2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Д.БААТАР: Равжаа хутагт долоон насандаа өөрөө тодорсон учраас Манжийн хаан хүлээн зөвшөөрсөн

Д.Равжаа судлаач Д.Баатар гэж хүн байдаг тухай сонсоод холбоо барих дугаарыг нь олж утас цохитол "Ах нь Сэлэнгэд амьдардаг. Хутагтын тухай яриулах гэж байгаа бол яваад очъё" гэж байна. Жирийн нэг иргэн Равжаа хутагтын амьдралыг насаараа судалсан гэхээр, судалсан бүхнээ тэр холоос ирж ярьж өгье гэхээр нэг л ер бусын, сонин, сайхан мэдрэмж төрж билээ. Удсан ч үгүй Равжаа гуай галт тэргээр хотод ирж, бид говийн догшин ноён хутагтын талаарх судалгааных нь талаар ярилцсан юм. Бидний ярилцлага "Ардчилал таймс" сонинд нийтлэгдэж байв.

-Ноён хутагт Дулдуйтын Равжаа гэдэг хүнийг судлах болсон түүхээ сонирхуулаач?

-Манайх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын айл. Манай дээдчүүд Равжааг жаахан хүүхэд байхад нь шавь болгохоор аваад явсныг нь мэддэг юм. Шагдаржав мээрэн гэдэг бол хутагтын дэргэд олон жил байсан хүн юм. Шагдаржав мээрэн нь миний элэнц эмээгийн эцэг. Энэ хүмүүст аман яриа үлдсэнийг нь сонсоод би багадаа сонирхдог байлаа. Намайг залуухан Зүүнбаянд ажиллаж байхад Ц.Дамдинсүрэн гуай нэг ирсэн юм. Хойт үеийнхэн нь Зүүнбаянд өдий төдий юм булсан байдаг юм. Тэдгээр юмсаас авахаар очсон нь тэр. Тэр юмсыг ухалцаж л явлаа. Яг судалгаа гэж нэрлэвэл 1970 оноос л эхэлсэн юм даа. Архангайгаас Равжаагийн эд өлгийн зүйлс гэж их олддог. Учир нь тэр хүний хань нь Архангайн хүн байж.

-Ноён хутагтын хань гэхээр их сонирхолтой байна. Тэр тухайгаа та дэлгэрүүлж яривал…?

-Балжидмаа буюу Цогтзул гэсэн нэртэй эмэгтэй байсан байна. Их сургуулийн багш Чойжилсүрэн гуай жишээ нь тэндээс Равжаагийн дуулдаг дуунууд гэх зэрэг зөндөө юм цугуулсан. Сургуулиа төгсөөд Хөвсгөл суманд багшаар очсон юм. Тэр үеэс л хөөцөлдөөд олж цуглуулаад явсан даа. 1979 онд аймгийн Архивын газрын эрхлэгчээр ирсэн. Тэр үеэс эрдэм шинжилгээний ажил гээд нэлээд судалсан. Хамрын хийд орчим, Өмнөговь аймаг зэрэг газруудаар би явж 70,80 тооны ахмад настай хүмүүстэй уулзаж аман яриаг нь сонсч бусад зүйлсийг цуглуулсан. Равжаагийн тухай сүүлийн үед бичсэн номуудад их зөрүүтэй бичигдсэн байдаг. Гэтэл Равжаагийн товч намтар гээд өөрөө бичсэн судар байдаг юм.

Равжаа хутагт бол 1868 онд 65 насандаа нас барсан хүн. Сүүлд мөн архивын баримт гараад ирсэн. 1857 онд Говь мэргэн вангийн хошууны тооллогыг явуулахад Равжаа малтай хөрөнгөтэйгөө Хамрын хийддээ амьдарч байсан байна. Нэг мадаг нь энэ. Мөн дөрөвдүгээр ноён хутагтын залгамж гэж ярьдаг. Гэтэл дөрөвдүгээр ноён хутагт 1804 онд нас барсан. Дөрөвдүгээр хутагт хүн амины хэргээр баригдаад урагшаа явсан хүн. Бээжингээс наана манжийн хаан түүнийг нэг газар суулгаж байгаад засарлаа гээд буцаасан байдаг юм. Энд ирээд гэрийн хорионд байж байгаад нас барсан хүн.

