2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

А.БАЯРЦЭЦЭГ: Залуу хүн мөрөөдөлтэй, мөрөөдөл нь биелэх боломжтойд итгэдэг байвал гоё

Жүжигчин, мисс А.Баярцэцэгтэй өрнүүлж байсан ярилцлагаа таны өмнө дэлгэе. Бидний ярилцлага "Үндэсний шуудан" сонинд нийтлэгдэж байсан юм.

– Зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд өөрөөсөө урвах, өөрийнхөө үнэ цэнийг унагаах зэрэг үйлдлүүд бол хүний өөрийнхөө эсрэг хийж болох хамгийн том нүгэл шиг санагддаг –

-“Хөх тавилан”-гийн Бадамцэцэгийн дүрийг бүтээх хэцүү байсан уу?

-Төрийн шагналт зохиолч Д.Норовын зохиолоор бүтээсэн “Хөх тавилан” киноны Бадамцэцэгийн дүрд тоглох амар байгаагүй. Энэ кино зураг авалтад гарахаас өмнө миний хайртай эгч өөд болоод, миний 16 жил тэжээсэн нохой маань өнгөрөөд гэх мэт маш хэцүүг туулсан. Бадамцэцэгийн дүр сэтгэлзүйн хувьд маш хүнд дүр байлаа. Үртэй болохын төлөө эмэгтэй хүнээс өөр хэн ч тийм их зовлон шаналалыг ганцаараа туулж гарч чадахгүй гэдгийг харуулсан дүр. Гол нь би өөрөө ээж болж үзээгүй мөн надад тохиолдсон явдлуудаасаа болсон уу их хүнд байсан.

-Монгол жүжигчин гадаад кинонд сонгогдож тоглоход хэцүү юу?

-Олон улсын зах зээлд монгол жүжигчнийг кинондоо авах нь их цөөн шүү дээ. Гэхдээ монгол жүжигчид их өвөрмөц харагддаг юм шиг байна лээ. Жишээ нь би “Warner Bros”-ийн“Grazy Rich” киноны шалгаруулалтад оролцож байсан юм. Малайзын КуалаЛумпурт очиж дахиж шалгаруултад ороход Хятадын жүжигчин бид хоёр үлдсэн. Гэхдээ ямар нэг байдлаар хятад жүжигчин тоглохоо боливол чамайг авнаа гэсэн. Харин хятад жүжигчин нь тоглохоор боллоо гэхэд гонсойх мэдрэмж тэр үед төрсөн шүү.

Эргээд бодоход тоглосон, тоглоогүй ч монгол жүжигчин тэнцсэн нь чухал. Тоглоогүй ч гэсэн маш олон хүнтэй танилцаж олон харилцаа холбоог үүсгэсэн. Гадаад кинонд тоглоё гэвэл мэдээж гадаад хэл давуу тал болно. Манайд гадаад хэлтэй жүжигчид зөндөө л байдаг. Гэхдээ амжилттай харилцаа гэдэг бол нөхөрлөл дээр суурилдаг учраас ажлын хэрэгцээ байдлаар хүмүүстэй харилцахгүй байх нь чухал. Хүмүүст сайхан сэтгэгдэл үлдээх нь илүү чухал гэж ойлгосон.

-Амьдралынхаа замналаас товчхон танилцуулаач?

-Би 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. “Сант” дунд сургуульд суралцаж төгссөн. Сургуульд байхдаа кино найруулагч болохыг мөрөөддөг байлаа. Төгсөөд хувийн сургуульд очоод шалгалт өгсөн чинь аав, ээж хоёр “Тэгвэл чи өөрөө төлбөрөө төлөөрэй” гээд манай гэрээр нэг юм болсон. Математикийн сургуульд 10 жил сурчихаад урлагийн сургуульд орох гэлээ гээд аав ээж дургүйцсэн. (инээв) Тэгээд яалт ч үгүй КТМС-ийг маркетингаар суралцаж төгссөн.

Сурч байхдаа Европын холбооны жилийн тэтгэлэг аваад Испанид жил суралцсан. Энэ нэг жил л миний харах өнцгийг өөрчилж тэлсэн. Залуу хүн мөнгөгүй байсан ч дэлхийгээр аялж болдог юм байна, хүн хүсэл зорилгодоо тэмүүлвэл хүрэх боломжтой юм байна гээд маш ихийг ойлгосон. Түүнээс хойш боломж гарвал л мөнгөө цуглуулаад аялдаг, илүү ихийг таньж мэдэхэд улам шунан дурладаг болсон доо. Эргэж ирээд их сургуулиа төгссөнийхөө дараа “Гоёо”-д жил маркетингийн менежерээр ажилласан.

