Ерөнхий сайд Н.учрал: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлэх орон сууц, ипотекийн санхүүжилтийн бодлогын талаар танилцууллаа.
Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ирэх жил нийт ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт чиглүүлэхээр болсон бөгөөд түрээслээд өмчлөх орон сууцны санхүүжилт ч үүнд хамрагдах юм.
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрт хамрагдах өрхүүд орлогын түвшин, хэрэгцээндээ нийцүүлэн түрээсийн, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн, эсвэл газраа орон сууцаар солих зэрэг сонголтоос сонгох боломжтой. Хөтөлбөрт төрийн үйлчилгээний ажилтан, ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрх толгойлсон эцэг эх, олон хүүхэдтэй гэр бүл болон гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулахаар тусгажээ.
Мөн 56 суманд төрийн албан хаагчдад зориулсан түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Ингэснээр орон нутагт ажиллах хүний нөөцийг тогтворжуулах, төвлөрлийг сааруулахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа юм.
Дорноговь аймаг зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутагт шаардлагатай мэргэжилтэн татах, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн шалгуур үзүүлэлтүүдийг мөрдөж байна. Энэ хүрээнд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эцэг эх, малчдыг хамруулдаг бөгөөд 2023 оноос хойш 545 өрх орон сууцны хөтөлбөрт хамрагджээ.
Түүнчлэн Сайншанд, Замын-Үүд суманд хэрэгжиж буй “Мандах наран-1000 айлын орон сууц” цогц хорооллын төслийн хүрээнд газар олголт болон дэд бүтцийн ажлыг орон нутгаас шийдвэрлэн, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, амьдрах орчны чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг аймгийн удирдлагууд онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.