2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз: Гивлүүрийн цаадах шаналал

Манай нийтлэлч Д.Аззаяагийн “Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз” тэмдэглэл уншигч танд цувралаар хүрч байна. Бидний огт мэдэхгүй, соёл шашин тэс өөр, алс холын Пакистаныг гаднаас нь биш дотроос нь өнгийж бичсэн түүний нийтлэл шинэ мэдрэмж , ховор содон мэдээллээр дүүрэн болжээ.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Бичиг үсэг мэдэхгүй зөвхөн тоо мэдэх таксины жолооч нар байнга л таарна. Утсаар ярихаар хэлсэн газрыг дор нь олоод давхиад ирнэ. Гар утас руу нь хаягаа бичээд явуулахаар таг, уншиж огт чадахгүй. Харин мөнгө тоолохдоо ёстой гарамгай. Байр байшин газар цээжлэхдээ маш сэргэлэн улс.

“Чулууны хүн” гэж тусгайлан мэргэжсэн хүн бас байна аа. Эрдэнэсийн үнэт чулуу, хагас үнэт чулуу наймаалан явна. Хүмүүстэй цаг нараа болзож гэрт нь ирээд том, жижиг баадангуудаа задлах нь сүртэй гэж. Эгээтэй л лусын хаан эрдэнэсийн сангаа дэлгэн гайхуулах мэт. Ширээн дээр тунгалаг ногоон маргад эрдэнэ, гүн улаан бадмаараг нал эрдэнэ руби, очир эрдэнэ алмааз, хувилгаант чулуу александрит, улаан биндэръяа, хар гэрэлт чимэд чулуунаас эхлээд үй олон эрдэнийн чулууд, утаат болор, усан болор, анар, барын нүд өнгө алаглана. Бурхан ухаантай дархчуул энд л байдаг гэмээр. Толгойн нарийн гоёлоос эхлээд хөлийн хурууны бөгж хүртэл бүхнийг урлана. Бүр харсан үзсэн бүхнээ усны дусал мэг яг ижилхэн урлах нь бахдам.

Алабамадын олон жижиг захаар хэсэх нь үлгэрийн орноор аялах мэт мэдрэмж төрүүлнэ. Олон төрлийн самар, хушга, хатаасан чавга, чангаанзыг чулуун овоо шиг өндөрлөөд өрчихсөн байх нь нүднээ содон. Ширдэг дээрээ завилан тухлаад самар жимс зарах өвгөчүүл өөрсдөө л үзмэр мэт. Мөрөө давуулж шидэх уртаас урт сахлаа тод улбар, улаан шараар будчихаад массажны самаар самнаж суугаа төрх энд хаа сайгүй. Зарим хөгшид гүн үрчлээтэй, цагариг татсан хүнхэр нүднийхээ зовхио хараар нарийхан будаж тодруулсан байх. “Юун учир настан буурлууд сахал үсээ будав” хэмээн асуухад “Бурханы элч зөнч Мухамедыг сэтгэлдээ иймэрхүү янзаар төсөөлж буйн илэрхийлэл юм уу даа” гэж хэд хэдэн хүн хэлсэн юм.

Алхам тутамд алт мөнгөний дэлгүүр таарах атлаа эмэгтэйчүүдийн өдөр тутам өмсөх дотуур хувцасны дэлгүүр нийслэл хотод нь нүдний гэм. Ганц дэлгүүрийнхээ шилэн хаалга, цонхыг сониноор битүү наагаад таглачихна. Бүр ямар ч завсаргүй цаасан наалт бүхий цонхтой тэр дэлгүүрт бүсгүйчүүдийн дотуур хувцас зарна. Хөхний даруулга, эмэгтэй хүний шуудаг, дотуур өмдний дэлгүүрээс цөм ичиж цэрвээд, хүн бараг л орохгүй. Хотын чинээлэг хүүхнүүд, гадны хэдэн эмэгтэйчүүдээс өөр хавьтах хүн гэж үгүй. Хэрэвзээ эрэгтэй хүн шагайх аваас харуулынхан шууд баривчилчихна. Нутгийн хүүхнүүд биедээ таарсан зөв хэмжээтэй, арьсандаа тохирсон өнгөтэй, сайн чанартай хөхний даруулга, дотуур өмд олж чадахгүй, захаас гарт таарснаа л авна. Найз маань “Эд нар чинь дотоож өмсдөг улс биш шүү дээ” гээд хангинатал чанга инээж, нүдээ ирмэдэгсэн.

