2024-11-11, Даваа
-7 C
Ulaanbaatar

О.Батсайхан: Япон улс Богд хааны захидлыг хүлээж авахаас татгалзаж байсан түүх бий

“Монголын гадаад харилцаа ба Бурханы шашин: XX зуун” эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн долоо хоногт Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд болсон юм. Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчинлэн хийд, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан уг бага хуралд “ХХ зууны Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн шашны төлөөлөгчид”, “Монгол лам нарын гадаад орнуудтай харилцаж байсан тухай”, “Монгол дахь Бурханы шашны өнөөгийн байдал” гэх мэт сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм. XX зууны Монгол төрийн түүхэнд лам хүмүүсийн гүйцэтгэсэн үүрэг асар өндөр байж. Монголын түүхэнд нэг хаан, гурван Ерөнхий сайд (Жалханз хутагт С.Дамдинбазар, Манзушир хутагт С.Цэрэндорж, Шанзав Г.Бадамдорж) лам байсныг хурлын эхэнд онцолсон юм. Сайд нар гэвэл Да лам Г.Цэрэнчимэд, Да лам Дашжав, баруун хязгаарын сайд Дилав хутагт, Зүүн хязгаарын сайд Егүзэр хутагт гээд жагсаавал олон хүн бий аж. Багадаа лам байгаад хожим сайд болсон хүн ч байжээ. Тэр хүн бол Ерөнхий сайд Догсомын Бодоо аж. Монгол төрийг удирдаж явсан Хорлоогийн Чойбалсан хүртэл Сан бэйсийн хүрээний лам байсныг хуралд оролцогчид тодотгож байв. Тус хуралд тавьсан илтгэлийг манай сайт цувралаар нийтлэхээр боллоо. Энэ удаа ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор, Монгол Улсын Төрийн соёрхолт О.Батсайханы “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтийн гадаад орнуудтай харилцах оролдлого, түүний үр дүн” сэдвээрх илтгэлийг тоймлон хүргэж байна.

Богд хаант засаг тогтохоос өмнө Монголын удирдагчид Англитай харилцах хүсэлт илгээж байжээ

1911 оны 12-дугаар сарын 29-нд буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд монголчууд тусгаар тогтнолоо сэргээж, улсын эзэн хаанаар Бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг өргөмжилж, дэлхий дахинаа Манжаас салж бие даан тусгаар улс болсноо зарласан түүхтэй. Энэ өдрийн маргааш Богдын Засгийн газраас Чин улсын Гадаад хэргийн яам, Дотоод яам, Засаг хийх яаманд цахилгаан илгээсэн байдаг.

“Монголчууд өөртөө эс тогтновоос цэрэг дайнд холбогдон хуваагдахаас хэлтрэхүйеэ бэрх. Иймийн тулд түмэн зүйлийн аргагүйгээс үүдэгдэж алтан ордны зүг хандаж, тэнгэрийн гэгээнээс хагацахын ёсоор мөргөөд бүгдээр Богдыг өргөмжлөн эзэн болгож, улсын цолыг Монгол хэмээн үе уламжлан умард зүгийн дэлхий дахины орон газрыг уул эзэн нь хураан авч, гүрэн болгон батлавай” гэсэн утга бүхий цахилгаан явуулж байж.

Үүнээс хойш Богдын Засгийн газраас гадаадтай харилцах нэлээд оролдлого хийсэн. 1912 оны хоёрдугаар сард Монгол улсын нийслэлд Английн тагнуулч, дэслэгч ирж, 1911 оны аравдугаар сараас хүрээнд сууж байсан Норвегийн аялагч бизнесмэн, Англи, Америкийн тамхины компанийн төллөөлөгч Оскар Маментай уулзан Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан байдаг.

Английн дэслэгч Богдын Засгийн газрын албаны хүмүүстэй, тухайлбал Богдын дотоод яамны түшмэл Хайсантай уулзсан баримт бий. Энэ бүхний эцэст Монголын нөхцөл, монголчуудын шашин шүтлэг, зан заншлын талаар тодорхой тайлан бичиж Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт өгч байж. Нийслэл хүрээнд танигдсан Норвегийн аялагч Оскар Мамен ч хожим Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт Монголын талаарх тайлан захидлыг өгч байсан юм. Монголчууд Англитай холбоо тогтоох чин хүсэлтэй байсан л даа, тухайн үед. 1912 оны эхний хагаст Богд хааны Засгийн газраас Английн Засгийн газарт хандсан захидлыг нийслэл хүрээнд сууж байсан Орос улсын консулын газраар дамжуулан илгээж байжээ. Уг захидал эзэндээ хүрсэн эсэх талаар Дотоод яамны дэс түшмэл Хайсан өнөөх дэслэгчид илгээсэн захидалдаа лавлаж асуусан байдаг нь тун сонирхолтой.

