2024-05-03, Баасан
16 C
Ulaanbaatar

Н.Энхбаяр: Эрдэм гэгээрлээр хорхой болохоос аврагдаж, эрвээхэй болон нисээрэй

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, дэлхийн сонгодог зохиолуудаас монгол хэлнээ утга төгөлдөр дуун хөрвүүлсэн нэрт гүүш Намбарын Энхбаярын “Дэлхийн утга зохиол, соёлын түүхээс” сэдэвт илтгэлийг толилуулж байна.

Миний өвөө сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач Цэрэнжавын Радна намайг дөрөвтэй байхад өөд болсон. Би өвөөгөө бүдэг бадаг санадаг. Өвдчихсөн байхад нь “Намайг өргө” гээд тоглож байсан. Өвөө маань УБДС-ийн сурган, сэтгэл судлалын багшаар ажиллаж байсан.

Миний эхнэр Цолмон ерээд онд МУБИС-д багшилж байлаа. Тиймээс Багшийн их сургууль бол манай гэр бүлтэй холбоотой сайхан газар юм. Өвөөгийн аав Цэрэнжав Санктпетрбург хотод сурч байж. Цэрэнжав “Лхүмбийн хэрэг” гэгчид 1933 онд хэлмэгдэн гурван жилийн ял эдэлж гараад 1938 онд цаазлагдсан.

Эмээ Гарамжавын аав лам Шарав бас 1933 онд Японы тагнуул хэмээн баригдаж, ЗХУ-д цөлөгдөн амь насаа алдсан. Раднагийн Бүдханд миний хайртай ээж минь юм. Ээж маань монгол хэл-утга зохиолын багш. Товчхон түүх ярихад өөрийн эрхгүй хэлмэгдэл гэсэн үг гарч ирж байна. Хэлмэгдүүлэлтийг хэр сайн мэдэх вэ гэж би та нараас асуугаад хэрэггүй байх.

Ямар нэгэн байдлаар энэ хар шуурга Монголын бүх айлыг дайрсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хэлмэгдүүлэлт, тэнэглэл хоёр хамт байдаг. Хэлмэгдүүлэлтийн үед ухаантай хүн тэнэг болдог, тэнэг хүн ухаантай мэт харагддаг. Энийг би нэг жишээгээр ярья. Дундад зууны үед Голландын алдарт зураач Иероном Босх амьдарч байсан. Энэ зураач “Тэнэгүүдийн усан онгоц” гэдэг зургаараа алдаршсан. Та бүхэн зургийг нь харж байна.

Дундад зуунд элий балай болсон хүн төрөлхтөн ямар ч зорилгогүйгээр, дээр нь ямар ч жолоогүйгээр хөлгүй далайн усанд сэлж яваа билэгдэл бүхий зураг юм. Энэ уран бүтээлийн цаад санаа нь тэнэгүүд усан онгоцонд суугаад хаашаа явж байгаагаа мэдэхгүй байна гэж нийгмээ шүүмжилсэн. Зурагт гэлэнмаа хүн дуулж хашгираад байгааг дүрсэлж. Лам хүн орилж хашгираад байж байна. Онгоцны дээр дүүжилсэн талх байгаа.

Дундад зуунд дүүжилсэн талхыг гараараа барьж биш амаараа тэмтрэн шүдээрээ хазаж идэх тоглоом байсан. Энэ тоглоомын билэгдлийг харуулсан. Дээр нь шарсан тахианы махны хойноос хутга барин зүтгэж байгаа хүн байна. Бас бөөлжиж байгаа хүн байна. Идэж, уухаа багтааж шингээхээ болихоор хүн мал, амьтнаас ялгаагүй бөөлжиж буйг харуулсан.

