2024-07-26, Баасан
21 C
Ulaanbaatar

Д.Ангараг: Өөрийнхөө замыг өөрөө гаргах нь л өрсөлдөх чадвар

Монгол Улсаас АНУ-д суух Соёлын элчээр томилогдон ажиллаж байсан Д.Ангарагтай хийсэн ярилцлагаа хүргэе. Бидний ярилцлага "Ардчилал таймс" сонинд нийтлэгдэж байсан юм.

-Дэлхий ертөнцийн үүд хаалга нээлттэй байна. Харин тэр хаалгыг олж орох нь чухал-

-Гадныхан манайд ирж кино хийвэл бид бэлээхэн түүхтэй, өөрийн гэсэн ондоошилтой улс. Ирж хийх нь хийдэг ч их цөөхөн байна л даа…?

-Сүүлийн үед гадны кино компаниуд Монголд ирж их бага гэлтгүй контент хийж байгаа нь сайн хэрэг. Энэ талаар ярихын өмнө Монголын геополитикийн асуудлыг ярих нь зүйтэй байх. Гадныхан яагаад өөрсдийнхөө зардлаар манайд ирж кино хийхгүй байна гэхээр геополитикийн хувьд Монгол маш хол.

Замын зардал мэдээж хүндрэлтэй тусна. Хамгийн гол нь хүрч ирлээ гэхэд дэд бүтэц байхгүй. Үүнээс эхлээд асуудал их байна. Жишээ нь гадны кино компаниуд ялангуяа Холливудынхан Монголд ирж кино хийх гэж байснаас өөрсдөд нь хамгийн ойр Мексикт очоод л хэдхэн доллар төлөөд нисч очоод л хүссэн киногоо хийчихнэ. Монголд ирж кино хийе гэхээр замын холыг хэлэхүү дээрээс нь амь даатгал, техник хэрэгсэлтэй холбоотой даатгалын асуудал Монголд огт хэрэгжээгүйтэй холбоотой хамгийн том хүндрэл учирна.

Ийм шалтгааны улмаас дэлхийн нэр цуутай кино продакшнууд биднийг тойроод байдаг юм байна. Хятадаар дайраад байдаг хэрнээ манай улсад ирэхгүй байгаа том шалтгаан нь энэ.

-Манай улс киноны техник хэрэгсэлтэй, дэд бүтэцтэй болъё гэвэл мөрөөдөл үү?

-За яахав Монгол өөр улсаас техник хэрэгслээ хямдхан түрээсэлж болно. Тэгээд хажуугаар нь өөрсдийнх нь хэрэглэдэг өндөр үнэтэй техник хэрэгслийг нь тэр холоос зөөж авчирлаа гэхэд тэдгээрийг нь даатгах даатгалын систем нь байхгүй. Монголд огт нэвтрээгүй. Монгол даатгалын компани энэ асуудлыг шийдье гэсэн ч цаад тал нь итгэж хүлээж авдаггүй. Нөгөө талын үйлчилгээг өөрсдийн улсын даатгалын компаниар даатгая гэхээр Монголыг хамарсан хүрээ байхгүй.

-Олон улс орон гадаад сурталчилгаа буюу киногоо бодлогоор дэмждэг. Харин манайд энэ бодлого байхгүй шүү дээ…?

-Мексик улсаар жишээлээд ярья л даа. Тус улсын кинонд барьж буй бодлого бол өөрсдийн нутаг дэвсгэрт кино хийж байх хугацаанд нь тухайн кино компанийн гаргасан зардлын 30 хувийг буцаан олгодог журамтай. Энэ нь тэднийг татаад байгаа хэрэг. Дэлхийн киночдыг татах ямар нэгэн зөв бодлого барьж байж л тэднийг татах байх. Уг нь бид нь дэлхийд үзүүлж харуулах зүйл ихтэй ч энэ талаар томоохон бодлого барьдаггүйтэй холбоотойгоор эх орондоо тэр бүр татаад байж чадахгүй байна. Өмнөд хөршид ШХАБ-ын хүрээндтом кино фестиваль зохион байгууллаа. Тэд дэлхийн нүдийг орой дээр нь гартал гайхшруулж чадаж байна.

