2024-10-10, Пүрэв
-8 C
Ulaanbaatar

Бусдын амийг аварч, карьераа орхисон тамирчин буюу Шаварш Карапетяны гурван гавьяа

Зөвлөлтийн тамирчин Шаварш Карапетян Европын аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон алтан медаль хүртэж, 11 удаа дэлхий дээд амжилт тогтоосон усанд сэлэлтийн тамирчин гэдгээрээ төдийгүй олон хүний амийг аварсан гэдгээрээ түүхэнд бичигдсэн хүн. Тэр хосгүй гавьяа байгуулах тавилантай хүн гэдгээрээ алдартай.

Багаасаа уснаас айдаг Шаварш

Шаварш Карапетяны гэр бүлд ээж нь онцгой үүрэг гүйцэтгэдэг байв. Ээж нь ухаантай, чанга хатуу, шаардлага өндөртэй, гурван хүүгээ хийсэн алхам бүрийнхээ төлөө хариуцлага хүлээж чаддаг байхыг сургажээ. Ийнхүү хөвгүүдээ сургахдаа том хүү болох Шаваршаар үргэлж жишээ татдаг байв.

Өмнө нь тамирчин байсан аав нь дунд хүү Грантыг хосгүй тамирчин болгох мөрөөдөлтэй байсан ч энэ хүсэл нь биелсэнгүй. Харин гимнастикийн спортод Шаварш өндрөөрөө тэнцээгүй гэдэг. Үүнд ихэд гутарсан Шаварш эцэг эхийнхээ зөвлөгөөг даган усанд сэлэлтээр хичээллэж эхэлжээ.

Анхны хичээлдээ очиход ихэд айж сандарч байсан гэдэг. Тэр багаасаа л уснаас айдаг байж.

Амжилт, нэр хүнд

Шаварш төрөлхийн л хичээл зүтгэлтэй, тавьсан зорилгодоо хүрч чаддаг нэгэн байв. Ингээд анх усанд сэлэлтээр хичээллэж эхэлснээсээ хойш хэдэн жилийн дараа тэр энэ спортдоо ихээхэн амжилтад хүрчээ.

Анх ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээн болон Европын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж өөрийгөө харуулав. Зөвлөлтийн шигшээ багт түүнтэй эн зэрэгцэх хүн байсангүй.

Гэхдээ энэ их амжилтад хүрэхийн тулд тэр асар их хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж байв. Тухайлбал, 10 өдрийн хугацаанд 25 кг жинтэй үүргэвч үүрч, 300 км зам туулан гүйдэг байлаа. Шаваршийн бүхий л бэлтгэл хүний бие организмын тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг олж тогтооход чиглэгдсэн гэмээр.

Тэр ядрахыг мэддэггүй, шөнө дунд хүртэл бэлтгэл хийдэг байсан бөгөөд туршлагатай мэргэжилтнүүд ч түүний энэ тэсвэр хатуужлыг хараад ихэд гайхширдаг байв.

Эхний гавьяа

Шаварш Карапетян

1974 оны нэгдүгээр сарын наймны өдөр Шаварш Карапетян Ереван орох автобусанд суужээ. Цакхадзор спортын баазад хийсэн хүнд бэлтгэлийн дараа гэрийнхэнтэйгээ уулзаж амрахын тулд гэр рүүгээ яарсан нь энэ.

Автобусанд 30 гаруй зорчигч явж байлаа. Гэнэт л өгсүүр газарт жолооч гэнэт тормозлов. Тухайн үед автобусны мотор доголдож, харин жолооч шалгахаар автобуснаас буужээ. Энэ нь жолоочийн хувьд тун хайнга, аймшигтай алдаа байлаа. Жолооч буухдаа автобусны гар тормозыг ажиллуулсангүй. Ингээд автобус гэнэт л арагшаа өнхөрч, аажмаар хурдаа авч байв. Айснаасаа болж хувхай цайсан жолооч хар хурдаараа автобусны араас гүйж, кабин руу үсэрч орохыг хичээж байсан гэдэг. Гэвч нэгэнт оройтсон байв.

