2024-05-26, Ням
15 C
Ulaanbaatar

“Нас бол тоо” гэдгийг тунхаглаж яваа бүжигчин “охид”

"Баянмонгол аялгуу" хамтлагийн бүжигчин Г.Удвал, С.Туул нартай хийсэн ярилцлагаа таны өмнө дэлгэе. Соёлын тэргүүний ажилтан цолтой тэд "нас бол тоо" гэдэг үгийн утгыг бодитоор нь харуулж яваа эрхмүүд. Хэн ч тэдний энэ зургийг хараад нэгийг нь дал гарчихсан, нөгөөг нь нь жаран нас давчихсан яваа гэж төсөөлөхгүй. Хөнгөн шингэн гялалзаж яваагийнх нь нууц бүжигтээ дуртай чин сэтгэл, өнөөдрөөсөө аз жаргалыг олж харж таашааж амьдардаг ухаанд нь байна уу даа гэсэн бодолд эзлүүлж сууснаа тод санаж байна. Бидний ярилцлага "Ардчилал таймс" сонинд нийтлэгдэж байсан юм.

-Та хоёрын бүжиглэж байгаа бичлэг интернэтээр цацагдсаны дараа хүмүүс та хоёрын гоо сайхан, эрч хүчийг гайхан шагшиж байсан. Хаана бүжиглэж байхад нь хийсэн бичлэг юм бэ?

Д.Туул: -Манай Баянгол дүүрэг “Ахмадын хөгжлийн ордон”-той болсон юм. Энэ ордон урлагийн байгууллагад ажиллаж байсан ахмадуудаас бүрэлдсэн “Баянмонгол аялгуу” гэдэг цөөхөн хүнтэй хамтлагийг байгуулсан. Хамтлаг маань байгуулагдаад удаагүй байгаа. Бид хоёр руу манай хорооны ажилтан “Ахмадуудадаа тоглож өгөөч ээ” гэж ярьсан юм л даа. Тэр тоглолт дээр л хийсэн бичлэг.

-Та хоёр олон жил нөхөрлөж байгаа найзууд бас хуурай эгч дүүс шиг болжээ. Анх хэрхэн танилцаж байсан бэ?

Г.Удвал: -Би 1966 онд одоогийн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга буюу тэр үеийн Ардын армийн чуулгад бүжигчнээр орж байлаа. Тэнд 20 жил бүжиглээд 1980 онд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад бүжигчин, дасгалжуулагч багшаар ирсэн. Тэр үеэс Д.Туултайгаа танилцаж 40 жил найз нөхөр эгч дүүс шиг явж байна даа. Анх танилцахад жавхалзсан, том алаг нүдтэй хөөрхөн охин байсан. Би дасгалжуулагч багш учраас хүмүүстэйгээ харилцаж дасгалаа хийлгэнэ. Тэгэхэд энэ маань юмыг их эелдгээр хүлээж авдаг, хийе гэсэн юмаа зорьж чин сэтгэлээсээ хийдэг чанарууд надад их таалагдсан.

Д.Туул: -Би Г.Удвал эгчтэйгээ танилцахдаа анх хараад “Эмэгтэй хүн гэдэг ийм л байх ёстой байх даа” гэж бодож байлаа. Биеэ авч яваа байдал, яриа хөөрөө, бүжиглэх ур чадвар гээд бүхий л талаасаа эмэгтэй хүний бүхий л сайхан чанарууд бүрдсэн хүн. Суралцмаар, сэтгэл татам эмэгтэй. Одоо ч энэ хэвээрээ яваа хүн. Эмх цэгцтэй, зарчимч, үлгэр жишээ байдлаараа бидэнд үлгэр дуурайлал болдог эмэгтэй.

-Та бүхэн бүжгийн урлагт орсон түүхээсээ хуваалцана уу?

Д.Туул: -Миний төрсөн ах ДБЭТ-т насаараа бүжиглэсэн балетчин Д.Батсүх гэж хүн байдаг. Ах маань Хөгжим бүжгийн коллежийн хамгийн анхны төгсөгч. Энэ ахыгаа багаасаа харж өссөн маань бүжгийн урлагт татагдах хүч нь болсон юм болов уу. Би 1978 онд Хилийн цэргийн ансамбльд орсон. Энэ мэргэжлийнхээ ачаар эх орныхоо бүх аймаг, сумдаар явж тоглолт хийснээрээ бахархдаг.

