2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

Путин АНУ-ын эсрэг Шитэй нөхөрлөлөө бэхжүүлэхээр Хятадад очив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин төрийн тэргүүнээр сонгогдон, тангараг өргөснийхөө дараах анхны гадаад айлчлалаа Хятадаас эхлүүлсэн нь дэлхий нийтийн хувьд төдийлөн хачирхалтай, сонин содон үйл явдал болсонгүй. Тэр бээр тавдугаар сарын 16-ны өдөр “эрхэм нөхөр” Ши Жинпиньтэй уулзахаар Хятадад газардсан юм. Путин энэ айлчлалаараа бараг бүхий л гол өндөр албан тушаалтныг авч явжээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Оросын эдийн засаг барууны хоригийн нөхцөлд улам бүр хамааралтай болсоор байгаа Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийн тулд очиж байгаа нь энэ юм.

Хоёр өдрийн айлчлал Путины хувьд нэн чухал. Учир нь Украинд дайн өдүүлснээс үүдэн дэлхийн олон орны хоригт орсон ОХУ -ын хувьд, тэр дундаа Путины хувьд түүнийг найрсгаар хүлээж авах цорын ганц том гүрэн нь Хятад л болоод байгаа.

Ши Жиньпин Путиныг “эрхэм нөхөр” хэмээн нэрлэж, хөрш орон руугаа халдсаныг шүүмжилдэггүйн дээр барууны ноёрхолд Путины адил дургүйцэж явдаг нэгэн. Ши, Путин хоёр 40 гаруй удаа уулзсан ч Шигийн хувьд бусад орны төрийн тэргүүнүүдтэй уулзсан тохиолдлоос хоёр дахин их үзүүлэлт юм.

Путин Украин руу түрэмгийлэхийнхээ өмнөхөн Бээжинд айлчилж байлаа, тухайн үед тэд “хил хязгааргүй найрамдал, хориотой бүсгүй хамтын ажиллагаа”-ны тухай мэдэгдэлд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь гуравдагч орнуудын эсрэг чиглэгдээгүй хэмээн мэдэгдэж байв.

Үүнээс хоёр жилийн дараа АНУ Хятадыг Орост туслан, хоригоос зайлсхийх, Украин руу дайн хийхэд нь дэмжлэг үзүүлж байна гэж буруутгасан юм. Харин одоо Хятадын банкууд Америкийн хоригт орох аюул тулгараад байгаа бөгөөд тиймдээ ч Хятадын банкууд Оросын төлбөр тооцоог хийхдээ болгоомжлонгуй хандах болсон.

Ингээд сүүлийн хоёр сарын хугацаанд Оросыг чиглэх Хятадын экспорт буурсан байна.
Цай, концерт, нүүр тулсан уулзалт

Энэ айлчлалын үеэр Путин Ши Жинпиньтэй нүүр тулсан уулзалт хийж, дараа нь хамтдаа тоглолт үзэх аж.

“Ордны хажуугийн цэцэрлэгээр зугаалж, цай ууж, дараа нь албан бус яриа өрнөнө. Хятадад цай уух соёл их чухал, тэр дундаа хоёулахнаа суугаад цайлах нь чухал” хэмээн Путины туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

Путин, Ши хоёрт адил талууд олон, хамтдаа авторитар засаглал бий болгож, эрх баригчидтай санал нийлэхгүй хүмүүсийг нухчин дарж, хоёулаа л бүх насаараа төрийн эрхэнд байхыг хүсдэг.

Путин одоо 71 настай, харин Ши сарын дараа 71 нас хүрнэ. Тэд хамтдаа 2018 онд Владивостокт архи ууж, түрсээр даруулж байсан бол Ши тангараг өргөснийхөө дараа Москвад айлчлан, тэд хоёулахнаа цайлж, таван цаг гаруй ярилцаж байв.

Энэ удаагийн айлчлалд Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусов, мөн Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос гадна зургаан дэд сайд, бүхий л гол сайд, 20 гаруй захирагч, төрийн банкны тэргүүн багтжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img