2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

Төгөлдөр хуурч С.Одгэрэлийн “Хан эгшгийн гоцлол”

/ШҮҮМЖ/

Доктор, профессор, хөгжмийн шүүмжич Б.БАТЖАРГАЛ

Бидний нутаг оронд англи хэл моодонд орж. Байшин барилгын бүх хаяг, мэргэжлийн урлагийн арга хэмжээ ч энэ харь хэлээр хэлэгдэн, бичигдэх болж. Энэхүү төгөлдөр хуурын концертын гол баатар, менежментийн баг ч “Solo Recital” – “соолоо ресайтел” хэмээн итали, англи хольцолдуулан тоглолтоо нэрлэж. Нэгэн цагт латин, орос, хятад, манж, уйгаржин, төвдөөр ч хаягаа тавьдаг байсан уламжлал музейн хаалга, фото зургийн архивт үлдсэн нь бий.

Саяхны нэг өдөр утас хангинаж, харилцуурын цаанаас “Багш аа, тайлангаа тавина. Та хөтлөх үү!?” гэлээ. Дэмий л ажил төрөл давхцдаг болов уу ? яадаг бол гэсхийгээд “за, үгүй” ч гэсэнгүй. Удалгүй өөрийн тайлан концертын тухай хэсэг хэсэг сурталчилгааны поостууд НүүрНомын хуудсандаа Одкоо маань тавиад эхэллээ. Зөвшөөрөх ч биш цааргалах ч биш миний аягладаг нь энэ хаврын таагүй нэгэн концертоос үүдэлтэй хэрэг…

Ц. Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн танхимд өчигдөр үдэш (2023-09-28) Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын багш, төгөлдөр хуурч Сампилноровын Одгэрэл гоцлол тайлан тоглолтоо гайхам амжилттай толилууллаа. “Гайхам” гэх үгийг “жижүүрийн үг” эсвэл “манж үг” хэмээн бүү бодоорой ! Жинхэнэ утгаар гайхам байсан шүү !

Гайхахын учир нь манай мэргэжлийн хөгжмийн урлагийн харилцаанд бараг анх удаагаа сонгодог хөгжимчний тоглолтыг мөнгөөр үнэлж, тасалбар худалдан авагчид танхимыг дүүргэсэн явдал юм.

С.Одгэрэлийн өмнөх 2 тоглолт ч мөн тасалбар нь бүрэн зарагдаж байжээ. 260 хүний суудал багахаан сумын Соёлын Төвийн танхим л даа. Уг нь. 1,5 сая хүнтэй их мегаполист бол инээдтэй л жижиг үзүүлэлт л дээ ! Гэхдээ л их “салхи хөдөллөө” гэж дүгнүүштэй. Үүнээс өмнө манай сонгодог хөгжимчид голдуу “Ленинч субботник” хийдэг байсан аж. Зөвхөн төгөлдөр хуурчид ч биш “сонгодог, нарийн” гэх хөгжимчниий мэргэжлийг сонгосон хүн бүр. Сонгодог концертын ажиллагаа манай оронд 1940 онд үүссэн түүхтэй.

Төгөлдөр хуурч С.Одгэрэл бие даасан гоцлол тайлан концертыг анх удаа хийж байгаа нь энэ биш юм. Тэрээр сүүлийн тайлангаа 2018 онд “ковид” – ын өмнөхөн Чингис хаан зочид буудалд “Шопен ба Шарав” нэртэйгээр сүр дуулиантай хийсэн. Суут хөгжмийн зохиолч Б. Шарав маань ч амьд сэрүүн байсан агаад эмчилгээнд нь зориулж бүх орлого болох 5 сая төгрөгөө түүнд хандивласан байна. 2013 онд И. Бах, В. Моцарт, К. Дебюсси, Ф. Шопены уран бүтээлээр бие даасан гоцлол концертыг С. Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж дээр, 2014 онд “Pianissimo” нэртэй тайлангаа Улсын Филармони дээр, мөн И. С. Бахын уран бүтээлээр “XXI зууны өргөл” концебртоо, 2016 онд Л.Бетховен, Ф.Шопен, С.Прокофьевын бүтээлүүдээр ХБК дээр тоглолт хийгээд зогсохгүй ДБЭТ – ын тайзнаа П.Чайковскийн төгөлдөр хуурын концертыг МУСТА Д.Нямдашийн удирдлагаар хөгжимдсөн байна.
Төгөлдөр хуурч С.Одгэрэл өөрийн орны тайзнаа танигдсан төдийгүй олон улсад нэр гарсан уран бүтээлч. Тэр Италийн Ром, Испани, ХБНГУ, Гонг Конг, БНХАУ – ын шилдэг тайзнаа гараад зогсоогүй тун удахгүй “Аралын Япон” – д хөл тавих дагнасан монгол урын сантай анхны монгол төгөлдөр хуурч болно.

С.Одгэрэлийн урын сан бол “Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд”. Монгол хөгжимчний монгол бүтээл. Энэ түүний брээнд. Энэ түүний дэлхий дэх орон зай. Нээлт. Имиж нь юм. С. Одгэрэл монголоороо гоёдог. Манай төгөлдөр хуурчид монгол хөгжмийн зохиолчдын туурвилыг тэр бүр тоодоггүй ганц нэг онцгойг нь сорчилж хөгжимддөг байсан цаг саяхан. Саяхан гэдэг нь сүүлийн 30 жилд.

