2024-07-22, Даваа
17 C
Ulaanbaatar

Доктор М.Чимэдцэеэ: Монголыг Хятадын бүрэлдэхүүн гэх үзэл дээд түвшиндээ огт байхаа больсон

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн багш, Күнзийн институтын Монголын талын захирал, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлигийн гүйцэтгэх захирал, хэл бичгийн ухааны доктор Мэнэрэлийн Чимэдцэеэтэй хөөрөлдлөө.

-Хятад бол эртний их соёлт ард түмэнд тооцогддог. Тариачны суурин иргэншил, нүүдэлчний соёлын ялгаа их байгаа нь мэдээж. Таны тэргүүлдэг Күнзийн институт чухам юу судалж, дэлгэрүүлдэг байгууллага вэ?

-Хүн төрөлхтөний соёлд гарамгай хувь нэмэр оруулсан дөрвөн их багш гэж байдаг. Энэ дөрвөн багшийн нэг нь Күнз. Эд бол Бурхан багш, Есүс Христ, Күнз, зөнч мэргэн Мухамед дөрөв. Күнзийг хүн төрөлхтөний суут арван сэтгэгчийн нэгд зүй ёсоор тооцдог. Күнзийг монголчууд эртнээс сайн мэддэг байсан. Күнзийг дэлхий нийтээр орчин үед цоо шинэ өнцгөөс судалдаг болсон.

Яагаад ингэж судлаад байна гэхээр өнөөгийн Хятадын явуулж буй төрийн гадаад, дотоод бодлого, хятад хүний дэлхий ертөнцтэй хандах хандлага, хүнтэй харьцах харьцаа бүгд Күнзийн сургааль дээр суурилсан байдаг. Тиймээс хятад хүнийг таньж мэдье гэвэл Күнзийн сургаалийг судлах зайлшгүй шаардлагатай. Хятад хүнийг хэдий чинээ таньж мэднэ төдий чинээ ойлголцоно гэсэн үг.

Хятад хүний өдөр тутмын амьдралд Күнзийн сургааль гүн шингэсэн байдаг. Хятад улсын гадаад бодлогын олон чиг хандлага Күнзийн сургаальтай холбоотой. Хятадын үе үеийн удирдагчид НҮБ-ын индэр дээрээс “Манай улсын төрийн бодлого Күнзийн сургааль дээр суурилдаг” гэж тунхагладаг.

-Күнзийн институтууд дэлхийн хэмжээнд хэд орчим байдаг бол?

-Күнзийн институтууд дэлхий даяар 127 оронд 480 гаруй байна. Манай улсын хувьд МУИС дээр 2008 онд байгуулагдсан. Монгол дахь Күнзийн институт энэ жилүүдэд хятад хэлний чанартай сургалт явуулж, соёлын олон талт үйл ажиллагаа өрнүүлэн, хоёр улсын боловсрол-соёлын солилцооны чухал гүүр болж ирсэн.

Күнз бол Хятадын брэнд учраас гадаад улс орнуудад байгуулагдсан институтууд бүгд энэ мэргэнээр нэрлэгддэг. Тэрнээс Күнзийн институт гэхээр Күнзийн сургаалийг зөвхөн судалдаг гэсэн үг биш. Орост Пушкины академи, Германд Гетёгийн, Энэтхэгт Махатма Гандийн институт гэж байдагтай л адил зүйл. Күнзийн институт хэлний сургалт, хятад судлал, хятад соёлыг л судалдаг.

Миний бие “Хятадын сонгодог утга зохиолын дээжис” цувралаар Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл”, Зэнзийн “Их суртахуй”, “Сүнзийн дайтахуйн урлаг”, Күнзийн ач хүү Зы Си-гийн “Хэв дундын ёсон” зэрэг дөрвөн сонгодог зохиолыг эх монгол хэлнээ буулган хэвлүүлж, Хятадын орчин үеийн эмэгтэй зохиолчдын шилдэг өгүүллэгийн “Халуун тогоо” түүвэр, “Бидний мэдэх хийгээд эс мэдэх хятад орон, сэтгэлгээ, соёл” гэсэн эмхэтгэлийг гаргасан. Энэ бүтээлүүдээс Хятадын соёл, сэтгэлгээ, уламжлал, шинэчлэл, хүний амьдрахуйн утга учрыг эргэцүүлсэн сургаал номлолуудыг мэдэрч болно.