А.БАЯРЦЭЦЭГ-Тэгээд гэнэтхэн л мөрөөдөл рүүгээ “нисмээр” санагдсан уу?

-Өөрийнхөө тухай тухтай бодсон л доо. Надад хоёр сонголт байна. Энэ ажлаа амжилттай сайн хийгээд өсч дэвших. Эсвэл бүх зүйлээ хаяад багынхаа мөрөөдөл рүү явах. Ингээд сайн бодоод өөрийгөө харсан чинь би хүүхэдгүй, нөхөргүй, байшингүй, машингүй, ипотекийн зээлгүй байсан. Зээлгүй гэдэг чинь зээлээ төлөх гэж үхэн хатан ажиллах шаардлагагүй, эрх чөлөөтэй нэгэн гэсэн үг. (инээв) Ажлаасаа гараад TOEFL-ийн шалгалтад бэлдсэн. Аав ээж хоёр намайг ажлаа солих гэж байна гэж л бодсон байх. Би гэтэл “Америк явж жүжигчин болно” гээд хэлчихсэн чинь “энэ хүүхэд галзуурчихаж” гээд лам бөөгөөр хүртэл явсан. Харин лам, бөө нь явбал зүгээр гэж хэлж тайвшруулсан байх л даа. (инээв)

-Залуу хүн мөрөөдөлтэй байхаас гадна түүндээ хүрэх зоригтой байх ёстой юу?

-Тийм шүү. Англи хэлний шалгалтаа амжилттай өгөөд 2014 оны хоёрдугаар сард жүжигчний шалгалт өгөхөөр Америк явж эхний мөрөөдөлдөө хүрсэн.

-Гадаадад ганцаараа очоод хөлөө олтол их л хөгтэй,будлиантай юм болдог. Тэр түүхээсээ хуваалцаач?

-Анх Америкт их сургуулийн бакалаврын 100 хувийн тэтгэлэгт авах санаатай шалгалт өгсөн юм. Гэтэл тэнцсэн сургуулиас 40 хувийн тэтгэлэг олгосон. Үлдсэн 60 хувийн төлбөр гэдэг бол маш өндөр шүү дээ. Нөгөө талаас мөрөөдөл маань зулгаагаад болдоггүй их сургуульд сурах бодлоо орхисон. Америкт жүжигчний карьер дипломын боловсрол дээр биш авьяас, ур чадвар дээр тогтдог. Тиймээс би хувийн дасгалжуулагчийн жүжигчний хичээлд явдаг болсон.

Манай ангийн хүүхдүүд миний орох гээд байгаа их сургуулийг төгссөн байдаг. Гэтэл би тэнд сурах гээд байдаг гээд ямар ялгаатай юм бэ гээд бодсон. Манай багш жүжигчний ажил бол спорттой адил. Тамирчин хүн олимпид оролцохын тулд өдөр болгон тогтмол дасгал сургуулилт хийдэг. Жүжигчин хүн ч түүн шиг гэж хэлж байсан.

Би Монголд бүх юмаа орхиод мөрөөдлийнхөө төлөө л очсон болохоор бүхнээ л зориулахаас аргагүй. Зөөгч хийгээд олсон мөнгөө жүжигчнийхээ хичээлд зарцуулдаг байлаа. Хажуугаар нь хаана, ямар боломж байна гээд байнга л эрэл хайгуул хийнэ. Мэдээж эхний ээлжинд цалин хөлсгүй л жүжигчний ажил олдвол их юм шүү дээ. Оюутны бүтээлд оролцоно, богино хэмжээний кинонд оролцох гээд зүтгэсэн. Цалингүй ч хамаагүй оролцох л чухал байдаг. Бүх юмыг нь л тэгээс эхэлж байснаа одоо бодоход хөгжилтэй санагддаг.

-Хамгийн анхны дүрийн саналаа хэрхэн хүлээн авсан бэ?

-Хамгийн анхны цалинтай дүр авсан нь их сонирхолтой. Оюутны кино байсан. Сан-Францискогийн урлагийн институтэд очиж шалгуулах байлаа. Яваад очтол танхим дүүрэн хүн суучихсан энд тэндгүй шивээстэй, сонин рок стилтэй нэг профессор сууж байна. Би Монголоос ирсэн гэтэл “Өө би танай Чингис хааныг шүтдэг “ гээд л их дуртай хүлээж авсан. Надаас “Чи тулааны урлагаар хичээллэдэг үү?” гэхээр нь өмнө нь хоёр сарын кикбоксын сургалтад явж байсан болохоор “хичээллэдэг ээ” л гэсэн. Тэгсэн чинь намайг өвдтөл цохиотох гэж байна. Би хамаг чангаараа гараа зангидаж байгаад нөгөө проффесорыг цохичихсон. (инээв) Хоёр хоногийн дараа надад “Тэнцсэн” гэсэн хариу илгээсэн. Тэр хүн маань Никольс Кэйжийн төрсөн ах байсан юм билээ. Тэр кинонд тоглоод 50 доллар авч байсан.