Архи дарсанд умбаж усан онгоцноос унах гэж байгаа хүн ч байна. Хөгжмийг эмэгтэй хүний бэлиг эрхтэн гэж дундад зуунд үзэж байсан. Гэлэнмаа эмэгтэй хүний бэлиг эрхтэний билэгдэл бариад дуулж байна гэдэг садар самуун явдалд оролцож, бусдыг уриалан дуудаж байна гэсэн санаатай. Гэлэнмаа болоод лам хүн ийм садар самуун явдалд оролцож байна гэдэг чинь жирийн иргэдийн ёс суртахууны тухай яриад хэрэггүй гэсэн үг.

Цаашаа хараад сууж буй алиа салбадай байгаа. Та бүхэн Шекспирийн зохиолуудыг уншсан байх. Алиа салбадайн дүр түүний зохиолуудад элбэг тохиолддог. Алиа салбадай дандаа үнэнийг хэлдэг. Шекспирийн “Лир ван” жүжигт гэхэд хаанд үнэнийг хэлж чадахгүй хүмүүс гарч байхад алиа салбадай хэлж байдаг. Алиа салбадай албан ёсоороо тэнэг юм шиг атлаа үнэн хэрэгтээ асар их ухаантай хүн юм.

Уг нь инээгээд ханиагаад, уугаад идээд бусдын дунд сууж байх ёстой хүн яагаад буруу хараад сууж байна гэхээр дундад зууны европт хүмүүс бүгд алиа салбадай болоод, алиа салбадай ухаантан болсныг Босх үзүүлж. Хэлмэгдүүлэлтийн үед ухаантай хүн тэнэг юм шиг харагддаг. Босхын “Амьдралын таашаал” гэж зураг бий. Тэр нь манай Марзан Шаравын “Монголын нэг өдөр”-тэй ерөнхий зохиомжоороо адилхан. “Тэнэгүүдийн усан онгоц” зургийн яг эсрэг “Ухаантнуудын усан онгоц” гэсэн бүтээл бий.

Оросын хувьсгалч В.И.Ленин, Троцкий нарын алдартнуудыг та нар мэднэ. Тэд тушаал гаргаж Оросын нийгмийн шилдэг тэргүүний сэхээтнүүдийг усан онгоцонд суулгаад эх орноос нь алс холд хөөсөн. Оросоос гараад Герман хотод очсон усан онгоц. Ленин зарлиг гаргаж шилдэг эрдэмтэн, зохиолч, философич, сэтгүүлчдээ энэ усан онгоцоор цөлсөн.

Тухайлбал, нэрт философич Н.Бердяев, С.Булгаков, Н.Лосский, Ильин нар энэ онгоцонд байсан. Босхын зургаас ялгаатай нь эдгээр ухаантнууд архи дарс уугаагүй, усан онгоцныхоо хажуу руу тонгойж бөөлжсөн зүйлгүй, садар самуунд автаж хөгжим тоглосон явдалгүй, амьдралын утга учрыг эргэцүүлэн зогсчихсон, эх орноосоо хөөгдсөндөө харамссан байдалтай байгаа. Босхын зурагт шарсан галууны махны хойноос үхэлдэж буйг харуулсан бол “Ухаантнуудын усан онгоц”-онд цовдлуулсан Христийн хөлийг дүрсэлсэн байгаа. Энэ философичдын олонхи нь Христийн шашныг судалсан, алдартай бүтээл туурвисан хүмүүс байсан учраас ийн бэлгэдсэн хэрэг. Орос хүний мөн чанар, Оросын түүхийг дэлхийн тавцанд гаргасан энэ алдартнуудыг одоо эх оронд нь ид судалж, шуугин биширч байна.

Өнгөрөгч зууны хорин хоёр онд хөөгдсөн энэ алдарт философичид өнөөдөр их сонирхол татаж байгаа. “Ухаантнуудын усан онгоц”-той холбоотой хэдэн тоо баримт хэлье. Лениний зарлигаар 20-40 хүнийг эх орноос нь заавал хөөх болсон байдаг. Цөлөгдсөн хүмүүс биедээ юу авч явах зөвшөөрөлтэй байсан бэ гэвэл “Өвөл, зуны пальто тус бүр нэг ширхэг, нэг костюм, бүрх малгай нэг, хоёр ширхэг хос оймс, дотуур өмд хоёр, хоёр гутал, нэг чемодан” авч явах л ёстой байсан. Нэг чемоданд ер нь юу багтах вэ? Ийм л хувцас хунар үлдээгээд бүх хөрөнгийг нь хурааж байсан.

