2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Ж.Гомбожав: Монгол Улсын Засгийн газар ажил олгогч том эзэн болж хувирч байна

Монгол Улсын гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай хийсэн ярилцлагаа хүргэе. Бидний ярилцлага "Ардчилал таймс" сонинд 2020 онд нийтлэгдэж байсан юм. 

-Та сая “Монголын төр бол ард түмнийхээ итгэлийг алдсан. Мөн хууль дээдэлдэггүй төр болсон байна. Ийм төр бол хэзээ ч хүчгүй байдаг. Монголын нийгэм бол хүчгүй төртэй болжээ. Бидэнд хүчтэй төр зайлшгүй хэрэгтэй болоод байна” гэлээ. Тэгвэл хүчтэй төрийг яаж бий болгох вэ

-Төрийнхөө тогтолцоог л өөрчлөх ёстой. Өнөөдийн их хурлын 76 гишүүн бол ард түмний төлөөлөгч биш намын төлөөлөл болсон байна. Удирдах зөвлөл дээр ямар шийдвэр гаргана тэрийг намын бүлэгт даалгавар болгодог. Намын бүлэг нь ямар шийдвэр гаргана тэрийг УИХ-ын гишүүд өөрийн бодол, толгойгүйгээр хэрэгжүүлдэг, кноп дардаг хүмүүс болчихсон байгаа шүү дээ. Бид ийм тогтолцоог 70 гаруй жил мөрдөж яваад 1990 оны хоёрдугаарт 23-ны өдөр энэ эрх мэдлээсээ нам татгалзсан шүү дээ. Гэтэл тэрийг сэргээсэн заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулчих жишээний. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад эрх мэдлийг өглөө.Ерөнхийлөгч бол ёс төдий оролцох юм байна.

Ерөнхий сайд бол сайд нараа шууд томилно. Ерөнхий сайд ялсан намын дарга болдог. Тэгтэл сайд нь агентлаг, газрынхаа дарга нарыг намынхаа хүнээр тавина. Тэр дарга нар нь хэлтсийнхээ дарга, мэргэжилтнүүдээ  нараа мөн л ингэж тавина. Монгол Улсын засгийн газар бол ялсан намын Засгийн газар буюу ажил олгогч том эзэн болж хувирч байна. Гэтэл манайх чинь маш тогтворгүй улс төртэй улс. Дөрвөн жилийн дотор л ээлжлээд, солигдож байдаг. Ийм байхад улс орны ажил явах уу. Төрийн мэргэшсэн албан хаагч гэж үгүй болох ийм хортой өөрчлөлтийг Үндсэн хуульд хийчихсэн. 

Бид болохгүй байна гээд Үндсэн хуулиа ч, Сонгуулийн хууль, бусад хуулиа өөрсөддөө тааруулж өөрчлөөд төр барилцаж хүмүүсийн ёсзүй өөрчлөгдөхгүй бол юу өөрчлөгдөх юм бэ? Тухайлбал олон албан тушаалтан асуудалд орооцолдлоо. Энэ талаарх таны бодол…? 

Ер нь хүн төрөлхтөн хоёр л хэм хэмжээг дагаж амьдардаг. Нэгдэх нь хууль. Хуульчлагдаагүй бүхэн ёсзүй дээр тогтож байгаа. Жингийн туухай дээр тавих юм бол бараг 90 хувь нь ёсзүй дарах байх шүү. Тухайлбал 530-600 хууль баталсан гэж ярьдаг. Германд бол 1200-1500 хуультай гэхэд маш цөөхөн зүйлийг л хүний нийгэм хуульчилдаг. Хүн нийгмийн харилцааны бараг 90 хувь нь ёсзүй дээр тогтож байна гэсэн үг. Манай өнөөдрийн төрийн хүч чадал муутай байгаа нь хоёр зүйлээс шалтгаалж байна. 

-Тэр хоёр нь…? 

Нэгдүгээрт төрд бэлтгэгдсэн боловсон хүчнийг манай сонгогчид сонгож чадахгүй байна. Хэн мөнгөтэйг, хэн эрх мэдэлтэйг л дагаж хошуурч байна. Миний ганц санал ямар нөлөөлөх юм биш тэрэндээ л өгчихье гэдэг. Мөн манай сонгогчдын дийлэнх олонх нь сонгуульд оролцохоо байчихсан. Тэр дундаа залуучууд ерөөсөө сонгууль өгдөггүй. Ахмад настнууд бүр сонголтоо өөрчлөх тухай бодохыг ч хүсдэггүй. Сонголт нь бүр хэвшил болчихсон байдаг. 

