2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

Талийгаач эхнэртээ өгсөн амлалтдаа хүрч Олимпын аварга болсон Маттиас

Германы хүндийн өргөлтийн тамирчин Маттиас Штайнер талийгаач эхнэртээ олимпын аварга болно гэж амалсан гэдэг. Тэр энэ амлалтдаа хүрч, олон сая хүнийг уярааж байсан. Үүгээр ч зогсохгүй Маттиас дэлхийн сая сая үзэгчдийн нүдэн дээр амиа алдахаа дөхсөн нэгэн. Түүнийг хүндхэн хувь тавилантай хүн хэмээх нь ч бий. Тухайн үед олимп үзэж байсан хүмүүс Маттиас амиа алдах дөхсөн мөчийг санаж байгаа байх. Тэр алдаа гаргаж, толгой дээрээ 200 кг жинтэй штанг унагаж байв. Маттиас хэдий мэргэжлийн тамирчин хэдий ч газар дээрээ л нас барж мэдэх байсан гэдэг. Гэхдээ тэр аврагдсан.

Маттиас хэрхэн аврагдав, түүнийг яагаад хүндхэн хувь тавилантай тамирчин гэх болов, тэр хэрхэн эхнэртээ ам өгч байв?

Аюултай тулгарсан карьер

Маттиас 18 настай байхдаа цаашид карьераа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй хүндхэн нөхцөл байдалд оржээ. Эмч нар түүнийг чихрийн шижин өвчинтэй гэж оношилж, хүндийн өргөлтийн спортоо орхихыг ятгасан байна. Харин Маттиас зүгээр л нэг бууж өгөхийг хүссэнгүй.

Мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний эцэст цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн горимд барьж чадвал спортоор хичээллэсэн хэвээр байж болно гэдгийг ойлгосон гэдэг. Ирээдүйн аварга тухайн үед штангаа хаяна гэж төлөвлөөгүй юм. Тэр тусмаа нэр хүндтэй тэмцээнүүдийн амтанд орчихсон байсан үе. Маттиас Европ болон дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд төрөлх Австриа төлөөлөн оролцдог байсан аж.

Маттиас 105 килограммаас дээш жингийн төрөлд улсдаа шилдэг нь байв. 2004 онд тэр насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаа оролцсон бөгөөд энэ анхны тэмцээн нь олимп байсан юм. Тухайн үед Маттиас долдугаар байранд оржээ.

Жилийн дараа Австрийн холбоо шигшээ багийн дасгалжуулагчийг халав. Маттиас энэ дасгалжуулагчтай маш сайн харилцаатай байжээ. Ингээд шинээр томилогдсон хүмүүстэй Маттиас хэл амаа ололцолгүй байсаар удалгүй Герман руу шилжсэн аж. Иргэншлээ сольсны улмаас Маттиас гурван жилийн туршид олон улсын тэмцээнд оролцож чадсангүй. Харин Бээжингийн олимп болохоос хагас жилийн өмнө л тэмцээнд оролцох боломж олдсон гэдэг.

Талийгаач эхнэртээ зориулсан ялалт

Олимпын наадмын өмнө Маттиасд эмгэнэлтэй үйл явдал тохиов. Гэрлээд жил гаруйхан хамт амьдарч байсан эхнэр Сьюзанн нь авто ослын улмаас амиа алджээ. Энэ үеэр Маттиас бэлтгэл хийж л уй гашуугаа түр мартагнадаг байлаа. Гэхдээ Бээжингийн олимпын үеэр гялалзах тамирчдын нэгээр хэн ч түүнийг нэрлэж байгаагаагүй юм.

Matias

Харин олны нүдэнд төдийлөн өртөөгүй Маттиас жинхэнэ дуулиан дэгдээв. Тэр 285 кг жинтэй штанг өргөж, Олимпын аварга болжээ. Ингээд л түүний ялалтын ар талд буй уй гунигийг дэлхий нийтээр мэдэж авсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Маттиас Штайнер медальтайгаа хамт талийгаач эхнэрийнхээ зургийг барьж зогссон бөгөөд хэний ч санаанд ороогүй энэ ялалтаа эхнэртээ зориулжээ.

“Тэр надтай хамт байж, энэ бүхнийг хараасай гэж би хүссэн. Би хэрхэн ялж байгаа, хамгийн дээд тавцанд гарч байгааг тэр минь үнэхээр л харж байгаа гэсэн мэдрэмж надад төрж байлаа. Гэхдээ түүний зураг руу харахаар надад хүнд, уйтай байна” хэмээн Олимпын аварга болсон Маттиас Штайнер өгүүлж байв.

Амийг нь авах дөхсөн алдаа

Тэр үеэс хойш Маттиас том тэмцээнд ялалт байгуулаагүй юм. Лондон-2012 олимпод оролцон, аваргын титмээ хамгаалах зорилготой байсан ч арайтай л амь насаа алдчихаагүй. Маттиас амийг нь авах дөхсөн алдаа гаргасныг дэлхий даяараа харж байлаа.

Тамирчин 196 килограммын жинтэй штанг авч, мөрөө хэт хойшлуулсны улмаас тэнцвэрээ алджээ. Штанг Маттиасын толгой дээр унан дарлаа. Маттиас анхандаа босоод, дахин нэг оролдлого хийхийг хичээж байв. Гэвч өвдөлт тэсэхийн аргагүй.

Тухайн үед тэнд байсан бүх хүн айдас цочролд автжээ. “Ингээд л өнгөрлөө гэж би анхандаа бодсон” хэмээн дасгалжуулагч Франк Мантек өгүүлж байв.

“Энгийн хүн ийм нөхцөлөөс амьд гарахгүй байсан гэж эмч нар надад хэлсэн. Гэхдээ энгийн хүн 196 кг жинтэй туухайг ч өргөж чадахгүй шүү дээ” хэмээн Штайнер ярьж байлаа.

Азаар түүний яс хугарсангүй, хүзүү, цээж хэсэгтээ гэмтэл авчээ. Гэсэн ч спортоо хаяхаас аргагүй болов. Анхандаа эргээд спортдоо орох гэж хичээж байсан ч 2013 оны гуравдугаар сард зодог тайлжээ.

Маттиас одоо Инга Посмык хэмээх телевизийн хөтлөгч эмэгтэйтэй гэрлэж, хоёр хүүгээ өсгөж байгаа. Спортоос явсныхаа дараа телевизийн шоунуудад оролцож, бизнесээ нээжээ. Мөн 45 кг турж, энэ тухайгаа бичсэн хоёр ном хэвлүүлсний дээр “Штайнерын зарчим” нэртэй фитнес, хооллолтын цахим хөтөлбөрийг боловсруулсан аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img