2024-07-24, Лхагва
22.6 C
Ulaanbaatar

Мива Санжо 100 настай

“Хүн нас нэмлээ гээд өтөлдөггүй, нас арьсны үрчлээг л нэмдэг. Хүсэл тэмүүллээ алдсан цагт л хүн жинхэнээсээ хөгширдөг” гэсэн үгсийг 100 нас хүрч байгаа Мива Санжогийн зургийн дороос олж уншлаа.  Мива Санжо бол чих хамар хоолойн эмч, япон эмэгтэй,  саяхан болтол эмчээр ажиллахын зэрэгцээ  жүжигт тоглож, эсээ бичиж идэвхитэй амьдардаг нэгэн. Тэр бас богино банзал өмсч, будаж шунхадсан хэвээрээ. Хөгшин хатагтайг жилийн турш дагаж, өхөөрдөм хормуудыг нь  гэрэл зурагт үлдээсэн япон гэрэл зурагчин Мацүмото Ёшикогийн уйгагүй хөдөлмөрийг хүндэтгэв.

Гэтэл тэр Ховдын Эрдэнэбүрэн сумын малчин  Б.Чимэдрэгзэнгийн гэр бүлийн зургийг 20 гаруй жилийн турш авч байгаа гэнэ.  “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Ганзориг түүнийг тэмээгээр нүүдэл хийдэг малчин айлд дагуулж очиж байжээ. Одоо ч тэр Монголын Уран зургийн галерейд гарсан “Таван амьдрал” үзэсгэлэнгийн үеэр хамт байж, орчуулж тусалсан юм. “Анх 50 гаруй насны хүн Монголд ирж байсан одоо 70 гарсан ч ирж л байна” гэж Л.Ганзориг ярьсан.

Мацүмото Ёшикотой ийнхүү ярилцлаа.

-Анх яагаад зураг авахаар болов?

-1994 онд Европоор аялаж байхдаа  гэрэл зураг сонирхдог хоёр  аялагчтай таарсан. Тэдний яриаг сонсч, аяллын турш зураг авч байгааг нь хараад сонирхолтой санагдаж, зураг авъя гэж бодсон юм.

-Түүнээс өмнө ямар ажил хийж байв?

-Жар хүртлээ нэгэн компанид нягтлан бодохын ажил хийсэн.

-Гайхалтай өөрчлөлт хийжээ?

-Одоо янз бүрийн татварын тооцоо бодохгүй, өөр салбарт ороод сайхан зугаатай амьдарч байна.

-Гэр бүлийнхээ тухай ярьж болох уу?

-Төрүүлсэн хүүхэд байхгүй. Гэхдээ Монголд энэ хүнээс авхуулаад олон хүүхэд бий (орчуулагчаа заав).

-Гэрэл зурагт яаж суралцав, хүнд шавь орсон уу?

-Тусгайлан сураагүй,  шавь ороогүй. Сурсан гол зүйл ямар нэг юмыг эргэцүүлэн бодох, утга учрыг  олох талаар хоёр гурван хүнээр заалгасан. Нэг мундаг багшаас сурсан зүйл гэрэл зураг авахын тулд тухайн хүнийхээ сэтгэл зүрхийг ойлгож мэдэрч авбал жинхэнэ зураг болно шүү гэдэг. Камер техник, гэхдээ зураг авахдаа ямар нэг техник байхгүй юм шиг ойлголцож зураг авахыг хичээдэг.

-Уран бүтээл хийхийн тулд уйгагүй ажилладаг чанар тань  таалагдлаа. 100 настай эмэгтэйн зургийг авахын тулд ятгах шаардлага гарсан уу?

-Мива  Санжо чих хамар хоолойн эмч, анх би түүний үйлчлүүлэгч байсан юм. Үзүүлэхээр очоод танилцсан. Дараа нь “Монгол эмэгтэй” номоо өгөөд, бага багаар ярилцахад энэ хүн эмчийн ажлын зэрэгцээ залуугаасаа жүжигт тоглож ирсэн гэдгийг мэдсэн юм. Өндөр настай ч зүгээр суудаггүй нь сонирхолтой санагдаад. Жүжгийг нь үзэхээр очоод, зургийг нь авахыг хүссэн.

-Өндөр настай эмчээр үйлчлүүлэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Эмч мөртлөө нүүрээ жигтэйхэн будчихсан байхыг нь хараад эхлээд гайхсан. Жаахан түгшүүртэй санагдаж, ийм хүнд үзүүлэх гайгүй байгаа гэж бодсон шүү. (инээв)

Анх өрөөнд нь ороход ширээн дээрээ баахан юм овоолчихсон. Юм тавих ч зай байхгүй. Бүртгэл хийхдээ гараараа бичиж байсан. Том эмнэлэгт үзүүлэхийн тулд урьдчилж цаг авах болно. Энэ хүний эмнэлэг нээлттэй, гэрийн хажуугийн жижиг дэлгүүр шиг хэзээ ч орсон хүлээж авдаг байсан юм.

-Тэр үедээ эмч маань  хэдэн настай байв?

-93 настай байсан байх аа.

-Гэхдээ үйлчилгээ нь ямар санагдсан?

-Маш чадварлаг, халамж анхаарал тавьдаг эмч байсан. Бас  сайхан ярьдаг.

-Бүтэн жилийн турш зураг авсан гэсэн. Бэрхшээлтэй үе байсан уу?

