2024-10-07, Даваа
7 C
Ulaanbaatar

Уулчин Ц.Цогзолмаа: Эверестийн оргил дээр маш олон хийморийн дарцаг, хадаг зүүсэн овоо байдаг

Олон улсын хэмжээний мастер, уулчин, ахмад тамирчин Ц.Цогзолмаатай дэлхийн дээвэрт хоёр удаа хөл тавьсан түүхээс нь хуваалцсанаа хүргэе. Бидний ярилцлага "Ардчилал таймс" сонинд нийтлэгдсэн юм.

-Уулын спорттой хэзээ, хэрхэн холбогдсон талаараа хуваалцаач?

-Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ. Багадаа аавыгаа дагаад ах дүүсэд нь золгохоор Сутай Хайрханы өвөрт нэг жил очсон юм. Зуны улиралд тэр сүрлэг уулсыг цастай байхыг хараад маш их гайхаж бахархаж байлаа. Ер нь багаасаа цэцэг ургамалд дуртай байсан. Тиймээс байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой байж цаашлаад МУИС-д биологийн ухааны чиглэлийг сонгож суралцсан. Их сургуулиа ирвэсний арьсны гистологиор дипломоо хамгаалсан.

Яагаад гэвэл би уулчин болох эхлэлээ тавьчихсан байсан. Манай Говь-Алтай чинь ирвэс ихтэй учраас уул хаданд явах боломж байсан. Оюутан байхдаа явган аялалд хэдийнээ явдаг болчихсон байсан. Нэг өдөр Уулын спортын мастер Д.Чагнаа маань уулчин болох ирээдүй байнаа, гоё спорт шүү хэмээн хэлж урам хайрласнаар энэ спортын амт шимтийг ойлгуулсан.

-Анхны юм бүхэн тод мэдрэмж үлдээдэг. Анхны авиралтын тань мэдрэмжээр яриагаа үргэлжлүүлэх үү?

-Миний хамгийн анхны авирсан уул Отгонтэнгэр хайрхан.Тэр үед чинь дөнгөж 22 настай. Оюутан байхдаа таван жил гаруй холын аяллаар явдаг, ачаагаа баглаж үүрээд сурчихсан байсан л даа. Гэтэл жинхэнээсээ өндөр ууланд авирна гэдэг тэс өөр байсан. Жинхэнэ уул гэж ямар байдгийг Отгон тэнгэр хайрханд хийсэн авиралт мэдрүүлсэн. Бидний хувьд Отгонтэнгэрт зуны улиралд хэд хэд явснаа авирсанд тооцчихсон байж л дээ. Анхны энэ авиралт маань маш хүнд хэцүү болсон. Бас миний амьдралын хамгийн дурсгалт адал явдалт аялал болсон доо.

Ингээд 1983 оны 12 дугаар сарын 5-нд Г.Найдан багштайгаа Завхан аймгийн “Хоршоолол” клубын хэдэн уулчидтай өндөр ууланд өвлийн авиралтыг хийж үзэхээр явлаа. Тухайн үед одоогийнх шиг зориулалтын мундаг хувцас хунар олдохгүй шүү дээ. Тэр их цасан дундуур үстэй дээлтэй, эсгий гуталтай, хөвөнтэй өмдтэй тэгээд маш хүнд ачаа үүрсэн авирсан. Бид хэдийн туршлагагүйг хэлэх үү маш олон цагаар авиралт хийж байгаа болохоор халууцаад ядраад багшдаа загнуулаад нэлээд хүнд авиралт болсон л доо. Өвлийн анхны энэ авиралтаас л их зүйлийг ойлгож, мэдэрсэн.

Би анх 1976 онд ууланд орсон мөртлөө 1983 онд авирсан гэдэг чинь тэр үеийн уулын спорт дэгтэй журамтай байсныг л харуулах жишээ. Эргээд бодоход уулын спортод 40 гаруй жилийг зарцуулжээ.

Монголын уулын спорт 1956 оноос хойш хөгжиж эдүгээ 70 гаруй жил болсон байна. Анхны уулчид гэвэл манай Р.Зориг багш тэргүүтэй уулчид байдаг. Тэгэхээр би өөрийгөө гурав дахь үеийн уулчин юм байна гэж боддог. Тасралтгүйгээр уулын авиралтаа хийсээр яваа ахмад уулчид тун цөөхөн бий. Түүний нэг нь би юм уу даа. Манай ахмад уулчид маш дэг журамтай байхыг бидэнд сургасан.