-Жүжигчний карьераа эхлээд хэдхэн жилийн дотор нэлээд амжилттай явж байна. Хэчнээн кинонд тоглоод амжив?

-Тоглосон кино гэвэл нэлээд олон болно. Жинхэнэ бүтээл болсон уу гэвэл бас өөр тоо гарах байх. Одоогоор гадаад, монгол нийлээд 14,15 кинонд тоглосон болов уу.

-Кинонд тоглох санал ирвэл юуг нь харж сонголт хийдэг вэ?

-Гол нь зохиолыг нь л хардаг. Кино зохиол нь хэт хөнгөн жанрын биш хүн тэр киног үзээд эргэцүүлэн бодохоор, хүнд хүргэе гэсэн гүнзгий мессэжтэй байвал тоглодог. Надаас ур чадвар шаардсан байх тусмаа илүү тоглох хүсэл төрдөг.

-Ямар дүрийн санал ирвэл чадахгүй гэж хэлэх вэ?

-Чадна, чадахгүй гэхээсээ илүү наалдахгүй, тохирохгүй дүр гэж байдаг. Магадгүй инээдмийн төрөл ч юм уу эсвэл хэт аальгүй дүр надад наалдахгүй байх.

А.БАЯРЦЭЦЭГ-Залуу хүн юутай байх ёстой гэж боддог вэ?

-Залуу хүн мөрөөдөлтэй байх ёстой. Тэр мөрөөдөл нь биелэх боломжтой гэдэгт итгэх итгэлтэй байвал гоё. “Би юу хийвэл аз жаргалтай болох вэ?” гэдгээ олж мэдэх нь чухал. Эхлээд эд зүйлс, хөрөнгө мөнгө олж авахыг мөрөөдөх ёстой юм уу, эсвэл эдгээр нь мөрөөдлөө биелүүлсний шагналд ирэх ёстой юм уу гэдгээ ялгаж салгаж харах нь чухал гэж боддог.

-Өөрийнхөө айдсыг давж бэрхшээлийг туулан гарсны дараа цаана нь юу байдаг вэ?

-Болохгүй, бүтэхгүй бол яанаа гэсэн айдас хүн бүхэнд л байдаг. Гэхдээ айдсаа даван гарсны дараа асар их боломж байгаа нь харагддаг. Би их өөдрөг хүн. Зарим хүн эрсдлээ тооцож байж долоо хэмжиж нэг огтолдог бол огтолчихоод нэг хэмждэг. Айдас гэдэг бол үнэндээ бодол. Бодол гэдэг энергиэ болно гээд л бодчихвол болно. Болно гээд нэг зүтгэчихсэн байхад буцах замгүй явсаар даваад гарчихна.

-Таныг миссийн тэмцээнд оролцсон үеэс хүмүүс таних болсон. Миссийн тэмцээнд оролцох болсон нь бас өөрийгөө сорих сорилт байв уу?

-Жүжигчин болно гээд Америк яваад үзэж тарж яваад виз дуусаад ирчихсэн байсан. Яаж буцах вэ гээд бодоод явж байсан үе л дээ. Тэр үед Монголын миссийн шалгаруулалт зарлачихсан байсан. Би яг тэр үед боломжоор цангачихсан байсан үе л дээ. (инээв) Японд очиж Мисс интернешнл тэмцээнд эх орноо төлөөлөх боломж олдсон. Эхлээд түрүүлэх, тэмцэх тухай нэг их бодоогүй. Гэтэл хүн цагаа тулахаар байр эзэлмээр санагдаад цаанаасаа буцлаад ирдэг юм билээ. Гэхдээ шалгарч чадаагүй. Тэндээс хамаг хор шараа буцалгаад ирсэн дээ.

Энэ тэмцээнээс хойш Монгол Улсаа яаж сайхнаар сурталчилах вэ гэдэг шинэ бодолтой болсон. Олон орны хүмүүс нэг дор цугларч байгаа нь асар том соёлын солилцоо явагдана. Дээрээс нь намайг “Монголия” гэж дуудах учраас надад ирж буй маш том дипломат үүрэг, хариуцлага гэж ойлгосон. Дараа жил нь Хятадад болсон тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэлсэн. Болох юм болох цагтаа болдог гэж үнэн юм билээ. 2016 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байтал Индонезэд болох тэмцээн маань гэнэт Америкт болохоор болсон. Ингээд л миний Америк явах мөрөөдөл маань биелчихдэг юм. Америкт шилдэг 11-т орж, “Авьяас” номинацид түрүүлсэн, долоон сая хүний саналаар “Ард түмний мисс”-т түрүүлсэн гээд маш гайхалтай үйл явдал болсон.