Монголын хэлмэгдэл бол туйлын эмгэнэлтэй юм болсон. Гучин долоон мянган хүн амь насаа алдсан гэсэн тоо баримт байдаг. 1918-1937 он хүртэл Монголын 90 мянган хүн амь насаа алдсан байгаа юм. Жилд 5.3 мянган хүнээр өссөн тоо байдаг. Шууд утгаар авч үзэхэд амь үрэгдсэн хүмүүсийн тоог хүн амын өсөлттэй харьцуулахад бүтэн долоон жилд нэг ч хүн төрөөгүй юм шиг харьцуулалт харагддаг. Хэлмэгдүүлэлт гэдэг ийм аймшигт үзэгдэл юм. Лам хувраг, эрдэмтэд, сэхээтнүүд, язгууртнуудаа барьж устгасан гэдэг утгаараа Монголын нийгмийн хөгжилд хортойгоор нөлөөлсөн.

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
​Сэтгэл, зүрх хоёртоо шатаж явах үедээ
​Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
​Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг” хэмээх алдарт шүлгийг бичсэн Ц.Цэдэнжав гэж сайхан найрагч байлаа. Би аз болоход Цэдэнжав гуайгаар түүх яриулдаг байсан. “Баригдаж алуулчих гээд байсан учир амь гарахын тулд галзуу солиотой юм шиг болсон. Нэлээд хэдэн жил элий балай юм шиг болсон. Юм дуугарч болохоо байсан учир хэдэн жилийн турш хэлгүй юм шиг болж, нэг ч үг яриагүй” гэж байсан.

Хүн нэлээд хэдэн жил байтугай нэг өдөр хэлгүй болж чадах уу. Хэлмэгдлийн үед ингэж ухаантай нь тэнэг болдог юм байж. Би Ерөнхийлөгч байхдаа зарлиг гаргаж хэвлэсэн “Дэлхийн утга зохиолын тавин боть”-д Монголоос ганцхан “Монголын нууц товчоо” багтсан. “МНТ”-нд Бодончир мунхаг гэж гардаг. Мунхаг гэж тэнэг гэсэн үг. Ах дүү нартаа тэнэг гэгдэн хөөгдсөн Бодончир шувуугаар ан гөрөө хийж амьдарч байсан. Ах дүү нартаа эргэж очихдоо “Хүн ахтай, дээл захтай” гэдэг олон дахин хэлсний эцэст ойлгодог. Түүнээс хойш Монголын нийгмийн харилцаанд “Хүн ахтай, дээл захтай” гэдэг зарчим маш хүчтэй орж ирсэн.

Монголчууд хөөрхөн хүүхдийг “муухай” гэж өхөөрддөгтэй адил Бодончирыг мунхаг гэсэн нь цэцэн ухааныг нь тойруу утгаар нэрлэсэн байхыг үгүйсгэхгүй. Дува сохор гэхэд маш холыг хардаг хүн байсан гэж гардаг. Тиймээс бид энэ бүхнийг бодож, алсыг харж хэлмэгдэл гэгч аймшигт мангасыг дахин амилуулахгүй байх үүрэгтэй юм. Оросын андууд маань жил бүрийн аравдугаар сарын 30-ны өдрийг хэлмэгдэгсдээ дурсах өдөр болгож, хэлмэгдсэн хүн бүхний нэрийг дууддаг. Манайх бас ийм өдөртэй болоосой гэж хааяа боддог.