-Эхлээд жүжгийн бэлтгэл дээр нь очоод, сайхан гарах эсэх нь хамаагүй, сонирхолтой хөдөлгөөнийг амжиж дарахаар зураг авч эхэлсэн. Гэрт нь очиж зураг авах гэсэн чинь “Манайх замбараагүй байгаа” гээд дурамжхан байсан л даа. Шилэн трикотой, богино банзалтай сууж байсан. Гэртээ байнга л ийм байдалтай байдаг гэнэ лээ.

-Монголд 60 гарсан хүнийг настай хүн гэж ойлгох гээд байдаг. Мива Санжо гуай болон та   урам зориг өгч байна. Хэдэн ч насандаа  сонирхолтой амьдарч болох юм байна гэж бодлоо. Та цаашдаа юу хийхийг хүсдэг вэ?

-Нэг айлын зургийг 20 гаруй жил авсан. Үргэлжлүүлж 30 жил авахыг хүсч байна. Бас Монголын зурагчид үүнтэй адил урт хугацаанд зураг авч, сонирхолтой түүхтэй болоосой гэж бодож байна. Японд хойд нутгийнхныг сонирхож, олон жил зураг авч байгаа. Түүнийгээ үргэлжлүүлнэ.

-Олон жил нэг айл, нэг хүний зураг авахад цаг хугацаа зарцуулахаас гадна мөнгө шаардлагатай. Зургийн орлогоороо санхүүжүүлэх боломжтой байдаг уу?

-Ер нь бол одоо тэтгэврээрээ л амьдарч байгаа.

-Монгол айлын зургийг хүмүүс хэр сонирхсон бол?

-Эхний ном борлогдож дууссан. Эхэн үедээ их сонирхсон. Ямар хүн зургийг нь авдаг юм бол гээд сонирхож ирсэн хүмүүс ч байсан. Олон жил зураг авч явсаар тэр айл, эргэн тойрных нь хүмүүстэй нэг гэр бүл шиг болсон.

-Ховдын Эрдэнэбүрэнгийн малчин айлтай яаж холбогдсон бэ?

-Анх нүүдлийн зураг авахаар очсон ч малчин айлын халуун дулаан уур амьсгал таалагдаж, амьдралынх нь зургийг авахыг хүссэн. 2001 онд зураг авч эхэлсэн.

-Монголд хэр олон удаа ирдэг вэ?

-Жилдээ багадаа хоёр удаа ирж байсан.

-Нэг ирэхдээ малчин айлд хэр удаан байдаг вэ?

-Нүүдлийн үеэр, бас өвөл, хавар, намар, зун гээд ирж байгаагүй улирлууддаа ирсэн. Цагаан сар, наадам, хүүхдийн үсний найрын үеэр ирж байсан. Хамгийн удаандаа долоогоос арав хоногоор байсан. Хорин хэдэн жил болоход баяр гунигтай олон үйл явдал болсон. Гэхдээ үргэлжлүүлээд зураг аваад байя л гэж боддог.

-Одоо тэр айлынхан  малчин байхаа больсон гэсэн үү, та хаана хаана очиж зураг авч байна?

– Аль болох бүгдийнх нь зургийг авахыг хичээж байгаа. Нэг хүү нь Налайхад уурхайчин болсон. Дараа нэг ирэхэд зам дээр мөнгө хураадаг ажил хийж байсан. Нэг  нь оёдлын үйлдвэрт оёдолчин болсон. Айлын хүүхдүүдийн амьдрал 20 жилд огт өөр болсон.

-Та монгол үг сурсан уу, монгол хоол иддэг үү?

-Эхэндээ монгол хоол идэж чаддаггүй байсан. Одоо бол бүгдийг иддэг болсон. Ингэж удаан явсан мөртлөө хэл сурч чадаагүй. Орчуулах хүн байхгүй бол хэцүү.

-Ерээд онд Монгол их өөр байсан, ямархуу сэтгэгдэл төрсөн бэ?

-Анх Шино Макотогийн “Өвсөн далай“ гэдэг номыг уншаад, сайхан санагдаж Монгол руу ирэхийг хүссэн. Онгоц газардах дөхөхөд нов ногоон тал дээгүүр нисээд, онгоцны шатнаас буухад оройн нар жаргаж байсан. Сүүдэр тээр хол  тусаад, онцгой сэтгэгдэл төрж билээ. Нүхтэд буусан, хоол нь тухайн үед амт муутай, юм ховор цаг байсан. Өмнөговь явахад оройн нар жаргахыг харах үнэхээр сайхан санагдсан.  Хүүхдүүдтэй найз болсон. Хэл яриа мэдэхгүй ч ойлголцож байсан.

 Монголчууд их зөөлөн, сэтгэлээсээ байдаг сайхан хүмүүс. Ер нь муухай хүмүүстэй таараагүй гэв. Малчин айлд байхдаа маш бага усаар ариун цэвэр сахиж сурсан гэнэ.

  “Таван амьдрал” үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Уран зургийн галарейд үргэлжилнэ. Зөвхөн нэг өнгө төрхийг онцлоход ийм байлаа. Таван амьдралын өөр өнгө төрхийг та бүхэнд гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа С.Бадамханд, Л.Номингэрэл, Ш.Отгонжаргал нар нээн үзүүлэх болно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img