2024-07-26, Баасан
19.4 C
Ulaanbaatar

Хүүхэд насандаа ядуу зүдүү, хүнд хэцүү нөхцөлд амьдарч өссөн найман алдарт од

Энэ хорвоод хүн бүрт тэгш боломж заяадаггүй. Тиймээс ч нийгмийн хамгийн доод давхарга, хамгийн доод шатнаас цойлж гарч ирнэ гэдэг мэдээж амаргүй. Гэвч тэгж чадсан одод цөөнгүй. Жастин Биберийн ээж хүүхдүүдээ тэжээх гэж дөрвөн ажилд зүтгэж, Сара Жессика Паркерийнх гэртээ тог цахилгаангүй байсан бол Хилари Свонк фургонд амьдардаг байжээ. Хэдий тийм ч тэд гайхалтай амжилтад хүрсэн билээ.

Леонардо Ди Каприо

Lionardo

Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо “Оскар”-ын шагналд таван удаа уйгагүй нэр дэвшиж байж сая нэг зорьсондоо хүрч чадсан нэгэн. Өдгөө тэрээр Холливудын хамгийн нөлөө бүхий, хамгийн их цалинтай жүжигчдийн нэг болсон ч хүүхэд нас нь тийм ч гэрэл гэгээтэй байсангүй.

Леонардо Ди Каприо Лос Анжелесийн янхны газар, элдэв гэмт хэрэгтнүүд цуглардаг уушийн газраар дүүрсэн, дунд ангийн хүмүүс холуур тойрдог нэр хүн муутай ядуу дүүрэгт төржээ.

Тэрээр “Los Angeles Times” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа, ердийн гэр бүлд хүмүүжсэн холын нэгэн хамаатандаа төрж өссөн дүүрэгт нь ямар их хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг байсан тухай хүүхэд насаа дурсан ярихад мэл гайхаад итгэж ядаж байсан тухай дурдсан нь бий.

Гэвч долоохон настайдаа жүжигчин болохоор хатуу шийдсэн Леонардод хамаатнууд нь туслан маш сайн зуучлагч агент олж өгч хэдэн арван сурталчилгааны видеод тоглуулжээ. Ингэж л ирээдүйн од муу нэртэй дүүргийнхнээсээ дайжин огт өөр зам сонгосон аж.

Хилари Свонк

Hilary

“Оскар”-ын шагналт жүжигчин Хилари Свонк багадаа Вашингтон хотын трейлер чиргүүлэн сууцны паркад өсчээ. Эцэг нь хоёр хүүхэдтэй ээжийг нь хаяад явсан тул өөр яах ч билээ. 15 насандаа Хилари сургуулиасаа гарч, харин ээж нь ажилгүй болсон байна. Тэгэнгүүт ээж нь Хилариг жүжигчин болох мөрөөдөлдөө хүрээсэй гэсэндээ эрсдэлтэй зоримог алхам хийж Калифорни рүү нүүж иржээ. Ээжийгээ орон сууцны төлбөр төлөх чадвартай болтол тэднийх фургонд амьдран заримдаа найз нөхдийндөө хоног төөрүүлдэг байсан аж.

Амаргүй бага насных нь дурсамж түүнийг “Эрх чөлөөний зохиолчид” киноны залуу багш Эрин Груэллийн дүрийг амжилттай бүтээхэд тус болсон биз ээ. Эрин Груэлл ядуу гэр бүлүүдийн сахилгагүй хүүхдүүдэд багшлахаар нэгэн сургуульд ирснээр киноны үйл явдал эхэлдэг байна.

Сара Жессика Паркер

Jesika

“Их хотын секс” олон ангит телевизийн кинонд тоглож алдаршсан Сара Жессика Паркер АНУ-ын Охайо мужийн Нелсонвилл хотод төрж өссөн бүсгүй. Түүний ээж багш, харин аав нь төдийлөн бүтэлтэй биш сэтгүүлч байсан тул тог цахилгааныхаа төлбөрийг төлөх ч мөнгө хүрэлцдэггүй байсан нь нэг бус удаа гэнэ. Тэдний гэрт өр нэхэмжлэгчид тогтмол ирж, утасны компаниас дугаарыг нь таслана гэж үргэлж дарамтлана.

Ах, хоёр охин дүү нь төрсөн өдрүүдээ, бүр зул сарын баярыг ч тэмдэглэхгүй. Сүүлдээ эцэг эх нь салж сарнихад ч хүрчээ. Төд удалгүй ээж нь ачааны машины жолоочтой гэрлэсэн ч гэр бүлийн санхүүгийн байдал дээрдсэнгүй. Тэгээд ч хойд эцэг нь өөрийн дөрвөн хүүхэдтэйг хэлэх үү.

Гэсэн хэдий ч Сарагийн ээж, хойд эцэг охиныхоо бүхий л санаачлагыг дэмжин киноны дүрд жүжигчин шалгаруулах кастингт дагуулан явж, дүрдээ бэлдэхэд нь эрвийх дэрвийхээрээ тусалдаг байжээ.

Том Круз

Tom Krus

Хожим “Алтан бөмбөрцөг” шагналыг гурвантаа хүртсэн Том Круз гурван эгчийнхээ хамт ядуу гэр бүлд төрж өсчээ. Түүний ээж жүжигчин, аав нь цахилгаанчин байсан аж. Түүнийг 12 настай байхад эцэг, эх нь хоёр тийш болжээ.

