2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

Фашистуудын эрлэг байсан буриад мэргэн бууч Жамбал Тулаев

Орос гүрний Эрхүү мужийн Тагархайд, одоогийн Буриадын Түнхэд 1905 оны тавдугаар сарын 2-нд жирийн малчны гэр бүлд төрсөн анд хорхойтой Жамбал Тулаев хар багаасаа винтовоор гаргууд сайн буудаж сурчээ. Иймээс ч тэрээр дайн эхлэхэд мэргэн бууч болсонд гайхах зүйлгүй.

14 насандаа дунд сургуульд элсэн орж ердөө дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн ч тэрээр дайнаас өмнө Эрхүүгийн контейнерийн баазын дарга зэрэг хариуцлагатай олон удирдах ажилд хүчин зүтгэсэн нэгэн.

Аугаа эх орны дайн эхлэнгүүт Ж.Тулаев фронтод байлдах хүсэлт гаргасан ч Улаан арми түүнийг 1941 оны есдүгээр сард л цэрэгт татжээ. Тэгээд хэдэн сар бэлтгэл сургуулилтад хамруулсны эцэст 1942 оны хоёрдугаар сард Ленинградыг хамгаалж байсан Баруун хойд фронтын 188 дугаар дивизийн 580 дугаар хороонд бага даргаар илгээсэн аж.
Төрөлх Түнхэд нь насанд хүрсэн бараг хүн бүр анчин тул Ж.Тулаев ч тэр уламжлалыг даган гаргууд сайн бууддаг байсныг энд дурдах нь юун.

LambalСенчево, Присморжье тосгодын дэргэдэх тулалдаануудад Ж.Тулаев эрэлхэг зоригтой удирдагч, хашир мөрч тагнуулчаас гадна сум алдалгүй мэргэн бууддагаа харуулсан аж. Хамгийн анхны отолтынхоо үеэр буриад эр өөрийнхөө урд 300 орчим метрийн зайд тэргүүний шугамд жалга дагуу тонгойж яваа герман цэргийг олж харжээ. Ж.Тулаев ганц сумаар түүнийг хороосон нь устгасан дайснуудынхаа тоог нээсэн явдал байв.

Тэрээр богино хугацаанд ердийн винтовоор 23 фашистыг устгажээ. Үүний дараа ротынх нь дарга түүнд мэргэн буучийн дурантай винтов гардуулж, “Бүр их фашистыг нөгөө ертөнц рүү илгээгээрэй” гэж захисан гэдэг.

1942 оны дөрөвдүгээр сард дивиз нь маш хүнд нөхцөлд давшилтад шилжжээ. Тасралтгүй тачигнах автомат, пулемётын галыг сөрж, бөмбөгдөлтөд өртөвч дайсны хамгаалалтыг сэтлэх ёстой байв. Дзот бэхлэлтээс дайсны нэг пулемёт гал нээн явган цэргийг урагшлуулахгүй зогсооход хорооны орлогч дарга, ахлах дэслэгч Чагодаев буриад мэргэн буучийг дуудаад:

-За Жамбал минь, тэр бэхлэлтэд буй пулемётыг устгах хэрэгтэй. Автомат, винтов, бүр мина бөмбөг шидэгчид ч өртөхгүй юм. Мэргэн бууч чи л энэ даалгаврыг биелүүл гэжээ.
Ж.Тулаев нөхцөл байдлыг үнэлж дүгнээд, дайсан эрчимтэй галлахыг үл хайхран нүхнээс нүх, жалганаас жалга руу хурдан мөлхсөөр дайсны пулемётын дзот руу дөхөж очжээ. Улмаар дзотын нүхээр дайсны хоёр цэргийг буудан хөнөөсөн байна. Тэгээд пулемёт дахиж буудахгүй гэдгийг өөрсдийнхөндөө дохио зангаагаар ойлгуулжээ.

Төр мөчид холгүй нэгэн бут хөдөлж хормын зуур дуулга малгай харагджээ. Тэр даруй буриад эр аюул нүүрлэснийг ойлгон хажуу тийш холбиронгуут хэвтэж байсан газар нь сум шигдсэн аж. Винтовын дурангаараа бутны цаанаас хоёр дуулга цухуйхыг хараад буудангуут нэг фашист гараа савчуулсаар газар унажээ. Хоёрдахь нь түүн рүү буудаж амжсан ч сум хажуугаар нь өнгөрөв. Харин Ж.Тулаев алдаж буудсангүй. Фашистын хоёр дахь мэргэн бууч мөн л эхнийх шигээ газар тэрийж унан амьсгал хураажээ.

