2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Үнэрээрээ “урхидагч” далийн ягаан цэцгийн 8 баримт

Яг өдийд монголчууд далийн ягаан цэцгэнд суухаар үнэр анхилам энэ цэцэгсийн ургасан газруудыг зорьдог. Монгол оронд эхэлж цэцэглэдэг таван зүйлийн нэг далийн ягааныг хүмүүс “Бие махбодыг тайвшруулж, ядаргаа тайлдаг. Дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, толгойн өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, алжаал тайлах ач тустай” гэж өөр зуураа ярьцгаадаг. “Далийн ягаан цэцгэн дунд багахан хугацаанд байх нь байгалийн асар хүчтэй бясалгалд суулаа гэсэн үг” хэмээх зүйрлэл ч дуулддаг. Үнэрээрээ хүний мэдрэлийн ядаргааг сэргээж өгдөг эмчилгээний чанартай хэмээгддэг энэ цэцгийг хоруу чанарын тухай ч цөөнгүй сэрэмжлүүлэг бий. Даль модны ягаан цэцгийн тухай 8 баримтыг хүргэе.

  • Азийн орнуудад голчлон ургадаг. Хаврын сүүлчээр цэцэглэдэг энэ цэцэг ягаан, нил ягаан, шар, цагаан гээд олон өнгөтэй. Латин нэршил нь Rhododendron dauricum. Далийн ягаан цэцэг Хөвсгөл, Хан-Хэнтий, Хорьдол сарьдагийн уулсаар тархан ургадаг аж.
  • “Монгол орны эмийн ургамлыг өрнө, дорнын анагаах ухаанд хэрэглэхүй” номонд далийн ягаан цэцгийн тухай дурдсан нь бий. Далийн ягаан цэцгийн Монголд ургадаг төрлийн нэршил нь дагуур тэрэлж аж. Төвд нэршил нь Даль нагво юм байна. Далийн ягааны мөчир, навч, цэцгийг эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Тус номд “Ургамлын эрхтэн хэсэгт эфирийн тос, дитерпенойд андромедотоксин, C амин дэм, фенол гидрохенон, фенолкарбоны хүчлүүд, тритерпенойд, аргаах бодисууд, флавонойд, гетероциклик, хүчилтөрөгч агуулсан нэгдлүүд агуулагдана” хэмээн онцолжээ.
  • Төвд эмнэлэгт энэ цэцгийн навчны хандыг ходоод гэдэсний үрэвслийн үед амаар уулгахаас гадна ванн бэлтгэн эмэгтэйчүүдийн өвчнүүд, хэрэх үрэвслийн үед өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг байна. Далийн ягаан цэцгийн мөчрийн хувьд архинд бэлтгэсэн идээшмэл хандыг нь олон өвчний эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Хэрэх үрэсвэл, ходоод гэдэсний өвчнүүд, сүрьеэ, тэмбүү, дотор цус алдалт, хөхний хорт хавдар зэрэг өвчний үед уулгахаас гадна ванн бэлтгэн нурууны мэдрэлийн судлын үрэвсэл, үеийн үрэвсэл, үед давс хуримтлагдах үед дүрэх, орох байдлаар хэрэглэдэг юм байна. Харин навчных нь хандаар ванн бэлтгэн нурууны мэдрэлийн судлын үрэвсэл, тулай, хөлдөлт, арьсны сүрьеэ өвчний үед хэрэглэдэг гэнэ. Навчных нь энгийн болон идээшмэл хандыг төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сулруулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, титэм судсыг өргөсгөх, тараагуурын даралтыг бууруулах, шээс хөөх зорилгоор хэрэглэдэг аж. Хүнд уулгах тунг нь ч төвд эмнэлэгт нарийн тогтоож өгчээ. Навчны хатаасан, жижиглэсэн хэсгээс амны том халбаганы хэмжээтэйг авч 200 мл орчим усанд хольж хутган 4-5 минут буцалгасны дараа нэг цагийн турш идээшүүлнэ. Ингэсний эцэст хандаа шүүж, 70 мл-аар өдөрт гурван удаа ходоод, нарийн ба бүдүүн гэдэсний үрэвслүүд, шээс хөөх зорилгоор уулгадаг байна. Далийн ягаан цэцгэнд сууж, үнэрээр нь элдэв өвчнөө анагаах тухай ямар нэгэн мэдээлэл анагаах ухааны ном, бичигээс олж харсангүй.
  • Орос ардын эмнэлэгт энэ цэцгийн мөчрийн энгийн ба чанамал хандыг зүрхний үйл ажиллагаа сайжруулах, шээс хөөх, татаж унах, толгойн өвчин, нойр муудах, үеэр өвдөх, тулай, салхинд цохиулах, хөлөргөх, нян устгах, цусан суулга, бүдүүн гэдэсний архаг болон цочмог үрэвсэл, дотуур эрхтний цус алдалт, эмэгтэйчүүдийн өвчний үед уулгаж эмчилдэг байна.

