Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
NIO ROOM

Наланда: 10,000 лам суралцаж байсан дэлхийн хамгийн эртний их сургууль ба шатсан номын сангийн түүх

Наланда

Нагаржунай, Шантидэва тэргүүт гэгээнтнүүд сурч байсан домогт Наландагийн туурь. Наланда бол эртний буддист их сургууль. Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны, хамгийн алдартай дотуур байртай их сургуулиудын нэг гэгддэг. Манай эриний V зуунд үндэслэсэн гээд бодохоор Европын хамгийн эртний сургуулиудаас хагас мянган жилийн өмнө сүндэрлэсэн гэсэн үг.

Энэ ариун номын газарт оргил үедээ 10 мянган хувраг номд шамдаж байж. Хятад, Төвөд, Солонгос, Япон, Шри-Ланка, Перс, Турк зэрэг олон орноос ном үзэхээр ирсэн оюунтнуудад 2000 багш ном заадаг байсан гэхээр ямар аварга сургууль болох нь төсөөлөгдөх байх.

Наландагийн их сургуульд Буддын ухаанаас гадна анагаах ухаан (Аюурведа), логик, математик, одон орон судлал, философи, хэл зүйг гүнзгийрүүлэн заадаг байжээ. 0-ийн тоог нээсэн Энэтхэгийн алдарт математикч, одон орон судлаач Арьяабхата Наланда их сургуулийг удирдаж явсан гээд яривал онцгой түүх олон аж.

Сонирхуулж хэлэхэд Хятадын Тансан лам VII зуунд Наландад суралцсан их хүмүүсийн нэг. Наландагаас Хятад руу 657 боть судар тээж буцсан нь Дорнод Азид Бурханы шашин дэлгэрэх гол гүүр болсон гэх нь бий.

МЭ XII зуунд Турк-Афганы цэргийн удирдагч Бахтияр Хилжийн довтолгоогоор Наланда их сургууль сүйрч, асар том номын сан нь хэдэн сарын турш шатсан гунигт түүхтэй. "Дармаганжа" буюу "Үнэний уул" хэмээх номын сангийн цогцолбор нь 9 давхар өндөр байртай, сая сая гар бичмэл, номтой гайхамшигтай өргөө байж.

2016 онд эртний Наландагийн туурийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэжээ.

Наланда8.webp Наланда1.webp Наланда.webp Наланда7.webp Наланда6.webp Наланда3.webp Энэтхэг Наланда

Эцэст нь сонирхуулахад, Энэтхэг улс эртний Наланда их сургуулийг орчин үеийн олон улсын их сургууль хэлбэрээр дахин сэргээн байгуулжээ. Эргэж сэргээсэн Наланда их сургууль манай Гандантэгчэнлин хийд, МУИС-тай хамтран ажиллах албан ёсны санамж бичигт гарын үсэг зурсан гэнэ, энэ жил.

2026.11.05


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000