Өнөө Холливудаас чинь илүү том бүтээн байгуулалт хийж чадсан байна лээ. Тэнд очоод зураг авалт хийхэд БНХАУ-ын Засгийн газар гаргасан зардлын 40 хувийг буцаан олгоно гэж зарласан. Тэнд бүр Америкаас дутаад байгаа зүйл ерөөсөө ч алга. Бараг л илүү болчихож. Гол нь тэд эх оронд нь кино хийлээ гэхэд хөнгөлөлт эдлүүлэхээс эхлээд бүхий л боломжоор хангана гээд даллаад байна.

Эдийн засаг талаасаа бодоод үзэхэд ямар ч продюссер хүн тийшээ л явахыг хүснэ биз. Ингээд бодоход Монголоос бусад дэлхийн бүхий л улс дэлхийн киночдыг татах янз бүрийн бодлого барьж байна.

Дэлхийн киночидтой ойр байгаагийн хувьд би энэбодит байдлыг харж байна. Манай улс тэдний анхаарлыг нэг их татахгүй байна. Бидний нүүдэлчин ахуй, байгаль гээд татах юм бий гэе. Хойд Америкт очоод л амарчлаад хэрэгтэй зургаа авна, Мексикт эрж хайгаад байгаа онгон дагшин байгаль нь бас байна. Цаашаа бүр гоёыг эрж хайлаа гэхэд Швейцарь руу гараад зураг авчихна. Үнэнтэй нүүр тулахад ийм л байна. Тэгэхээр бид өөр болох ёстой.

-Тэгээд ямар арга байгаа юм бэ?

-Бидний зүгээс энэ талаарх судалгаа хийх шаардлага тулгарч байна. Их судлах хэрэгтэй. Ямар нэгэн арга чарга байж л таарна гээд л ажиллаад л байна. Монгол Улсыг дэлхийд сурталчилах гол зүйл нь кино урлаг гэдэг нь нэгэнт тодорхой. Тэгэхээр миний олж авсан судалгаа мэдээллээр бид өөрсдөө л тэр бүгдийг дэлхийн стандарт шаардлагын дагуу хийх хэрэгтэй болж таарч байна.

Өөрсдөө санхүүжилтээ гаргаад, босгоод өөрсдөө зургаа аваад бүгдээрээ чадлынхаа хэрээр зүтгэх хэрэгтэй болоод байгаа юм. Мэдээж хэрэг тэр талын мэргэжилтнүүд дутагдана тэр асуудлыг байгаа газраас нь урьж авчирч болно шүү дээ. Ийм боломж бол байгаа. Өмнө нь ч бид хэд хэдэн кинонд үүнийг амжилттай туршсан.Бидний гаргасан санхүүжилт багадаж дутаж болно. Энэ санхүүжилтийг босгох нөөц бололцоо юу байна гээд бодоцгооё. Тэгэхээр бидний өмнөө тавих зорилго бол гаднах мөнгөний урсгалыг эх орондоо олж ирэх.

-Гэхдээ таны ярьсан шиг байдаггүй шүү дээ…? “Би чадна” аргаар ихэнх хүмүүс ажилладаг.

-Тийм зүйл байдаг нь үнэн. Монголд гадны хөрөнгө оруулалтаар кино хийлгэе, монгол уран бүтээлчдээ оролцуулна аа гэхээр л дөнгөж сураг сонсов уу, үгүй юу манай уран бүтээлчид үнээ өсгөчихдөг. Монголдоо 10 саяар ажиллаж байсан хүмүүс чинь шууд л 30-40 саяар тоглоно гэдэг. Гадныхан чинь бас манайхыг судлаад үзчихсэн байдаг. Тэд чинь бас тэнэг хүмүүс биш шүү дээ. Ингэхээр чинь хэн ч айна биз дээ. Ийм асуудлаасаа болоод Монголд хийгдэх байсан уран бүтээлийн томоохон төслүүдийг гацааж үргээсэн тохиолдол ч бий.