-Дэлхийн дээвэр Эверест бол улс орон болоод уулчин бүрийн мөрөөдөл. Гэтэл та тэр дээвэр дээр хоёр удаа мөрөө гаргасан эмэгтэй. Энэ хоёр авиралтынхаа тухай эргэн дурсахгүй юу?

-Д.Чагнаа багштайгаа 1976 онд танилцсан үеэсээ л дэлхийн дээвэрт мөрөө гаргана гэж боддог мөрөөддөг байсан юм. Д.Чагнаа багш маань олон жилийн турш залуу уулчид биднийг өндөр шалгуураар бэлтгэж сорьж, ууланд авирах теник зааж, уулын цанаар гулгаж сургах, хадан авиралт хийлгээд Эверестэд авирахад бэлтгэж байсан. Гарынх нь шавь нарын нэг нь би юм. Дараа нь Гималайн нуруунд авиралт хийхэд клубын дасгалжуулагч багш Р.Зоригийн удирдлаган дор бэлтгэл хийж байлаа. Энэ хоёр алдартай хүмүүсээр замчлуулж шавь нь болсондоо баяртай байдаг. Ингээд Монголын уулчдыг Эверестэд авируулахын тулд 2004 онд хоёр улсын хооронд гэрээ байгуулан хоёр жил бэлтгэл хийлгэсэн.

Багийн эрүүл мэндийн асуудлыг Ж.Хайрулла эмч хариуцан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нарийн бэлдэж байгаад 1994 онд Гималайн салбар 5000 метрт, 1997 онд 6000 метрт, 2001 онд 6000 метртэй ууланд тус тус авиралтуудаар бэлтгэлээ хангасан. Олимпийн эрх авдаг шиг ингэж авиралт хийн Непал улсдаа Монголын баг гэж танигдсаны эцэст 2006 онд Ерөнхийлөгчийн соёлын хэлэлцээрийн “Монгол Алтай” клуб нэрээр дагуу авирахаар болсон.

Өмнө нь Монголоос Г.Өсөхбаяр гарсан байсан учраас эмэгтэй багаар авирахаар багш маань зохион байгуулсан байсан юм. Ингээд хөрөнгө мөнгөний гачаалалаас болоод хамт бэлтгэгдэж байсан залуу эмэгтэй уулчид маань явж чадалгүй үлдээд би нөхөртэйгөө хоёулаа авирсан. Нэгэнт хийгдсэн гэрээний дагуу үүргээ биелүүлэхээс аргагүйд хүрч эмэгтэйгээс би ахмад уулчдаа төлөөлөөд явахаар болсон юм. Р.Зориг багштайгаа хоёулаа авирах газартаа дасахын тулд Катмандуд хоёр сар байрласан. Ингээд бид 5 дугаар сарын 19-нд Эверестэд авиралтаа хийсэн. Энэ удаагийн авиралт бол Дэлхийн Уулын Холбооны түүхэн дэх хамгийн хүнд авиралт гэж тэмдэглэгдэн үлдсэн. Цаг агаар сайхан байсан хэдий ч асар том цасан нуранги үүссэний улмаас 26 уулчны амь эрсэдсэн эмгэнэлт явдал болсон. Тэр үед манай баг 8700 метрийн өндөрт гарчихаад байгаагаа мэдээлж байсан. Гэтэл гэнэт л онцгой аюултай нөхцөл байдал үүссэн тул буухыг багийн ахлагчийн холбоогоор шаардсан.

Миний өмнө АНУ, Герман, ард Франц, Швецарь, Солонгосын багынхан дараалаад олсонд явцгааж байлаа. Бид Хилари хананд тулаад оччихсон байсан юм. Би өмнө гарч байгаагүй юм мэдэхгүй учраас 8700 метрт л байгаа гэж итгээд одоо зуухан метр байгаа гэж бодож байлаа. Ийм ойрхон ирчихээд буухад даанч харамсалтай санагдаад буухгүй гэсэн л дээ. Тэгээд зогсч байтал миний хань Б.Ганбаатар “Уул байдгаараа байж л байна. Чи нэг удаа чадсан юм чинь хоёр дахиа чадна одоо буух хэрэгтэй” гэж хэлсэн.

