зохиолч Норсонжав  маань их тусалж байж. Тэгээд ухаан оронгуут нь онгоцны таньдаг нисгэгчээр нийслэл рүү явуулсан.
Миний багш “Мэдрэлийн” хэмээн алдаршсан Дагзмаа эмч “Цус харваад арван тав хонож байгаа хүнийг онгоцоор явуулдаг ямар бөх зүрхтэй улс вэ” гэж шавь нараа утсаар загнаж байлаа. Өрөөсөн тал нь мэдээгүй болж, хоёр гурван жил доголон явсан ч ямар ч сэвгүй илааршсан шүү. Сүүлд Москвад очин тархины бичлэг хийлгэхэд эв эрүүл байсан.
-Бадраа гуайн хилсдсэн шалтгаан юу байсан юм бол?
-Октябрийн баярын үеэр жагсаал хийж явахдаа хажуугийнхаа хүнд “Ура гэдэг чинь орос үг. Монголчууд бид хурай гэх нь зөв” гэж ярьсныг “Нам төрийн эсрэг” гэж буруутгасан байдаг юм.
-Монгол хүн монголоороо ч хурайлж болохгүй моншийн ч, новшийн хорвоо байж дээ?
-Өөрөө болохоор “Нам намайг хэлмэгдүүлээгүй. Хувь хүний л атаа хорсол байгаа юм” гэдэг байсан.
-Таны хадам аав ямар удамтай хүн байсан юм бол?
-Манай хүний аав чинь ёстой хэлмэгдсэн хүн дээ. Хошууны бичээч, Арбулаг, Бүрэнхаан сумдын болон Хатгалын дамжлага баазын даргаар ажиллаж байгаад 1938 онд баригдаж буудуулсан юм билээ.
-Ээ, бурхан минь гэж. Ямар ч үйлийн үртэй цаг үе байж вэ дээ?
-Ээж нь тавын таван хүүхдээ хүний зэрэгт хүргэчихдэг сүрхий хүн шүү. Тэр үед хань минь 13 настай өнчирч үлдсэн юм билээ.
Badraa
Яруу найрагч, ардын билиг зүйч Жамцын Бадраагийн уран бүтээлийн товьёог
  • 1956 онд “Хөгжмийн нэр томьёо” болон “Монгол ардын хөгжим” (1998) нэг сэдэвт судалгааны бүтээл туурвисан нь өнөөгийн судлаачдад үнэт эх сурвалж, тэдний гарын авлага болсоор байна.
  • Дууны яруу найргийн 300 орчим бүтээл туурвиж “Уяхан хорвоон хань”, “Чандмань эрдэнэ” эмхэтгэл хэвлүүлснээс “Халуун элгэн нутаг” дуу нь ХХ зууны манлай дуугаар өргөмжлөгдөж гэрэлт хөшөө босгосон.
  • Монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын асуудлаар 60 гаруй шүүмж, өгүүлэл, бичиж нийтлүүлсэн.
  • “Сүнжидмаа” дуут бүжгийн цомнол, арав гаруй найраглал бүтээсний зэрэгцээ орос, итали, хинди хэлнээс Р.Таагүрийн “Өргөлийн дуулал”, “Цусан тахилга” жүжиг, уран сайхны кино, дууны шүлэг олныг орчуулжээ.
  • Ж.Бадраа нь Монголын дуурийн цомнол орчуулгыг анх эхлүүлж, зарчмыг тогтоож “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Тоска” зэрэг дуурийн орчуулга хийхдээ дуулах явцад үгийг зөв дуудахзүй (орфоэпия), монгол хэлээр дуулахад онцгой анхаарч, улмаар энэ зарчмыг нийтийн дунд тууштай нэвтрүүлсэн.
  • Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх”, “Эртний сайхан” чуулга, МУИС-ийн Ардын урлаг судлалын тэнхимийг санаачлан үүсгэн байгуулсан. Монгол Улсынхаа бүх аймаг, сумаар явж ардын билиг авьяастныг тодруулж судлан сурвалжилж радио, телевизийн цуврал нэвтрүүлэг хийж урын санг нь баяжуулахад ухамсарт амьдралаа зориулсан байдаг.
  • “Монгол хөөмэй”, “Ингэн эгшиг”, “Цацал”, “Уртын дуу” зэрэг телевизийн баримтат киноны зохиол бичсэн нь олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртжээ.
  • Ардын урлагийн чиглэлээр олон улсын наадам, симпозиумыг эх орондоо зохион байгуулж, гадаадад түгээн дэлгэрүүлэх нөр их ажлыг санаачлан манлайлж гүйцэтгэсэн байна.
  • Ж.Бадраа нь 1978 онд бүтсэн “Учралын уянга” телекино концертын зохиогч юм. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р сургууль Жамцын Бадраагийн нэрэмжит сургууль болжээ.
BadraaЖ. Бадраагийн шүлгээр бүтсэн дуу:
  • “Халуун элгэн нутаг” (Хөгжим Ц.Намсрайжав)
  • “Сүлд модны наадам” (Хөгжим С.Гончигсумлаа)
  • “Жаргаах зүрхэн” (Хөгжим С.Гончигсумлаа)
  • “Гоёхон чимэг юм уу даа” (Хөгжим Г.Бирваа)
  • “Зандан шоо” (Хөгжим Г.Бирваа)
  • “Мэндчилгээний дуу” (Хөгжим Г.Бирваа)
  • “Намрын шөнө” (Хөгжим Г.Бирваа)
  • “Охидын уянга” (Хөгжим Д.Лувсаншарав)
  • “Гайхмаараа” (Хөгжим З.Батсүх)
  • “Найрсаг байгаасай” (Хөгжим З.Батсүх)
  • “Багшаа дуулъя” (Хөгжим Ш.Эрдэнэбат)
  • “Энгийн биш нүд” (Хөгжим Лха.Дорж)
  • “Сэрүүн саран” / “Сэрүүн саранд” (Хөгжим Г.Алтанхуяг)
  • “Их наадмын Сочи” (Хөгжим Г.Алтанхуяг)
  • “Цэнхэр залаа” (Хөгжим С.Баатарсүх)
  • “Орь залуу нас” (Хөгжим Т.Насанбуян)
  • “Чандмань эрдэнэ” (Хөгжим Н.Жанцанноров)
  • “Уяхан хорвоон хань” (Хөгжим Б.Бадрууган)
  • “Аргалд явсан ээжий”  (Хөгжим Н.Жанцанноров)
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img