2024-07-22, Даваа
16 C
Ulaanbaatar

Чарли Чаплины амьдралын таван дүрэм

1977 арванхоёрдугаар сарын 25-нд нэг ч үг хэлэхгүй хэрнээ үйл хөдлөлөөрөө хүмүүсийг инээлгэдэг байсан алдарт жүжигчин Чарли Чаплин нас барсан билээ. Түүний бүтээсэн “бяцхан тэнүүлчин”-ий дүрийг бараг хүн бүр мэдэх ч дэлгэцний цаана бодит амьдралдаа ямар хүн байсныг нь тэгтлээ мэдэхгүй. Чарли Чаплины амьдралын таван дүрмийг ийн хүргэе.

Дүрэм 1. Үнэ цэнээ мэд
Нью Йорк, 1913 он.

Тээр жилийн долдугаар сарын ердийн нэг зуны өдөр Нью Йоркийн Бродвейд 24 настай Чарли Чаплин Их Британийн Фред Карногийн хошин шогийн бүлгийн гишүүний хувьд концертэд оролцжээ. Тэгэхэд Нью Йоркийн юунд ч бараг мушийхаа больсон иргэдийг хэн гээч Хаммерштейний Мюзик-холлын үүдэнд инээмсэглүүлэх бус бүр элэг татталаа инээлгэхэд хүргэснийг “New York Motion Picture Company” (хожим “Universal Pictures”) кино студийн үүсгэн байгуулагч Адам Кессел сонирхсон аж. Ийнхүү бизнесийн мэдрэмжтэй тэрээр Чарли Чаплины уран чадварыг үнэлээд эд хөрөнгөө нэлээд арвижуулах дажгүй боломж нээсэн гэдэг.

Туршлагатай продюсер Адам Кессел хэн ч мэдэхгүй залуухан жүжигчин Чарли Чаплинд долоо хоногийн 75 долларын цалин санал болгосон ч нөгөөх нь хүлээн аваагүй аж. Чарли Чаплин продюсерууд жүжигчдийн тоглолтоор хэдийг олдгийг угаасаа мэдсэн байж л. Иймд өөрийнхөө авьяас чадварт бүрэн итгэлтэй тэрээр Адам Кесселд “Үгүй” гэж хэлээд мөнөөх студийн дараах захирал Чарльз Бауманнд долоо хоногийн 150 доллараар зүтгэх болжээ.

Угаасаа Чарли Чаплин мөнгө түүнд ямар чухлыг нэг бус удаа хэлж байсан. Үүгээрээ одоогийн саятан жүжигчдийг бүтээсэн ч гэлтэй. Тэрээр нэгэнтээ, “Би кино урлагт мөнгө олох гэж л ирсэн. Түүнээс л миний уран бүтээл ундарсан” гэжээ.

Чарли ЧаплинДүрэм 2. Сэтгэ, сэтгэ, бас дахин сэтгэ
Лос Анжелес, 1914.

1914 онд Чарли Чаплин анх алдарт тэнүүлчнийхээ дүрд тоглоод түүнээсээ бараг 20 жил салаагүй. Тэр л дүр түүнийг киноны оргилд хүргэсэн. Гэхдээ тэрхүү дүр огт санамсаргүй үүссэн гэмээр. Богино хэмжээний “Мэйблийн маш хүнд байдал” хэмээх киноны зураг авалтын үеэр найруулагч эмэгтэй нь түүнийг зохих дүрд орж хувцасла гэж л дээ. Манай хүн хувцасны тасалгаанд орохдоо, “Би тэгэхэд л ямар дүртэй байх аа шийдсэн. Шуудайрхуу өмд, дэндүү уртадсан гутал, бариу хүрэм, “дерби” малгай дээр таяг тулахад л дүр минь бүрдсэн гэж бодсон доо. Үнэхээр ч тэгсэн” гэж дурдсан нь бий.

