2024-05-12, Ням
25 C
Ulaanbaatar

ҮХНӨ: Намуудын байр суурь

МАН: 76+76=152

“Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.”

Мажоритар сонгуулийн тогтолцоо нь иргэдийн санал гээгдэх, тойргийн явцуу ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн.

Үүнийг шийдвэрлэх арга зам нь мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн холимог тогтолцоо юм.

Үндсэн хуульд энэ тогтолцоог заах нь сонгуулийн хуулийг тогтвортой байлгах, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах сайн талтай. Монгол Улсын Үндсэн хуулийг анх батлах үед Улсын Их Хурлын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөх замаар 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж, бараг хоёр дахин нэмэгдэж, төлөөлөх чадамж алдагдахад хүрч байна. Хэт цөөн гишүүнтэй парламентын хувьд хууль тогтоомж цөөн хүний үзэмжээр батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл хэт төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн чанар муудах, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах эрсдэл үүсдэг. Олон улсад парламент нь дунджаар 150-аас доошгүй гишүүнтэй байдаг.

Тиймээс төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангах, иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр төсөлд тусгав.

АН: 60:40 холимог хувилбарыг өргөн барьсан

УИХ-ыг гишүүний түүний тэн хагасыг мажоритар тогтолцоогоор, нөгөө хагасыг нь хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгоно гэж Үндсэн хуульд тусгах шаардлагагүй. АН-аас өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд 60:40 гэсэн хувилбарыг тусгасан.

УИХ-ын гишүүний тоог одоогоор тогтоогүй. Гэхдээ УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. 2022 оны найдмугаар сарын 25-ийн өдрийн ҮХНӨ нь “Засгийн газрын гишүүн нь УИХ гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчилсөн нь засаглалын эрх мэдэл хоорондын хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулсан.

Энэ нь хууль тогтоох байгууллагын өмнө Засгийн газар ажлаа тайлагнадаг, УИХ-аас ЗГ-т хариуцлага тооцдог парламентийн ардчиллын тогтолцоонд гажиг оруулж, өнөөгийн засаглалын хямралт байдлын шалтгаан болж буй. Тиймээс Ардчилсан нам засаглалын хямралыг зогсоох үүднээс УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч УИХ-ын гишүүний тоо 152 болно гэдэг нь хэт өндөр тоо гэж үзэж байгаа юм. Тиймээс засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүний ажлыг хавсарч байгаа тохиолдолд УИХ засгийн газраас хараат бусаар шийдвэрээ гаргадаг, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, хариуцлага тооцож чадах хэмжээнд хүртэл УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх саналыг дэвшүүлж байгаа юм. ЗГ-ын болон УИХ-ын гишүүний ажлыг хавсарч байгаа гишүүний тоо хамгийн ихдээ 20 байна гэж тооцвол УИХ-ын нийт гишүүний тоо 124-126 орчим байхыг дэмжинэ. Жагсаалтаар сонгогдох гишүүний тоо 48-50 байх бөгөөд энэ нь нийт 126 гишүүний 40% болно. Харин тойргоос сонгогдох гишүүний тоо 76 хэвээрээ үлдэх бөгөөд тойргийг сонгуулийн хуулиар тогтоох нь зүйтэй.

Мажоритар болон пропорциональ тогтолцоогоор сонгогдох гишүүдийн тооны харьцааг Үндсэн хуульд тусгах шаардлагатай бол АН-ын зүгээс 60:40 буюу 60 хувь нь тойргоос, 40 хувь нь жагсаалтаар сонгогдох хувилбарыг дэмжинэ.

Дүгнэлт

ҮХНӨ-ийг зайлшгүй хийж сонгуулийн тогтолцоог холимог болгож тоог нь нэмэхгүй бол энэ байдлаараа хүчний харьцаа алдагдсаар парламентын засаглал унаж мөхөх аюултай байна. Одоогийн парламентын 20 гишүүн нь Засгийн газарт давхар дээл өмсөн сайд болсон учраас парламент гүйцэтгэх засаглалаасаа хүчгүй болчихоод байна. Давхар дээлтэй гишүүдийн эрх мэдэл ийнхүү парламентаа ийм хүнд нөхцөл байдалд оруулж буй юм. Энэ удаагийн хаврын чуулган Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх замаар гишүүдийн тоог нэмж тогтолцоог өөрчлөх эсвэл дахин давхар дээлийг тайлах заалтыг Үндсэн хуульд тусгаж өгөх гэсэн хоёр л сонголттой тулаад байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img