Daliiu yagaan

  • Далийн ягаан цэцгийн анхилуун үнэрт дурлан уг цэцгэнд суух хүмүүс олон. Энэ талаар ургамал судлаач н.Бат-Өлзий “Манайд хоёр төрлийн даль ургадаг. Хотын ойр орчмоор ургаж байгаа нь дагуур тэрэлж. Урт том ягаан цэцэгтэй, метр гаруй өндөр ургадаг бутлаг ургамал. Бургас шиг гэсэн үг. Хавар навчнаасаа түрүүлээд цэцэг нь гарч ирдэг. Ялгарч байгаа гоё үнэр нь химийн эмчилгээнд явж ядарсан, алжааж ядарсан хүмүүсийг тайвшруулдаг, товчхондоо зүрхний пульсийг нэмэгдүүлж өгдөг үйлчилгээтэй. Харшилтай хүмүүс болгоомжтой хандах хэрэгтэй. Хангай тал руугаа, өндөрлөг газарт намхан даль ургана. Цайвар ягаан цэцэг гарна. Үнэр нь их хурц. Хотын ойр орчмын дагуур тэрэлжийн хувьд дөрөвдүгээр сарын дундаас тавдугаар сарын эх гэхэд ургачихдаг. Хангай газар, өндөрлөгт ургадаг цайвар ягаан далийг арцтай хольж утлага хэлбэрээр ашигладаг. Нян, вирус устгах зорилгоор хэрэглэдэг гэсэн үг” хэмээн онцолжээ.
  • Далийн ягаан цэцгийг эмчилгээнд хэрхэн ашигладаг талаар өмнө өгүүлсэн. Одоо хоруу чанарыг нь онцолъё. Энэ цэцэг андромедотоксин, граянотоксин, родотоксин хэмээх хортой бодисыг агуулах бөгөөд нэлээд хэмжээ нь навчинд нь агуулагддаг аж. Мал амьтад энэ ургамлыг идсэн тохиолдолд бөөлжих, зүрхний цохилт удаашрах, ухаан алдах, хамаг бие нь сульдах, амьсгалахад хэцүү болох, тэнцвэрээ алдах, шүлс ялгаралт ихсэх зэрэг үндсэн шинж тэмдэг илэрдэг байна.
  • Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ботаникийн цэцэрлэгийн дендрологич Ж.Жавхлантөгс “Далийн ягаан бол эфирийн тост ургамал. Агаар цэвэршүүлэх, тухайн орчиндоо байгаа нянг устгах үйлчилгээтэй бодис ялгаруулдаг. Агаарын бохирдол ихтэй ийм нөхцөлд нийслэлчүүд очиж суух нь буруу биш. Гэхдээ удаан хугацаанд суувал хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий” гэж онцолж байв.
  • Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум тавдугаар сарын эхээр Далийн баяр гэж тэмдэглэдэг. Энэ оны Далийн баяр өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд тохиож байгаа аж. Жуулчдыг татах зорилготой энэ баяр 12 жилдээ зохиогдож байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img