Үүнээс гадна киноны продюсер Мак Сеннетийн “овортой харагдах ёстой” гэсэн зөвлөмжийн дагуу жижигхэн хиймэл сахал зүйжээ. Энэ л дүрээрээ Чарли Чаплин дэлхийн үзэгч бүрт хүрсэн билээ. Түүний үеийн тэргүүний киношүүмжлэгчдийн нэг Теодор Хафф бичихдээ, “Чарли Чаплин дүрийнхээ ерөнхий зохиолыг уншингуутаа зураг авалтын талбарт шууд л өөрийнхөөрөө жүжиглэдэг нь гайхалтайгаас дээр, тааруухан зохиолыг хэд дахин илүү үзүүштэй болгодог” гэжээ.

Тэрээр үнэхээр л импровизац хийж тэр даруй газар дээр нь уран сэтгэж чаддаг жүжигчин байв. Өөрийнхөө тоглосон бараг бүх киног нарийвчлан бодож боловсруулсан зохиолгүй эхлээд үйл явдлын өрнөлийг зураг авалтын үеэр л үйлдлээрээ зохиодог байсан гэдэг.

Нэг үйлдлийн зураг авалтыг тэрээр хэдэн арван удаа авахаас гар татдаггүй байж. Тэр бүхнээс хамгийн амьд, амьдралд тохиолдож болохуйц инээдтэй кадруудыг л сонгон авдаг байсан гэнэ лээ. Тэдгээр нь хүн бүхнийг гайхшруулан инээлгэх увдистайг хэлэх үү. Үүний тулд Чарли Чаплин өчүүхэн ганц үйл явдлын зураг авалтыг хэдэн долоо хоногоор дахин дахин авсан тохиолдол цөөнгүй. Жишээ нь, “Том хотын гэрэл” киноны автомашины хаалгыг хаадаг хэсэг байна.

Дүрэм 3. Ямар ч аргаар хамаагүй хэвлэл мэдээллийнхнээс хол бай
Лос Анжелес, 1924 он.

Чарли Чаплин

Чарли Чаплин хоёр дахь бүрэн хэмжээний киноны зураг авалтдаа маш сайн бэлдэн зохиолыг нь урьдчилан бэлдээд алт хайгчдын дүрд 2500 гэр оронгүй хүмүүсийг хөлсөлжээ. Үүнээс гадна хасах 20 хэмийн тэсгим хүйтэнд ч хэдхэн секунд үргэлжлэх богинохон хэсгийн зураг авалтыг олон удаа давтахдаа хатгаа авч байсан удаатай.

“Алтны солиорол” нэртэй тэр киноныхоо гол дүрд 16 настай Лита Грейг сонгосондоо хожим тэрээр ихэд харамсахад хүрсэн. Лита Грейн эцэг эх нь насанд хүрээгүй охиноо 35 настай Чарли Чаплинаас жирэмсэлснийг мэдээд гэрлэхгүй л юм бол шүүхдэнэ гэж сүрдүүлсэн аж. Шоронд суухаас, мөн хэвлэл мэдээллээр дуулиан дэгдэхээс сэргийлэхийн тулд алдарт жүжигчин аргагүйн эрхэнд тэрхүү болзлыг хүлээн авчээ.

Тэрээр Лита Грейтэй нууцаар Мексикт гэрлэсэн байна. Гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлахдаа нэрт жүжигчин далдуур явалддаг байсан мэдээллийг ил болгохгүйн тулд экс-эхнэртээ нэмж 700 мянган төлжээ. Тэр үед АНУ-ын багш нар жилд 970 доллар авдаг байсан гэхээр ямар их баян байсан нь ойлгомжтой болно.

Дүрэм 4. Ямар ч юмны аргыг олохыг хичээ
Лос Анжелес, 1927.

Чарли Чаплин

“Los Angeles Evening Herald” сонинд 1927 оны нэгдүгээр сарын 17-нд “Чарли Чаплин АНУ-д нэг сая зуун мянган долларын татвараа төл” гэсэн гарчигтай дуулиант нийтлэл гарчээ. Үнэхээр ч 26-хан настайдаа Чарли Чаплин “Mutual” кино компанитай жилийн 670 мянган долларын гэрээ байгуулсан ч татвараас аль болох бултахыг эрмэлздэг байсан гэнэ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн жилийн цалин 75 мянган доллар байсан гэхээр хэр их мөнгө авдаг байсан нь тодорхой.

