2024-10-07, Даваа
-8 C
Ulaanbaatar

Зохиолч, судлаач Д.Гүн-Үйлс: Язгуур соёлоо хамгаалдаггүй хүмүүс бол үндэстний сэхээтнүүд биш 

Зохиолч, судлаач Д. Гүн-Үйлстэй өрнүүлсэн ярилцлагаа таны өмнө дэлгэе. Бидний ярилцлага "Ардчилал таймс" сонинд нийтлэгдэж байсан юм.

-Та утга зохиолоос гадна түүх судалдаг хүн. Түүхэн судалгаагаар чинь ярилцлагаа эхлэх үү?

-Би “Монголын утга зохиол судлалын төв”, Т”өрт ёс хаадын сан” гэдэг хоёр байгууллага ажиллуулж байна. “Төрт ёс хаадын сан” бол их түүх, их хаадын сэдэв агуулгаар үйл ажиллагаа явуулж ирсэн 23 жилийн туршлагатай байгууллага юм.

Миний аав Соёлын гавьяат зүтгэлтэн түүх судлаач М.Дүгэрсүрэн, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв, манай түүх судлалын ноён оргил болсон Ч.Далай, Н.Ишжамц тэргүүтэй хүмүүс энэ санг үүсгэн байгуулсан. Санг байгуулах үед би хамгийн залуу гишүүн нь байсан. Нэрт судлаач нарын маань нас сүүдэр өндөр болсны улмаас энэ санг сүүлийн арван жил би удирдаж байна. Манай сангийн ахмад зүтгэлтнүүдийн хамгийн том өв хөрөнгө бол “Монгол хаад” цувралын үндсэн материалуудыг үлдээсэнд оршино. Монголчууд бид маш хүчирхэг түүхтэй ард түмэн.

Дэлхийд байхгүй том эзэнт гүрнийг байгуулж явсан улс мөртлөө өнөөг хүртэл хаадынхаа түүхийг эрэмбэлж гаргаагүй иржээ. Түүхийн энэ цагаан орон зайг нөхөж монгол хаадын түүхийг эрэмбэлж, улс улсаар нь, хаадынхаа намтар цадигаар нь гаргалаа. Энэ бол манай “Төрт ёс хаадын сан”-гийн суурь бүтээлүүдийн нэг. Нэгэнт хаадыг нь хэвлэж гаргасан юм чинь хатдыг нь ном болгож гаргахаар шийдээд “Монгол хатад” нэртэй гурван боть гаргалаа. Энэ бол ШУА-ийн Түүх архелогийн хүрээлэнгийн арав гаруй судлаачидтай хамтарч гаргасан бүтээл юм.

-Монгол хатад бүтээлийнхээ үнэ цэнийг та тодорхойлж хэлээч?

-Энэ бол хамгийн сүүлийн үеийн шинэлэг, хамгийн эх сурвалж сайтай бүтээл гэж хэлмээр байна.

-Та хувь судлаачийн зүгээс ямар бүтээлүүд гаргав?

-Манай түүх бол хятад, перс, араб, солонгос зэрэг маш олон хэлний сурвалжийг ашиглаж байж гарч ирдэг. Соён гэгээрүүлэгч төвдөч Л.Хүрэлбаатар, Г.Жамсранжав гээд томчуудын гаргасан “Монголын найман богд” гэж суурь бүтээл бий. Энэ бүтээл бол мөн манай түүхийн томоохон бүтээлүүдийн тоонд орно. Миний бие өөрөө түүх судлаачийн хувьд монгол хаадын зарлиг айлдвар, түүхэн туужис бичих зэрэг ажил хийж байна. Сүүлийн үед баримтат киноны судалгаан дээр түлхүү сууж ажиллаж байна даа.

-Монгол хаадын суурь судалгааг 23 жил хийлээ гэж байна. Түүхэн эх сурвалж олж цуглуулах, судлах тал цар хүрээний хувьд хэр далайцтай ажил болж вэ?

-Ер нь монгол хаад өөрөө дэлхий дахины хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан учраас тухайн улс болгондоо тод мөрөө үлдээсэн байдаг. Жишээлбэл Юан гүрэн гэхэд л хятад хэлээр маш их сурвалж хэрэглэгдэхүүнтэй. Монгол хаад гэхээр бид 2000 гаруй жилийн тэртээ төрт улс байгуулж байсан Хүннү гүрнээс буюу Модун Шаньюгийн үеэс ярих хэрэгтэй. Тэдгээр эх сурвалжууд Хүннүгийн түүхийг бичиж үлдээе гэж зорьж бичигдсэн бол биш шүү дээ.

