2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Л.Гүндалай: Дүр эсгэсэн худал хуурмагтай эвлэрч чаддаггүй нь миний алдаа байж магадгүй

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Open Democracy” клубын ээлжит уулзалтын үеэр “Ардчилсан намын алдаа оноо” сэдвээр байр сууриа хуваалцсан юм. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.

– Өмнөх шигээ хаалга савж гаралгүйгээр АН-аа ялахыг хармаар байна –

АН-д гишүүнээр элссэн түүх

Анх 2000 онд бие дааж УИХ-ын гишүүн болчихоод тэр жилийнхээ арванхоёрдугаар сарын 6-нд ардчилсан намууд нэгдлээ гэхээр нь гэнэтхэн л Д.Дорлигжав даргын өрөөнд орж намын гишүүн болох өргөдөл биччихсэн. Надаас өөр хүн байсан бол “Би АН-д орлоо, надад ямар албан тушаал амлах вэ” гэх байсан юм билээ (инээв). Гэтэл би ямар ч тийм бодолгүй гүйгээд орчихсон. Тэр үед Д.Дорлигжав дарга “Нам маань гудманд байхад юун гишүүн ороод ирэв, алив хадаг сүү аваад ир” гэж дуу шуу болж байлаа. Би тухайн үед улстөрийн ямар ч туршлагагүй, албан тушаал энэ тэр мэддэггүй байж. “Сараз майор” гэдэг шиг шууд л УИХ-ын гишүүн болчихсон. Ер нь миний амьдрал иймэрхүү маягаар өрнөсөн. Амьдралынхаа тухай яриад байгаа нь учиртай. Өөрийгөө тодорхой хэмжээний феномен болсон хүн гэж боддог. Одоо бас сошиал ертөнцөд феномен болчих шиг боллоо.

За тэгээд АН-д элслээ. “Ардчилал Монголыг авч явна. МАН гэж пост коммунист нам Монголыг авч явахгүй юм байна”, “Миний хайртай Баабар, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл АН, ардчиллыг аваад явна даа. Үнэнээр явбал ялах нь тодорхой” гэсэн дэврүүн сэтгэлтэй АН-ын босгыг давж байлаа. Ардчиллын төлөө гэх үү, АН-ын төлөө гэх үү УИХ-ын чуулганыг тухайн жилдээ гурав дарааллан тараасан түүх миний амьдралд бий. Одоо эргээд бодох нь би яснаасаа тийм хүн юм билээ. Сурагчийн хувийн хэрэг дээр маань багш “Ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж турхирдаг, цуурдаг” гэх мэтээр биччихсэн байдаг юм. Германд сурахын өмнөх бэлтгэлд байхад тийм шалтгаанаар намайг гаргах гэж шахсан удаатай. Өчнөөн олимпиадад түрүүлсэн, математизаас эхлээд олон хичээлийн аварга шүү дээ гэж тайлбарлаж байж арайхийн үлдэж байлаа.

АН-аас гарсан шалтгаан

Амьдралдаа барьж явдаг нэг зарчим бий. Дүр эсгэсэн хуурамч зүйлд маш дургүй. Тийм зүйлтэй эвлэрч чаддаггүй. Тэр л миний алдаа юм шиг. Болохоо л байвал бухимдал төрөөд хаалгыг нь саваад гараад явчихдаг. Энэ маань олон юманд саад болсон. Өөрөөр байх гэж их оролдоно. Дээр нь өөрийгөө мундаг гээд бодчихсон явсан үе бийг үгүйсгэхгүй. Эмэгтэй хүнээр бол би их үнэтэй бүсгүй шиг байгаа юм (инээв).

Эцсийн дүндээ би нэг л зүйлийг тод ухаарсан. Хүнээрээ амьдраад алдсан ч оносон ч өөрөөрөө аж төрсөөр дуусах нь зөв юм байна гэж бодох болсон. Манай эхнэр зөв, буруугийн тухай өчнөөн зүйл хэлдэг юм. Ер нь буруу л гэнэ. Би өөрөө зөв гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Маш их алдаа дутагдал гаргадгаа хүлээн зөвшөөрнө. Нийгэмд сохрын газар сохор, доголонгийн газар доголон явахгүй бол горьгүй. Яг над шиг аж төрнө гэвэл хэцүү.