-Күнзийн сургаалыг монголчилж номын буян үйлджээ. Күнз чухам юуг эрхэмлэн сургасан учраас ихэд алдаршсан байдаг вэ?

-Күнзийн сургаал бол ямар нэгэн шашин биш. Сайн засаг, сайн албат, сайн хүний ёс суртахууныг номлосон сургаал юм. Күнз Нийтийн тооллын өмнөх 551 онд Хятадын одоогийн Шандунь мужийн Чү Фу хотод төрж 73 насандаа таалал барьсан хүн. Энэ үе нь Хятадын эртний Хавар Намар улсын үе. Хятад орон хэдийгээр нэгдмэл улс юм шиг боловч хэрэг дээрээ хэсэг бусаг ханлиг улс хуваагдмал оршиж байхад Күнз аж төрж, бүтээж туурвисан байдаг.

Күнзийн эцэг Шү Лянь Хэ цэргийн дайчин эр байж хоёр ч удаа гавьяа байгуулан багашиг түшмэлийн алба хашиж явсан хүн. Авааль эхнэр нь хэдэн охин төрүүлж, хоёр дахь эхнэр нь нэг хүү төрүүлсэн ч өрөөл татанхай нэгэн байж. Шү Лянь Хэ жаран зургаан насандаа гуравдахь эхнэрээ авч залуухан гэргий Ян Жэн нь нэг хүү төрүүлсэн нь хожмын сод мэргэн Күнз байсан түүхтэй. Күнз “Би хар багаас ядуу доорд явж, хатуу хөтүү бүхнийг сурсан билээ.

Эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй ч эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олон, эгэл доордоос сурсаар эрхэм дээдэд нэвтрэв” хэмээн өгүүлсэн. Тэр цагт ёслол, хөгжим, харвах намнах, цэргийн тэрэг хөтлөх, хэл бичиг, тоо бодлого зэргийг эрхэм зургаан эрдэм хэмээн тооцдог байсан гэдэг. Күнзийн суртал номлолд энэ эрхэм зургаагийн талаар дурдсан нь цөөнгүй. Одоогийнхоор бол бие бялдар, билэг оюуны өв тэгш хүмүүжлийг өгүүлсэн хэрэг шүү дээ.

-Күнз ч тэгвэл төгс төгөлдөр ухаантан байжээ?

-Күнз ерөөс өөрийн нэгэн биеийн аж төрлөөр сайн суртахуйг номлосон учраас ертөнцийн их мэргэдийн нэгэнд өргөмжлөгдөж.

Тэрээр “Би 15 наснаасаа эрдэмд шамдан, гуч хүрэхүйд эр цээлж, дөч шүргэхүйд төөрч гуйвахааргүй бат зогсож, тавьтайдаа тэнгэрийн бошгыг таньж, жартайдаа сонссон бүхнээ ялган салгаж чадах болж, дал хүрээд хүсэл зоргоороо явавч хэв ёсны хүрээ хэмжээнээс хэтэрч эс халив” хэмээсэн байдаг.

Гучин настайдаа анх өөрийн номын сургуулиа байгуулж, хэдэн арван жилийн дараа шавь нар нь гурван бум хүрсэн агаад ном эрдэмд төгс боловсорсон 72 шавьтай байсан байдаг.

-Күнзийн сургаал номлол өөрийнх нь гар бичмэлээр өнөө цаг үед ирсэн болов уу?