Тэрээр ээж, эгчүүдийнхээ хамт байнга нүүдэллэн олон ч дунд сургууль сольж суралцахад хүрсэн байна. Ээж нь бага цалинтай дөрвөн ажилд зэрэг зүтгэх зуур сониуч Том хүү шилжин очсон аль ч сургуулийнхаа жүжгийн дугуйланд орж олон арван дүр бүтээсэн гэдэг.

Гэр бүл нь жүжигчин болох мөрөөдлийг нь чадлаараа дэмждэг байсны хүчинд Том Круз бүр 1980-аад оны сүүлээр “Аюултай бизнес”, “Гадныхан” зэрэг кинонд туслах дүрд шалгарч тоглосон байна. Харин одоо тэрээр нэг кинонд 75 сая ам.долларын хөлсөөр тоглодог болжээ.

Деми Мур

Demi Mur

Деми Жийн Гайнс (жүжигчин эмэгтэйн жинхэнэ нэр нь) АНУ-ын Нью-Мексико мужийн Росвелл хотод төржээ. Түүний эцэг ээжийг нь гурван настай жирэмсэн байхад нь орхиод явсан гэнэ. Демиг гурван сартай байхад ээж нь дахин гэрлэжээ.

Ирээдүйн алдарт жүжигчний ээж нь ч, хойд эцэг нь архинд донтогсод тул байнгын мөнгөний гачлантай, трейлер чиргүүлд амьдарна. Иймд Деми 16 насандаа сургуулиа орхин гэрээсээ зугтаж загвар өмсөгч болохыг зорьжээ. Харин дараа жил нь театрын урлагт татагдан жүжигчний дамжаанд элссэн аж. Тэнд хөгжимчин Фредди Муртэй танилцсанаар Холливуд дахь карьераа эхлүүлжээ.

Жим Керри

Жим Керри

Холливуддын алдарт инээдмийн жүжигчин, продюсер Жим Керри Канадын Онтарио мужийн нэгэн сууринд дундаж орлоготой гэр бүлд төржээ. Гэвч Жимийн аавыг ажлаас нь гэнэт халсны дараа бүх юм өөрчлөгдсөн байна. Жим эцэг эх, том ах, хоёр охин дүүгийнхээ хамт фургонд амьдрахад хүрсэн аж.

Жим Керри 15 насандаа сургуулиа орхиж, зочид буудлын үүдний манаач, хожим хамгаалагчаар ажиллан гэр бүлдээ дэм болж эхэлжээ. Гэр бүлийнх нь санхүүгийн байдал тогтворжсоны дараа л тэрээр “Yuk Yuk’s” клубт хошин шогийн гараа хийдэг болсон гэнэ.

Шаня Твейн

Shanya

Канадаас гаралтай нэрт кантри дуучин Шаня Твейн хит парад, чаартуудыг тэргүүлсэн хэд хэдэн сингл дуу гаргаснаас гадна түүний “Come on Over“ цомог хамгийн их борлуулалттай цомгуудын нэг болсон билээ.

Эйлин Режина Эдвардс (дуучны жинхэнэ нэр нь) Канадын Онтарио мужийн Винзор хотод төржээ. Түүнийг хоёр настай байхад эцэг эх нь гэр бүлээ цуцлуулсан аж. Гэвч төд удалгүй ээж нь дахин нөхөрт гарч гурван охиноо дагуулан Онтариогийн алслагдсан бөглүү Тимминс сууринд амьдрах болсон байна. Тэднийд дахин хоёр хүүхэд төрж, цалин мөнгө нь хүрэлцэхээ больжээ. Дуучны дурссанаар, тэднийх байсхийгээд л хоолгүй өнждөг байсан аж. Хэдий тийм ч найман настайдаа Эйлин сууриныхаа клуб, зоогийн газруудад дуулж эхлэн 11 нас хүрэнгүүтээ орон нутгийн радио, телевизийн хөтөлбөрүүдэд оролцдог болжээ. Ингэхдээ дунд сургуулийнхаа хичээлийг тасалдаггүй хичээнгүй сурагч байжээ.

Жастин Бибер

Jastin beber

Өсвөр үеийнхний шүтээн, Канадын хөгжимчин, дуучин, жүжигчин Жастин Бибер нэгэнтээ хэлэхдээ, “Ядуурлын бүлэгт хамрагдсан гэр бүлд төрж өссөн нь намайг юунд ч бууж өгөхгүй хүчтэй болгосон” гэжээ. Ээж нь Жастиныг 18 насандаа төрүүлж ганцаараа өсгөхдөө хэд хэдэн ажилд зэрэг ажиллаж, эмээ өвөө нь голдуу харж халамжилдаг байжээ.

Хөлбөмбөг, хоккейгээр шаргуу хичээллэдэг Жастин дуучин бус тамирчин болохыг зорьдог байсан аж. Гэтэл “Стратфордын шүтээн” гэх дууны уралдаант нэвтрүүлэгт оролцож хоёрдугаар байр эзэлснээр түүний дуучны толгой эргэм карьер нь эхэлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img