Хамгийн сүүлд 2018 онд болсон Равжаагийн ойгоор аргагүй үнэнийг тэмдэглэсэн нь Равжаа 1856 онд нас бараагүй юм байна хойшид тодруулах хэрэгтэй гэсэн. Миний судалгааг зөвшөөрөх, үгүй нь яах вэ. Би олон удаа энэ тухай бичиж байгаа. Анхны ойгоор нь би 1993 онд “Тавдугаар ноён хутагтын цэдэг” гэдэг ном бичсэн. Тэр номдоо би Равжаа гэж бичихгүй ээ Равжай гэж бичих ёстой тухайгаа бичсэн. Төвд хэлээ баримтлаад ингэж бичих нь зүй. Ер нь аливаа юм төгс биш юмаа гэхэд жаахан зөв чиглэлтэй байвал зүгээр. Ц.Дамдинсүрэн гуай ирээд анхны мэдээндээ ингэж бичсэн байдаг юм.

-Тэгэхээр Равжай гэдэг төвд нэр ямар утгатай юм бэ?

-Машид дэлгэрэх гэсэн үг шүү дээ.

-Ноён хутагтын тухай бид зохиол бүтээлээр л илүү мэднэ. Харин судлаачийн хувьд тэр хүний зан ааш, хувилгаан чанарын тухай, ер нь ямар хүн байсан талаар мэдээлэл танд мэдээж бий байх?

-Равжаа хутагтын тухай анх “Сэтгэлийн дуудлага” гэдэг ном гарсан. Ер нь дөрвөн роман байдаг. Хамгийн сүүлд МУСГЗ Г.Мэнд-Оёо гуай нэг жүжиг бичсэн. Энэ бүхэнд буруу байхгүй л дээ. Яагаад гэвэл уран зохиол түүхэн баримтаас өөр.

Равжаа хутагт бол эгэл биед байхааргүй чадвар, оюун ухаанд оршсон хүн. Өөрийнх нь намтар зэрэгт бол хүүрт оршиж чаддаг байсан ч гэх шиг ер нь их сонин юм бий. Биеэ юүлж чаддаг хүн байж. Нэг баримт бий. Тэр юу вэ гэвэл Хамрын хийдийг байгуулаад анхныхаа хурлыг хураад эхэлтэл лам нар нь солиороод байж. Тэгээд харсан чинь тэр орон нутгийн ад зэтгэрүүд хорлоод байж.

Данди Янсан Ядам гэж их том бурхан байна. Тэр бурхны дүрд хувилаад тэдгээрийг хөөж номхотгосон байдаг юм. Түүнийгээ андгай тангарагт орууллаа гэж тэмдэглэсэн байгаа юм. Тэр зэтгэрийг орон нутгаа сахисан сахиус болгосон байна. Юлха гэдэг үг чинь тэндээс гаралтай. Юлхагийн агуйд аваачиж байнга тахил өргөж байхаар болжээ. Юлха нь газар орны тэнгэр гэсэн утгатай үг л дээ.

Нэг удаа аяллаар явж байтал маш их царцаа нүүдэллээд тэр хавийн хамаг тариаг нь сүйтгээд байж л дээ. Гэтэл нэг хөгшин хамаг тариагаа идүүлчихээд уйлаад сууж байж. Тэгэхээр нь Равжаа архи рашаалаад цацчихсан чинь царцаа арилж. Иймэрхүү түүхэн баримтууд байна.

-Таныг судлаад явж байх хугацаанд олны хүртээл болоогүй бүтээл болоод эд өлгийн зүйлс их олдов уу?

-Цуглуулсан баримтуудаа 1993 онд ном бичсэн тухайгаа хэлсэн. Энэ номд бүгд байгаа. Мөн дараа нь 2013 онд оюун ухааных нь талаар “Билиг оюуны нээлт” гэсэн ном бичсэн. Дараа нь “Оршихуйн цаглашгүй мандал”-д нэг бүлэг болгож бичсэн. Би чинь санхүүгийн дутагдалтай учраас мөнгө олдвол холиод л гаргачихдаг. Равжаагийн эцэг эх болон хамтран зүтгэгч Дадишуварагийнх нь тухай тусад нь биш энд тэнд л номондоо оруулсан л даа. Одоо би нэг роман бичиж байгаа.