Радна өвөө минь далан жилийн өмнө зүүд нойрны тухай лекц уншиж байсан тухай шавь Самбуугийн Бадраа гуайн бичсэн байдаг. Тиймээс өвөө минь өнөө амьд мэнд сэн бол зүүдний тухай ийм илтгэл тавих байсан болов уу. Зүүд нойрны талаар сэтгэл судлаачийн талаас биш утга зохиол судлаачийн хувьд ярья. Эртний Грект Парис баатар Елена гүнжид дурлан хулгайлж Трой хотод аваачсанаас дайн дэгдэж, хот сүйрсэн тухай домгийг соёлт хүн төрөлхтөн мэднэ.

Дэлхийн соёлд хамгийн их судлагдсан, бичигдсэн энэ түүхэнд Парисыг төрүүлэхдээ эх нь асаж буй бамбар төрүүллээ гэж зүүдэлсэн тухай өгүүлдэг. Зүүд тайлагч бүсгүй эл зүүдийг “Трой хотыг шатаах хүн байна” гээд нялх Парисыг ууланд аваачиж хаяулж. Парис өсөж том болоод Трой хотдоо ирэхэд зүүд тайлагчийн үгийг умартсанаар хожмын их гай гамшиг үүдсэн байна. Тройн морь гэдэг бэлгэдлийг хүн бүхэн мэднэ. Асар том модон морийг хотынхоо хана хэрмийг эвдэн оруулсанаар дотор нь нуугдсан цэргүүд шөнө гарч ирж сүйтгэдэг. Тройн морь гэвэл гай гамшиг гэж ойлгож болно.

Исламын шашны зөнч мэргэн Мухаммед Аллах бурханыхаа анхны сургаалийг зүүдэндээ сонссон гэлцдэг. Армяны Христийн шашны ариун санваартан гэгддэг Ашрип Маштоц зүүдэндээ Армян үсгээ тэмдэглэсэн гэж ярьдаг. Өндөр гэгээн Занабазар зүүдэндээ Соёмбо үсгийг зохиосон гэж ярьж байхыг би олонтаа сонсож байсан. Зигмунд Фрейд зүүдний олон тайллуудыг “Зүүдийг тайлахуй” гэсэн онолын бүтээлдээ бичсэн. Фрейдийн үзсэнээр зүүд бол хүний нуугдмал хүслийг тайлах түлхүүр.

Хүний зүүдээ ярихдаа хэрэглэсэн түлхүүр үг, дүрсийг ашиглаж тайлдаг байсан. Хүний санаа бодол анхнаасаа тогтчихсон зүйл учраас зүүд бол бодит юм гэдэг. Хүн зүүдлэхдээ ямар дүрс зүүдлэв гэдгээр толь гаргасан. Хүн байшин зүүдэллээ гэхэд гөлгөр ханатай байшин зүүдэлбэл эрэгтэй хүнийг, овгор товгор ханатай байшин эмэгтэй хүнийг төлөөлдөг гэж үзэж байсан. Эзэн хаан, хатан хаан зэрэг өндөр хэргэмтэн зүүдэлбэл аав ээжийгээ, жижиг хорхой шавьж зүүдэлбэл дүү нараа зүүдэлж байгаа нь тэр гэдэг байж. Хүн төрөхийг устай холбож, үхэх хагацахыг төмөр зам, вагонд суух гэж үзэж байв. Зүүд бол бодитой ертөнц гэж тэр том шашин, соёл судлаач үзэж байв.

Дэлхийн философи, соёл урлагт томоохон үүрэг гүйцэтгэсэн хоёр зүүдний тухай ярья. Хятадын Даогийн шашныг үндэслэгч Жуанзы унтаж байгаад эрвээхэй боллоо гэж зүүдэлсэн байгаа юм. Шавь нар нь “Юу зүүдлэв” гэхэд “Би эрвээхэй болж зүүдэллээ. Нисээд л байлаа. Нисээд л байлаа. Жинхэнэ жаргалыг эдэллээ” гэж тэр хариулж. Тэр удтал бодлогоширсны эцэст “Би нэг л зүйл ойлгосонгүй. Би эрвээхэй болов уу, эрвээхэй Жуанзы болов уу. Эрвээхэй намайг зүүдэлсэн байж магадгүй” гэж хэлж. Түүнээс хойш “Жуанзы ба эрвээхэй” гэсэн дэлхийн философи, соёл, шашин, утга зохиолд үлдсэн байгаа юм.