Харин дээд газартаа мэдээлэл хүргэх зорилгоор хүннүчүүдийн ахуй амьдрал, зан заншил, хүчин чадал гэх мэт тагнуулын маягтай мэдээ бичиж үлдээсэн нь өнөөдөр эх сурвалжийн хэмжээнд үнэлэгдэж байна. Мөн Хүлэгүгийн үед гэхэд иран, ирак, азербайджан турк гээд тухайн үндэстнүүдийн хэлээр бичигдсэн сурвалжууд байна. Ер нь монгол хаадын тухай бичээгүй хэл олдоно гэвэл ховор шүү.

“Монгол хатад” номыг бүтээхэд болсон нэг жишээг дурьдахад энэ номонд хэрэглэх гуравхан хуудас материалын төлөө гадаад улс орон руу явж байх жишээтэй. Олон сурвалж хэлнээс гадна түүхийг судалдаг арга зарчим гэж байна. Бид цэвэр судалгааны хүмүүс учраас өөрийн арга зам зарчмаараа л судалж байна.

-Судалгаанд асар их цаг хугацаа, зардал мөнгө шаарддаг. Санхүүгээ хэрхэн шийддэг юм бэ?

-Манай “Төрт ёс хаадын сан”-гийн үйл ажиллагааны түшиг тулгуур нь Түүх археолонгийн хүрээлэнгийн эрдэмтэд байдаг. Манай сан мөн хаадын сэдэвтэй уран зураг, баримал шуумал хийдэг. Баримтат кино мөн хийдэг. Бичихээс гадна харагдах үзэгдэх байдал нь ямар байсан юм бэ гэдгийг түүхэн үнэнд ойртуулахыг хичээж ажилладаг. Нэлээд ойртуулж чаддаг нь ч манай сан гэгддэг. Тэр утгаараа хэдэн жилийн өмнө алтан ургийн 36, алтан ургийн биш нэг хааны хөрөг бүтээх томоохон төслийг санхүүжүүлж бүтээсэн.

Энэ ажил маань монгол хаадыг жишээлэн баримжаалах чухал ажил болж чадлаа. Юан гүрний үед зурагдсан Чингис хаан болон найман хаан, 16 хатны хөрөг байдаг. Эдгээр нь зураасан зургийн аргаар бүтээгдсэн байдаг юм. Энэ зургуудаас сэдэл авч судалгааны үндсэн дээр реалист маягаар хаадынхаа дүр төрхийг гаргасан. Нэг талаас сонирхолтой боловч нэлээд нүсэр ажил байлаа. Чингис, Хубилай, Өгөөдэй гурван хааны сэнтийдээ заларч байгаа зургийг манайх гүйцэтгэлээ. Орчин цагт их түүхээ хамгийн үнэн зөвөөр дүрсэлж байгаа судалгааны байгууллага байхыг бид бүхэн хичээдэг дээ.

-Уран сайхны бүтээлд байгаа хийсвэрлэлд биш түүхэн үнэнд хойчийн залуусаа хэрхэн ойртуулах вэ таны бодлоор?

-Би түүхэн судлаачаас гадна утга зохиолч судлаач хүн. Гадна дотны том эрдэмтэдтэй уулзаад ярилцаж байхад ер нь түүх бол уран зохиолын сэдэв биш гэж үзэж байгаа юм. Би ч өөрөө үүнтэй санал нэгддэг. Түүхийг уран зохиол болгоё гэвэл хөндлөнгийн баатар гаргаж ирнэ. Магадгүй хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг хийсэн болгох шаардлага гарна гэх мэтээр уран зохиол гэдэг их төвөгтэй л дөө.

Жишээ нь сая “Монгол хатад”- ыг хийхдээ нэг зүйл ажигласан нь нэг хатны тухай гадна дотнын эх сурвалжийг шүүгээд шүүгээд гуравхан нүүр материал олдож байхад зарим зохиолч 300, 400 хуудас юм биччихээд байна шүү дээ. Үүнийг л гол нь уншигчид өөрөө шүүлтүүртэй унших хэрэгтэй. Уран зохиолыг уран зохиолоор нь хүлээж авбал зүгээр. Харин түүхэн талаасаа гэвэл мэргэжлийн судлаачдын бүтээлийг уншиж сэтгэлдээ баринтаглах хэрэгтэй.