Г.Удвал: -Би 1966 онд Монголын ардын армийн дуу бүжгийн чуулга, одоогийн ЦДБЭЧ-д дунд сургуулиа төгсөөд бүжигчнээр орж ажилласан. Бүжгийн урлагтай амьдралаа холбоод 53 жил болж байна. Манай удамд бүжигчин, жүжигчин урлагийн хүмүүс байгаагүй л дээ. Миний эмээ намайг дагуулж бүжгийн урлагт хөл тавиулсан. Би бүр багадаа хуучин циркт төрөл бүрийн үзүүлбэрт оролцдог цөөхөн хүүхэд байсны нэг нь юм л даа.

Пионерын ордны бүжгийн дугуйланд явж байгаад л бүжгийн урлагт орсон. Намайг анх бүжигчин болоход аав маань дуртай байгаагүй. Тэгэхээр нь аав ээждээ хэлэлгүй гүйж очоод Цэргийн дуу бүжгийн чуулгад тэнцээд орчихсон. Одоо манай чуулгад “Гэрэгэ” гэж бүжгийн холбоо байдаг юм. Энэ холбоо маш гоё үйл ажиллагаа явуулдагт их баярлаж явдаг. Дэлхийн бүжигчдийн өдөр гэж дөрөвдүгээр сарын 29-нд болдог юм. Энэ өдрөөр болон бусад үед ч ахмадуудыгаа цуглуулж сайхан тоглолтууд зохион байгуулдаг. Энэ бүхэндээ биднийг дуудаж оролцуулдаг.

-Авьяас тэтгэвэрт гардаггүйн жишээ бол та бүхэн маань юм. Одоо хамтлагтаа бүжиглэдэг гэсэн үг үү?

Д.Туул: -Бид хоёулаа тэтгэвэртээ гарчихсан хүмүүс шүү дээ. Би тэтгэвэртээ гараад долоон жил болж байна. Хамтлагтаа бүжиглээд албан ёсны ажилтай юм шиг л завгүй явж байна. Энэ хамтлагийг анх санаачилж зохион байгуулсан “Ахмадын хөгжлийн ордон”-ы соёл урлагийг хариуцсан Өлзийтогтоход баярлаж талархаж явдаг гэдгээ энэ дашрамд хэлье.

Г.Удвал: -Би 1996 онд тэтгэвэртээ гарсан. Одоо хүртэл бүжиглээд ахмадуудад болон хүмүүст үйлчлээд явж байгаадаа баяртай байна.

-Цэргийн байгууллагад ажилласан он жилүүд тань жавхаалаг, сайхан байхад нөлөөлдөг үү?

Г.Удвал: -Цэргийн эрдэмд суралцана гэдэг чинь бүжигтэй адил өндөр хариуцлага, дэг журамд хүнийг суралцуулдаг. Хувцсаа зүй зохистой, цэвэр цэмцгэр өмсөхөөс эхлээд дарга удирдлагуудтайгаа дүрмээр харилцана. Эмэгтэй хүнд хатуужил тэвчээрийг бий болгож, ямар ч ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэг болгодог. Ер нь товчхондоо цэрэг эх оронч хүмүүжилтэй болгосон. Тэр тусмаа цэргийн урлагийн хүн гэдэг урлагийн бусад байгууллагаас илүү жавхаатай золбоотой байхаас өөр аргагүй.

Д.Туул: -Цэрэг гэдэг зэрэг гэсэн үг. Тушаалын дагуу л амьдарна шүү дээ. Цэргийн хүн ажлаа өөрийнхөө дур зоргоор хийнэ гэж үгүй. Эх орны тушаалын дагуу хувь хүний хүслээ дарах хэрэг гарна. Мөн хүнийг маш сайн сонсогч болгож хүмүүжүүлдэг. Энэ байгууллагад ажилласнаараа урлагийн хүнээс гадна өөрийгөө эх орны охин гэдгээ мэдэрсэн дээ.

-Бүжгийн урлаг хүнийг гоо сайхан байлгахаас гадна хувь хүний өөрийнх нь хичээл чармайлт чухал байх. Энэ талаараа бүсгүйчүүдтэйгээ хуваалцана уу?