19 настайдаа бизнес хийгээд боломжийн мөнгөтэй болсноосоо хойд сүрхий баяжиж хөлжөөгүй ч юмаар дутахгүй амьдарсаар ирсэн. Тийм учраас албан тушаал, хөгжлийн банк, боловсролын зээл гэх мэт элдэв юманд орооцолдож байгаагүй. Ерөнхий сайд нар томилогдлоо гэхээр хүмүүс хадаг бариад гүйгээд очдог юм билээ л дээ. Би баяр ч хүргэж үзээгүй. Эхнэр маань “Чи очоод баяр хүргээч” гэнэ. Миний хувьд тэгж гүйхгүй ч “Би АН-д гавьяатай хүн. Намайг сайд болгох байх” гэж дотроо горьддог байлаа. Тэгж бодсон хэрнээ лобби хийж гүйхгүй өрөөндөө шатар тоглоод сууж байдаг. Нэг шатар тоглоод дуусахад “Засгийн газар бүрдсээн” л гэсэн мэдээ сонсогдоно. Хоосон хоцрох бүрдээ гомддог байснаа нуухгүй.

АН-ынхаа лидерүүдийг эхэндээ шүтэж явдаг байсан. Эхэндээ АН гэж юу болохыг огт мэдэхгүй явснаа нуугаад яахав. Тэр олон намуудын нэгдэл, энэ их зөрчил маргалдааныг нь мэдэхгүйгээр тэргүүн эгнээнд нь орчихсон. Анхнаасаа зовлонг нь туулаагүй. Өөрийнхөөрөө хүнд хэцүү л байсан. Лидерүүдээр нь АН-ыг төсөөлөөд намдаа элсчихсэн хүн л дээ би.

Би аль ч фракцидд нь ордоггүй байлаа. Зүүн Хойд Азийн нийгэмлэгт нэгдээч гэхээр нь хоол ундыг нь идчихээд, элдэв төлбөрийг нь хийчихээд явчихдаг байв. Лу.Болдын мөнгөөр байгуулсан байгууллага байсан юм билээ л дээ. Мань хүн албан тушаал авахын тулд тодорхой хүмүүсийг цуглуулсан байж. Арван жилийн дараа л цаад учрыг нь олсон. Биднийг бүгдийг нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгч дээр дагуулж орсон явдал бий. Лу.Болдыг АМГ-ын дарга болгоод өгөөч гэсэн хүсэлт тавьсан уулзалт л даа. Тэр мөчид ч би цаад учрыг нь гадарлаагүй явсан. Тиймэрхүү нарийн зүйлсийг ойлгохгүй, их урдуур, цор ганцаараа явсан байдаг юм. Сүүлдээ бүх юмыг нь ойлгочихоод АН-аас 2006 онд гараад нам байгуулсан.

АН-ын лидерүүдийн тухай

АН-аас гараад байдаг нь ардчилалд дургүйдээ биш л дээ. Намайг ил, далдаар шахах асуудал ч их байж гэж боддог юм. АН-ын олон фракцийн гай, зовлонг бид бултаараа амсаад явж байна. Тухайн үеийн фракцуудыг би “түр зуурын эрх мэдлийн төлөө үзэлцэж өрсөлдсөн” л гэж хэлнэ. Өнөөдөр л болж байвал маргааш яах ийх нь хамаагүй гэж үзэлцсэн. Тэр байдал нь өнөөдөр АН-ыг ийм болгочихсон. Манай лидерүүдийн гол алдаа бол энэ.

Лидерүүдтэй мөр зэрэгцээд олон жил явсан учраас хэн нь хэн бэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд ажиглаж мэдсэн. Манай лидерүүд намдаа, улсдаа, ард түмэндээ хоноцын сэтгэлээр хандсан. Зөвхөн АН-ын лидерүүд ч биш, Монголын улс төрийн лидерүүд бултаараа тийм байсныг хэлэх хэрэгтэй.