Би олсон бүхий л эх сурвалжаа музейдээ үлдээсэн хүн. Хамгийн ховор гэгддэг “86 эх дууны дэвтэр” гэж байдаг юм. Түүнийг би олоод музейд өгсөн. Харин Шагдаржав мээрэнд Равжаагаас дурсгасан том барын Жадамба гэх ном, гэртэй хонх зэргийг нь үр хойчис нь хадгалж байгаа байх.
Baaska
Baaska Baaska

-Равжаа хутагтын тодорсон түүх нь бидний мэдэхээс хэр зөрүүтэй вэ?

-Зөрүүтэй байна. Лавшраад ирэхээр ер нь болж өгөхгүй байна шүү. Өөрөө бол усан гахай жил Шувуун шанд дэнжид би төрсөн гэсэн байдаг. Дөрөвдүгээр ноён хутагт бол нэлээд сүүлд тодорсон шүү дээ. Тэр хүнийг хорьж байсан. Манжийн хаанаас тавдугаар ноён хутагтыг тодруулж болохгүй гээд зарлиг гаргачихсан байсан. Шавийн хэрэг эрхлэдэг газарт хутагтын ширээнд Наваанаграмба ламын хойт дүр гээд хүн залчихсан байж.

Харин нутгийнхан нь гэгээнтнээ тодруулах гээд байдаг. Тиймээс манжийн хаанд хутагт биш гэгээнтнээр тодруулах талаар бичиж зөвшөөрүүлсэн байгаа юм. Гэгээнтэн бол манжийн хааны алба залгуулдаг хутагтаас өөр учраас зөвшөөрсөн байдаг. Д.Равжаа долоон насандаа өөрөө тодорсон гэсэн үг л дээ. Тэр үедээ “Хурмаст тэнгэр” дуугаа дуулсан. Түүний дараа нь манжийн хаанаас зөвшөөрөл авсан байна. Харин өнөө үед хутагтын ширээнд суусан Наваан ламын нас барсныг Равжаагийн нас барсантай андуураад байдаг юм болов уу гэж боддог.

-Ноён хутагт бол соён гэгээрүүлэгч, дорнын их яруу найрагч байжээ. Харин шашин номын үйл хэргийн хувьд та яриач?

-Шашин номын хувьд хосолж байжээ. Хамрын хийд бол шарын шашины хийд. Харин хүрээнийхэн улааных гэж ноён хутагтыг их ад үзэж байсан юм билээ. Үүнийг дэлгэрүүлж яривал өнөөдөр дуусахгүй урт яриа болно.

Шарын шашин бол улааны шашингүйгээр оршин тогтохгүй гэж үзэж байж. Лам нар одоо ч гэсэн өөрсдөө хольчихсон хэрнээ хоёр хуваагаад байдаг. Энэ олон сахиусууд бол улааных. Буддын шашин бол Буддагаас үүсэлтэй. Будда бол хүний сэтгэлийг номхотгохын тухайд л номлож ирсэн. Улааны шашинд Ловонбадамжунайгийн тухай судруудад тодорхой бичсэн байдаг. Богдын дэргэд шадарлаж байсан Дамцагдорж гэдэг хүн Равжааг их эсэргүүцэж байсан байна.

-Шашин номын хүн хэрнээ эхнэртэй, хүүхэдтэй, архи дарс уудаг гэх мэтээр гадуурхагддаг байсан юм болов уу. Энэ ер нь ямар учиртай юм бол?

-Шашны ном бол шар, улаанаараа ялгагдахгүй. Харин хүн өөрийнхөө л чадал эрдмийг гаргаж олон амьтанд тус болох учиртай гэж заадаг. Жишээ нь шарын шашины Ямандаг гэдэг сахиусыг та мэднэ. Тэр бол эмэгтэй хүн тэвэрчихсэн байдаг. Тэгэхээр энэ бол хүмүүсийн өөрсдийнх нь үзэл бодол болохоос тусдаа тэгж болохгүй гэсэн юм байхгүй. Магадгүй Равжааг гадуурхах нэг шалтаг байсан ч магадгүй. Будда өөрөө эхнэртэй хүн байсан шүү дээ. Сүүлд ламаизм буюу ламын ёс жаяг гээд гаргаж ирсэн эд.