Энэ түүхийг жаахан дэлгэрүүлж ярья. Бид 1912 оны 11дүгээр сарын 3-нд нийслэл хүрээнд байгуулсан Монгол, Оросын найрамдлын гэрээний дараа манай улсаас дэлхийн есөн гүрэнд хандаж нот бичиг явуулсныг мэднэ. Гэтэл үүнээс бүр өмнө 1912 оны эхний хагаст Богд хааны Засгийн газраас Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт хандаж нот бичиг явуулсан нь түүхэн баримтаар нотлогддог.

Харамсалтай нь хүрээнд байсан Оросын консулын газар Монголын Засгийн газраас Англид илгээсэн нот бичгийг дамжуулаагүй нь хожим тодорхой болсон.

Оскар Мамен энэ тухай “Рамстедтэй ярилцаж суухад Хайсан гүнтэй танилцах учрал тохиолоо. Ухаан төгс настан энэ завшааныг ашиглан Бээжин дэх Британийн төлөөлөгч, англи дэслэгчид захидал уламжилж өгөхийг биднээс найрсгаар хүслээ. Рамстед уг захидлыг англи хэлнээ хөрвүүлсэн” гэж бичсэн нь бий. Хайсан гүнгийн тэр захидал 1912 оны зургадугаар сарын 30 гэсэн огноотой, гарын тийз тамгатай байх бөгөөд уг захидлыг англи дэслэгч наймдугаар сарын 12-нд хүлээж авсан байдаг. Тэрээр захидлыг Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт танилцуулжээ. Тус газраас “Бээжингийн Засгийн газрын хардлагад өртөх эрсдэлтэй тул Хайсан гүнд хариу өгч болохгүй” хэмээн заавар өгч байж.

Түшмэл Хайсангийн захидалд Монгол улсын Богд хаант Засгийн газар, Монгол дахь Орос улсын нөлөөг тэнцвэржүүлэхийн тулд Англи зэрэг хүчирхэг улстай холбоо тогтоохыг хүсч байгаагаа тэмдэглэж тус улсын алтны баялаг нөөц ихтэй ордыг Английн компанид түрээслүүлэх сонирхолтойгоо уламжилсан байх юм.

Богд хаан: Нэгэнт тусгаар тогтносон улстөрийг танай ятгалгаар устгаж чадахгүй

Бас нэгэн түүх ярья. 1912 онд Богд хааны Засгийн газраас гадаад оронтой холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр байгуулах олон ажил хийсний нэг нь Жалханз хутагт Дамдинбазарыг Орос улсын Хиагт хотод зочноор илгээсэн байдаг. Жалханз хутагтын сойвонгийн бичсэн өдрийн тэмдэглэлд хутагтыг Хиагтад зочилсныг тодорхой тэмдэглэсэн ч зочлох болсон шалтгаан, очоод юу хийсэн зэргийг нарийн бичээгүй. Юутай ч хутагтыг Орост томилж оросуудын Монголын тухай бодол хийгээд, хил орчмын нөхцөл байдлыг тандуулсан нь лавтай.

Өөр нэгэн явдлыг сонирхуулъя. Бидний мэдэх Монгол, Оросын 1912 оны найрамдлын гэрээний дараа Богд хааны Засгийн газрын Гадаад яамнаас Франц, Белги, Англи, Япон, Герман, Америк, Дани, Голланд, Орос улсын Гадаад хэргийн яаманд нот бичиг илгээж тусгаар тогтнолоо зарласнаа онцолж, харилцаа холбоогоо бэхжүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн түүх бий. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн гарын үсэг бүхий монгол бичгээр бичсэн Япон Улсын Засгийн газарт хаягласан захидал франц орчуулгын хамт Японд хүрсэн байдаг. Тэр захидал эдүгээ Япон улсын Гадаад хэргийн яамны архивт хадгалагдаж байна.

Монгол улсын тусгаар тогтносон байдлыг үгүйсгэж удаа дараа шахалт үзүүлж байсан Хятад улсын удирдагчийн цахилгааны хариуд Богд хаанаас удаа дараа цахилгаан явуулсныг онцлох учиртай. Богд хаан эхлээд “Нэгэнт тусгаар тогтносон улстөрийг танай ятгалгаар устгаж чадахгүй” гэсэн цахилгаан явуулсан байдаг.

