2024-05-20, Даваа
10 C
Ulaanbaatar

Дэлхийн хамгийн өндөр хогон овоолго болох дөхсөн Эверестийн нурууг амраана

Дэлхийн ноён оргил Эверест уулыг жил бүр олон уулчин зорьж, тэр хэрээр ачаалал үүсэн, уулчдын түгжрэл үүсч, олон ч уулчин амиа алдаж байв. Үүний зэрэгцээ хог хаягдал, уулчдын цогцос ч Балбын эрх баригчдын хувьд толгойн өвчин болсоор удсан юм.

Энэ асуудлыг шийдэх үүднээс Балбын Дээд шүүх Эверест уул руу гарах зөвшөөрлийн тоод хязгаарлалт тавихыг Засгийн газартаа даалгажээ. Энэ шийдвэр дөрөвдүгээр сарын сүүлээр гарсан ч энэ долоо хоногт л нийтэд зарласан талаар France24 мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Эверест болон Балбын бусад уулс руу авирах уулчдын тоог багасгахыг шаардсан өргөдлийг өмгөөлөгч Дипак Бикрам Мишра гаргажээ. Ингээд дээд шүүх Балбын уулс болон түүний хүрээлэн буй орчинд тавьж буй олон нийтийн санаа зовнилыг ойлгон, нааштай шийд гаргасан байна.

“Уулчдын тоог хязгаарлах шийдвэрийг дээд шүүхээс гаргасны дээр уулсын байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг устгах арга хэмжээ авахыг даалгасан” хэмээн Эверест болон бусад уулсын байгаль орчныг хамгаалахаар шүүхэд хандсан өмгөөлөгч Мишра хэвлэлд ярьжээ.

Шүүхийн шийдвэрт өгүүлснээр, уулын нэвтрүүлэх чадварыг “хүндэтгэх шаардлагатай”-н дээр зөвшөөрлийн хамгийн дээд тоог тогтоох ёстой гэнэ.

Одоо Балба Улс далайн төвшнөөс дээш 8850 метрийн өндөрт өргөгдсөн, дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест рүү авирахын тулд 11 мянган доллар төлж чадах хүн бүрт зөвшөөрөл олгож байгаа юм. Өнгөрсөн жил 478 зөвшөөрөл олгосон нь урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад дээд үзүүлэлт болж байв.

2019 онд уул руу авирах гэсэн хүсэлтэй уулчдын тоо хэт ихэссэний улмаас түгжрэл үүсч, уулчид олон цагаар хахир хүйтэн нөхцөлд хүлээж байлаа. Өнгөрсөн жил гэхэд л уул руу авирахад түгжрэл үүссэний улмаас дөрвөн уулчин амиа алдсан юм.

Үүний зэрэгцээ өмнө нь нисдэг тэргийг уулчдыг зөөхөд ашиглаж болдог байсан бол энэ удаад шүүхийн шийдвэрээр нисдэг тэргийг гагцхүү эрэн хайх, аврах ажиллагаанд л ашиглахаар болсон байна.

Дэлхийн хамгийн том хогийн цэг

Hog

Эверест уулын экологийн асуудал олон жилийн туршид судлаачдын санааг зовоосоор ирсэн юм. Тун удахгүй Эверест дэлхийн хамгийн өндөр хогон овоолго болж мэднэ гэж судлаачид үздэг.

Судлаачдын тооцоолсноор, ууланд жил бүр 75 тонн хог хаягдаж, үүнийг тодорхой давтамжтайгаар цэвэрлэдэг ч 50 тонн хогийг цэвэрлэх боломжгүй тэндээ үлдэж магадгүй гэнэ. Өнөөдөр хог хаягдлын асуудал нэн хурцаар тавигдаж байгаа, тиймдээ уулчид ялгадсаа уутлан бууж ирэх шаардлагатай болж ч мэдэхээр байгааг судлаачид онцолдог юм.

Эверест нь Балбын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр оршдог, энэ хүрээлэн ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Энэ хүрээлэнгийн талбай 124 400 га бөгөөд чухамхүү энд дэлхийн хамгийн өндөр уулсын нэг оршдог юм. Эверест уулыг зорих жуулчдын тоо сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байгаагийн дээр 2014-2017 оны хооронд гэхэд Эверестийг зорьсон уулчдын тоо хоёр дахин нэмэгджээ.

Өнгөрсөн жил гэхэд л 60 мянган жуулчин зорин ирж,тэдэн дээр хэдэн мянган балба хөтөч нэмэгддэг аж. Жуулчид ийм олноор ирэх нь Балбын засгийн газарт хэдэн сая доллар оруулдаг ч энэ тооны жуулчид хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр асар их хаягдал үлдээдэг гэнэ.

Судлаачдын тооцоолсноор, жилд энэ цэцэрлэгт хүрээлэнд 900-1000 тоон хатуу хог хаягдал үүсдэг бол энэ хог хаягдлын ихэнх хэсэг нь эндээ үлддэг аж. Хэдийгээр байгаль экологийн асуудалд санаа зовнин, хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулах болсон ч гагцхү Эверестийн доод хуарангуудыг л цэвэрлэгээ хамардаг аж.

Харин дөрөвдүгээр хуаран буюу уулчид авирахаас өмнөх хамгийн сүүлчийн зогсоол урьдын адил хамгийн их бохирдолтой хэвээр байгаа гэнэ. Энэ хуаран 7900 метрийн өндөрт байрладаг бөгөөд “үхлийн бүс” гэж нэрлэгддэг юм байна. Ийм өндөрт хүрч, уулыг цэвэрлэнэ гэдэг бараг боломжгүй гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Хамгийн сүүлчийн хуаранд олон тооны майхан, хүчилтөрөгичйн сав, ган халбага, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл ч хөглөрч байдаг гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img