-Дэлхийн өнөөгийн бол ойрын ирээдүйн үзэгчид юу үзэхийг хүсч байна вэ таныхаар?

-Холливудынхны хийх гээд зориод байгаа ажлуудыг сонирхоод дүгнээд үзье. Уран зөгнөлт тал руугаа бүтээлүүдийг илүүтэйгээр анхаарч хийж байна. Угаасаа үзэгчид нь бэлэн байгаа болохоор энэ сэдвийг л барьж аваад байх шиг. Яг бодит байдалд тулгуурлаж уран бүтээл хийх хэрэгтэй гэж үзэж байна. Дэлхий одоо юу сонирхож байна. Нөгөө л нэг Авенжерс, Супер баатар, Марвель болоод их сонин сонин киног сонирхож байна.

Тэгэхээр яалт ч үгүй тэрхүү сэдвээ тойруулаад л кино хийх нь дамжиггүй. Бидний зүгээс харин том түүхэн сэдэв барьж аваад Монголын түүхийг дэлхий үзнээ гээд кино хийчихвэл олон хүнийг хамарч чадахгүй ч байж мэднэ. Энэ төрлөөр кино бүтээл хийж дэлхийд танигдана гээд ярьж байгаа хүмүүс байна. Тэдний зөв ч байж мэднэ. Би бол дэлхийн үзэгчид юу хүсч байна тэднийг л дагаж хөгжих нь зүйтэй л гэж боддог. Холливуд кино зохиолгүй болсондоо супер баатар болоод хачин гэж нэрлэгдээд байгаа кинонуудыг хийгээд байгаа юм биш шүү дээ.

Цаг үе бодит байдалтайгаа л уялдуулж хийж байгаа нь тэр. Яалт ч үгүй кино урлаг өөрөө бизнес. Үзэгчид нь бэлэн байгаа сэдвийг л хөндөөд байна. Арилжаа талаасаа тэд үзэгчдийн үзэх бүтээлийг нь үйлдвэрлэж байна гэсэн үг. Дэлхийн 7 тэрбум хүнээс 1 тэрбум хүрэхтэй үгүйтэй хүн л Монголыг мэддэг байх. Гэтэл тэрхүү нэг тэрбум хүнд зориулаад киногоо хийчихлээ гэж үзье л дээ. Тэр бол бидний хувьд амжилт байхгүй юу.

-Тэгвэл бид монгол уран зөгнөлт хийж болохгүй гэж үү?

-Бид монгол ахуйгаа харуулсан уран зөгнөлт кино хийж болно л доо. Хөрөнгө оруулалт хангалттай байгаад, кино зохиол нь маш сайн бол. Бүр болдоггүй юм бол чаддаг хүмүүсийг нь дуудаж авчраад хийж болно. Санхүүжилтээ манай улс гаргая, тэр мундаг найруулагчид нь хүсээд байгаа цалинг нь өгчихье.

Киноноос хүртэх гээл байгаа хувийг нь өгчихье. Үндсэндээ манай улс цалин олгогч нь болчих юм бол гаднаас хүссэн уран бүтээлчдээ авчраад хүссэнээрээ киногоо хийлгэх боломж байгаа. Ганцхан өнөөдөр санхүүжилт дээр л гацаж байна. Ийм юм яриад эхлэхээр манай мундаг киночид маань кино урлагийг бизнес болголоо гэх байх. Кино хийгдэж л байвал бизнес нь ч явна, бүтээл нь ч явна. Сурталчилгаа ч үүнд багтана. Бид яахаа алдчихсан, зохиолгүй үүх түүхгүй ард түмэн биш шүү дээ. Гол нь бид энэ үүх түүхээ хэрхэн яаж оновчтой гаргаж ирэхэд л учир байгаа юм.