Үүн дотроо МАН араг ясаараа жанжин шугам бодлоготой үлдэж чадаад байх шиг. МАН-ын гишүүн найз маань “Гүндалай чи манай намд элссэн бол ингэж явахгүй байсан. Гишүүн хэвээрээ яваа. Албан тушаалд ч оччих байлаа. Даанч намаа буруу сонгочихсон” гэдэг л юм. АН-ын хэн ч биш болчихсон байхад элсээд ардчиллын төлөө зүтгэсэн, ямар ч хариуцлага хүлээлгэсэн үүрээд явах дайны хүн гэж өөрийгөө боддог. Гэхдээ АН-ын лидерүүдийн хэн нь ч тэгж боддоггүй.

Миний санаачилсан хүүхдийн мөнгөний хүчинд АН 2004 онд бараг ялсан. Тухайн үед намын дарга байсан М.Энхсайхан зориг муутай ажилласнаас жинхэнэ ялалтыг авч чадаагүй юм. “Засгийн эрх аваад л хүүхдийн мөнгө тараана. Дараа нь үргэлжлүүлээд нэмнэ” гэсэн үгийг тод чанга хэлэхэд л ард түмэн хуйгаараа дэмжихэд бэлэн байсан. Бөөрөнхийлөөд өнгөрүүлэхэд нь их гайхсан. “Ийм лидер, намын дарга ч байх гэж дээ” гэсэн голонгуй бодол төрж байсан шүү.

2024 онд хүчтэй лидертэй байж л АН ялна. “Их зүйлийг өөрчилнө” гэж тод чанга дуугараад явахад МАН-ыг амархан ялна. МАН-ын ерөнхий нэр хүнд уначихсан их хэцүү байна шүү дээ. Дахиад хэлэхэд аливаа нам ялахын тулд хүчтэй лидер л хэрэгтэй. Тогтолцоо чухал гэдэг. Мэдээж чухал л даа. Гэхдээ лидерт л хамаг учир байдаг юм билээ.

АН тамга тэмдэгтэй, даргатай боллоо. Үүнд их баяртай байгаа. Ер нь манай лидерүүдийн ихэнх нь барьцаанд орчихсон юм билээ. Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүн нь хүртэл гадагшаа гараад алга болчихсон. Иймэрхүү хүнд нөхцөлд АН оршин тогтнож байна.

Хуучин, шинэ фракциудын ялгаа

АН-ын фракцууд үзэл санааны, нээлттэй, шударга баймаар байгаа юм. Манай хуучин фракциуд зөвхөн тухайн фракцийнхаа эрх ашгийг бодсон шинжтэй байсан. Бүх фракциуд нэгдээд бодлого ярьдаггүй байлаа. Одоогийн фракциудыг өөр байгаасай гэж хүсдэг. Нэгдэж асуудал, бодлогоо ярьдаг, мерит зарчимтай, чадах хүнд нь ачаа үүрүүлж чаддаг байвал удаан хугацаанд хүчтэй оршиж чадна. Одоо хүчтэй яваа фракциуд ийм байвал надад үнэхээр гоё байна. Миний хувьд өнөөдөр фракциудын асуудлыг хөнлөж ярихдаа өмнөх фракциудын алдааг л хэлсэн юм. Хуучин фракциуд зөвхөн хувиа хичээсэн, албан тушаалын төлөө ажилласан, мөнгө өгсөн хүний төлөө л явсан. АН-ын залуусыг ийм клуб байгуулаад, фракцлаад явж байгааг дэмжиж байна. Та нар дотор миний үеийн улстөрч нэг ч алга. Залуус үзлээрээ нэгдээд ажиллаж яваа нь гоё санагдлаа. Шударга байгаасай гэж хүсч байна. Би одоо АН-ын гишүүн. Өмнөх шигээ хаалга савж гармааргүй байна. Хамтдаа байж, ялмаар байна.

Нам байгуулсан нь

Монголд жижиг намууд явдаггүйг нам байгуулаад ойлгосон. Нам авч явахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэйг ухаарсан. Тэр их мөнгө нь надад байхгүй. Хэнээс ч гуйхгүй, өөрийнхөөрөө амьдраад явах мөнгөтэй ч улстөрийн намыг аваад явах, улс орон даяар үйл ажиллагаа явуулъя гэхээр дампуурчих гээд байсан л даа. Тэгээд АН-аасаа хоёр ч удаа гараад эргэж элсээд явж байна.