Сонгогчдын улс төрийн боловсрол их муу байна. Намууд энэ тал дээр л ажиллаж байх учиртай. Нам үзэл баримтлалаараа ялгарч байх ёстой. Хоёрдугаарт төрийн бодлогын залгамж чанарыг намууд дагаж явах учиртай. Гэтэл сонгууль бүрээр өөр өөр хөтөлбөр боловсруулдаг нь энэ улсын алс ирээдүйг бодсон юм байдаггүй. Төрийн дунд урт хугацааны бодлогод нийцүүлсэн хөтөлбөрийг нам боловсруулан гаргах учиртай. Түүнд тавьдаг хяналт гэж байхгүй. Дээд шүүх бол намыг ёс төдий бүртгэдэг л ажил хийдэг. 

Дээд шүүх бол уг нь намуудыг бүртгэхдээ төрийн бодлогын дагуу энэ намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавих механизмыг нь хуулиар хийж өгөөгүй. Энэ дотроос хамгийн засууштай зүйл нь манай төрийн дээд байгууллага ч, аппарат ч мэргэшсэн боловсон хүчин байхгүй болсон. Бид бэлээхэн харж байна шүү дээ. Жишээ нь хаантай улсууд тэр хааныг эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас нь бэлдэж хүмүүжүүлж байна. Манай төрийн дээд албан тушаалтнууд яаж бэлтгэгдэж байна вэ. 

2020 он сонгуулийн жил. Олон нийт одоогийн засаглалд итгэл алдарч,  аргаа барж хэнд,  юунд итгэхээ ч мэдэхгүй байх шиг…? 

Ард түмэн бол аргаа барна гэж байхгүй. Ард түмэнд арга байгаа. Ард түмэн  үнэн зөв мэдээлэлгүй байна. Хоёрдугаарт эвлэлдэн нэгдэж чадахгүй байна. Мөн улс төрд ямар замаар, хэнийг дагаж орох вэ гэдгээ шийдэж чадахгүй байна л даа. Зориуд ард түмнийг мэдээллээр будлиантуулж байна. Нэг дуулиан шуугиантай хэргийг нөгөө дуулиантай хэргээр дардаг арга байна. Өмнөх дуулиан шуугианаа мартаад дараагийнхыг нь дагаад явдаг. Ингэсээр байгаад ерөөсөө хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг ялгахаа болилоо.
Энэ бол ард олны цөхрөлийг бардаг муу бульхайтай, зальтай улс төрчдийн сонгодог арга нь. Тиймээс би Монголын ард түмэнд хандаж эвлэлдэн нэгдээчээ Монголынхоо төлөө гэж хэлмээр байна. Алийн болгон аль нэг бүлэглэл дагаж талцах юм бэ. Яг хуульзүйн бүртгэлээр нь авч үзэх юм бол 35 намтай,  тэднийг дагасан хэрэгтэй, хэрэггүй баахан байгууллага байна шүү дээ. 
Улс төрд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо дутсанаас нийгмийн хамгийн эмзэг асуудлууд орхигдож байна гэж үзэх хандлага их байдаг. Аргаа бараад төрд эмэгтэйчүүдийг олшруулвал байдал дээрдэнэ гэж үзэх нэг хэсэг ч байна?

 

Монголын  хүн ам сүүлийн жилүүдэд их өслөө. Хүн ам өсөхийн хэрээр энэ нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байна. Одоо олон салбарт эмэгтэйчүүд удирдах албан тушаалыг хашиж байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, шүүх, үйлчилгээний байгууллагууд гэх мэт Монголын гол тулгуур буюу монгол хүн боловсролтой болох уу, монгол хүн эрүүл байх  уу гэдгийг манай эмэгтэйчүүд шийдээд аваад явж байна. 

Би бол шийдвэр гаргах түвшин гэдгийг зөвхөн Их хурал, Засгийн газар, яам тамгын газар гэж битгий ойлгоосой гэж хэлмээр байна. Та нарын нуруун дээр энэ улсын гол салбарууд явж байгаа шүү дээ. Монгол хүн хойшид дэлхийн жишигтэй боловсролтой байх уу, монгол хүн хүмүүжилтэй Монголоо гэсэн сэтгэлтэй байх уу гэх мэт дээр манлайллаа үзүүлмээр байна. 