Алдарт жүжигчин АНУ-д 40 жил амьдарсан ч тус улсын иргэн болоогүй. Тэгсэн хэдий ч Холливудын тэргүүлэх кино компаниудтай он удаан жил үр бүтээлтэй хамтран ажиллажээ.

Чарли Чаплины АНУ дахь карьерын эхэн үед санхүүгийн асуудлыг түүний дүү Сидни хариуцан тайлан тооцоог нь гүйцэтгэн нэрийнх нь өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгийг нь элдэв санхүүжилтэд хуваарилдаг байжээ. Тэгтэл АНУ-ын татварын алба од жүжигчний дансуудыг нягтлан шалган сая гаруй долларын татвар дутуу төлснийг илрүүлсэн аж. Өмгөөлөгчдийнх нь хүчин чармайлт талаар болж тэрээр АНУ-ын Засгийн газарт сая доллар төлөхөд хүрсэн гэдэг. Тэр үед Чарли Чаплины хөрөнгө 16 сая долларт хүрсэн байв. Өнөөгийн ханшаар бол тэрбум гаруй доллар.

Дүрэм 5. Эзэрхэж, бас эзэрхүүлж хэзээ ч болохгүй
Бакинхемшир, 1967.

Чарли Чаплин

Сүүлийнхээ буюу анхны өнгөт инээдмийн “Хонгкогийн язгууртан эмэгтэй” киногоо хийхдээ Чарли Чаплин Софи Лорен, Марлон Брандо гээд тухайн үеийн кино урлагийн тэргүүлэх жүжигчдийг урьжээ. Тэрээр Марлон Брандогийн эсэргүү занг бодолцоогүй гэлтэй. Зураг авалтын эхний өдөр зураг авалтын бүх баг цагтаа ирсэн ч Марлон Брандо бүтэн нэг цагаар хоцорчээ.

Чарли ЧаплинЧарли Чаплин үүнийг өөрийг нь шууд доромжилсон хэрэг гэж үзэн Марлон Брандог ирэхэд, “Муу новш минь, аан гэж бай! Чи одоо эхний онгоцоор тэр Америкийн Холливуд гээч рүү явж болно шүү. Чамайг тэнд даанч хэн тоох вэ дээ. Чарли Чаплины киноноос хөөгдсөн хүнийг тэнд үнэндээ голно. Иймд би чамайг зураг авалт дээр өглөө бүр 8.30-д хүлээж байя” гэхэд өнөөх нь дуулгавартай нь аргагүй сахилга баттайгаар зураг авалтын дэглэмийг баримталжээ.

Алдарт жүжигчин Марлон Брандо хожим хойно бичсэн дурсамж номдоо, “Чарли Чаплин бол миний амьдралд таарсан хамгийн дарангуй садист хүн” гэж бичсэн нь бий. Угаасаа Чарли Чаплин найруулагч болсныхоо дараа зураг авалтын талбайд хүн бүхнээс үг бүрийг нь дагахыг шаарддаг байжээ. Түүний толгойдоо төсөөлсөн бүхнийг бүтээхэд жүжигчид, зураглаачид, бүр нүүр хувиргагчид хүртэл үг бүрийг нь дагадаг байсан аж.

Хэдий тийм ч ажлынхаа үеэр дарангуй тэрээр үдэшлэгт очвол түүн шиг найрсаг хүн байдаггүй байсан гэдэг. Гэхдээ Чарли Чаплин шөнийн цэнгээний газруудад угаасаа дургүй, дээр нь ном уншихдаа бүхнийг мартдаг байсан тул тэр бүр үдэшлэгт очдоггүй байжээ.

Эх сурвалж: Правила жизни сэтгүүл

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img