Харин Шаварш нөхцөл байдлыг нэн даруй үнэлж, бүхээгийн цонхыг тохойгоороо цохин хагалав. Ийнхүү цонх хагалах үедээ ихээхэн гэмтсэн ч жолоонд хүрч чадан, жолоог уулын зүг эргүүлжээ. Ингээд автобус уулын бэлийг мөргөн, зогсжээ.

Шаварш ийн хурдан хөдлөж, цагаа олсон арга хэмжээ аваагүй бол автобус гүн хавцал руу унах байж. Зорчигчдыг аварсны дараа Шаваршаас үүнийг яаж хийж чадсаныг асуухад “Би бусдаас ойр байсан юм” хэмээн хариулж байсан гэдэг.

Шаварш Карапетян 20 настайдаа л дэлхийн долоон удаагийн аварга, Европын 17 удаагийн аварга, дэлхийн 10 дээд амжилтын эзэн болсон байв. Түүнийг Алтан загас гэж дууддаг байлаа, учир нь тэр оролцсон тэмцээн болгоноосоо алтан медаль шүүрдэг байв. Тэр карьерынхаа оргил үе дээр байж, түүнийг олон ялалт хүлээж байлаа. Гэсэн ч эмгэнэлт явдал энэ бүхнийг өөрчилсөн юм.

Хоёр дахь гавьяа карьерт нь цэг тавив

1976 оны 09 дүгээр сарын 16. Ереванд бүгчим халуун өдөр тохиож байлаа, өглөөгүүр +40 хэм хүрч байсан гэдэг. Шаварш дасгалжуулагч болон дүү Камогийн хамт өглөөгүүр гүйж явахдаа аймшигтай дүр зургийн гэрч болов.

Дүүрэн хүн суусан троллейбус тэдний нүдэн дээр Ереваны усан сан руу уначих нь тэр. Хэдхэн секундын дараа тролейбус живэв.

Шаварш Карапетян

“Тролейбус ёроолд 20 градус өнцөгтэйгээр унасан байсан. Тролейбусны сүүл хэсэгт хэсэгхэн газар хүмүүс амьсгалах боломжтой байсан юм” хэмээн олон жилийн дараа Шаварш тэр аймшигт үеийн талаар дурсжээ.

Хүмүүсийг аврахад хором мөч бүр үнэтэйг ухаарсан Шаварш дасгалжуулагч, дүү хоёртоо эрэг дээр үлд гэж хашгираад өөрөө ус руу үсрэн орлоо. Эхний шумбалтаараа тролейбус руу хүрч чадав.

Булингартай усанд юу ч харагдахгүй байсан ч Шаварш тролейбусны цонхыг хөлөөрөө өшиглөн хагалж, өөрөө шархадсан ч тролейбуснаас хүмүүсийг гаргаж чаджээ.

Найман метрийн гүн дэх энэхүү тамын ажил Шаваршийн эцсийн хүчийг шавхаж байлаа. Гэсэн ч тэр дахин дахин ус руу шумбаж, хүмүүсийг аварсаар байв. Ингэж шумбаж, хүмүүсийг аврах болгондоо хагарсан цонхны шилэнд зүсэгдэн шархадсаар байж.

Харин эрэг дээр үлдсэн дасгалжуулагч, дүү хоёр нь хүмүүст хиймэл амьсгал хийж, аврахыг оролдож байв. Удалгүй аврагчид, эмч нар ирэв. Эмгэнэлт осол болсон газар аврагчид ирсэн ч тэдэнд хүчилтөрөгчийн баллон байсангүй. Тиймээс Шаварш гагцхүү өөрийн уушги, хүч тамир, тэсвэр хатуужилдаа найдахаас аргагүй болжээ.

