2024-05-02, Пүрэв
16 C
Ulaanbaatar

С.Болд-Эрдэнэ: Итгэлт баян бол жинхэнэ бүтээгээд бүр мөнхлөөд үлдээчихсэн дүр

Жүжигчин С. Болд-Эрдэнэтэй өрнүүлсэн ярилцлагаа хүргэе. Бидний ярилцлага "Үндэсний шуудан" сонинд нийтлэгдэж байсан юм.

-Та Фаустыг, Гамлетыг тайзнаа амилуулсан жүжигчин. Гамлет 3 цаг 30 минут, Фауст 2 цаг 20 минут үргэлжилдэг. Энэ том тавилтад тайзан дээр гарахын өмнө бие сэтгэлээ хэрхэн бэлддэг вэ?

-Аль болох эрт унтаж амрахаас эхлээд яавал жаахан амрах боломж гарвал л боломжоороо ашигладаг. Жүжгийн бэлтгэлийн үед бодно, боловсруулна, тэрийгээ туршиж гаргаж үзнэ. Харин тайзан дээр гараад ингэхгүй. Бэлтгэлийн үеэсээ тайзан дээр үзэгчдийн өмнө гарахад тэс өөр мэдрэмж орж ирдэг. Тайзан дээр гараад тоглож эхлэхэд хүч ороод ирдэг. Онгод ч гэх юм уу тайзан дээр өөр оршихуй ноёлоод ирдэг шүү. Яг тайзан дээр гарах үед зуун хувь нээгддэг. Тэр хүч тайзан дээр тоглож байх үед заавал нэмэгддэг. Ялангуяа жүжгийн нээлтийн үед ч юм уу илүү мэдрэгддэг. Олон удаагийн сургуулилтын дараа тайзан дээр гараад ирэхээр хүн маш хүчтэй эмоциор тоглох гээд байдаг. Тийм учраас олон удаагийн сургуулилт хийсэн ч гол нуруугаа алдахгүй болдог.

Сургуулилт цөөн хийсэн дараа тоглохоор өндөр эмоцитой тоглох гээд байдаг талдаа. Өөрөөр хэлбэл олон удаагийн сургуулилтын дараа дүрээ өөртөө шингээгээд тоглосон нь хүчээр нүдэж тоглосноос дээр гэх юм уу. Дүрийнхээ хувьд графиктай тоглоно гэсэн үг.

-Харин тайзнаас буух үед сайхан ачаагаа аваад хаячихсан юм шиг болох уу эсвэл яасан болоо гэдэг бол уу?

-Сэтгэл мэдээж сайхан онгойгоод ирнэ бас маш их ядарч сульдсанаа ч мэдэрнэ. Ер нь юм юм л болно шүү дээ.

-Сонгодог жүжгийн дүрүүдийг өмнөх жүжигчдээсээ өөр өөрийнхөө гаргахыг хичээдэг үү эсвэл хүн бүхний бүтээж байгаа нь цаанаасаа өөр тавигддаг уу?

-Ер нь ямар ч жүжиг бүтээлийн нэг дүрийг өөр өөр хүн бүтээхэд яг ижилхэн давтагдана гэж байдаггүй. Энэ өөрөө хүн өөрөө цорын ганц төрдөг мөн чанартай нь илүү холбоотой байх. Бас найруулагч болгон бас өөрийнхөө ертөнцөөр тавьдаг учраас ер нь адил байх боломжгүй л дээ. Жишээ нь Гамлетад Жамсранжав агсан тоглож байсан. Тэр агуу жүжигчин Гамлетийг нэлээд ухааны талаас нь гаргаж байсан. Бид тоглохдоо илүү идэвхтэй зөрчилтэй талаас нь гаргахыг зорьсон. Ёс суртахууны өндөр хэмжүүрт баригдсан өшөө авагч гэж хэлж болох юм.

Болд-Эрдэнэ

-Тэгвэл өнөөдрийн таны бүтээж байгаа Фауст ямар хүн юм бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна?

