2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

Өөрт тохиосон зовлонгоос бусдыг хамгаалахын тулд ганцаар уул нүхлэж, зам гаргасан эр

Энэ дэлхий ертөнц дээр гайхалтай хүмүүс олон. Хэн нэгэн нь өдөр бүр олон хүний амийг аварч, өөр нэгэн нь ганцаараа ой ургуулж, нөгөө нь ганцаараа уул нүхлэнэ. Чухамхүү ганцаар уул нураан, зам гаргасан эрийн тухай түүхийг өнөөдөр сонирхуулж байна.

Энэ түүх Энэтхэгт болсон юм. 1934 онд Энэтхэгийн ядуу гэр бүлд нэгэн хүү төрсөн нь хожим нь улс орон даяараа алдарших хувьтай нэгэн байж.

Хүүг Дашратх Манджхи хэмээн нэрлэсэн бөгөөд тэрээр бүхий л насаараа Гая хотоос холгүйхэн орших төрөлх тосгондоо амьдарчээ. Энэ тосгонд доод кастынхан амьдарч байсны дээр энд хүмүүс тааламжтай амьдрах ямар ч нөхцөл бүрдээгүй, тэр бүү хэл эмнэлэг ч байдаггүй байж.

Эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүс ойрын хот руу 70 км явж хүрэх шаардлагатай. Тосгоныг хоттой холбосон шууд зам байхгүй, гагцхүү энэ хоёр суурин газрын дунд орших том уулыг тойрон явах шаардлагатай байсны улмаас хүмүүс ийнхүү хол замыг туулахаас аргагүй байжээ. Ингээд л хүмүүс уулыг тойрон явна, урт удаан, амаргүй замаар.

Ингээд нэгэнтээ Дашратхын эхнэр, үзэсгэлэнт Фалгуни Деви уулын орой руу авирахаар болж. Гэвч харамсалтай нь бүдэрч, уулнаас унахдаа ноцтой гэмтэл авсан байна. Тосгонд нь эмч байхгүй, эмнэлэгт хүргэхэд хол ам туулдаг тул бүсгүй эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Бүсгүй 30 нас ч хүрээгүй байсан гэдэг.

gadaad medee

Уй гашууд автсан Дашратх Манджхи тосгоноос нь дахиж хэн ч хөөрхий эхнэртэй нь адил, урт зам туулж чадалгүй амиа алдах ёсгүй гэж өөртөө тангаргалав.

Ингээд тэрээр тосгон, хотыг зааглаж буй саадыг үгүй болгохоор шийдэв. Эрх баригчдад хандлаа, гэвч засгийн газраас зам барихаас татгалзсан хариу авсны дараа 1960 онд Дашратх дөт зам гаргахын тулд шаардлагатай багаж хэрэгсэл аван уул руу явжээ.

Бэлэвсэн эр өдөр бүр ажилдаа явж байгаа мэт уул руу явж, уул хад нураан, чулуу зайлуулж байв. Тосгоны олон хүн түүнийг “галзуурсан” хэмээн шоолж, харин нутгийн эрх баригчид энэ хүнд хүчир хөдөлмөрт өчүүхэн ч атугай дэмжлэг үзүүлсэнгүй.

Ямар ч техникгүй, хүрз жоотуу төдийнхнөөр зэвсэглэсэн Дашратх уул нүхлэнэ гэдэг бүтэшгүй санаа мэт. Гэвч Дашратх ажлаа эхэлснээс хойш 22 жилийн дараа зорилгодоо хүрэв. Тэр 110 метр урт, 9.1 метр өргөн, 7.6 метр өндөртэй зурвас хэсэг гаргав. Ийм зам гаргасны дараа хот, тосгоны хоорондох замын урт ердөө хэдхэн километр болж богиносжээ.

Үүний дараа Энэтхэг даяар Дашратх Манджхигийн талаар алдаршив, хүмүүс түүнийг “уулын хүн” хэмээн нэрлэх боллоо. Гэсэн ч амьд ахуйд нь эрх баригчид түүний гавьяаг үнэлсэнгүй. Дашратх 2007 оны наймдугаар сард хорт хавдрын улмаас таалал төгсжээ. Түүнийг бие барсны дараа л эрх баригчид аугаа үйлийг нь үнэлж, нүсэр, ёслол төгөлдөр оршуулгын ажил зохион байгуулсан байна. Түүнчлэн энэ зам дээр ёслолын хаалга байгуулжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img