2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Д.Нямсамбуу: Бусдын юм руу довтлох тусам өөрийн чинь юмс улам эмзэг болдог

Гавж Д.Нямсамбуугийн лекцээс ёс зүйн тухай хэсгийг нь тоймлон хүргэе.

Хүмүүс яагаад бие биенээ хүндлэх ёстойг ямар ч далдын хүчний оролцоогүйгээр, шүтэн барилдлага, зүй тогтлын үүднээс тайлбарладаг ухааныг бурханы шашны ёс зүй гээд байгаа юм. Хүмүүс бие биенээсээ харилцан хамааралтай учраас бие биенээ хүндлэх ёстой. Заавал намайг хүндэл гэж байгаа хэрэг биш л дээ, ерөөсөө л хүн оршин тогтнохын тулд биенээ хүндлэх учиртай. Туул гол руу яагаад бохир хог хаягдал хийж болохгүй вэ гэсэн асуулт тавиад харъя. Далдын хүч хараад уурлана гэсэндээ биш. Чи өөрөө Туул голоосоо уудаг гэх утга л ард нь бий.

Модны мөчир хугалж болохгүйн шалтгаан нь тэр мөчир чиний амьсгалж яваа агаарыг цэвэрлэдэг учраас тэр. Дийлэнх шашинд ёс зүйн үүрэг хариуцлагыг тэнгэр бурханаас хүнд өгсөн хэм хэмжээ гэж тайлбарладаг. Харин Бурханы шашны хувьд ёс зүй гэдэг бол хүний нийгмийн болоод ер хэний ч өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. Дахиад хэлэхэд би өөрөө бүхнээс хамааралтайд хамаг учир нь байгаа хэрэг.

Би л гоё байвал гэсэн бодол хүмүүст байдаг. Ингээд харахаар хүмүүс ёс зүйг сурдаг байхаас аргагүй юм л даа. Бие биеэ хүндлэнэ гэдгийг ухаарахыг бид сурдаг, хүмүүждэг гэсэн үг. Аав, ээжүүд хүүхдэдээ хулгай хийж болохгүйг сургаж ойлгуулах ёстой гэсэн үг. “Чиний тоглоомыг чинь хүн аваад явчихвал муухай шүү дээ. Чи хэн нэг хүүхдийн тоглоомыг авчихвал тэр хүүхдэд яг чам шиг муухай санагдана. Тэгэхээр миний хүү найзуудынхаа тоглоомыг булааж авч болохгүй байгаа биз” гэх мэтээр сургах учиртай.

Бусдын юм руу довтлох тусам өөрийн чинь юмс улам эмзэг болоод байна гэсэн үг. Нийгэм тэр чигтээ ширэнгийн хууль руу дөхөж очих аюултай. Миний юмыг хүн авах ёсгүй тийм харилцааг оршин байлгахын тулд би өөрөө бусдын юмыг авахгүй байх ёстой юм. Нөгөө л зүй тогтол, өнөө л харилцаа хамаарал…

Зам харилцаа гэх мэтээр материаллаг баялаг бүтээх тухай ярьдаг. Зөв, тэгэхээс аргагүй. Гэхдээ бүхний суурь хөшүүрэг нь яг юу байх ёстой юм бол? Эхлээд баян болчихоод дараа нь ёс зүйтэй болох юм уу. Эсвэл ёс зүйтэй болчихоод баян болох учиртай юу?

Хэдэн жилийн дараа Улаанбаатар хот жигтэйхэн хөгжчихлөө гэж төсөөлье. Зам харилцаа, хот барилга нь асуудалгүй хөгжсөн тэр гоё хотод хүмүүс нь бие биенээ хүндэлдэг, найрсаг сайхан байгаасай. Тэгэхгүй бол дэлхийн метрополис хотуудад байдаг нөгөө л хүйтэн, олон хүн үрэгдэж гишгэгддэг, үл тоомсорлогддог орчин ноёлсон хүйтэн хот байх болно. Миний үр хүүхэд дулаахан орчинд амьдраасай гэж би хүсдэг. Хүмүүс нь гудамдаа хог хаядаггүй, нэг нэгнээ дээрэмдэж хохироодоггүй тийм амгалан хотын гудамжаар тайван алхаасай гэж хүсдэг. Ийм болохын тулд хүмүүст оюундаа хог хаяж болохгүй гэх сэтгэлгээг бий болгох ёстой.

Өнөөдөр болохгүй байгаа бүх зүйл ёс зүйтэй нэн холбоотой. Замын хөдөлгөөнд оролцож буй байдлаас эхлээд авлига хээл хахуул хүртэл бүх л асуудал ёс зүйтэй хамаатай. Бид “Монголчууд тэнгэрээс заяат ард түмэн” гэж цээжээ дэлддэг хэрнээ гудамдаа бие биенээ алчих гээд байдаг. Зам дээр машин барьж явахдаа жаахан асуудал гарангуут л юу юуны туханд хүрэлгүй биенээ гүйцэж түрүүлээд “Үзэх үү, алах уу” болоод явчихдаг. Монгол хүн монгол хүнээ алчих гээд байдаг шүү, та минь. Тийм л хүлээцгүй, тийм л тайван бус, харгис хэрцгий байна, бид. Ер нь замын хөдөлгөөнөөс эхлээд бүх асуудал эцэст нь хувь хүний ёс зүйд тулдаг.

Монголд хүн үнэтэй утас гудамжнаас оллоо гэж бодъё. Өгөх магадлал маш бага. Зуун хүний 99 нь алгаа ташаад өөртөө авах магадлал их. Гэтэл нөгөө талд утсаа алга болгосон хүнд ямар шаналал, харуусал төрөх вэ. Тэр харууслыг монгол хүн монгол хүндээ өгчихөж байгаа хэрэг. Авлига муухай гэж бид үзэн яддаг.

Гар утас гудамжнаас олоод баярлаж зогсоо хүнд 100 сая төгрөгийн авлига амлавал алгаа ташаад л авна. Өөрөөр хэлбэл авлига хээл хахуулийг хэдхэн хүн хийгээд байгаа хэрэг биш. Бидний хэн ч очсон авлига авахад бэлэн ёс зүйтэй байна л гэсэн үг.

Авлигаас салалгүйгээр Монгол улс хөгжинө гэхэд бэрх. Бүх л төвшинд хөгжлийг чөдөрлөж тушдаг айхавтар зүйл. Зөв зүйтэйг хийх үнэлэмж хүний дотроос төрөх учиртай. Хүний амьдралын харгуй түмэн янз. Хэзээ нэг өдөр албан тушаал, эрх мэдэлд хүрсэн үед чинь хэн нэгэн хүн авлига өгөх гээд ирвэл “Би авахгүй” гэж татгалзах ёс зүйн босго байх хэрэгтэй юм. Ингэж хэлж чадахын тулд ёс зүй гэдгийг хөгжүүлсэн байх хэрэгтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img