Харуусалт мэдээг сонсоод олон орны уулчид нулимстайгаар авиралтаа дуусгаж байсан. Бууж ирээд үнэхээр аймшигтай дүр зургийг харсан. Цасан нурангид бидний үлдээсэн майхан сав бүгд хайчилсан даавууны өөдөс шиг болоод юу ч үлдээгүй. Непалын тал бидний авиралтыг оргилд гарснаар тооцно буух хэрэгтэй гэсэн шаардлагаар аргагүй эрхэнд буусан. Бууж байхдаа хөтөчтэйгөө ярилцсан л даа. Гэтэл хөтөч маань “Чи өндрөө хар даа, 8820 метрт гарчээ. Цааш 20 метр алхаад л зулай дээр нь гарах байж” хэлж байсан.

уулчин Ц.Цогзолмаа

-Та Эверестийн оргил дээр гарахад 20 метр ч хүрэхгүй бууснаа хоёр дахь удаагаа мэдээд гайхсан уу, харамссан уу?

– Ерөөсөө ч харамсаагүй. Би дахин ирнэ гэж бодсон. Маш давчуу замаар бие биетэйгээ тэврэлдээд ч болтугай зөрж явж байсныг хэлэх үү, гялайсан мөстэй хадан хана гээд л хэнцүүхэн замыг туулсан байсныг хэлэх үү тийм багахан зайнаас буцсанаа мэдээд уйлсан даа. Би энэ газраа дахин хүрч чадах л ёстой байсан юм байна гэж бодоод сэтгэл огшоод л ирсэн. Непалын уулын музейд Непалын ууланд авирсан анхны монгол эмэгтэй гэх зураг минь хадгалагдаад үлдсэнээр бахархдаг.

-Дэлхийд зулайд дахин гарсан тэр түүхээсээ хуваалцаач?

-2012 онд олимпийн жил байсан тул олимпийн тугаа мандуулъя гэх хүслээр дахин авиралт хийсэн. Биднийг Непалын уулын холбоо Монголын уулын холбоотой хамтран гэрээлсэн. Мөн дээр нь ивээн тэтгэсэн компани хөнгөлөлттэй үнээр дахин авируулъя гэх хүсэлтийг Р.Зориг багшид илгээснийг бид баяртайгаар хүлээн авсан. Ингээд таван хүний бүрэлдэхүүнтэй Эверестийг зорьсон.

Тухайн үед цаг агаарын маш хүнд нөхцөлтэй авиралт болсон. Гэхдээ манай “Хөх тэнгэр” баг маш сайн авирсан. Ууланд бол багийн зарчмаас хэн ч хазайх эрхгүй байдаг л даа. Гэтэл сүүлийн үеийн уулчид хувийн амбицаа маш их дээгүүрт тавьдаг болсон шүү дээ. Тухайн үед хүчилтөрөгчийн нөөц хүрэлцэхгүйг тооцоолоод дасгалжуулагч Б.Ганбаатар, уулчин Д.Элбэгжаргалаа 6500 метрт үлдээсэн. Тиймээс Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан гурав оргил дээр гарсан гэж бичигддэг. Дасгалжуулагч бол уулын багийн хамгийн гол чухал хүн. Манай спорт бол ийм л зарчимтай байдаг.

Бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс учраас (ОУХМ Б.Ганбаатар) дасгалжуулагчаа үлдээгээд авирсан. Сүүлд бодоход үлдсэн ч болсон байна лээ. Яагаад гэвэл биднийг буугаад ирэхэд хүчилтөрөгчийн дутагдалд орж олон хүн амь насаа алдсан явдал болсон. Энэ удаагийн авиралтыг уулын түүхэнд “Хар авиралт” гэж нэрлэдэг. Хүмүүсийн бөглөрөл үүсчихсэн, цаг агаар маш муу байсан учраас бид маш удаан буюу 28 цаг авирсан. Манай баг илүү гарсан хүчилтөрөгчөө Солонгосын багт өгч байлаа. Өмнөх авиралтаар аргагүйн эрхэнд буусан яг тэр хадан дээрээ дахин ирж хөлөө тавьчихаад оргил цаахна нь байхыг хараад өөрөөрөө бахархсан шүү.

-Уулын спортыг алдар нэр олохын төлөө амбиц хөөх арга хэрэгсэл болгож байгаад сэтгэл эмзэглэдэг. Гэтэл та үндсэндээ хоёр удаа Эверестийн оргилд гарчихаад яагаад энэ тухайгаа ярьдаггүй юм бэ?