-Кино уран бүтээлчдийн зарим хэсэг нь төр кино урлагийгсанхүүжилтээр дэмжих ёстой гэдэг. Зарим хэсэг нь цэвэр хувь хүний уран бүтээл, бизнесийн ажил гэдэг. Та аль үзлийг баримтлагч вэ?

-Төрөөс мөнгө төгрөг нэхээд суугаад байх гэдэгтэй санал нийлдэггүй хүний нэг. Угтаа кино урлагт хүч хөдөлмөрөөзориулж зарцуулж яваа л хүний л асуудал гэж боддог. Төрд ялархаад л байх шаардлага алга.

Монгол Улс мөнгөө гаргахгүй байна гэж хардаггүй. Харин Монголдоо мөнгө татах аргыг сүвэгчилж байна. Чи боломжтой болохоороо гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаад байна. Бид боломжгүй учраас л төрдөө найдаад байна гэдэг. Миний л харж байгаагаар төрд гомдоллоод хамаг юмаа нялзаагаад суухыг хүсэхгүй байна. Төр зүгээр бодлогын хэмжээнд л туслаад өгчихвөл болж байгаа хэрэг гэж боддог.

-Тэгвэл үүнд продюсер онцгой үүрэгтэй. Та хэр продюсер вэ?

-Би өөрийгөө гайхалтай прдюссер гэж боддоггүй. Суралцаад л явж байгаа гэж дүгнэдэг.. Хөгжлийнхөө явцад алхам алхмаар суралцсаар яваад өдий хүрч байна. Энэ бүхнээс алдсан оносон нь бишгүй л байгаа. Бүх зүйл ногоон гэрлээр явахгүй тээг саад тулгарч л таарна. Ажил хийж байгаа хүн хэл аманд өртдөг юм билээ. Ажилгүй хүнийг хэн ч тоохгүй шүү дээ.

Хүссэн хүсээгүй би кино продюссер хийх зам руу орж явна. Хуучнаараа зургийн найруулагчийн ажлаа хийгээд явбал болох л байсан. Гэтэл бас ийшээ тийшээ яваад хүмүүстэй танилцаад харилцаа холбоогоо хөгжүүлээд цар хүрээгээ өргөжүүлээд эхлэхээр ажил явуулах боломж байгааг олж харсан. Энэ бүхнийгээ би ганцаараа хийгээд бүтэхгүй нь тодорхой юм чинь монгол киноныхноосоо хөтлөөд л явж байна.

-Таныг хүмүүс нэг их Холливуд ярьсан залуу. Энэ Ангараг гэж нөхөр яг юу хийсэн юм бэ гэвэл та юу гэж хариулах вэ?

-Ажил хийсэн хүнийг шүүмжлэхэд амархан. Хөрөнгө босгох тийм амар ажил биш шүү дээ. Би үүнд эмзэглэдэггүй. Ажил хийж мэдэхгүй, сураагүй хүмүүс тиймэрхүү юм ярьдаг. Холливудад очингуутаа мандчихдаг юм байхгүй. Манайхан гадныхныг шүтээд байдаг хүмүүс учраас тийм хүлээлттэй байгаа байх. Одоо бол суралцаад явж байна хэдэн жилийн дараа гайгүй болох байх. Ажил хийхгүй гэртээ гиюүрээд,эмороод хүн шүүмжлээд суухыг хэн ч чадна.

-Одоо ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?

-Одоо гадны бас нэг төслийг Монголд бүтээх гээд ирээд байна. Түрүүлээ ярьчихвал бас л буруудах байх даа…. (инээв)

-Монголын кино урлагт дутагдаж байгаа зүйл нь юу вэ?

-Уран бүтээлчид өөрсдийгөө маш сайн хөгжүүлэх ёстой. Манайд сайн мэргэжилтнүүд байна. Гэхдээ хамгийн наад захын болоод хамгийн чухал нь хэлнийхээ боловсролыг сайжруулах. Өөрийнхөө бодож санаж байгаагаа орчуулагчаар дамжуулахгүй илэрхийлж сурах хэрэгтэй. Монголын продакшнууд зөвхөн хэлний бэрхшээлээсээ болоод гадныхантай харилцаа холбоо тогтоож чаддаггүй. Мэргэжлийн ур чадвар бол тухайн уран бүтээлчийн асуудал. Гэхдээ нийтээр нь харах юм бол манайхныг гадныхан их үнэлдэг.

