2024-10-19, Бямба
3 C
Ulaanbaatar

Ш.Отгонбилэг агсны зөвлөгөөг гэрээслэл, даалгавар шиг бодож ажилласан ассоциацийн 18 жил

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн үйл ажиллагаа 2001 оноос идэвжиж “Эрдэс баялгийн мэдээ” сонин гаргаж эхэлсэн түүхтэй. 2002 оны арванхоёрдугаар сард “Гар аргаар ашигт малтмал олборлох асуудал” сэдэвт зөвлөгөөн, “Монголын уул уурхай-2002” олон улсын анхдугаар үзэсгэлэн, 2003 онд “Дисковер Монгол 2003” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын анхдугаар чуулган, 2004 онд “Уул уурхайн бизнесийн лавлах” анх удаа эрхлэн гаргав.

ДУРСАМЖ:

2000 оны 12 дугаар сарын дундуур ассоциацийн ерөнхийлөгч асан Ш.Отгонбилэг гуай уулзъя гэж Т.Оюунбилэгээр хэлүүлсний дагуу очиж уулзахад МУУҮА-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьж, “Иргэний ардчилсан нийгэмд төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх үүрэг их байдаг, тэр тусмаа манай улсад бүр их байна. Өмнөх гүйцэтгэх захирал нь орон тооны бус байсан, одоо орон тооны болгох гэж байгаа, ажиллах уу” гэж байна. Би ажиллая л гэлээ. За, тэгээд хэдэн төгрөгийн цалин авах вэ гэж асуув. Ассоциацийн санхүүгийн чадвар базаахгүй байгаа гэж гадарлаж байсан болохоор “Хэдийг өгөх бололцоотой байна, тэрнийг нь авъя” гэлээ. Отгонбилэг гуай хажууд сууж байсан Оюунбилэгээс “Хувийн компанийн захирал чи хэдэн төгрөгийн цалин авч байна” гэж асуухад нь “200000 төгрөгийн цалин авдаг” гэж хариулж байна. Отгонбилэг гуай энэ болох уу гэж асуухад болно оо л гэв. Ингээд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад төрийн бус байгууллагуудтай салбарын нийтлэг ашиг сонирхлын дагуу нэгдэн ажиллах, ассоциацийн ажлыг тогтмолжуулж, чадавхийг сайжруулж, салбарын нэр нөлөө бүхий байгууллага болгоход анхаарч ажиллахыг зөвлөж “Цалин нэмэгдэх эсэх нь чи бид ажлаа хир сайн хийхээс хамаарна” гэж билээ.

Ингээд 2000 оны 12 дугаар сарын 22-нд болсон Уурхайчдын баярт зориулсан хуралдааны үеэр намайг ассоциацийн гүйцэтгэх захирлаар томилох саналаа танилцуулсан юм. Намайг гүйцэтгэх захирлаар томилохоос өмнө Отгонбилэг гуай Дархан, Эрдэнэтээр явж Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зарим хүмүүс, мөн Монголросцвет нэгдэлийн удирдлагатай уулзаж ассоциацийн үйл ажиллагааг санхүүжих асуудлаар тодорхой тохиролцоо хийсэн байсан юм билээ.

Намайг томилогдож очиж байхад ассоциаци ганц орон тооны менежертээ зургаан сар цалинг нь өгөөгүй, конторын өрөөгүй, зарим байгууллагуудад бараг 3 сая төгрөгийн өглөгтэй байж билээ.
Он дуусахаас өмнө Отгонбилэг гуай дээр дурдсаны дагуу 3 сая төгрөгийн санхүүжилт босгож ассоциацийн дансанд оруулсан байв. Харамсалтай нь он гараад 2001 оны 1 дүгээр сарын 14-нд Ш.Отгонбилэг гуай нисдэг тэргэний ослоор нас барсан юм.

Тухайн оны 3 дугаар сард болсон ассоциацийн ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үед АМХГ-ын газрын дарга байсан Д. Жаргалсайхан, “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал Х. Бадамсүрэн хоёр өрсөлдөж нэг саналын давуугаар Жаргалсайхан ялав. Ингээд би орон тооны бус Ерөнхийлөгчтэй, орон тооны нэг менежертэй ассоциациацийн ажилд ханцуй шамлан оров.
Отгонбилэг агсан намайг ажилд томилж байхдаа төлөвлөж, зөвлөж ярьж байсныг бараг гэрээслэл, даалгавар шиг бодож ассоциацид 18 жил ажилласан билээ.