-Дахиад миссийн тэмцээнд оролцох уу?

-Оролцохгүй. Би миссээс “тэтгэвэртээ гарчихсан” байна. (инээв)

-Монгол эмэгтэй хүнд бусад үндэстний бүсгүйчүүдээс онцлог чанар ажиглагддаг уу?

-Монгол бүсгүйчүүдийн хувьд зарим орны эмэгтэйчүүдээс эх үрийн холбоо нь их нандин, маш ойр байдаг юм шиг санагддаг. Би нэг белги найзтайгаа “Ээж” киног үзсэн чинь тэр жинхэнээсээ уурлаад байсан. Манай ээж л лав надад ийм халуун дотно, чин сэтгэлээ хандахгүй монгол ээж нар ийм байдаг юм уу гээд бүр ээждээ гомдоод бас гайхаад байсан. Тэгэхээр монголчуудад илүү байдаг, нандин чанар байх.

-Та хэний үг сургаалийг дагаж, үлгэр дуурайлалаа авдаг вэ?

-Аав ээж хоёр маань хүн баян ядуу, боловсролтой, боловсролгүй ямар ч байж болно хамгийн гол нь хүн хүнээрээ байх ёстой гэж их хэлдэг. Энэ нь хүнийг ойлгодог, хайрладаг байхыг сургасан хэрэг л дээ. Энэ миний үнэт зүйл болж төлөвшсөн байх. Хүн өөртөө “Би хэн байхыг хүсч байна вэ?”, “Би хэн байх ёстой вэ?”гэж жанжин шугамаа тогтоож байх хэрэгтэй. Зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд өөрөөсөө урвах, өөрийнхөө үнэ цэнийг унагаах зэрэг үйлдлүүд бол хүн өөрийнхөө эсрэг хийж болох хамгийн том нүгэл шиг санагддаг. Үүний оронд амжилтгүй үлдэхийг илүүд үзнэ.

-Хүнээрээ байхын тулд та жишээ нь юу хийдэг вэ?

-Аав, ээжийн хэлдгээр хүн дотроосоо цэвэр байх, гаднаасаа бохирдоод байгаа бол түүнийгээ гаргах нь чухал гэж үздэг. Сэтгэл дотроо бохирдлоо тээгээд яваад байвал дагтаршаад хүний сэтгэл хатуурч бараантана. Тиймээс хурдан гадагшлуулах хэрэгтэй. Би өглөө болгон өөртөө урам зориг өгөх илтгэлүүдийг сонсож сэтгэлээ хооллодог. Бас бясалгал бол шалгарсан арга. Бясал хийхгүй байлаа гэхэд амьсгалын дасгал, биеийн дасгал хийвэл ядаж хөлсөөр муу юмнууд гардаг гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон шүү дээ. Хүний сүнс устаж үгүй болохгүй, хоосноос бий болохгүй гэдэгт итгэдэг хүн бий. Хүн болж төрсөн энэ богинохон хугацаагаа маш аз жаргалтай, үр бүтээлтэй л өнгөрүүлэхийг хүсдэг.

-Эмэгтэй хүнийхээ хувьд хөөрхөн, гоё, гэгээлэг байхын тулд юу хийдэг вэ?

-Аз жаргалтай эмэгтэйгээс үзэсгэлэнтэй энерги аяндаа цацардаг. Эмэгтэй хүн аз жаргалтай байхад ямар ч хувцастай, нүүрээ будаагүй ч бай сайхан л харагдана.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Жүжигчнийхээ хувьд олон улсын уран бүтээлүүдэд ажиллахыг хүсдэг. Сансрын нисэгч болж чадахгүй багын мөрөөдөлдөө кинонд тоглоод хүрэхийг хүсдэг. Энэ ажлаараа маш олон монгол уран бүтээлчдийг дэлхийн хэмжээний уран бүтээлүүдэд гаргах холбогч гүүр нь болохыг мөрөөддөг. Хувь хүний мөрөөдөл маань их энгийн бас ихэнх хүмүүсийнхтэй адил. Сайхан гэр бүлтэй, элэг бүтэн, аз жаргалтай байхыг мөрөөддөг. Тэр үед аав ээж маань дэргэд байгаад дуртай ажлаа хийж бас аялж байвал миний мөрөөдөл тэр дээ.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. “Амжилттай харилцаа гэдэг бол нөхөрлөл дээр суурилдаг учраас ажлын хэрэгцээ байдлаар хүмүүстэй харилцахгүй байх нь чухал.” – гэнээ. Ёстой жинхэнэ өөрөө хүмүүстэй ажлын хэрэгцээ байдлаар харьцдаг гар даа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img