-Юугаар нь үнэлдэг вэ?

-Харж байгаа өнцөг, арга барил гэдэг ч юм уу ер нь үнэлдэг. Гэхдээ яг хамтын ажиллагаанд ороод ирэхээрээ сонин болчихдог. Хэлний боловсролоос гадна баг болж ажиллах, ажил хэрэгч байх нь чухал.

-Монголын кино урлагийн салбарт тамын тогооны үлгэр хэр бий вэ?

-Би шууд байгаа л гэж хэлнэ. Бид нийтээрээ хамтдаа хөгжих хэрэгтэй. Нэг нь нэг хүнтэй хамтраад ажиллах гэхээр нь нөгөө нь ирээд муулчихдаг. Тэгэхээр гадныхан гайхдаг. Та нар дотроо ойлголцоогүй байж яаж гадагшаа хамтрах юм бэ гэдэг.

-Бид Холливудад тоогдох гэж зүтгэх алба байгаа юу?

-Холливудын өнцгөөс Монголыг харвал биднийг тоохгүй л дээ. Тэдний амбиц, зах зээл шал өөр. Тэр ертөнцийнхний хувьд кино бол бизнес. Бид тоогдох албагүй гээд суугаад байж бас болохгүй. Бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Тэд бидэнд хамаагүй гээд тогоондоо тийчлээд байх юм бол ахихгүй.

Би жишээ нь Монголдоо болж байнаа гээд яваад байвал хэн намайг тоож тэндээс олж харах юм. Залуу хүний хувьд мөнхийн эрэл хайгуул хийх хэрэгтэй. Миний хувьд монгол киног тэнд аваачих боломж байдаг юм болов уу л гэж эрэл хайгуул хийж яваа хүн. Гэртээ мөрөөдөөд суугаад байвал олон улсаас гэнэт нэг хүн олж хараад дэлхийн тавцанд ажиллуулах юм шиг мөрөөдөөд суудаг хүмүүс байна.

-Анх хэрхэн Америк руу эрэл хайгуулаа эхэлсэн бэ?

-Анх Америкийн кино зураглаачдын холбооны шугамаар явж байсан. Монголдоо жигтэйхэн сайхан байгаад байдаг. Харин гадагшаа гараад дэлхийд өрсөлдөх чадвар байгаа юмуу, үгүй юм уу гэдэг шугамаар л явсан. Ер нь өөрийгөө олъё л гэсэн бодолтой явсан.

-Уран бүтээлч хүний өрсөлдөх чадвар гэвэл та юуг хэлэх вэ?

-Одоо дэлхий ертөнц хавтгай болчихсон. Хүн өөрөө эрэл хайгуул хийгээд ном зохиол уншаад, мэдээлэл хүлээж аваад, авсан мэдээллээ зөв хэрэглээд явбал бүх боломж байгаа. Гол нь манайхан бэлэн орж ирэх юм л хүлээгээд суугаад байдаг. Гэнэт өөрийг нь хэн нэгэн “шүүрэхийг” хүлээдэг.

Өрсөлдөх чадвар гэдэг бол өөрийнхөө замыг өөрөө гаргах буюу эрэл хайгуул хийх чадвар юм. Дэлхий ертөнцийн үүд хаалга нээлттэй байна. Харин тэр хаалгыг олж орох нь чухал. Манай зарим уран бүтээлч миний зовж хийсэн юмаар өөр хүн мөнгө хийх гээд байна гээд харамлаад суудаг.

Энэ систем яаж явдаг вэ гэхээр эхлээд мэдээж итгэлцэл, дараа нь гэрээ шүү дээ. Уран бүтээлч хүн гэрээ эрхийн талаар болон бусад олон талын мэдлэг ойлголтыг олж авах хэрэгтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img