Хүн бодит байдлыг танин мэдэхдээ шууд бодитоор хүлээж авах уу, эсвэл арай өөр өнцгөөс хүлээж авах уу гэдэг асуудал тавигдаж эхэлсэн. Зүүд, эрвээхэйн тухай зүйрлэл нь Даогийн шашны мөн чанар болж “Хүн мөнх наслах” бэлгэдэл болж үлдсэн. Мөнх наслахыг хөөцөлдөж хөөцөлдөж даочид “Үхэл бол мөнх амьдралын заавал туулах ёстой шат” гэсэн гаргалгаанд хүрсэн юм. Жуанзы эрвээхэй зүүдлэх нь маш их утга учиртай. Хятадын эртний соёлд эрвээхэй мөнх насны билэг тэмдэг. Эрвээхэй өт болдог, өт болсноор ахиад амилдаг.

Христийн шашинд ч өт эрвээхэй болох, эрвээхэй өт болох физик хувирлыг мөнх амьдралын, дахин дахин төрөхийн билгэдэл болгодог. Хүн заавал сэрж байж оюун ухааны дээд төвшинд гардаг. Би Бурхан багшийн сургаалыг зах зухаас нь судалсан. Бурхан багш зүүдэлсэн тухай хэзээ ч уншиж байгаагүй. Бид оюун ухааны доод түвшинд байгаа учраас ертөнцийн аливаа нууц бүхнийг харж чадахгүй байгаа. Тиймээс бид дахиад сэрэх ёстой.

Гэгээртлээ бид олон дахин сэрэх учиртай. Жуанзын эрвээхэйн тухай зүүд бол сэрээч ээ гэж хүн төрөлхтөнд ирүүлсэн дохио. Бурхан багш сэрчихсэн, сэхээрчихсэн учраас зүүдэлдэггүй, зүүдлэх шаардлагагүй байх гэж боддог. Унтаж байж л зүүдэлдэг. Тэгэхэд Бурхан багш сэрчихсэн учраас зүүдэлдэггүй юм байна гэж би бодож байгаа. “Бурхан багшийн зүүд” гэсэн зохиол бичвэл мөн сонин доо.

Жуанзын зүүд бол сайхан зүүд. Одоо аймшигтай зүүдний тухай ярьж өгье. Франц Кафкагийн “Хувирал” өгүүллэгт Григори Замза сэрэхдээ хорхой болоод хувирчихсан байдаг. Энэ бол хорьдугаар зууны хамгийн аймшигтай, өрөвдөлтэй зүүд. Жуанзы эрвээхэй болсноо ярьснаас, эрвээхэй Жуанзы болсон тухай яриа одоогоор алга. Тэгэхээр эрвээхэй Жуанзы болсон тухай бичвэл мөн сонин оо. Григори Замза хорхой болж хувираад яриад байгаа юм.

Хорхой дүгнээд, яваад байдаг. Григори Замза бол баатарлаг гавьяа байгуулах биш жижигхэн юманд санаа зовоод байдаг айдастай байсан хүн. Аавынхаа өрийг таван жилийн дараа төлж дуусгах, өвчтэй ээждээ эмний мөнгө олох, авьяастай дүүгээ хөгжмийн сургуульд оруулахсан, ажлаасаа хоцорчихвол яана аа, галт тэрэгнээс хоцрохгүй байх гэсэн жижигхэн айдсын золиос болсон хүн байсан.