Ж.Тулаев нэг тулалдаанд 27 дайсныг устгасан тохиолдол бас бий аж. 1942 оны тавдугаар сарын 1-2-нд фашистууд Зөвлөлтийн цэргүүдэд Майн баяраар “бэлэг” барихаар шийджээ. Тэд ар талын нөөц анги нэгтгэлүүдээсээ хүчээ сэлбэн их буу, байлдааны онгоцны дэмжлэгтэйгээр 188 дугаар дивизийн 580 дахь хорооны гуравдугаар суманг зүүн жигүүрээс нь тойрч бүслэхийг завдан ширүүн довтолсон байна. Ж.Тулаевын ангийн хамгаалж байсан хэсэгт байдал хүндэрч, цэргүүд ч үймж сандралджээ.

Тэгэнгүүт Ж.Тулаев тасгийн пулемёт шүүрэн авч тулж ирсэн фашистуудыг ёстой л нэг шүршиж өгчээ. Ийм эсэргүүцэлтэй тулгарна гэж бодоогүй дайснууд хэсэг зуур балмагдсан гэнэ. Энэ хооронд Зөвлөлтийн цэргүүд сандралдахаа больж фашистууд руу гал нээж эхэлжээ. Ж.Тулаев ч пулемётоороо зогсоо зайгүй буудсаар. Энэ бүхний үр дүнд дайсны тал олон арван цэрэг, офицероо алдаад яаран ухарчээ.

Тэрхүү тулалдаанд гавъяа байгуулсан Ж.Тулаев Улаан тугийн одонгоор шагнуулсан юм. Тэрээр шагналыг гардахдаа, “Бидний суман мөндөр дайсныг зогсоолоо. Бид нэг ч алхам ухраагүй. Бид наймуулаа, харин дайсан 80 хүний хүчээр довтолсон. Тэдгээрээс 27 нь миний суманд оногдож үхсэн. Зүрхэнд минь хүч, судсанд минь цус байхад, винтовоо барьж чадаж байхад миний буудсан сум бүхэн фашистуудыг тонилгох болно” гэжээ.

Мэргэн бууч Ж.Тулаев дайснаа ангуучлахдаа маш нарийн бэлдэхгүй бол өөрийнх нь төдийгүй зэвсэг нэгт нөхдийнх нь амь нас хамаардгийг сайтар ойлгож, байрлалаа урьдчилан бэлдэж, дайснаа хуурах янз бүрийн заль мэх зохион нуун далдлалтыг гойд сайн хийдэг байжээ. Үүнийхээ ачаар л тэрээр 1942 оны эхний есөн сард Германы даруй 250 цэрэг, офицерийг устгасан гэдэг.

Тэрээр дайсны талд байнга аюул заналхийлэл авчирдаг үргэлжийн толгойн өвчин нь болжээ. Ж.Тулаевын “ан хийх” үед Германы траншей, окопуудад нам гүм болдог байсан аж. Учир нь тэд өчүүхэн төдий илүү хөдөлгөөн хийвэл буриад мэргэн буучийн суманд оногдохоо мэддэг байв. Ер нь түүний фронтын амьдралд “олзгүй” буцаж ирсэн өдөр хуруу дарам цөөн.

Тэрээр, “Мэргэн бууч бүр тайван, тэвчээртэй хүлээх чадвартай байх шаардлагатай. Хэдэн секундын дотор арван удаа гох даран буудах шиг хялбар зүйл байхгүй. Харин байгаа илрүүлж, дайснаа ганц сумаар устгах агшныг хүлээнэ гэдэг амаргүй. Байрлалдаа хоёр өдөр болохдоо нэг ч удаа буудаагүй тохиолдол надад бий. Мэргэн бууч хүнд эрүүл ухаантай, тэсвэр хатуужилтай, бас биеэ хянах чадвартай байх нь хамгаас чухал. Биеэ хянаж тайван байдгийн ачаар л би жилийн дотор нэг ч шархдаагүйн шалтгаан оршиж байж болох юм” гэж сургамжилдаг байжээ.

Аугаа эх орны дайны фронтод байлдахдаа Ж.Тулаев нийтдээ 313 фашистыг мэргэн галаар буудан хороожээ. Ганц хүн дайсныхаа хоёр рот гаруй бие биерэлдэхүүнийг устгасан гэхээр зарим хүн итгэхгүй ч байж болох. Гэхдээ энэ нь баримтуудаар нотлогдсон учраас хэн ч юу ч хэлж чаддаггүй аж.