Албан байгууллага, ялангуяа банкаар орж ажил хөөцөлдөхөд ёстой урамтай. Эмэгтэйчүүд бидэнд тун таатай, юм ч хурдан сайхан бүтнэ. Ёстой янзтай гэж дуу алдмаар тийм хурдан, сайхан… Эмэгтэйчүүдийн дугаарлах хэсэгт бараг хүн байдаггүй учраас тэр л дээ. Бидний цөөхөн бүсгүйчүүд ногоон гэрэл асч буй мэт чөлөөтэй урагшилж байхад эрчүүдийн дараалал хаалга хүрсэн харагдах нь нийтлэг зураг. Эрчүүд хөлсөө дуслуулан дугаарлах ч охид хүүхнүүдтэй уралдаж, бидний урд хойно орно гэж үгүй.

Эмэгтэйчүүд үр хүүхдээ харж, хоол унд хийх, угаах цэвэрлэх ажлаа амжуулж гэртээ өнжих учраас гудамж талбайгаар нэг их явахгүй. Гадны зочин гэрт нь ирэхэд ч үзэгдэж харагдах нь үгүй. Гэсэн хэдий ч эзэгтэйн гараа гаргаж хийсэн амттай хоол нь гэрийн эзний гараар дамжин зочны ширээнээ өнгө алаглана. Гэрийн эзэгтэй гал тогооны өрөөнөөс цухуйна гэж үгүй. Зочин гийчид явахдаа галын өрөөгөөр хальт шагайж баярлаж талархсанаа товчхон илэрхийлээд л гарна. Харин хот газрын чинээлэг айлууд тэс өөр. Охид бүсгүйчүүд нь орсон гарсан хүмүүстэй хууч хөөрч, уулзаж, учирна. Тийм айлын охид хүүхнүүд гадаад, дотоодын олон сайн сургуульд сурч мэргэжилтэй болсон тул бүх л салбарт ажиллана. Охидоо ном эрдэмд сургах дургүй хүмүүс энд маш олон бий. Үүний гэрч бол сургуульд сурсныхаа төлөө буудуулсан пакистан охин Малала юм.

МуслимХөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эр нөхрөө алдаж бэлэвсэрсэн эмэгтэйн амьдрал жинхэнэ тамын ёроолд байгаатай адил. Тэднийг хөөрхий гэж өрөвдөх ч цээрлэж сэжиглэнэ гэж жигтэйхэн. Муу ёрын юм дагуулаад ирж мэднэ хэмээн ах дүү нь хүртэл айж цэрвээтнэ. Бэлэвсэрч хоцорсон эх хүн түмэн асуудалтай нүүр тулдаг. Үр хүүхдээ өсгөхийн тулд цаашид амьдрах, амьжиргаагаа залгуулах хэрэгтэй болно. Ингэж бодоод зүтгэе гэх нь ээ эзэмшсэн мэргэжилгүй хүнд ямар ажил олдох билээ. Амиа зогоохын тулд нас биед хүрээгүй балчир хүүхдүүд нь олдсон ажил бүрээ хийнэ. Ер нь боолын шахуу хөдөлмөр хийж шар нар бор хоногийг өнгөрөөнө. Олон улсад насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг хориглосон атал Пакистанд хүүхдүүд газрын гүнд, усан дор, хэт өндөрт, хавчигдмал орон зайнд, аюултай тоног төхөөрөмж, машин техник дээр маш хямд хөлсөөр хүнд хүчир ажил хийнэ.

Pacistan

Хэдэн мянган доллараар зарагдах нарийн хийцтэй гар хивс, хөл бөмбөгийг хамгийн ядуу хүүхдүүдийн бяцхан гараар оёулна. Тийм хүүхдүүдийг харваас андашгүй. Хүний гар хурууны яс эгц шулуун урагшаа байхад тэдний гарын хуруу ташраараа хажуу тийш налуу хазайж ургасан байх нь өр өвтгөм.

PacistanХаа нэгтэй хазар хүнтэй бас таарна. Танилынхаа гэрт очиход урт сахалтай өндөр өвгөн мөргөлийн олбогоо хажуудаа тавьчихсан модны сүүдэрт дөрвөн хөлтэй сийрсэн орон дээр хэвтэж байснаа бидний ирэх бараанаар шалмаг босч нуруугаа үүрэн зогслоо. Танил маань “Монгол хүмүүс ирлээ, та Монгол гэдэг улсыг мэдэх үү” гэж асуухад өнөө өвгөн буурал сахлаа шувтарч хэсэг бодолхийлснээ шүдгүй амаа алгаараа таглан инээж “Мэдэхгүй ээ тийм улс байдаг юм уу, би яаж мэдэх билээ” гэж билээ. Өвгөн биднээс “Та нар лалын шашинтан биз дээ” гэх ганцхан асуулт асуусан юм. “Үгүй ээ, буддист” гэж хэлээд бид салсансан.

