2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Уолт Диснейн өөр амьдрал

ХХ зууны кино урлагийг судладаг судлаачид 1930–1950-иад оны киног судлахдаа кино бүтээгчдийн улс төрийн үзлийг ихэд сонирхон судалдаг. Тэр дундаа хүүхэлдэйн кино бүтээгчдийн бүтээлүүдийг харж улс төрийн үзэл санааг нь олж уншихыг хичээдэг. Энэ ч бас үндэсгүй “хар” биш юм. Тухайн үед олон аниматрууд хүүхэлдэйн киногоороо дамжуулан улс төрийн ухуулга хийж байв. Тэр дундаас Зөвлөлт Оросын болон Америкийн Нэгдсэн Улсын аниматорууд заримдаа арай ч дэндүүлж байна аа гэж бодогдохоор хүүхэлдэйн кино хийдэг байсан нь нууц биш.

Уолт Дисней… Энэ нэрийг сонсоод хүн бүрт сайхан сэтгэлт, хөгжилтэй, нэг их урт гонзгой хүний дүр төрх буудаг. Хэрэв та антисемитүүдийг сайхан сэтгэлтэй гэж боддоггүй бол таны хувьд Дисней ч гэсэн сайхан сэтгэлт хүн болж харагдахгүй нь харамсалтай. Тэрээр антисемит төдийгүй тийм ч их ардчилсан либерал үзэлтэн байсангүй. Түүний шедевр болох “Гурван тоорой”-г еврейчүүдийг егөөдсөн бүтээл ч гэж үзэх нь бий. Ер нь тэрээр еврейчүүдийг ажилд авдаггүй байсан төдийгүй тэдэнтэй ямарваа нэгэн байдлаар харьцахаас, уулзан учрахаас зайлсхийдэг байсан нь баттай үнэн. Дэлхийн II дайн дууссанаас хойш арван жилийн дараа тэрээр өөрийн антисиметизмийг нуун далдлахын тулд бүх л зохиол, захидлаа нэг бүрчлэн нягталж уншсан гэдэг. Түүн шиг антисемит “Оны хүн” болж чадахгүй байлаа. 1955 онд тэрээр “Оны хүн”-ээр өргөмжлөгдсөн юм. Тэрээр антисемит төдийгүй антикоммунист байв.

Uolt Disnei1927 онд Дисней эхнэр Лилиандаа нохой бэлэглэсэн нь маш хурдан тэдний гэр бүлийн гишүүдийн нэг болж чаджээ. Лилиан Уолт хоёрын хүүхэдтэй болох гэсэн оролдлого нь хоёронтоо нурсан бөгөөд жирэмслэлт болгон нь үр зулбалтаар төгссөн юм. Лилианы гурав дах удаагийн жирэмслэлт Уолтод аз жаргалыг авчирсангүй. Эхнэр Лиллиан болон шинээр төрөх охин нь түүнд сонин биш байлаа. Тэр үед Уолт ямар нэгэн гайхамшгийг (эхнэрээ төрөхийг) хүлээсээр бүүр залхчихсан байв. Тэрээр эхнэртээ анхаарал тавихыг хүссэнгүй. Ээждээ бичсэн захидалдаа Уолт Дисней “… Надад юу ч мэдэх хүсэл алга. Би энэ ертөнцийн хамгийн дур гутам аав болох байх аа” хэмээн бичсэн удаатай. 1933 онд Уолтын хүсээгүй хүүхэд Диана мэндлэв. Дианагийн төрсөн жилийн сүүлээр Уолт Дисней Америкийн хойч үеийг халамжлан хүмүүжүүлэхэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн “Parents” сэтгүүлийн шагналын эзэн болчихсон инээмсэглэн зогсож байлаа. Хүний хувь тавилан гэж тоглоомтой эд шүү.