“Гар аргын ашигт малтмал олборлолт” зөвөлгөөнийг үндэсний хэмжээнд зохион байгуулав

Гар аргаар ашигт малтмал олборлогчдын тоо улам нэмэгдэж “нийгмийн үзэгдэл” болон томорч сөрөг үр дагавар улам бүр нэмэгдэж байсан учраас 2001 онд Үйлдвэр худалдааны яамнаас түр журам гаргаж анх удаа зохицуулах гэж оролдсон юм. Нинжа буюу албан бус уул уурхай ба тусгай зөвшөөрөлтэй алт олборлогчдын хооронд зөрчил, сөргөлдөөн гарахаас сэргийлэх, төрийн захиргааны байгууллагуудын анхаарлыг уг асуудалд хандуулах, нинжа нарыг ямар нэгэн байдлаар зохион байгуулалтанд оруулах арга замыг эрэлхийлэх зорилгоор МУУҮА-аас 2002 оны 12 дугаар сард “Гар аргаар ашигт малтмал олборлох асуудал” сэдэвт зөвөлгөөнийг улсын хэмжээнд төр, засгийн газрын байгууллагууд, Налайх дүүрэг, Төв (Заамар), Өвөрхөнгай (Уянга), Баянхонгор (Баян Овоо, Галуут, Шинэ жинст), Дорноговь (Өргөн, Даланжаргалан, Айраг, Их хэт, Шивээ Овоо), Сэлэнгэ (Баянгол ), Дархан Уул (Шарын гол) аймгийн (сумдын) ЗДТГ, зарим ТББ, олон улсын байгууллага, уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд, алт, нүүрс, жонш гар аргаар олборлогчдын төлөөлөл оролцуулан анх удаа зохион байгуулж албан бус олборлолтын асуудлыг олон талаас шүүн ярилцсан билээ.

“Дисковер Монгол 2003” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга зохион байгуулагдав

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын геологийн холбоо, “Майн инфо” ХХК ба “Монруд” ХХК нар хамтран “Дисковер Монгол 2003” нэрэн дор уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулганыг 2003 онд “Чингис” зочид буудалд зохион байгуулсан түүхтэй. Төрөөс ямар нэг санхүүжилт байхгүй зөвхөн ивээн тэтгэгчид ба оролцогсодын төлбөрөөс санхүүжсэн ийм төрлийн анхны төлбөртэй арга хэмжээ байв.

ШИГТГЭЭ:

“Майн инфо” ХХК, Захирал Д. Батсайхан, Ерөнхий менежер Д. Төрбат: “Майн Инфо” ХХК нь анх 1997 онд гадаад худалдааны чиглэлээр ажиллаж эхэлсэн ба 2002 оноос геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2003 оноос Монгол улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд татаж оруулах зорилгоор “Discover Mongolia” олон улсын чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулж ирсэн үүсгэн байгуулагчдын нэг юм.

“Монруд” ХХК, Захирал Г. Анхбаяр:
“Монруд” ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй алслагдсан хээрийн ангиудад ложистикийн болон ажиллан амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. 2003 оноос Монгол улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд татаж оруулах зорилгоор “Discover Mongolia” олон улсын чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулж ирсэн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Эрдэнэцогтын Содонтогос:
1994 онд Гадаад хэлний дээд сургуульд элсэн суралцаж англи-орос хэлний орчуулагчийн мэргэжил эзэмшсэн. БНСУ-д Олон улсын улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцсан.
“Дисковер Монгол 2003” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулганы ерөнхий менежер бөгөөд Зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар 2003 оноос 2010 он хүртэл тасралтгүй ажилласан. Сэтгүүлч Л.Болормаа агсантай хамтарч “Mongolian Minig Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулж монгол, англи хэл дээр анх эрхлэн гаргасан. 2007-2008 онуудад МУУҮА-д хэрэгжүүлсэн “Чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч. 2008 онд анх зохион байгуулсан “Майнтех 2008” уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэнг Зохион байгуулах хорооны зохицуулагч.

ДУРСАМЖ:

“Айвонхоу майнз” компани Оюутолгойн орд нээсэн тухайгаа анх 2001 онд Канад улсын Торонто хотод жил болгон зохион байгуулагддаг геологи уул уурхайн дэлхийн хэмжээний чуулган (PDAC ) дээр зарласан юм. Энэ чуулганд Монголоос анх удаа төр ба хувийн хэвшлийг төлөөлсөн олон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон түүхтэй. Энэ чуулганд монголчуудыг явуулж оролцуулах ажлыг АМХЭГ ба МУУҮА хамтран зохион байгуулж байв. Энэ чуулган ба дараагийн чуулганд оролцож байсан Д. Жаргалсайхан (АМХЭГ-н дарга ба Ассоциацийн ерөнхийлөгч ), Д. Батсайхан, Д.Төрбат, Г.Анхбаяр бид хэд Канадад болдог чуулгантай төстэй арга хэмжээг Монголд зохион байгуулах талаар хэлэлцэн тохиролцож билээ. “Майнинфо” ба “Монруд” компаниуд тус бүр дөрвөн мянган доллар гарган чуулганд бэлтгэх ажлыг санхүүжүүлж байв.