-Күнз Бурхан багш, Христ, Мухамед нарын нэгэн адил бичгийн өв үлдээгээгүй хүн шүү дээ. Шавь нарынх нь уламжлан өгүүлсэнээр үлдсэн.

Тухайн үед энгийн доорд хүн хувийн сургууль байгуулах, эгэл ардын хүүхэд эрдэм боловсрол олох хориотой цаг байсан ч Күнз тэр хориг саадыг даван “Арван годгор борц барьж ирсэн хүмүүнд бичиг эрдэм заахаас эс цааргалан элдэв ялгалгүйгээр эрдэмд сурган” байснаа дурдсан байдаг бол хайртай шавь нарынх нь нэг эрдэмт Ян Хуй “Багш минь өдөрт ганц сагс хоол, ганц тужрага усаар гол зогоон, бөглүү гудамнаа суух нь бусад хүмүүн хэн ч түүний зовлонг эс тэвчилтэй” гэж дуу алдсан байдаг.

Күнз “Суравч эс сэтгэвээс төөрөлдөх, хоосон сэтгэвч эс сурваас мунхрах”, “Өршөөл журам биднээс үнэхээр хол гэж үү, өршөөлийг бид хүсвээс өөрийн дэргэд буй”, “Дээдэс ёслолыг баримтлах аваас доордос дагах нь хялбар буй” гэх мэтээр зан суртахууны нандин хэм хэмжээг номлосон нь олон.

-Манай их хаад мөнхийн хөрш улсын хувьд хаяа залгаа орны мэргэн Күнзийн сургаалтай танилцаж байсан түүхэн тохиол байдаг бол уу?

-Чингис хааны үед Күнзийн сургаалыг тэгж судалжээ гэсэн түүхэн судалгаа байхгүй л дээ. Эзэлж, эзлэгдэж байсан улсын хувьд мэддэг л байсан байж таараа.

Харин Хубилай хааныг морь унаад явахад нь хажууд нь эрдэмтэн мэргэд Хятадын сонгодог зохиолыг орчуулан шууд дуудаж өгдөг байсан тухай ном сударт өгүүлсэн байдаг. Тэр үес маш сайн судалсан нь тодорхой.

-Таны хятад хэлний тань багш, хятад судлаач эрдэмтэн Базаррагчаа нэгэнтээ Хятадад эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо хятадын муж мужийн эрдэмтдэд өөрсдийнх нь аялгаар орчуулж өгөн гайхуулж байсан гэдэг. Танд тийм тохиол учирч байв уу?

-Хятадад Бээжин, Шанхай, Гуандунь гэх мэтчилэн найман том аялгуу байдаг л даа. Бичиг нь нэг, аялга нь өөр. Нэг уулын хоёр талд байгаа хоёр хүн хоорондоо огт ойлголцохгүй тохиолдол байдаг юм билээ. Олон улсын хурал цуглаан Бээжин аялгаараа явагддаг болохоор эрдэмтэд нь сайн ойлголцоно л доо.

-Хятадын эрдэмтэд Күнзийн сургаалаа өөрсдөө аль хэр судалсан байх юм бэ дээ?

-Хятадад Күнз судлал өндөр түвшинд хөгжсөн. Күнзийн шагнал гэж Нобелийн шагналтай дүйцэхүйц ЮНЕСКО-гоос батлагдсан том шагнал хүртэл бий болсон.

-Манайхан энгийн иргэдээсээ өгсүүлээд л хятадыг их үзэн ядаж “муусайн хужаа нар” гэх үзлээр үсэг бичгийг нь хүртэл үзэн ядах хандлага “ардын баатар”-ын хэмжээнд очсон байдаг. Энэ ер нь зөв үү, буруу юу?

-Их гүрний дэргэдэх бага орны зовлон гэж байна. Үеийн үед хоорондоо дайтаж ирсэн болохоор уусчихгүйн тулд ийм үзэл монгол үндэстний сэтгэлгээнд олон мянган жилийн хугацаанд суусан байхыг үгүйсгэхгүй. Энэ цаг үе маань ямар үе вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Дэлхий хавтгай болсон өнөө үед ийм үзэл бодол нэг л зохимжгүй. Хятадын түүхэнд гадаад улс орныг уусгах бодлого уламжлалд нь ч байдаггүй.