Удаах цахилгаандаа “Монгол энэ удаа журмыг үүсгэсэн нь язгуураас үндсээ батлан, шашнаа батлаж, харьяат газраа бүрэн бүтэн болгон батлахын санаа болой. Ер ойр горилох зүйл нь бүхий энэ бус. Мөн ч гажуу үгсэд баширлагдсан явдал бус. Лам би төрөлх хэдий ухаан үгүй боловч мөн аль улстай нөхөрлөх ёс нь тэнгэр дор цэнгэлдэх тэнгэрээс эмээхэд байхыг мэдмүй. Монгол Улсын хаан Жавзандамба лам ёслов. Хоёрдугаар он. Хоёр сарын 19” гэсэн нь бий.

Итгэлт хамба Богд хаанд баярын цахилгаан ирүүлж байжээ

Удаах нэгэн оролдлогыг ярья. Монголчууд Буриад руу явж Итгэлт хамбад мөргөдөг. Итгэлт хамба Дашдоржоос Богдод хаан сууринд заларсанд нь баярын цахилгаан ирүүлсэн тухай баримт бий. Итгэлт хамба Дашдорж баярын цахилгаан явуулах зөвшөөрөл авахаар Эрхүүгийн генерал губернаторт 1912 оны арванхоёрдугаар сарын 29-нд хандаж байж. Эрхүүгийн генерал губернатор Игорь Князов 1912 оны нэгдүгээр сарын 2-нд “Цахилгаан явуулж баяр хүргэж болно” гэсэн хариу өгсөн байх юм.

Уг цахилгаанд “Эрхэмсэг гэгээнтэн агуу Богд хаан танаа. Эзэн хааны зарлигаар Орос улсын дорнод Сибирийн бурханы шашинтнуудын оюун санааны удирдагчаар томилогдсон бандида хамба лам Дашдорж бээр хувиасаа болон бүх буриадуудын өмнөөс, өндөр гэгээний жинхэнэ хувилгаан дүр, шашныг мандуулагч хэмээн таныг үеэс үед шүтэж ирсэн бурханы шашинтнуудын нэрийн өмнөөс бидний цусан төрөл шашин нэгт монголчуудыг олон зуун жилийн хүнд бэрх Хятадын дарлалаас амжилттай салж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, эрхэмсэг монголчуудын эх орны дээд эзэн хааны өндөр ширээнд өргөмжилснийг тохиолдуулан эрхэмсэг гэгээнтэн танаа чин сэтгэлийн баяр хүргэе. Эрдэнэт алтан өлмий тань олон зуунаар өнө батжих болтугай. Түмэн овогтноо гэрэлт ирээдүйд хөтөлсөн дэлхий ертөнцийн агуу хүчирхэг эздийн нэгэн болсон манай баатар цагаан хаан Николай Александровичийн эелдэг мэргэн ивээлийг хүртэн сэргэн мандсан Монголын хаант улс нь амар амгалан хөгжин цэцэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн барья. Ийн баяр хүргэж ерөөл өргөхийг өөрийн ёс суртахууны үүрэг хэмээн үзэж байна. 1912 оны 12 дугаар сар. Галуут нуурын дацан. Дорнод Сибирийн ламын шашинтны бандид хамба лам Итгэлт” гэсэн байдаг.

Баяр хүргэсэн цахилгааных нь хариуд Богд хаан Итгэлт хамбыг Монгол улсын төрийн дээд шагнал “Эрдэнийн очир”-оор шагнаж байсан юм.

Оросын Засгийн газар: Япончууд та нар хүрээний хутагтад хариу өгвөл заавал бидэнд хэлэх ёстой

Монгол улсын эзэн Богд хаанаас Японы Цог жавхлант эрхэмсэг эзэн хаанд илгээсэн захидалтай холбоотой нэгэн түүх өгүүлье. 1913,1914 оны эхээр Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид хаант Орост айлчлахдаа нэлээд хэдэн зорилготой явж байж. Тэдгээр зорилгын нэг нь Богд хаанаас Англи, Япон зэрэг таван улсын тэргүүнд өргөн барьсан захидлыг уламжлах үүрэг багтсан гэдэг. Тэр захидлыг Оросын Гадаад хэргийн сайд 1914 оны эхээр авч байж. Эцэст нь Японы Гадаад яаманд уламжлах хэрэгтэй гэж шийдсэн байдаг юм.

Энэ захидлыг Оросын Засгийн газар Японы Засгийн газарт илгээхдээ “Хэрэв та нар хүрээний хутагтад хариу өгвөл заавал бидэнд хариу өгөх ёстой” гэсэн үгтэй нот дагалдуулсан байдаг. Энэ захидлыг өгөхдөө нэлээд олон зүйл бичсэн нь бий. Хүрээнд байсан Коростович гэхэд л “Монголчууд оросуудын зөвлөгөөг дагаагүй бөгөөд өөрийн дураар Япон болон бусад их гүрний тэргүүн нарт хандан Богдын нэрээр захидал бичжээ” гэж тодотгосон байх жишээний.