Дивизид нь мэргэн буучдыг бэлтгэх сургууль нээгдэхэд тэрээр бусадтай арга ухаанаа харамгүй хуваалцах болжээ. Ж.Тулаев мэргэн буучдыг хэрхэн зөв буудах, хэрхэн дайснаа хуурах гээд олон зүйл зааж сурган зөвлөсөн аж. Тэрээр, “Мэргэн буучдад заль мэх ихэд хэрэгтэй. Хуурамч байрлал босгож, мануухай тавьж, байрлалаасаа хажуу тийш мөлхөж, дайсан руугаа буудах нь зүйтэй. Дайсны мэргэн бууч тэсэлгүй хариу гал нээнэ. Тэр мөчид хаана байгааг нь тогтоогоод буудаж устгадаг юм” гэж зааварласан нь бий.

Lambal

Мэргэн буучид Ж.Тулаевын дайснаа эхний сумаар устгах 10 дүрэм гээчийг маш сайн мэддэг байжээ. Түүний шавь нар фашистуудтай амь дүйсэн тулаанд цөөнгүй гавъяа байгуулсан юм. Жишээ нь, Дорж Ухинов, Дондог Будаев, Семён Дарханов болон бусад шавь нар нь богино хугацаанд 1442 фашистыг устгаж байжээ.

1943 оны хоёрдугаар сарын 14-нд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тушаалаар Ж.Тулаевт ЗХУ-ын Баатар цол олгон Лениний одон, “Алтан од” медаль гардуулсан юм. Дайн ид дундаа явж байх үед шүү дээ.

Түүний төрөлх нутагт энэ баярт мэдээ маш хурдан хүрсэн гэдэг. Буриад-Монголын автономит бүгд найрамдах улсын депутат Соня Тыхеева түүнд баяр хүргэн захидал бичихдээ, “Буриад-Монголын ард түмний зоригт хүү, нэгдэлийн ердийн гишүүн таны нэр ЗХУ даяар цуурайтаж байна. Амь насаа алдсан нөхдийнхөө өшөөг авч, дайснаа үргэлжлүүлэн устгаарай. Сүүлчийн амьсгал хүртэл дайснуудтай тэмцсэн манай хайрт Доржиевын өшөөг мөн аваарай. Дайснаа нэгмөсөн дараад төрөлх Буриад-Монголдоо ялалттай эргэн ирэхийг хүсье” гэжээ.

Үнэхээр ч, алдарт мэргэн буучийн нэр алдар ЗХУ даяар түгэж, тус их улсын өнцөг булан бүрээс энгийн иргэд түүнд өнцөг булан бүрээс захидал бичиж, түүний тухай нийтлэлүүд фронтын төдийгүй төвийн хэвлэлүүд дээр гарч, түүнийг магтан дуулсан дуунууд хүртэл зохиогджээ. Гэвч халуун хүйтэнд, бороо цасанд отолтонд суудаг байсан нь ЗХУ-ын баатрын эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн нь ойлгомжтой. Тэрээр хүндээр өвдөн 1943 оны тавдугаар сард, дайн ялалтаар төгсөхөөс хоёр жилийн өмнө эрүүл мэндийн байдлаар Улаан армиас аргагүй халагджээ.

Тэглээ гээд Ж.Тулаев зүгээр суусангүй. 1943 оны хоёрдугаар хагаст төрөлх нутгийнхаа Сталины нэрэмжит нэгдлийн даргаар сонгогдон дөрвөн жил, улмаар 1947 оны гуравдугаар сард Түнхийн ойн аж ахуйн захирлаар томилогдсон ч энэ албан тушаалдаа мөн л удаагүй.

Үүний дараа алдарт мэргэн буучийн биеийн байдал бүр муудсаар, эхлээд Буриадын Хандгайтын ойн аж ахуйн шалгагчийн ачаалал багатай ажилд шилжихэд хүрчээ. Үүний дараа хэд хэдэн ажилд томилогдсон ч 1959 онд өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн байдал нь эрс дордсоноос үүдэн сүүлчийн албан тушаалаасаа чөлөөлөгджээ. 1961 оны нэгдүгээр сарын 17-нд домогт мэргэн бууч 54 насныхаа босгон дээр өөд болсон байна.
Ялалтын баяр болгонд төрөлх Түнхэд нь Ж.Тулаевын нэрэмжит буудлагын тэмцээн болдог аж. Түнхийн хөндийн уугуул оршин суугчид хандивын мөнгө цуглуулан Ж.Тулаев баатрынхаа хөшөөг босгосонд мөн талархууштай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img