Судлаачид бол үндэстний сэхээтнүүд. Үндэстний сэхээтнүүд улс үндэстнийхээ гэсэн бүхнийг өөд нь татаж, заншлан сурвалжилж тэдгээрийгээ хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй улс. Харин язгуур соёлоо хамгаалдаггүй хүмүүс бол үндэстний сэхээтнүүд биш.

-Зохиол бүтээлийн тухайд гадны соёлд автаж төөрөлдөхгүй, язгуур соёлоо мэдэхэд юу чухал вэ?

-Зөвхөн номын тухайд ярья. Номын соёл гэж бий. Ном бүтэхдээ нүүр хуудас болгондоо эх авсан сурвалжуудаа дурьдах хамгийн сүүлд нь ашигласан бүтээлүүдийнхээ жагсаалтыг бичих гэх мэт. Ингэвэл энэ ном мэргэжлийн бүтээл болно. Эш татсан бүтээлүүдийг нь хөөгөөд явах нь зөв. Зөвхөн уран зохиолд найдаад түүхээ заншиж мэднэ гэвэл туйлын хэцүү. Иймэрхүү зөрөөнүүд ялангуяа кинонд ажиглагддаг. Үндэстний цөөн сэхээтнүүд маань хойч үедээ боломжоороо судалгааны бүтээлүүдээ үлдээж байна. Харин хэрхэн өөриймшүүлж авах вэ гэдэг тэдний ухамсарын л асуудал болох нь дээ.

-Та бүхэн судалгаагаа хийгээд ном бүтээл болгодог. Харин энэ бүтээлүүдийг кино, жүжиг, хүүхэлдэйн кино зэрэг болгож олон нийтэд ойртуулах бодлого, боломж нь хэр байдаг юм бэ?

-Нэг талаас түүх соёл уламжлал нөгөө талаас оюуны боловсролоо мөнгө болгох боломж байна уу гэж асууж байна. Монголд энэ боломж хомс байна. Үүнд уншигч үзэгчийг буруутгаж болохгүй. Хүн ямар ч тохиолд эхэлж талхаа л авдаг. Түүх соёлын бүтээлүүд борлогддог, том судлаач зохиолчид элбэг хангалуун амьдардаг болсон цагт тухайн улс гүрэн хөгждөг юм байна. Ард түмэн нь хамгийн наад захын ахуйн хэрэгцээгээ шийдсэн дараагаа оюун санаагаа боловсруулъя гээд явдаг байх нь. Бидэнд судалгаа, шинжилгээ хийхэд ямар ч асуудал байхгүй. Харин бүтээлээ мөнгө болгож дараагийн бүтээлдээ зарцуулах боломж бол хүндрэлтэй байдаг.

-Судалгааны явцад манай түүхэнд хэдэн хаан, хэдэн хатан байсан юм бол гэдэг сонирхолтой санагдаад байна. Тийм тоо байдаг уу?

-Түүхийн чиглэлээр ажиллаж байгаа олон эрдэмтэн, судлаачид бүгд энэ чиглэлээр л ажилладаг юм. Ер нь бүдүүн тойм тоогоор бол гурав, дөрвөн зуун хаан тоологддог. Нэрээр нь хөөвөл захирч байсан улсынхаа хэлээр нэрлэгддэг хаад олон бий. Алунгуа эхээс эхлээд судлаад үзэхэд манай цувралд бол зуугаад хатны тухай орсон. Гэхдээ бид алтан ургийн хаан гэдгээр нь авч үздэг. Тухайн улсынхаа сэтгэлийг олох гээд нэрээ араб, перс гэх мэт болгосон хаадууд маш олон.

Мөн өөр шашинд нь орсон байдаг. Тэнд нэг өөр улс байсан мэтээр яриад байдаг ч Монголын бүрэлдэхүүний улс шүү дээ. Тухайлбал Хувилай хаан Юан гүрнийг үүсгээд явахад Хятадаар зогсохгүй зүүн өмнөд Азийн орнуудын иргэд тэр хааны л иргэд учраас хаан нь миний ард иргэд гэж л үзнэ шүү дээ. Ийм том хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байсан учраас монгол хаад, хатад дэлхийн түүхэнд маш их зүйлийг хийсэн байдаг.