Г.Удвал: -Бүжигчин байна гэдэг хөдөлгөөний урлагаар дамжуулан гоо сайхныг хүмүүст хүргэж байгаа учраас нүүр царай, бие бялдар, сэтгэл санааны хувьд бүх л талаараа тэгш сайхан байх ёстой.

Д.Туул: -Бүжгийн бол хүний ухааныг тэлдэг урлаг. Тэр олон дараалсан хөдөлгөөнийг цээжилнэ, хөгжмөө мэдэрнэ гэдэг бол хүн оюун ухаанаараа бүжиглэнэ гэсэн үг.

-Эмэгтэй хүн үргэлж харц булаамаар гоо сайхнаараа байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Г.Удвал: -Миний өдий зэрэгтэй биеэ авч яваа нь бүжгийн урлаг буюу байнгын хөдөлгөөнтэй л холбоотой гэж боддог. Ажлын найман цагт биш өдрийн ихэнх цагт сургуулилт хийнэ гэдэг нөр их хөдөлмөр. Одоо эмч, энгийн хүмүүс бүгд л хөдөлгөөнийг чухалчлан ярьж байна шүү дээ. Энэ маш зөв. Хүн хөдөлгөөнтэй байж эрүүл сайхан байна. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэж яриа байдаг. Эмэгтэй хүн эрүүл сайхан байя гэвэл хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй байна гэдэг нь хөдөлмөрч байна гэсэн үг л дээ.

Д.Туул: -Эмэгтэйчүүддээ онцгойлон “Битгий залхуураарай” гэж хэлмээр байна. Өөртөө цаг гаргах нь л хамгийн чухал. Эмэгтэйчүүд кофе уугаад ярьж суухаасаа илүү хамтдаа нэг газар дасгал хөдөлгөөн хийхийг эрхэмлээсэй гэж хүсдэг.

-Эмэгтэй хүний биеэ сайхан авч явах хувийн нандин зарчмаасаа хуваалцахыг хүсч байна?

Г.Удвал: -Эмэгтэй хүн хань нөхрөө халамжлах, үр хүүхдээ өсгөх, гэр орон, албаны ажлаа амжуулах гээд олон үүргүүдтэй. Тэгэхээр гоо сайхан, хөдөлмөрч, цэвэр цэмцгэр байж энэ олон үүргүүдээ биелүүлэхийн тулд өглөө эрт л босох хэрэгтэй. Мэдээж хүн хоол хүнсэндээ анхаарах нь зөв.

Д.Туул: -Эмэгтэйчүүдийгээ би юуны түрүүнд нүүр дүүрэн сайхан инээмсэглэж сураасай гэж хүсдэг. Бие бялдраа цэмцгэр авч явахын тулд хэт цадтал идэхгүй байх гэдэг юм уу, эмэгтэй хүн өөртөө таарсан зөв дадал зуршлуудтай байвал сайн. Дотроосоо эерэг байж инээмсэглээд ирэхээр тэр гэрэл нь гадагшаа цацардаг. Эмэгтэй хүн амаараа муу юм ярихгүй, тархиараа муухай юм бодохгүй эерэг байхад л бүх зүйл сайн сайхан байна.

-Та хоёроос хүмүүс “Яаж та нар шиг байх вэ?” гэж их асуудаг уу?

Г.Удвал: -Их асуудаг. Зарим хүн бүр гайхдаг. Бид хоёроос маш олон хүн яаж биеэ авч явах вэ, ямар хоол идэх вэ бүр “Гоо сайхны мэс засалд орсон уу?”гэж хүртэл асуусан.Бидний үеийнхэн гоо сайхны мэс засалд орохгүй шүү дээ. Бид байгалийнхаа жам ёсоор л өтлөөд явж байна. Гоо сайхан байхын тулд сэтгэл санаагаараа л залуу байх ёстой. Нүүрний үрчлээ зэрэг бол эмэгтэй хүний эмзэглээд байх асуудал биш.

Д.Туул: -Сэтгэл санаагаар залуу байна гэхээр амьдралд ирдэг саад бэрхшээлийг нүдээ дараад, чихээ бөглөөд өнгөрөөх биш юм. Ямар ч хүнд сайн сайхан чанар заавал байдаг. Амьдралаас, бусдаас эерэг сайхныг нь олоод харах нүдтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүнд ийм чанар байдаг. Энэ чанараа хөгжүүлээрэй гэж хэлье.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img