Харин социализмын он жилүүдэд радиогоор МУГЖ Г.Эрдэнэчимэгийн төгөлдөр хуурын С.Гончигсумлаа (1915-1991) гуай болон Зундуйн Хангал (1948-1995) багшийн бүтээлүүд радиогоор эгшиглэж, Ардын жүжигчин Т.Цолмонгийн хөгжимдсөн монгол “прелюди” – бүжиг сэлт “Мелодия” фирмийн пянзанд бичүүлж байсан, МУГЖ П. Доржпагмын Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн төгөлдөр хуурын концертыг Улсын Филармонийн симфони найрал хөгжим Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын дохиур дор хөгжимдөн, зурагтаар гардаг байсан түүх гэрэлт хөшөө болон үлдэж, “алтан фонд”, цуглуулагчийн архивт үлдэн хоцров.

Сүүл үест монгол төгөлдөр хуурын бүтээлд хандах байдал өөрчлөгдөж эхэлсэн байна. С.Одгэрэлийн “Монгол хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан аязууд” (Mongolian composers piano pieces) цомог гарсанаар.

“Амазон”, “Спотифай” зэрэг хөгжмийн цахим ТҮЦ-ээр түүний хөгжимдсөн монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд зарагдаж эхлээд лавтай 5 жил улирч. Юу түүб (YouTube) сувагт байршуулсан түүний “Сэрсэн тал” – ыг 200 гаран мянган хүн үзэж. Энэ үдшийн хөтөлбөр хоёр хэсгээс бүрдэв. Эхний хэсэгт Аргентин Улсын XX зууны хөгжмийн гойд төлөөлөл, “танго” бүжгийн хөгжмийг сонгодог болон жазз хөгжмийн элементээр баяжуулагч алдарт бандонеон хөгжимчин Астор Пиаццолла (Astor Pantaleуn Piazzolla_1921-1991) – ийн “Гурван прелюди” (Tre preludes):

  1. “Лехагийн наадаан” (Leija’s game
  2. “Ургамал цэцэгсийн наадаан” (Flora’s game);
  3. “Наран авхайн наадаан” (Sunny’s game). Аргентин хөгжим манай оронд анх эгшиглэж байгаа нь энэ юм.

Монгол Улсад цор ганц зөвхөн Улсын Филармонийн тайзнаа байдаг их гарын концертын “Стэйнвэй ба хөвгүүд” (Steinway and Sons) төгөлдөр хуураас С.Одгэрэлийн 10 хуруугаар дамжин эгшиглэх харь, огт дуулаагүй ая хөгийн нэгдэл ямар ч нойтон сормууст хүмүүн сэтгэлийг уургалан чангаамой.

Ямар ч их ур чадвар, ямар ч их хөдөлмөр шаардсан гайхам бүтээл вэ ? Үнэхээрийн л дэлхийн сонгодог сор болсон пианизмын хэв төрхөт бүтээлийн бяр заан хөгжимдлөө.

Уг бүтээл додекофон бичлэгийн маягийн арпеджиогоор эхэлдэг аж. Тэдгээр өнгө даруулыг олох амар бус техникийг С.Одгэрэл төвөггүй илэрхийллээ. Энэ үнэхээр дуу алдам сайхан хөг эгшгийн бүтээл байх аж. Энэхүү “төгөлдөр эгшиг” – ийн цэнгүүний хоёр дахь бүтээл мөн л Аргентин хөгжим. ХХ зууны хойд, өмнөд америкийн бахархал болсон Альберто Жинастерагийн (Alberto Evaristo Ginastera_1916-1983) “Аргентин бүжгүүд” (Danzas Argentinas) халуун цуст ард зоны дотоод, гадаад өнгийг хөгжмөн хэлээр тодоос тод зуржээ. Уг бүтээл мөн л гурван багц хэсэгтэй.

Энэ нь:

  1. “Өвгөн малчны бүжиг” (Danza del viejo boyero);
  2. “Залуу бүсгүйн бүжим “ (Danza de la Moza donosa);
  3. “Сайн эрийн агсам бүжиг” (Danza del gaucho matrera).

Эхний бүжиг богино боловч, тун этгээд төрх байхаар С.Одгэрэл дүрслэв. Залуу бүсгүйн гуа, уянга дүрслэл, уянга хөгжмийн дээд эталон төгөлдөр хуурчийн маань даруулаас сацран сацран уясаана. Сайн эр тун догшин, омголон , бас танхай ажээ. Тэр хурд, төрх С.Одгэрэлийн хөгжимдөлтөөс амилж, босон харайх мэт. Гайхам. Гайхан дуу алдмаар…

Хөтөлбөрийн хоёрдугаар хэсэг мөнөөх монгол бүтээлүүд. Сэтгэл огшоом монгол ая хөг аялгуу: С. Гончигсумлаа “Найраглал”; З.Хангал “Хувилбар”; Б.Шарав “Торгууд нутаг”, “Үглээ шаазгай”; Х.Алтангэрэл “Прелюди”, “Сэтгэлийн гэрэлт сүмбэр”; Ш.Өлзийбаяр “Рапсоди”. “Хангал багш” – ийн мөнхийн туурвил “Хувилбар аяз”төгөддөр хуурч С.Одгэрэлийн илэрхийлэмжээр дахин нэг нууцат төрхөө нээлээ.

Монгол төгөлдөр хуурын урлаг ОРЧЛОНГ ЭРХШЭЭХ МӨЧ ОЙРХОН БАЙНА.

 

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Аргентин зохиолууд анх удаа Монголд сонсох үнэхээр гоё байсан. Хөгжимчний ур чадвар, хөгжимдөө орж бардам тоглож байгааг харах үнэхээр өөр юм билээ. Хангал, Өлзийбаярын зохиолууд гоё санагдсан

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img