2024-07-25, Пүрэв
17 C
Ulaanbaatar

О.Чулуунбилэг: Зоригтой, давшингуй гадаад бодлого л газарзүйн хоригдлоор үлдэхээс аварна

Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй Украин, Оросын дайны Монголд үзүүлэх нөлөөний талаар ярилцлаа.

-Улс төр судлаачийн тань хувьд Орос, Украины дайн, энэ дайн тойрсон олон улсын байдал манай улсад хэрхэн нөлөөлж байгаа талаар аль болох хөндлөнгийн байр сууринаас ярилцмаар байна. Та дээхнэ Украин, Оросын дайн Монголын хувь заяанд нөлөөлөх нь гарцаагүй гэж жиргэсэн байсан…?

-Сүүлийн зуун жилд геополитикийн дөрвөн том өөрчлөлт явагдсан. Тухай бүрт нь Монгол шиг жижиг улсын хувь заяаг тэр чигт нь өөрчилсөн байдаг юм. ХХ зууны эхэнд Австри-Унгар, Оросын эзэнт улс, Манж Чин зэрэг голдуу холбооны улсын задралууд явагдахад жижиг улсууд дэлхийн улс төрийн газрын зураг дээр дахин гарч ирсний нэг нь Богд хаант Монгол Улс. Удалгүй дэлхийн социалист хувьсгалын нөлөөгөөр шинэ социалист бүгд найрамдах улсууд төрөхөд 1924 оны БНМАУ бий болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдаж шинэ улсууд бий болоход Ар Монголын хэмжээнд БНМАУ тусгаар тогтнолоо дэлхийгээр хүлээн зөвшөөрүүлсэн. Эцэст нь 1990 оны ардчиллын давлагаанаар манай улс зөвлөлтийн дагуул улс байхаа больж бүрэн тусгаар тогтносон түүхтэй. Өнөөдөр шинэ хүйтэн дайн эхэлснээр олон улсын шинэ дэг журмын тухай бүгд яриад эхэллээ л дээ. Товчхондоо Монголын хувь заяанд тав дахь сорилт ирж байна.

-Шинэ дэг журам олон улсын харилцаанд ирж байна гэж судлаачид их ярих болсон л доо. Та ч сая тэгээд хэлчихлээ. Шинэ дэг журам гэдгээ тодруулаач?

-Олон улсын харилцаа АНУ гэх нэг туйлт харилцаанаас олон туйлт харилцаа руу шилжих гэж оролдож байна. Ямар улсууд туйл байж чадах вэ гэдэг сөргөлдөөн ид өрнөж байна. НҮБ үндсэн үүргээ гүйцэтгэх чадвар суларч Аюулгүй Зөвлөл нь гацаанд орсон нь Орос-Украины дайныг шийдэж чадахгүй яваагаар харагдана. Судлаачид үүнийг олон улсын харилцааны бүрэнхий үе эхэллээ гэж тодорхойлж байгаа. Энэ бол Монгол шиг жижиг орны хувьд тун эрсдэлтэй дохио. Нэгэнт НҮБ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа болохоор улс орнууд аюулгүй байдлаа хангахын тулд батлан хамгаалах төсвөө нэмж, цэрэг зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан эхэлчихлээ. Шинэ хүйтэн дайн албан ёсоор эхэлж байна л даа. Манай Засгийн газар гадаад бодлого дээр төвийг сахина гэж байгаа ч Монголын нийгмийн хувьд хайбрид дайны дам оролцогч нэгэнт болчихсон. Шуудхан хэлэхэд, бид шинэ хүйтэн дайнаас зугтаж чадахгүй.

-Яагаад бид хайбрид дайны дам оролцогч болчихов. Бид Орос-Украины дайнд огт оролцоогүй шүү дээ?

-Дайны тухай уламжлалт ойлголт бүхэлдээ өөрчлөгдсөн. Дайн өмнө нь тодорхой фронтын шугам дээр газар нутаг дээр явагддаг байсан бол шинэ дайн хил хязгааргүй даяарчлагдсан, цэрэг армиас гадна эдийн засаг хөрөнгө босголт, соёлын зөрчил, мэдээллийн өрсөлдөөн, дипломатын хийгээд кибер сошиал орчныг бүхэлд нь хольсон хайбрид хэлбэртэй болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Саарал бүсийн дайн, хязгаарлалтгүй дайн, хүлцэнгүй дайн, тодорхойгүй дайн гэж янз бүрээр бичиж буй ч нэг зүйл ойлгомжтой байгаа нь даяарчлалын улмаас энэ дайнд бүх улс орнууд, нийгмүүд дам байдлаар татагдан орчихлоо. Жишээ нь, Орос-Украины дайнаас бид харьцангуй хол байгаа мэт боловч Монголын нийгэм сошиал орчинд хоёр хуваагдаад дэмжиж байна. Хайбрид дайны шууд оролцогчид олон улсаас дэмжлэг авахын тулд мэдээллийн дайн хийж байгаагаас дисинформаци, мисинформацид Монголын хэвлэл, сошиал орчин эзлэгдэж нийгмийн үзэл бодол хуваагдаж байна гэсэн үг. Үр дүнд нь дайныг эсэргүүцсэн болон дэмжсэн иргэдийн жагсаалууд болж, улс төрийн намууд болон инфлүүзэрүүд өөр өөр байр суурийг илэрхийлэх болсон. Нэгдмэл улс гэх манай давуу тал сулрах эрсдэл үүссэн. Монгол дахь гадаад улсуудын элчин сайдын яамд болон олон улсын байгууллага, эвсэл холбоодын зүгээс манай төрийг илтэд шахах, дипломатын болон эдийн засгийн дарамт үзүүлэх болсон. Зарим хөрш орны элчин сайдын яам бүр ил тодоор оролцож байсан нь ердөө саяхны үйл явдал. Энэ утгаараа манай улс Орос-Украины хайбрид дайны дам оролцогч нэгэнт болчихсон.