-Та өмнө цухас дурьдаад өнгөрчихлөө. Ноён хутагтын хань, үр хүүхэд байсан эсэх талаар та олж мэдсэнээ хуваалцаач?

-Дүйнхор бандида гэдэг чинь хутагтын хүүхэд гэгддэг. Яагаад гэвэл хүрээнд ирэх гэхээр нь хөл хорио тогтоочихоод оруулахгүй байхад нь буудаллаад найр наадам үүсгэсэн байдаг шүү дээ. Богдод мөргөхөөр ирсэн Тамирын голоор нутагтай залуухан Цогтзул гэх бүсгүйг бараг л наадуул нь танилцуулсан юм шиг байгаа юм. Тэгээд нутаг орондоо буцаад ирж очиж байж. Энэ тухай Равжаагийн олон дуунууд бий л дээ. Сүүлд хүүхэд төрөх болсон.

Галбын хийдийн дэргэд Шар дэвсэг гэдэг газарт сүм байгуулаад нууцхайхан тэндээ авчирч төрүүлсэн байдаг юм шүү. Яагаад ч юм дараа нь Дүйнхор урагшаа гараад Төвд орнуудаар явсан байдаг. Энэ тухай би “Билиг оюуны нээлт” гэдэг номондоо бичсэн. Сүүлд эрдэмтдийн бичсэн номд Дүйнхор бандидагийн дуулдаг дуунууд гээд орсон байдаг. Нас нь яваад ер нь Равжаа хутагт шиг зан араншинтай, нохой дагуулчихсан, найр наадамд хэсч явдаг хүн байж.

-Дүйнхор бандида хэдэн оны үед байсан хүн бэ?

-Одоогийнхоор Архангайд найр наадам, дуу хуур болж явдаг байсан гэдэг. 1920-оод оны үед амьдарч байсан, түүнээс хойш ч байсан байх шүү. Галбын хийдэд суугаад тэр хийдийг хариуцаад үзүүлбэр үзүүлж байсан байна. Хадан дээр сүүдэр ший гэх юм уу тийм үзүүлбэрүүд үзүүлдэг байгаад тэндээ нас баржээ. Одоо суваргын бууц гээд нэг бууц бий. Тэр суваргыг Дүйнхор бандидаг нас барахад босгосон юм байна. Суварга нь ч үгүй болсон л доо.

-Ноён хутагтад уран бүтээлийнх нь онгод муза болсон өөр эмэгтэй хүн байсан болов уу. Жишээ нь Саран хөхөө жүжиг шиг…?

-Саран хөхөө бол шашны агуулгатай муу ад зэтгэрийг дарах утгатай жүжиг. Д.Равжаа бол харин анх удаа Монголд эмэгтэй хүнийг өндрөөр үнэлж нийгмийн амьдралд оруулж өгсөн гавьяатай хүн шүү. Өмнө нь эмэгтэйчүүдийг нийгэм тэр аяараа дорд үздэг байлаа шүү дээ. Өөрийнх нь бүсгүй гэвэл Дүйнхор бандидагийн эхээс өөр байхгүй.

-Судлаачийнхаа хувьд Д.Равжаагийн тухай таны дүгнэлт бодлыг сонсмоор байна?

-Ноён хутагтын соён гэгээрэл бол агуу гайхамшигтай гэж хэлэхээс аргагүй. Сургаальт яруу найргаараа хүний сэтгэл оюуныг гэгээрүүлж чадсан хүн өөр тухайн үед дорно дахинд байхгүй. Хоосон чанар гэдгийг чинь хүмүүст таниулж өгсөн хүн шүү дээ. Дорнын гүн ухаанд хоосон чанар гэдэг ойлголтыг оруулсан хувь нэмэртэй хүн өөр байхгүй байх. Шүлэг бүхэн нь философи шүү дээ. Театр, жүжгийн эх үндсийг тавигч шашин номыг дэлгэрүүлэгч гэх зэргээр түүний түүхэнд оруулсан хувь нэмрийг өгүүлээд баршгүй юм

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img