Бид Япон ямар сайхан хөгжилтэй улс вэ, тэдэн шиг хөгжмөөр байна гэдэг. Тэгвэл тэр Японд чинь эхчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг роль маш өндөр байдаг. Гол нь төрөөс нь энэ тал дээр нь маш их дэмжлэг үзүүлдэг. Дарга болох эмэгтэйчүүдийн тоо бол цөөхөн, нийгэмд нөлөөлж чадах бүсгүйчүүдийн тоо бол олон байх нь. Энэ үүргээ бүр сайн биелүүлэх нь зүй. Гэхдээ миний энэ хэлж байгаа санаа бол төрийн дээд албан тушаалд эмэгтэйчүүд ороход дургүй байгаа санаа огтхон ч биш шүү. Төрийн дээд албан тушаалд эмэгтэйчүүд гараасай гэж дэмждэг хүний нэг нь би. 

Гэхдээ өнөөдрийнх шиг Их хуралд байгаа эмэгтэйчүүд шиг квотоор орох гэж зүтгэх нь ганц хувилбар биш байна. Төрдөө эмэгтэйчүүдээ бэлтгээчээ. Төрийн албан тушаалд очоод нэг яамыг аваад явчих хэмжээний, хууль тогтоолцох хэмжээний хүмүүсээ өөрсдөө гаргаад ирээсэй. Тэр гаргах эрх нь эмэгтэйчүүдэд өөрсдөд нь байгаа.  Хүн амын 51 гаруй хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд хүн амын цөөнх байгаа эрчүүдээс квот бүү гуйх нь бараг дэмий юм биш үү. Квот бүү гуй, эрчүүдийг бүү гуй, өөрсдөө хүлээн зөвшөөрүүлээд гараад ир гэж хэлмээр байна. Янжмаа гуай шиг, Удвал гуай шиг эмэгтэйчүүдээ өөрсдөө гаргаад ир. Энэ эрх мэдэл, энэ боломж эмэгтэйчүүд өөрсдөд нь байдаг юм шүү. 

эхдээ  эрчүүд,  эмэгтэйчүүдээс илүү лобби хийдэг, түүгээрээ шийдвэрээ хүч түрж гаргадаг. Эмэгтэйчүүдийг төр барилцахад дуртай биш эсвэл цөөнх болохоор нь үгийг нь сонсохыг хүсдэггүй гэдэг шүү дээ…? Та үүнд бас эрэгтэй хүний зүгээс хандаж байна уу? 

-Ер нь лобби хийж төрийн хэргийг явуулж байгаа нь өөрөө буруу шүү дээ. Эр ч бай, эм ч бай мөнгөөр асуудлыг шийдэж байгаа нь өөрөө луйвар, булхай шүү дээ. Ард түмний мөнгийг буруу замаар буцааж авъя гэсэнтэй агаар нэг. Мөнгө тарааж байгаа хүнийг сонгохгүй байх хэрэгтэй. Би жишээ нь 1976 оноос эхлээд АИХ-ын депутатаар ажилласан. Тэр үед бүх хүн адилхан А4-ийн хэмжээтэй цаасан дээр намтар, түүхээ бичээд  энэ хүний төлөө саналаа өгнө үү гэсэн ганцхан лоозонтой тэгж л өрсөлддөг байсан шүү дээ. Өөр сурталчилгааны шанага, таваг, бидон байгаагүй шүү дээ. Тэгж яах юм. Тэрийг би одооныхоос муу байсан гэж би хэлэхгүй.  Эмэгтэйчүүд,  эрчүүдийг та нар биднээс илүү мөнгө гаргаж байна гэж байгаа бол буруу. 

Чи үнэхээр гармаар байгаа бол тэр дүүргээсээ, тэр аймаг, сумандаа хүлээн зөвшөөрөгдөж танигдсан байх ёстой шүү дээ. Би бол эрдэмтэй, номтой, ёсзүйтэй, чадвартай гэдгээ баталсан байх хэрэгтэй. Сонгогчид ч тийм л хүнийг олж судлаад сонгох хэрэгтэй. Гэхдээ ер нь эмэгтэйчүүдээ унагадаг сонгогчид нь эмэгтэйчүүд өөрсдөө л байдаг гэдгийг ч бас хэлмээр байна. Энэ чинь атаархуу зантай нь шууд холбоотой. Монголчуудын тамын тогооны үлгэр гэдэг чинь энэ. Тэгэхээр бид  атаа жөтөө, албан тушаалын хэнээ, мөнгөний шуналаасаа эр, эмгүй татгалзах хэрэгтэй. 