-Дэлхийн жүжгийн Гамлет, Фауст, Дон Кихот гээд гурван ноён оргил байна. Ийм жүжгүүдийн ямар ч дүрд тоглох нь жүжигчин хүнд дахин нэг их сургууль төгсөх шиг их юм өгнө. Тэр утгаараа уран бүтээлчээс ч маш их хүч, хөдөлмөр, ур чадвар, ухаан шаарддаг. Фауст гэхэд л ертөнц хоорондын хамаарлын томъёог олох гээд эрэл хайгуулд хатна. Амьдралын утга учир юу юм, аз жаргал гэж юу юм бол гээд эцэс төгсгөлгүй эрэл хайгуул руу сүүлдээ очдог. Тэгээд олно. Фаустын олсон тэр аз жаргал бол хайр байсан. Ер нь л тийм шүү дээ. Хайргүйгээр хүний амьдрал хайргүйгээр ямар утга учиртай юм бэ?-

-Фауст гэнэн тэнэг хүн мөн үү эсвэл…?

-Далан нас хүртлээ зөвхөн шинжлэх ухаанаар энэ хорвоог танин мэдэж түүний төлөө бүхнээ зориулж умгар өрөөнөөсөө цаашхи амьдралыг үзээгүй тийм л хүн. Өөр бусдыг бүгдийг орхисон. Гэхдээ ганцхан шинжлэх ухаан эрдэм мэдлэгийн оройд гарлаа ч аз жаргал биш болохыг мэдээд хүний гэх амьдралыг танин мэдэхийн тулд чөтгөртэй гэрээ хийдэг. Хүний амьдрал гэгчийг огт мэдэхгүй өөрөөр хэлбэл хүний хайр гэдгийг мэдэж үзээгүй хүүхдээрээ үлдчихсэн байсан ч гэдэг юм уу тийм л дүр. Фауст хүн төрөлхтний үе үеийн асууж хариултыг нь олохыг эрж хайсан асуултыг л энэ цаг үед дахиад биднээс асууж байгаа хүн.

-Хүний амьдралд олон сорилтууд ирдэг. Сонгодог жүжгийн дүр хүлээж авах нь амьдралд чинь ирж байгаа сорилтууд бас мөн үү?

-Сорилт мөн. Нөгөө талаараа оногдож буй хувь тавилан гэж хүлээж авдаг. Гамлет, Фаустаас гадна намайг сорьсон дүрүүд бий.

-Тэгвэл Кихот ноёнд тоглохыг хүсдэг гэсэн үг үү?

-Кихот манай театрт Баатар найруулагч тавигдаад Жаргалсайхан ах гол дүрд нь тоглосон. Би гахайчны дүрд тоглосон.

-Ямар жүжигчинд найруулагчийн оноолтоос гадна тийм дүрд тоглох юмсан гэсэн хүсэл байдаг шүү дээ. Танд байдаггүй гэж үү?

-Байлгүй яах вэ. Уран бүтээлч хүн бүхэнд л шунал байдаг. Би болчихлоо гээд ханачихгүй бол тэгээд хөгжихгүй зогсчихлоо гэсэн үг. Мэдээж том хүсэл мөрөөдөл байна.

-Мөрөөдлөө нуучихав уу?

-Тэрийг заавал одоо яриад байх шаардлагагүй шүү дээ. (инээв). Уран бүтээлч хүн чинь өөрийгөө хөгжүүлэх, зохиол уншихаас эхлээд биеэ ямар ч дүрд тоглосон бэлэн байлгах ёстой гээд олон ажил бий. Мэдээж илүү сонирхолтой дүрд тоглохыг жүжигчин бүхэн л хүсдэг.

-Ямар ч дүрд тоглоход бэлэн байхын тулд юу хийдэг вэ?

-Хэвийн жингээ хадгалах болно. Тэрний тулд юу хийж болох юм түүнийг л хийдэг. Жүжигчин хүн элдсэн гурил шиг л байх ёстой. Тэр гурилаар ямар ч хоол хийхэд бэлэн сайхан хатуу зөөлөн нь таарсан гурил байдаг шүү дээ. Түүн шиг л байх ёстой.