-Хэн оргил дээр гарсан нь чухал биш, тэр хүнд хэцүү эрсдэлт нөхцөл байдлыг хэрхэн даван туулж эсэн мэнд буцаж ирсэн нь чухал шүү дээ. Энэ л уулын спортын хүний баримтлах зарчим, онцлог нь юм. Уулын спортыг ийм байдлаар ойлгож, ойлгуулж яваа зарим залуусыг хараад харамсдаг. Яагаад гэвэл бид багш нарынхаа үгийг сонсдог, багийн спорт гэдгээ нэгдүгээрт хүлээн зөвшөөрдөг, бараг л хагас цэргийн зохион байгуулалттай байсан.

-Тэгвэл Эверестийн оргил дээр юу байдаг вэ?

-Эверистийн оргил дээр маш их хийморийн дарцаг, хадаг зүүсэн овоо байдаг. Тэр овоо бол үүнээс цааш газар үгүй гэдгийг тэмдэглэж өгсөн эцсийн цэг юм. Хятадын талаас ч, Непалын талаас гарсан ч тэр оргил дээр л гарна. Өмнө хэлсэн амбиц хөөсөн хүмүүс гараагүй хэрнээ гарсан гэж улс амьтан шуугиулж мөнгө төгрөг авдаг юм гэж сонсож байлаа. Гадаадын сэтгүүлүүд үздэг хүмүүс бол оргил дээр гарсан зураг мөн үү, үгүй юу гэдгийг хараад л мэдчихнэ. Миний хувьд уулчины шилгүй энгийн нүдний шилтэй гарсан зургаа Монголын далбаагаа бариад зургаа үлдээж амьхандаа баталгаажуулж зургаа үлдээсэн.

-Эверестийн оргилд гарчихаад ирлээ гээд шуугиан тарихад бид итгэдэг. Оргилд гарсныг нь юугаар баталгаажуулдаг юм бэ?

-Бидний амжилтыг баталгаажуулдаг хяналтын баг дагаж явдаг. Непалын Засгийн газар уулын авиралтаас олж авсан ашиг орлогыг улс эх орондоо хэрхэн зарцуулдаг учраас зөвлөлдөх хурал зохион байгуулдаг юм байна. Энэ хурлаараа ийм улсын ийм хүмүүс ингэж авирлаа гээд сертификат, медалиа өгөх үгүйгээ шийддэг юм билээ. 2016 онд оргилд гарсан багийнхнаас Л.Баярсайхан эмч, Б.Цэвээндаш нар маань сертификатаа авахгүй түрүүлээд явчихсан учраас бид хэд үлдээд 14 хоногийн дараа Монголдоо ирсэн. Ер нь хэн хэн түрүүлж шуугиан дэгдээсэн нь оргилд гарсан хүнээр тодордог үзэгдэл байдгийг нуугаад яахав.

Энэ бол жинхэнэ уулчин хүний чанар биш л дээ. Уг нь манай уулын спортынхон хэн нэгэн өлссөн, ядарсан байсан ч нэгнийгээ хэзээ ч орхиж байгаагүй. Тийм ёс суртахуунгүй үйлдэл гаргадаггүй хүмүүжилтэй хүмүүс. Уулын спорт бол нэг олсонд явдаг нэг амьтай, нэг амьсгалтай спорт. Одоо залуучууд уулын спортод хүч түрэн орж ирлээ. Үүнийг би буруутгадаггүй. Залуу үеийхэн уулын спорт сонирхох нь зөв. Гэхдээ уулыг ашиг сонирхол, нэр алдрын төлөөх уралдаан болгож болохгүй.

Ийм зүйл энэ спортод байж болохгүй. Ингэж л сүүлийн үед уулын спортын нэр хүндийг унагах асуудал гарсан гэж би хувьдаа дүгнэдэг. Хэн нь оргилд гарсан, гараагүй гэдгийг бид биш тэд баталгаажуулдаг.

-Одоо явган аялалд явснаа хүртэл уулчин болчихлоо гэж ярьж спортын зэрэг авах гэж тэмүүлдэг байдал их харагддаг. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Би уулчин гэж хэлэхэд амархан. Уулын спорт бол ингэж хэлэхээс тэс өөр зүйл юм шүү. Уулын спорт бол цастай өндөр ууланд авиралт хийх, байгаль дэлхийгээ шүтэн бишрэх, хайрлан хамгаалж үнэлэх, хүн өөрийгөө сорьж бэрхшээлийг даван туулж өөрийгөө хүн болгодог спорт. Хаа ч хамаагүй дуртай газартаа том машин хөлөглөөд байгалиа бохирдуулж, хогонд дарагдуулж яваад оргил дээр гарчихлаа хэмээн даналзаад байж таарахгүй.