-Энэтхэгийн Ерөнхий сайд асан Жавахарлал Неру ч “Ертөнцийн түүхийг сөхөн үзэхэд” бүтээлдээ Хятадыг түүхэндээ гадагш өнгөлзөөгүй улс гэсэн байдаг л даа. Та үүнтэй санал нийлдэг хүн юм байна…

-Хятадын төрийн бодлогод тийм зүйл хэзээ ч байгаагүй. Монгол Улсад тэртэй тэргүй дэлхийн соёлт олон улс орны олон хамгаалал бий болсон шүү дээ.

-Хятад дэлхийн хоёрдахь том эдийн засагтай улс болох тусам АНУ болон газар нутгийн маргаантай Энэтхэг, Япон, Өмнөд Солонгостой тэрсэж эхэллээ гээд барууны судлаачид үзэж эхэлсэн. Үүнийг та хятад судлаачийн хувьд юу гэх вэ?

-Хятадын төрийн бодлогод “Бид бусдын газар нутагт өнгөлзөхгүй. Харин бидэнд хамааралтай газар нутгаа бусдад өгөхгүй ээ” гэж хандлагаа илэрхийлдэг. Манай улстай Хятад улс газар нутгийн болоод ямар нэгэн маргаантай зүйл байхгүйг олон улсын гэрээ бичгээр баталгаажуулсан бодитой зүйл шүү дээ.

Ер нь их гүрэнд уусахгүй, автахгүй байх хамгийн гол арга бол маш сайн судалгаа хийж, Хятадыг, хятад хүнийг ойлгох л явдал юм. Ямар хүн уусдаг, ямар хүн бусдад автдаг вэ гэвэл юу ч мэдэхгүй харанхуй хүн л бусдын соёлд автаж уусдаг. Энэ бол эмгэнэл. Тиймээс бид хятад хэлийг маш сайн сурч, түүх, уламжлал, соёлыг нь сайн судлах ёстой. Тэгэх юм бол монгол хүнд дархлаа суугаад байх учиртай.

-Судлаачийн тань хувьд асууя л даа. Хятадын зарим жирийн иргэд “Монгол манайх” гэсэн хандлага ажиглагдах юм уу?

-Жирийн иргэдийн хувьд ийм асуудал байна аа, байна. Саяхан болтол Монгол-Хятадын түүх нэгнээсээ хамааралтай байсан үе бий. Манж Чин гүрний ноёрхолд Хятад, Монгол хоёр талхигдаж л явлаа. Түүхийн ийм ойролцоо шинжүүд биднийг нэгтгэж байсан тохиол цөөнгүй. Монголын Их Юан гүрэн Хятадад төвлөж, нийсэллэж л байсан. 1911 онд Монгол Улс тусгаарласан. Сүүлийн үед “Монгол Хятадын бүрэлдэхүүн” гэдэг үзэл дээд түвшинд огт байхаа больсон.

Харин жирийн нэг таксины жолооч “Монгол манай дайсан. Та нар манай хэсэг” гэх мэт маргаан гаргах бол энүүхэнд. Надтай ч ийм зүйл тохиолдож байсан. Энэ бол түүхээс үлдэж хоцорсон л мөрөөсөл. Одоо Монгол Улсыг Хятадын удирдагчид хийгээд дээд түвшнийхэн хэзээ ч тэгж хэлэхгүй. Энэ л манай хоёр улсын туурга тусын жинхэнэ оршин тогтнол. Күнзийн “Та өөрийн үл хүсэх зүйлээ өрөөл бусдад бүү тулга” гэсэн сургаал нь бэлхнээ байж байна. Өнөөдөр энэ үг Хятад улсын гадаад бодлогын гол цөм болсон.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img