-Найруулагч нар бас тэр гурилыг бас сайн элддэг байх тийм үү?

-Өөрийгөө бэлэн байлгахаас гадна янз янзын найруулагч нартайгаа ажиллаж үзнэ гэдэг чинь элдэгдээд л явж байгаа хэлбэр.

Оюунтүлхүүр

-Дүр дээр ажиллах дүр бүтээх хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Жүжигчин хүний зорилго бол дүр бүтээх л дээ. Манай алтан үеийн жүжигчид гэхэд 200 шахам дүрд тоглосон байтал түүнээсээ гарын арван хуруунд багтахаар дүрийг л бүтээсэн гэж ярьдаг юм. Тэгэхээр ахмад үеийн жүжигчид маань ингэж ярьж байхад бид нар дүр бүтээчихлээ гэж хэлж болохгүй л дээ. Жишээ нь Очирбат гуайн бүтээсэн Тунгалаг Тамирын Итгэлт баян бол жинхэнэ бүтээгээд бүр мөнхлөөд үлдээчихсэн дүр байна. Бодит амьдрал дунд Итгэлт баян гэдэг хүн амьдарч байгаа, амьдарч байсан мэт амилуулсан дүрийг л бүтээсэн гэж байна гэж ойлгож байна. Өөрийнх нь ажил л учраас урлагийн байгууллагад ажиллаж байгаа учраас олон л дүр дээр ажилладаг. Харин тэр дундаас жинхэнэ дүр болж амилж амьдрах нь их цөөн. Хэрвээ ажилласан дүрээ бүтээж чадвал л жүжигчин болсны хэрэг бүтэх нь мэдээж.

-Нэг жүжигчин олон ойролцоо дүрд тоглоод байхаар хооронд нь хольж хутгах андуурахаар байдал сүүлийн үед их харагддаг.

-Харин тиймээ. Гэхдээ яалт ч үгүй нэгэн бие махбодь, дуу хоолойнд заяачихсан хүн ойролцоо дүрд тоглохоор бүр үзэгч танихааргүй өөрчлөгдөх боломжгүй шүү дээ. Би жишээ нь одоо 16 настай хөвгүүн шиг харагдаж чадахгүй гэдэгтэй адил. Гамлет гэдэг дүр байлаа гэхэд 50 хувь нь би өөрөө 50 хувь нь Гамлет байж л тэр дүр гарна. Надад тохирсон надад байдаг жаахан ч гэсэн зан араншин байж л дүрийг гаргана шүү дээ.

-Тоглож буй дүрээ амьд оршин буй мэтээр хүлээн аваад хайрлах, өрөвдөх, үзэн ядах гэх мэт мэдрэмж байх уу?

-Зохиолын хувьд ч юм уу тухайн дүрийн хувь заяанаас ч юм уу тиймэрхүү мэдрэмж байдаг. Тэр дүрийн чинь 50 хувь нь би өөрөө явж байгаа учраас амьд оршин буй хүн гэж л хүлээж авна шүү дээ. Надаар дамжиж байгаа учраас тэр. Сонгодог жүжгүүдэд тоглоход үргэлж өөрийгөө шинээр дахиж нээдэг. Тэр дүрийнхээ өөртөө байхгүй зан чанарыг өөртөө нээж тоглох хэрэг гардаг. Дэлхийн сонгодогууд тэрүүгээр л сонгодог байгаа шүү дээ. Дахин дахин тавихад хэзээ ч хуучирдаггүй тэр тоолонд шинэ бодол, мэдрэмж, үзэл санаа, өнцөг гарч ирдэг. Хүн төрөлхтний хариуг нь хайж байх ёстой мөнхийн асуултыг л эргээд асуудаг.

-Ямар дүрүүд илүү гоё вэ?

-Тоглоход хүч шаардсан тоглосны дараа асар их таашаал авч чадах дүрүүд илүү гоё.