Агуу Уолт Дисней Америкийн Тагнуулын албатай хамтран ажиллаж явсан гэсэн мэдээлэл одоо ч хүчээ алдаагүй байна. Тухайн үеийн АТА дарга Эдгар Гувертэй их дотно байсан гэдэг. Гэхдээ Гувертэй тухайн үеийн Холливудын олон продюссерууд “найзалж” байсныг хэлэх ёстой. Түүнийг АТА-тай холбоогүй аж төрсөн гэх үзэл, байр суурьтай диснейн намтар судлаач, шүтэн бишрэгчид ч олон байсныг тодотгон хэлэх нь зөв болов уу. Хэн өөрийн шүтээнээ АТА-ын “бууны нохой” болгохыг хүсэх вэ дээ. Магадгүй тэрээр ардаа ийм том хүчинтэй байсан болохоор 1940 онд Лени Рифеншталийг Холливуд хүлээн авч чадахгүй айн бөмбөгнөж байхад ганцаараа хүлээн авч уулзаж, түүний агуу киног магтан бахархаж чадсан биз. Антисемит түүнд Еврейчүүдийн үхэл юу юм бэ? Тиймээс Гитлерийн ойрын хүнийг хүлээн авахдаа сэтгэл нь төвдөөгүй байх. Нөгөө талаараа түүнийг тандаж ч байсан юм билүү.

1940-өөд оны үед тэрээр “Микки Маусын Парк”-ийг сэдэж байхдаа тагнуулын албаныхантай хамтран ажиллаж эхэлсэн гэдэг. Тиймээс ч түүний сэдэл дээдчүүдийн хүрээнд ихэд дэмжигдсэн гэж үзэх нь бий. Ямар аргаар өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрснээс үл хамааран Дисней 1955 онд ирээдүйд түүний компанийг “эзэнт гүрэн” болгож чадсан Диснейлэндээ нээсэн юм. Дисней өөрийн алдар хүндэд ихэд гутранги талаас хандаж байлаа.

Тэрээр “Миний бүтээсэн баатруудыг бүгд мэддэг мөртөө миний дүр төрхийг хэн ч мэддэггүй” гэхчлэн ихэд гомдоллодог байв. Тэрээр янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон тооны ярилцлага өгч Микки Маус шигээ алдартай болохыг хичээж байлаа. Гэвч тэрээр өөрийнхөө бүтээсэн бяцхан хулгана шиг алдартай болж чадаагүй юм. Тиймээс ч ихэд сэтгэл дундуур аж төрдөг байв. Кино урлагийн шинэ технологи, шинэ алхамууд түүнээс өөр хурдыг шаардаж байлаа. Үүнийг ойлгосон Дисней “амьд жүжигчин”-тэй кино хийхээр шийдсэн юм. Диснейн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Мэри Поппинс” дэлгэцнээ гарч дараа дараагийн кино төслүүд нь улам нүсэр, улам агуу болж байв.

Uolt DisneiАмьдрал дээрээ Уолт Дисней хулганаас үхтлээ айдаг төдийгүй хөөрхий муу хулганыг бараг үзэн яддаг байлаа. “Хулганы хаан” хэмээн өргөмжлөгдсөн түүнд ийм комплекс байсан гэхэд итгэмгүй. Магадгүй тэрээр хулганыг үзэн яддаг байсан болохоор түүний хулгана Микки нь хулганыг үл санагдуулам өхөөрдөм, хөөрхөн дүр болсон байх. Магадгүй хулганыг үзэн яддаг болохоороо тэрээр Миккигийн алдар хүндэд атаархдаг, түүнтэй өрсөлддөг байсан байх л даа.

Дисней төлөвлөсөн олон зүйлээ хийж чадалгүй 1966 онд энэ ертөнцийг орхисон юм. Ямар Микки үхсэн биш хүүхдүүд түүний үхсэнийг анзаараагүй байх. Аравхан жилийн өмнө дэлхийн бараг бүх айлын дэлгэцийг эзэлж байсан ухаан муутай “мэлхий нинжа” нарыг үзэгчид мартаж амжсан байхад аль хэдийнэ жар хэвийсэн Цасханд хүмүүс хайртай хэвээр яваа. Үе үеийн үзэгчид Пиноккиог, Үнсгэлжинг, Цасханг, Дамбог, Симбаг, Миккиг, тэнэг мөртлөө хязгааргүй сайхан сэтгэлтэй Плуто нохойг үзсээр, хайрласаар байх болно гэж найдаж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img