-Нэлээд дээхнэ Монгол дахь барууны орнуудын элчингүүд нийлж хэвлэлийн хурал хийсэн. Энэ хайбрид дайны бас нэг үр дагавар уу?

-Мэдээж дайн гараагүй бол ийм хэвлэлийн хурал хийгдэхгүй. Дайнаас үүсэх хүндрэлийг шийдэхэд туслах, эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авахад тун хэрэгтэй дэмжлэгүүд өгөхөө амлаж байсан шүү дээ. Үнэхээр энэ үеийг ашиглаад барууны орнуудын дэмжлэгийг зоригтой авч чадвал цахилгаан, шатахуун, дэд бүтцийн асуудлаа шийдэж босоод ирэх боломжтой. Ийм тусламжгүйгээр Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого бодит ажил болох боломжгүй. Ядаж л Хятадтай боомтын гацаагаа гаргахад Японы, Оростой гаалийн хүнд суртал, өндөр татварыг нь буулгахад Германы тусламжийг авах ёстой. Францтай цөмийн салбарт ажиллах хэрэгтэй. Англитай, зүүн европын улсуудтай уул уурхай, технологи, цэргийн салбарт харилцаагаа шинэ шатанд гаргах шаардлагатай. Монгол бол газарзүйн хоригдол улс. Дахиж ийм боломж мөддөө олдохгүй. Гэхдээ Засгийн газарт нэг хүндрэл учирна. Тэр нь барууныхан Оросын хийн хоолойг дэмжихгүй байх амлалт авах шахалт үзүүлэх болов уу. Энэ дундуур яаж хохиролгүй гарч ирэх нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдийн кабинетад том сорилт болно.

-Зарим үйл явдлаас анзаарахад барууныхан Монголыг бас л ижилхэн шахаж байна уу гэсэн бодол төрөх юм?

Чулуунбиэг-Хүйтэн дайны үндсэн шинж нь үзэл суртлын дайн байдаг. Америкийн хувьд Оросын түрэмгийллээс болж Европтой барууны суурь үнэт зүйлсээрээ нэгдчихлээ. Бид барууны үнэт зүйлс гэж ярьдаг ч энэ нь хүн төрөлхтний бий болгосон суурь үнэт зүйлийн тухай л яриад байгаа хэрэг. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, үндсэн хууль, парламентын засаглал гэх мэт. Нийгмийнхээ дотоод уур амьсгал, соёлоос үндэслэж барууны ертөнц хүний эрх дээр суурилсан гадаад бодлого руу шилжиж байна. Цаашид хууль тогтоогчид, хууль хүчний байгууллагынхан, улс төрийн намууд хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргахгүй бол барууныхантай харилцах боломжгүй болох, адаглаад өөрт нь болон гэр бүлд нь виз гарахгүй байх эрсдэл бий болж байгааг анхаарах хэрэгтэй. Иргэд ч сошиал орчинд аливаа хүчирхийлэл, фашизмыг дэмжихгүй байх нь зөв. Дэлхий хавтгай болсон гэж бүгд л ярьж, бичиж байна шүү дээ.

-Таныг АН-ын гишүүн учраас барууныхныг дэмжлээ гэж харах хүн цөөнгүй гарах байх. Та тэр утгаараа ийм байр суурь илэрхийлэв үү, эсвэл түрүүн хэлсэн шигээ хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсээ харж ярив уу?

-Олон улсын практикаас харахад дөчөөд насныхан нийгмээ чирч явдаг. Үе бүхэн өөр өөрийн зовлон жаргалтай, соёлтой, зорилго, шалгууртай. Манай үеийнхнийг covid gen­eration эсвэл war generation гэж нэрлээд эхэлсэн. Дэлхийн шинэ дэг журамд Монгол Улс ямархуу байр суурьтай аж төрөх вэ, бид дампуурсан улс болох уу, хөгжсөн улс байх уу гэдэг удахгүй шийдэгдэнэ. Ийм үед аль намын гишүүн байх вэ гэдэг гучдугаар асуудал болчихлоо л доо. Миний хувьд эцсийн мөчид монголчууд зөв талд, ялагчдын нэг л болох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй яваа. Гэтэл НҮБ дэх Орос, Украины дайн дээр түдгэлзсэн Монголын байр суурь нь ШХАБ-ын орнуудтай ижил байна. Дахиад хэлье, газарзүйн хоригдол гэж ойлголт бий. Байршил нь тухайн улсынхаа хөгжлийн хязгаарлагч болчихдог. Монгол бол газарзүйн хоригдол улс. Нэмээд үзэл санааны хоригдол гэчихмээр санагддаг. Манай улсын тухайд чөлөөт зах зээл, иргэний нийгэмтэй байхын тулд бусдаас хэд дахин их хүч, золиос зарлах шаардлага байнга үүсдэг орон. Товчхондоо бид олон улсын тавцанд геополитикийн дарамтад орох нь тодорхой боллоо. Ийм үед эв нэгдэл, нээлттэй яриа хэлцэл л хэрэгтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img