Миний амьдралдаа барьдаг хамгийн том зарчим гэвэл өөрийнхөөрөө, өөрөөсөө урвахгүй, хүний араас хутгалахгүй, элдэв маяггүй яг хүнээрээ аж төрөөд орчлонгоос буцах хүсэл. Бурханы өмнө очоод “Зөв шударга явах гэж их хичээж амьдарсан шүү” гэж хэлэхсэн гэсэн бодлоор амьдарч яваа хүн. Би АН-аас гараад буцаж элсээд, одоо гишүүн нь болчихсон яваа. Надад нэг л онцлог бий. Би хэзээ ч МАН-д элсч яваагүй. АН-ын эсрэг МАН-ын гар хөлж болж яваагүй.

Өөрийнхөө байгуулсан намаа томруулчих санаатай хэсэг явсан. Тэгээд бүтээгүй. Одоо миний халаасанд хоёр нам бий. С.Эрдэнэ дээр очоод “Намдаа элсье, намын даргад өрсөлдье” гэхэд “Ард түмний намаас гарсан бичгээ аваад ир” гэсэн. Тэгээд эхнэрээ намын дарга болгосон юм. Намайг онцгой анхааралд явсаар ирсэн хүн гэдгийг залуус мэдэхгүй байж магадгүй. 2016 оны сонгуульд намайг Эрдэнэтээс гаргахгүй гэж МАН-ынхан Буянгийн Жаргалсайханыг хөлсөлж өрсөлдүүлсэн түүх бий. Эрдэнэттэй ямар ч холбоогүй хүн шүү дээ, Жаргалсайхан. Тэрийг нь би мэдчихээд эхнэрээ гуйсан, Буян Жаргалсайхантай өрсөлдөөч гээд. Манай эхнэр Жагаатай нэг тойрог дээр өрсөлдсөн нь ийм учиртай. Намайг дээшээ гаргах сонирхолгүй нөхөд АН-д ч байсан. Товчхондоо АН, МАН аль алиных нь онцгой анхаарлын бүсэд байдаг хүн байгаа юм би. Тийм учраас намаа өөр хүнд өгчих гэхээр худалдаад авчих эрсдэл өндөр гэж болгоомжилдог. Ийм шалтгаанаар эхнэрээ намынхаа дарга болгосон. “Хүмүүс эхнэртээ машин бэлэглэж байхад Гүндалай нам бэлэглэлээ” гэсэн онигоо маягийн яриа шуугиан гарсан нь цаанаа ийм учиртай юм.

Д.Мөнх-Эрдэнийн тухай

Д.Мөнх-Эрдэнийн тухайд үнэхээр харамсалтай явдал болсон. Тэр хүнийг тэнд байлгаад байж болохгүй. Ялих шалихгүй шалтгаанаар хорьчихлоо. Ялих шалихгүй шалтгаанаар хориод байвал дунд шатны бүх албан тушаалтан шоронд орно. Зургадугаар сарын эхээр талбай дээр гараад “Мөнх-Эрдэнийн лайвыг харж дэмждэг байсан хүмүүс хүрээд ир. Бүгд жагсч үгээ хэлээд Мөнх-Эрдэнийг суллуулахын төлөө нэгдье” гэж уриалдаг юм билүү гэж бодож байна.

Долдугаар сарын 1-ний тухай

Долдугаар сарын 1-ний харгислалыг би тэвчихгүй. С.Баяр бол гол буруутан. Би С.Баярт хандаж үгээ хэлж байсан. “Чи бол долдугаар сарын 1-ний хамаг гайг авчирсан хүн. Чи юу ч харахгүй байгаа. Учир нь чиний нүдний шил дүүрэн цус болчихсон яваа” гэж хэлсэн юм. Тухайн үед чуулган дээр ганц хүн эсэргүүцэж үгээ хэлсэн нь би. Өөрийнхөөрөө тэр асуудалд хандсан. Би долдугаар сарын 1-нийг мөн чанараараа тэсч тэвчихгүй. Тэр үед Э.Бат-Үүлийг чуулганыг хаалттай хуралдуулах санал гаргана гэж огт бодоогүй. Бүлэг дээр огт яригдаагүй асуудал байтал гэнэтхэн л тийм санал гаргачихсан. Чуулганы нээлт эхлэнгүүт “Энэ хурлыг хаалттай болгоё” гэсэн горимын санал гаргасанд нь үнэхээр гайхсан. Хэлэх үг олдоогүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img