Нутгийн залуутай гэрлэсэн миний дотны нэг найз нөхрийнхөө төрсөн нутгаар сар гаруй явж ирээд хачин гунигтай болчихож билээ. Тэгээд хэдэн сарын дараа тэр маань хадгаламжиндаа байсан хамгаа шавхаад эмнэлэг бариулж, тоног төхөөөмж худалдан авч, олон ч нярай хүүхэд, залуу ээжүүдийг төрөхийн эндэгдлээс аварч үнэ төлбөргүй эмчилдэг болсон юм даа. Дотоодынхоо эмч нарыг ээлжлэн урьж, гадаадын эмч нарыг сайн үйлст уриалж, хамгийн дорой эмзэг давхаргын, нийгэмдээ хаягдсан эмэгтэйчүүдийг эмчилнэ.

Найз маань миний үзэж хараагүй жигтэй аймшигт явдал, гайхаж итгэмээргүй сайхан үйлийн тухай ярьж, зарим газраар намайг дагуулаад хамтдаа явдагсан. Үнэгүй эмнэлэгт нь янз бүрийн өвчний хүндрэлтэй эмэгтэйчүүд ирэх. Тэр дунд хамгийн эмгэнэлтэй нь нүүр рүүгээ хүчил цацуулаад ирж байгаа сайхан бүсгүйчүүд. Нүд нь сохорч, хуруу гараа алдаж, халанхай татанхай болсон тэдний царай хайлж урссан лаа мэт харагдах нь нүд халгам. Арьс мах нь лааны тос хайлаад урссан мэт болно гэдэг юутай гаслан. Ийм болж энэлсэн шалтгаан нь янз бүр. Хуурсан байх хэмээн эхнэрээ хардсан эрчүүд, газар эзэмших эрхээ булаалдсан хамаатан садангууд, охиноо хөвгүүдийг харж аальгүйтлээ гэж бухимдсан эцэг, гэрлэх саналдаа татгалзсан хариу авсан эрчүүд, ар гэрээ хүчирхийлэгчид л хүний нүүр өөд хүчил цацаж, амьдаар нь хайлуулж насан туршид нь тамладгийг найзынхаа эмнэлгээс илүү тод мэдэрсэн дээ. Хоёр гурван эхнэртэй хүмүүсийн анхны авгай нь бусад эхнэрүүдийг нь элдвээр дарамтлах, олигтой хоол унд өгөхгүй тэжээлийн доройтолд оруулах, гэр орны ажилд дадлага туршлага муутайд нь дөрөөлөн сэтгэл зүйн дайралт байнга хийдгийг ч найзынхаа байгуулсан тэр л эмнэлгээс олж харсан.

Найзын минь нөхөр өөрийгөө их азтай гэх. Гадаадад сурч байхдаа найзад минь дурлаад л шууд суучихсан аж. Түүний гурван дүү нь аав, ээжийнхээ сонголтоор гэрлэсэн гэнэ. Пакистан эрчүүд мөн л ялгаагүй, амьдралын хүндхэн ачаа үүрнэ. Эцэг эхийнхээ сонгосон бүсгүйтэй заавал гэрлэнэ. 1961 онд баталсан хуулиар, дөрөв хүртэл эхнэр авч болно гэж зааж. Дуртай хүүхэнтэйгээ гэрлэж болно, гэхдээ эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэх, ахуйн бүх л aасуудлаа зохицуулах, ээж аавыгаа өргөж асрах хүнд ачааг насаараа үүрнэ. Эхнэрүүд ажил хийж, амьдралдаа нэмэр болж орлого олох нь бүү хэл, орон гэрээсээ ч гаралгүйгээр зөвхөн гэртээ нэгэн насаа бардаг ёс заншилтай газрууд ч байна. “Инжтэй ирсэн залуу охин эмгэн болж үхэхдээ гэрээ орхидог” гэж зүгээр ч нэг санамсаргүй хэлсэн үг биш юм шүү.

“Чимээгүй салхи” номноос авав.

Үргэлжлэл бий.

Чимээгүй салхи

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img