Хорьдугаар зууны эхэнд хүн тийм болсон гэж Франц Кафка үзсэн. Айдас хүнийг хорхой болгодог гэж нэг талаас тайлбарлаж болно. Айгаа л байвал хүн хорхой болно. “Хорхой болтол нь айлгана” гэсэн хэлц үг хүртэл байдаг даа. Хорхой болтол айсан хүн төрөлхтөнийг бичсэн Кафкаг фашизм төрөхийг зөгнөсөн их ухаантан гэж судлаачид үздэг.

Өнгөрөгч зууны хориод онд фашизмыг хорхойгоор зүйрлэж бичнэ гэдэг гайхамшиг. Фашизм хүн төрөлхтөнийг хорхой болтол айлгасныг түүх баталсан. Тиймээс айх гэдэг аюултай юм. АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт “Хамгийн их айж байх ёстой юм бол айхаасаа” гэж хэлсэн. Үүнийг тэр болгон хүн санадаггүй. 2016 оны утга зохиолын Нобелийн шагнал авсан алдарт дуучин Боб Диланы нэгэн дууг орчуулсанаа сонсгож энэ илтгэлээ өндөрлөе. Дэлхийг өөрчилсөн “айхаасаа л айдаг” хүний гайхамшигт шүлгийг хүргэе. Хэлмэгдлийг Монголд дахин бүү амилуулаарай. Хэзээ ч хорхой бүү болоорой. Жуанзы зүүдний эрвээхэй болоорой. Эрдэм гэгээрлээр хорхой байхаас аврагдаж ХҮН болоорой!

Боб Дилан
        ХҮЧИТ САЛХИ

Хичнээн холын зам туулсных нь дараа
Хэн нэгнийг хүн хэмээн тоодог юм бол?
Хэдэн далай гэтэлснийхээ дараа
Хээрийн галуу унтаж амардаг юм бол?

Хэдэн удаа их буугаар буудаж байж
Хэрэггүй “тоглоом” гэдгийг нь ойлгодог юм бол?
Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь
Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Хэдэн жил уулс сүндэрлэж байгаад
Хүчирхэг давалгаанд идэгддэг юм бол?
Хэдэн жил амьдарч байгаа хүмүүс
Хэний ч боол биш гэдгээ ойлгодог юм бол?

Хэдэн удаа нүүрээ бууруулсны дараа
Хэний ч зовлонг олж харахаа больдог юм бол?
Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь
Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Хэдэн удаа дээшээ харсныхаа дараа хүн
Хөх тэнгэр байгааг олж хардаг юм бол?
Хэн нэгний уйлж байгааг сонсохын тулд
Хэдэн чихтэй байх ёстой юм бол, хүмүүн?

Хэдэн хүн үхсэний дараа хүмүүс
Хэтэрхий олон хүн үхсэнийг ухаардаг юм бол?
Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь
Хүчит салхи хариуг нь хэлнээ.

- Сурталчилгаа -spot_img

3 СЭТГЭГДЭЛ

  1. Бурхан багшийн таван зүүд их алдартай шүү дээ, бурханы сургаал хэрхэн дэлгэрэх талаар өгүүлсэн байдаг. Сайхан яриа байнаа, энэ хүний суурь мэргэжил болох утга зохиол судлаачийн боловсрол, урлагийг ойлгож буй ойлголтууд Энхбаяр гэдэг хүнийг гүнзгий сэтгэлтэй мэт харагдуулдаг. Яах гэж улс төрөөр явав даа гэж бас харамсдаг битүүхэндээ.

  2. Тэр илүү гүнзгий хүн

    Бурхан багшийн таван зүүд их алдартай шүү дээ, бурханы сургаал хэрхэн дэлгэрэх талаар өгүүлсэн байдаг. Сайхан яриа байнаа, энэ хүний суурь мэргэжил болох утга зохиол судлаачийн боловсрол, урлагийг ойлгож буй ойлголтууд Энхбаяр гэдэг хүнийг гүнзгий сэтгэлтэй мэт харагдуулдаг. Яах гэж улс төрөөр явав даа гэж бас харамсдаг битүүхэндээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img