-Сонгуулийн хууль нь хувь хүн чадлаараа гараад ирэхэд нь боломжтой тийм хууль мөн үү? 

-Сонгуулийн хууль бол сонгогчдод зориулсан хууль. Тийм ч байх ёстой. Гэтэл одоо өөрийгөө сонгуулах гэсэн хүмүүс нь тэр хуулийг өөрсдөдөө тааруулаад батлаад байгаа байхгүй юу. Жишээ нь 1991 оны Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт би орж ажилласан. Бид бол малчин, ажилчин, сэхээтний төлөөллүүд тэр хуулийн төслийг боловсруулалцахад бүгдийг нь оролцуулсан.

Тэгээд тэр үед хамгийн ардчилсан, хамгийн зардал мөнгө багатай сонгуулийг бид хийж чадсан. Ер нь 1991 оных шиг сонгууль сүүлийн 30 жилд болсонгүй шүү дээ. Хүссэн хүн нь нэрээ дэвшүүлээд, өөрийгөө ч дэвшүүлж байсан, хамт олон нь ч дэвшүүлж байсан. Энэ намууд чинь 30-аад жилийн дотор өөрөө төлөвшиж чадаагүй байна. Намаас дэвшдэг болсон юм бол нам хүнээ бэлтгэж боловсруулах ёстой. 

Төрийн түшээ хүн гэж ямар байх ёстой вэ, ямар хүнийг сонгогч сонгох ёстой юм бэ? 

Манайх өнөөдөр төрд намаас орж ирдэг тогтолцоотой. Нам бол тухайн улс орны оюуны чадамжтай, ёсзүйтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй элитүүдийн эв санааны нэгдлийн байгууллага байх ёстой. Төрийн түшээ хүн гэдэг бол төрийн доод буюу анхан шатны байгууллагаас бэлтгэгдсэн хүн байх ёстой.

Төрийн түшээ хүн гэдэг бол Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн болоод сурч байдаг хүн биш. Сонгогдлоо шууд ажлаа аваад явж чадах хүн байх ёстой. Түүнээс биш бараг албан тоот ч төлөвлөж үзээгүй хүн төр барилцаад “Би алдаа гаргачихлаа ахиад эхнээс хийеэ намайг дахиад сонгоод өгөөч” гэдэг ажил биш. 1992 оны хоёрдугаар сард би Солонгост 21 хүнтэй баг авч явж сургалтад хамрагдсан. Бид ирээд Засаг захиргааны яам гэдгийг байгуулаад хууль боловсруулсан. Тэр хуулиар бол одоогийн мерит гэж нэрлээд байгаа шатлан дэвших тогтолцоо юм.Жишээ нь сайдыг  төрийн албанд дор хаяж 25 жил ажилласан хүн хийх ёстой. Түүнээс биш нэг өглөө босоод хийчихдэг ажил биш. 

Тохиолдлын байдлаар төрд сонгогдсон хүмүүс “Би ажил хийж байгаа юм чинь алдаа гаргалгүй яахав” гэдэг. Төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй хүн алдаа гаргах эрхгүй. Ийм албан тушаалтнуудын гаргасан алдааг засах  боломж байдаггүйгээрээ ард түмэнд хор хөнөөл нь өгүүлшгүй их байдаг. Тийм учраас төрд мэдлэгээр, сэтгэлээр, зүтгэлээр, чадвараар бэлтгэгдсэн хүнийг л  сонгох ёстой. Тэр хүнийхээ тухай судалж мэдэх хэрэгтэй. Аав нь, ээж нь, өвөө нь, эмээ нь хэн юм, юу хийж бүтээж, ямар алба хашиж байсан юм бэ гэдгээс л эхэлнэ. Сонгогчид өөрсдөө юм уншиж мэдэх хэрэгтэй. 

Ер нь юм өгөөд байгаа хүн чинь “Би чадваргүй хүн тул миний хөрөнгөнд саналаа өгөөчээ” гэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Сонгуулийн сурталчилгааны хоногууд нь маш цөөхөн бүх юм нь бужигнаад их л яарсан хүмүүс байдаг. Монголчууд үүнийг чинь “Бушуу туулай борвиндоо баастай” гээд хэлчихсэн байна шүү дээ. Бушуухан бушуухан гэж яаруулаад булхайгаа баталгаажуулах гээд яараад байна. Төрийн эрхээ хэнээр бариулах сонголтондоо ингэж яаруу сандруу хандах нь цаанаа өөр учиртай байна. Тэр албан тушаалд тэд  яарч очих гээд байна шүү дээ. 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img