Ухаан алдахын ирмэг дээр байсан ч дахин дахин шумбан, зорчигчдыг аварч, 20 минутын туршид дахин дахин шумбасаар байв. Түүнийг аврагчид зогсоож чадаагүй гэдэг. Амьд хүн үлдсэнгүй, харин Усанд сэлэлтийн тамирчин цогцоснуудыг гаргасаар байв. Ингээд дүү Камо нь түүний араас ус руу үсрэн орж, ахыгаа усан сангийн ёроолоос гарган авчээ. Баатар эр ухаан алдсан байсан аж. Бусдын амийг аварч байхдаа арайтай л өөрөө амиа алдчихсангүй.

Энэ эмгэнэлт явдлын дараа ахмад аврагчид Шаварш огт боломжгүй зүйлийг хийсэн хэмээн ярьж байлаа. Түүний хосгүй тэвчээр хатуужил, хүч чадлын ачаар 46 хүнээс 20 хүн аврагджээ.

“Айдасгүй хүн гэж үгүй. Гэхдээ чи мэргэжлийн хүн бол хийх ёстой, айдсаа ардаа үлдээх ёстой. Би дэлхийн зэрэглэлийн усан спортын тамирчин хүн. Тухайн үед Ганновер рүү явж, аварга шалгаруулах тэмцээнд орох ёстой байсан юм. Гэхдээ одоо бодоход намайг энд үлдэх ёстой гэж бурхан үзсэн бололтой юм” хэмээн Шаварш өөрийнх нь тухай баримтат кинонд ярьж байлаа.

Шаварш Карапетян живсэн тролейбусаас дахин ядаж нэг хүн аварч амжаагүйдээ одоо хүртэл харамсаж, өөрийгөө зэмлэдэг.

“Би уснаас тролейбусны сандлын дэр уснаас гаргаж ирсэн байсан. Татаж байгаа зүйлээ хүн биш гэдгийг мэдрээгүй. Дараа нь энэ явдлаа зүүдлэж байсан” хэмээн ярьж байлаа.

Асар өндөр үнэтэй гавьяа

Түүний баатарлаг үйл арайтай л амь насыг нь авчихсангүй. Хатгалгаа тусаж, цус нь бохирдож, олон тооны шарх авч, гүн цочролд орон, 40 өдрийн турш комд оржээ. Усан спортын тамирчин энэ бүгдийн дараа хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэгт эмч нар эргэлздэггүй байв. Шаварш ч өөрөө спортдоо эргэн орно гэж бодсонгүй.

Харин дасгалжуулагч нь ятгажээ. Гэсэн ч Шаварш гүн цочрол нь арилаагүй байсны улмаас усанд шумбах болгондоо амьсгал нь боогддог болсон гэдэг. Гэсэн ч Шаварш Карапетян өөрийгөө зоригжуулан, Европын аварга шалгаруулах тэмцээний дахин нэг аваргын титэм хүртэж, 11 дэх дэлхийн дээд амжилтаа тогтоосон байна. Үүний дараа, 23 настайдаа Шаварш спортын ертөнцийг орхижээ.

Дахин нэг гавьяа

1985 оны хоёрдугаар сард Шаварш дахин нэг гавьяа байгуулжээ. Ереванд Спорт, концертын цогцолбор шатав. Тухайн үед Шаварш хүүхдүүдэд зориулан өөрөө байгуулсан, цогцолбороос холгүй орших компьютерын ангид ажилладаг байлаа. Өмнө нь тамирчин байсан Шаварш Карапетян хамгийн түрүүнд гал руу орж, хүмүүсийг аврахаар зориг шулуудсан хүмүүсийн нэг байв.

Шаварш хүмүүсийг аврах үедээ гэмтэж, түлэгдэн, бүтэн сарын хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрүүлжээ. Үүний дараа Карапетяныг “усанд живдэггүй, галд шатдаггүй хүн” гэж ярих болов.

“Би их азтай хүн. Маш азтай. Бурхан надад олон гайхалтай мөчүүдийг бэлэглэсэн” хэмээн Шаварш ярьдаг гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img