-Танай гэр бүл бүгдээрээ уулчин билүү. Гэр бүлийнхнийхээ тухай ярина уу?

-Миний хань Б.Ганбаатар цэргийн нэгдсэн сургуульд биеийн тамирын аргазүйчээр төгссөн мэргэжлийн спортын хүн. Би өөрөө биологийн багш. Хоёр хүүтэй. Хүүхдүүд маань мөн ууланд авирдаг. Отгонтэнгэр хайрханд авиралт хийж яваад нөхөртэйгөө танилцаж байлаа. Хоёр хүү маань биднийг дагаад хар багаасаа нь уул, хаданд авирч сурсан. Том хүү маань 11 дүгээр ангиа төгсөөд “Би нэг л өдөр өнчин хоцормооргүй байна” гэж хэлээд биднийг уулаа орхихыг хүссэн.

Бид орхиогүй тул өөрөө орхисон доо. (инээв) Хүү маань гомдолгүй гэдэг гарын үсэг зурдаг шалтгаанаас болсон байх. Бага хүү маань Монголоос анх удаа гадаадад мөсөн авиралтын тэмцээнд оролцсон. Одоо уулын цана, спорт авиралт зэрэг уулын олон төрөлтөөр хичээллэдэг. Долдугаар ангидаа Спортын мастер болсон миний хүү Г.Буянт сайн тамирчин болж байгаад баярладаг.

-Таныг нөхөртэйгөө Эверестэд авирахын тулд байраа хүртэл зарсан гэж сонссон. Ийм шийдвэр гаргах хүртэл ууланд дурлана гэхээр сонин санагдах юм?

-Энэ бол уулчин бидэнд л тохиолдсон үнэн түүх. Бидний хувьд олон жил уулын спортоор хичээлэлээ. Багшийн цалин уулын спортоор хичээллэхэд хүрэлцэхгүй л дээ. 2006 онд зардлаа бүрдүүлэх гэтэл хүрэлцдэггүй. Баг өөрсдөө цуглараад бүгд зардлаа хайж байтал олдохгүйдээ тулахаар зарим нь болилоо гэсэн. Баг цөөрөх тусам хүн нэг дээр ирэх мөнгө ихэсдэг л дээ.

Багийн спорт гэдэг нь ийм зүйлээс хүртэл харагддаг. Ийм шахалтад ороод бид хоёр нэг талаар олон улс дахь багийн нэр хүндээ бодоод нөгөө талаас цаг тулчихсан учраас байрнаас эхлээд мөнгө болгочих бүхий л зүйлээ хямдхан зараад хоёр хүүхдээ аав ээждээ үлдээгээд явсан. Өөрсдийн гараар бүтээсэн түүхэн үнэн, амьдрал гоё л доо. Бид хоёр дахиад бүхнийг эхлүүлсэн.

Буцаад ирэхэд мэдээж гэр орон угтахгүй. Эверестдээ яваад ирлээ, амжилт гаргалаа. Тэгээд л болоо шүү дээ. Тэр үед манай Боловсролын байгууллагын 80 жилийн ой болсон санагдаж байна. Тэр ойгоор бидэнд таван ханатай гэр өгсөн. Одоо бид тэр гэртээ сайхан л амьдарч байна.

-Ууланд авирахад бэртэл гэмтэл их авдаг уу? Таны амь насанд тулж байсан тохиолдол бий юу?

-Яг өндөр ууланд авирч байхдаа гэмтэл бэртэл авч байгаагүй . Энэ нь Д.Чагнаа багшийн минь ач гавьяа. Ууланд авирахад хамгийн чухал нь техникүүд. Техникийг бүрэн эзэмшиж чадвал бэртэл гэмтэл авахгүй байх боломжтой. Миний хувьд хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж ирсэн болохоор хүүхдийн цагаан сэтгэлийн буян ирсэн гэж боддог. Уулчин хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Уулчин хүн байгальдаа маш их хайлаж хамгаалж байх учиртай.

Намайг анх уулчин болж байхад байсан маш сайхан мөсөн оргилууд одоо үгүй болж байгаад харамсдаг. Туг барьж зураг авахуулахын тулд уулчин болж болохгүй. Уулчин болохын тулд өөрөө эхлээд хүн болох хэрэгтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img