Эргэцүүлэл

“Дисковер Монгол” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга нь оролцогчид нь төлбөртэй, санхүүжүүлэлт нь оролцогчдын хураамж, ивээн тэтгэгчдийн хандив ба үзэсгэлэнгийн төлбөр хураамжаар санхүүжсэн энэ төрлийн анхны арга хэмжээ байсан юм. Нэг талаас ийм төрлийн хурал, зөвөлгөөнд урилгаар оролцож дадсан манайханы сэтгэлгээ, хандлагыг сөрж энэ арга хэмжээг зохион байгуулахад эрсдэлтэй бөгөөд хүнд ажил байв. Нөгөө талаас төлбөртэй арга хэмжээ тул төлбөрт нь таарах үнэ цэнэ, өөрөөр хэлбэл шинэлэг мэдлэг мэдээлэлийг оролцогчдод хүргэх, хөрөнгө оруулагчид ба төсөл хэрэгжүүлэгч нарт хэрэгтэй мэдээллийг олж тодорхойлж хүргэх, төр засгийн бодлогыг анхдагч эх үүсвэрээс хүргэх, нээлтэй асуултад хариу авах, бусдын алдаа, оноо ба туршлагаас суралцах хамтын ажиллагааны платформ бий болгохыг зорьсон билээ. Ямар ч гэсэн гадаад ба дотоодод танигдсан нэр хүндтэй арга хэмжээ болсон гэж боддог бөгөөд шувууны ханиад, цар тахал зэрэг онцгой байдал, хөрөнгө оруулалт бараг зогссон хүндрэлтэй байдалд нэг ч өнжилгүй зохион байгуулагдсаар өнөөг хүрсэн нь бодит үнэн. Мөн энэ арга хэмжээтэй төстэй олон “дүү” нарыг хойноосоо дагуулсаныг цаашид товчхон өгүүлэх болно.

…Яагаад “Discover Mongolia” гэдэг нэрийг өгсөн юм бэ?

Арга хэмжээ маань ямар нэртэй байх талаар бид нэлээд ярилцсан л даа. “Discover” нь ямар нэгэн зүйлийг нээх гэсэн үг. Уул уурхайд орд нээхийг бас “discover” гэдэг. Геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг уриалан дуудах, энэхүү салбараа сурталчлах учир Монголыг уул уурхай, геологи талаас нь дэлхийд нээх гэсэн утгаар нь “Дисковер Монгол” нэрийг өгсөн юм.

…Ингэхэд анхны хурал ямар уриатай байсан бол?

Эртний Ромын Цезарь хааны алдарт үг “Veni vidi vici” буюу “Ирлээ, харлаа, яллаа” гэдгээс жишээ аван “Монголд ирлээ, харлаа, хөрөнгө орууллаа” гэсэн утгаар “Veni vidi invest” гэсэн уриатай эхэлж байв. Ийм уриатайгаар 3-4 жил зохион байгуулагдаж байлаа…

Монгол улс анх удаа нүүрс экспортлов

“Чинхуа-МАК- Нарийн сухайт” ХХК нь Монголын нүүрсийг Хятадын зах зээлд таниулахад анхдагч нь байсан бөгөөд 2003 онд 400 мянган тонн нүүрс экспортолсон юм. ”Чинхуа-МАК Нарийн сухайт” компани нь “Монголын Алт” компани, ӨМӨЗО- ны Чинхуа группийн 50:50 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж, Өмнөговь аймгийн баруун бүсийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тус компани нь БНХАУ-аас 90 гаруй км урт 35/10 квт- ын өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламжийг өөрийн хүч хөрөнгөөр барьж 2006 онд ашиглалтад оруулсан бол, Шивээхүрэнгийн хилийн боомтоос – Нарийн сухайтын чиглэлийн 55.02 км хатуу хучилттай замыг барьж байгуулан 2010 онд ашиглалтад тус тус оруулсан байна.
2004 оноос “Тавантолгой” ХК нүүрс экспортолж эхэлсэн бөгөөд Монголын нүүрсний экспорт хоёр дахь жилдээ нийт 1.6 сая тонн-д хүрсэн юм.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img