-Дэлгэций бүтээл, драмын жүжиг хоёрын аль дээр нь та өөрийнхөө амьдарч чаддаг вэ?

-Жүжигчин хүний хүч самбаа, ур чадвар, ухаан бодлыг сорьсон талбар бол театр. Жинхэнэ жүжигчин бол театрын тайзан дээр л амьдардаг. Тухайн агшинд тайзан дээр хэн нэгэн хүний амьдралаар амьдарч байгаа хэлбэр. Бусдаар хэдэн үг цээжлээд тайзан дээрээс уншдаг уншлага биш. Кино бас сайхан л даа. Техник технологийн бүх дэвшлийг ашиглаж тоглож болдог. Кино бол энгийнээрээ өөрөөрөө тоглож болдог. Харин тайз бол хамгийн арын суудлын үзэгчид хүртэл тоглохын тулд хэд дахин хүчийг нэмэх болдгоороо ялгаатай. Хүч нэмж байгаа хэрнээ тэр нь үнэн байх ёстой.

-Ямар дүрд тоглохгүй вэ?

-Сайн мэдэхгүй байна. Өөрөөсөө их хол дүр, тэс өөр дүр дээр ажилла гэвэл илүү л надад өгөөжтэй.

-Таныг эмэгтэй хүнд тогло гэвэл яах вэ?

-Тоглосон шүү дээ.

-Тийм үү, нэг л буухгүй байх чинь…?

-Ганхуяг найруулагчийн найруулсан инээдмийн “Гол дүрийн амрагууд” гэдэг нэртэй жүжиг байдаг юм. Тэр жүжигт эмэгтэй хүн болж тоглосон.

-Тэгээд ямархуу бүсгүй болов?

-Мэдэхгүй ээ, эмэгтэйчүүд л мэдэх байх. (Инээв)

-Урт цагтай хүнд жүжгүүдэд тоглоход хүний бие эрхтэнд сөргөөр их нөлөөлдөг гэж сонссон. Энэ тухай?

-Олон жил хурц гэрэлд олон удаагийн сургуулилтыг хүн биеэрээ л хийнэ шүү дээ. Өмнө хэлсэн уурласан, шаналсан, инээсэн, уйлсан бүх тэр мэдрэмжийг тайзнаас үзэгчдэд хүргэхийн тулд хэд дахин хүчийг нь нэмэх шаардлага гардаг. Тиймээс тайзны жүжигчдэд хараа муудах, зүрх өвдөх, ходоод гэх мэт нөлөө ирдэг гэсэн. Сэтгэл хөдлөлийг өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр л дамжуулж байгаа учраас хүчээр тэр сэтгэл хөдлөлийг ажиллуулж байгаагаас ялгаагүй. Май энэ инээд, май энэ гуниг шүү үзээрэй гээд өөр юмаар үзүүлэх биш. Тоглолтын өмнө зүгээр инээгээд сууж байсан чинь. Тайзан дээр гарангуутаа уйлж гашуудаж энэлж шаналаад байхаар бие эрхтэнд сөргөөр нөлөөлөх нь мэдээж.

-Та аавынхаа шавь байсан. Багш хүнд шавь нартаа тийм болоосой гэсэн чин хүсэл бас зарчим байдаг. Та багшийнхаа хүссэн тийм шавь нь болж чадсан уу?

-Тийм шавь байх гээд л хичээж явна. Бидэнд “Сайн тоглоё гэж бодож болохгүй. Үнэнээсээ мэдэрч тогло. Мөн зохиолын болон дүрийнхээ мөн чанарыг нь таньсны дараа хэлбэрт нь анхаар” гэдэг байсан.

-Харин аавын хувьд сайн хүү нь мөн үү?

-Мөн.

-Тайзан дээр амьдрах тайзнаас гадна сургуулилахаас бусад цагаа хэрхэн өнгөрөөх дуртай вэ?

-Хөдөө гадаа аяллаар явах усанд сэлэх дуртай. Ер нь ус харахаараа л үсэрч орчих гээд байдаг хоббитой хүн шүү дээ. инээв

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img