Энэ захидлыг аваад Японд суух Оросын элчин сайд, Японы гадаад хэргийн сайдын хооронд өрнөсөн яриа нэлээд сонин. Тэд хоёр удаа долоо хоногийн зайтай уулзсан хэмээдэг. Эцэст нь хутагтын захидлыг буцааж өгөх шийдэлд хүрсэн байдаг. “Задлахгүйгээр буцааж өглөө” гэсэн тайлбартайгаар.

Хутагтын бичгийг буцааж өглөө гэсэн агуулгатай мэдээ Японы хэвлэлд ч гарч байж. Энэ талаар Японы сурвалжлагч бичсэн байдаг л даа. “Хөөрхий Орос улсын Гадаад яамаар дамжуулж Японы эзэн хаанд илгээсэн хутагтын бичгийг Японы Засгийн газар хүлээж авахаас татгалзжээ. Ойрын өдрүүдэд уг захиа буцах төлөвтэй байна. Энэ бол Япон улсаас Монголыг доромжилсон хэрэг бөгөөд Монголын Засгийн газрын хувьд нүүрээ алдсан хэрэг юм. Иймийн учир энэ эрхэм улсыг өрөвдөж байна” гэж бичсэн нь бий.

Үнэхээр ч Япон улсын Гадаад хэргийн сайд улсад нь суух Оросын элчин сайдад захидлыг битүүмжилсэн хэвээр буцааж өгсөн. Орост байсан Ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдөд уг захидлыг олж авахыг даалгасан байдаг. Уг захидлыг олж аваад япон болгосон хувь нь Япон улсын архивт байна. Ноорог эх нь Монголын архивт ч бий. Оросын архивт мөн байгаа.

Энэ гурван эрхийг харгуулаад Богд хаанаас Японы эзэн хаанд илгээсэн захидлыг бүрэн бүтэн болгосноо бүрэн эхээр нь биш тоймлож хэлье. Товчхондоо Монгол улс тусгаар тогтносон, тийм учир харилцаа тогтооё, манай Өвөр Монгол Хятадтай хил залгаа орших бөгөөд маш их хохирол амссаар байна, Хятадын цэрэг Өвөр Монголд түрэмгийлэн орж сүм хийдийг түймэрдэн устгаж, хэнийг ч ялгалгүй халдаж тонон дээрэмдэж байна, иймийн учир хамгаалалдаа аваач ээ гэсэн агуулга бүхий захидал байсан юм.

Захидлыг буцааж өгснөөр асуудал дуусаагүй. Японы архивт байгаа баримтыг үзвэл захидлын мөрөөр Японы Гадаад хэргийн сайдаас Бээжинд байсан төлөөлөгчдөө явуулсан нууц цахилгаандаа “Хүрээний Засгийн газраас захидал занаа ирэв үү, ямар агуулгатай хариу өгөхийг нь мэд” гэсэн байдаг. Мөн адил агуулгатай захиаг Англи, Америк, Франц, Герман зэрэг улсад илгээсэн баримт нь бий. “Танай улсад хүрээний хутагтаас захидал ирсэн үү. Ямар хариу өгөх гэж байна вэ” гэсэн утгатай захидлыг тус улсуудад Японоос илгээсэн байдаг.

2014 оны эхний зургаан сарын дотор Америкийн департамент Богд хааны Засгийн газрыг хэлэлцсэн байдаг. Тэд Японы илгээсэн захидлын хариуд “Бид захиа авсан, хариуг Бээжингийн Засгийн газарт өгнө” гэсэн хариу хэлж байж. Францын Засгийн газар “Бидний хувьд Монголд ямар нэгэн эрх ашиг байхгүй” гэсэн бол Германы Засгийн газар “Монголд манай эрх ашиг байгаа. Бид хариу өгнө. Гэхдээ бусад улс ямар хариу өгөхийг хүлээж сууна” гэсэн байдаг.

Энэ бүхнээс харахад Монгол тусгаар тогтносон талаарх мэдээг агуулсан Богд хааны захиа дэлхийн их гүрнүүдийн чихэнд хүрсэн нь тодорхой байна. Их гүрнүүдийн парламент энэ талаар хэлэлцсэн нь, өөр хоорондоо санал солилцсон нь ч тодорхой байна. Өмнөх түүхэнд бол эдгээр гүрэн Богд хааны Засгийн газраас илгээсэн захидалд ямар ч хариу өгөөгүй, тодорхой үр дүнд хүрээгүй гэж үзэж байсан. Тэр бүхэн худал байж гэдгийг эдгээр баримт гэрчилж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img