Жишээ нь дэлхийн хамгийн анхны сэтгэл мэдрэлийн эмнэлгийг монголчууд байгуулсан. Монголчууд тухайн улсын иргэдийг эзлээд газар нутагт нь суучихаж байна. Эзлэгдсэн улс орнуудын дээдэс, доодос өнөөгийн хэллэгээр бол стресст ордог байх нь. Сэтгэцийн өвчтэй хүмүүс олшроод ирэхээр орой нь задгай, нэг талдаа хөгжимчид хөгжим тоглодог эмнэлэг байгуулаад тайвшруулж эмчилдэг байжээ.

Энэ эмнэлэг 1900-д оныг хүртэл ажиллаж байсан. Мөн дэлхийн хамгийн анхны асрамжийн газрыг монголчууд байгуулсан. Гэтэл дэлхийн анхны асрамжийн газрыг Америкт польшууд байгуулсан гээд бүртгэгдсэн байна. Өгөдэй хааны үед ядуусыг тэтгэх газар гэх мэтээр маш олон сонин түүхүүд байдаг. Монголын түүхийг судлах юм бол Холливудын кинонууд цаашаа шүү дээ. (инээв)

-Та одоо утга зохиолын чиглэлд юу хийж байна вэ?

-Намайг яруу найраг орчуулж, үргэлжилсэн үг бичдэг гэдгийг зарим хүн мэдэх байх.
Шескпир, Гёте, бурхан шашны номууд, дэлхийн гэгээнтнүүдийн номууд гээд нэлээд бүтээл орчууллаа. Би өөрөө өгүүллэг, туурь, роман бичдэг.

Хамгийн сүүлд би “Солонгон хөндий” гэдэг роман бичсэн. Зуны гурван сар бол миний хувьд бүтээл туурвилын сар байдаг. Өдөрт 12 цаг ажиллаад бичсэн ном л доо. Өмнө гарсан сайн бүтээлүүдээс арай нэг өөр, хэрвээ чадал хүрдэг юм бол давсан ийм бүтээл хийхгүй бол уран бүтээл хийх шаардлага байхгүй. Манай алтан үеийнхэн уран зохиолд маш том шалгуур жишгийг тогтоогоод өгчихсөн. Тэр жишгийг бид давдаггүй юм гэхэд дордуулахгүй л байх хэрэгтэй.

-Орчуулгын бүтээл гаргахдаа сонголтоо хэрхэн хийдэг вэ?

-Өөрөө уншаад маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бүтээл, хоёрдугаарт дэлхийн сонгодогуудыг орчуулахыг чухалчилдаг. Ер нь яруу найргийн орчуулга гэдэг бол орчуулгын дээд түвшин юм. Би гадаадад төгссөн учраас тэр талаар гайгүй ойлголттой. Сонголтыг янз бүрээр хийж болно. Би европ боловсролтой хэрнээ үндэснийхээ соёл боловсролын төлөө ухамсарт амьдралаа зориулсаар дуусна гэж боддог. Энэ юуны төлөө вэ гэвэл төрөл бүрийн соёлыг харьцуулж үзсэний үндсэн дээр Монголын соёл арай өөр юм гэдгийг мэдэрснийх.

-Орчуулгын хувьд таны баримталдаг зарчим гэвэл?

-Маш олон юм бий. Нэгдүгээрт утгыг маш сайн таних. Мөн ур сайтай байх ёстой. Ур гэдэг нь урлах чадвартай байх гэсэн үг л дээ. Яруу найргийн орчуулгад болавьяас хамгийн чухал нь.

-Та хэдэн хэлээр уншиж, бичиж, орчуулдаг вэ?

-Би орос, англи хэлээр жаахан ойлгоно. Польш, герман, монгол хэлийг жаахан гадарлана.

-Жаахан ойлгоно гэдэг нь орчуулга хийдэг түвшнээхэлж байна уу?

-Би яруу найргийн орчуулга хийх хэмжээний хүн гэж өөрийгөө боддог. Гэхдээ одоо ч өөрийгөө голсоор л явна. Орос, англи хэл мэднэ гэж хэлэх шиг амархан юм байхгүй. Яруу найраг орчуулах хэмжээнд хүрээгүй бол хэлтэй гэж хэлээд яахав дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img