2024-07-22, Даваа
17 C
Ulaanbaatar

Ч.Сосормаа: Монголд иргэд нь хуульд хориг тавих эрхтэй байсан бол Н.Учрал ингэж даврахгүй байсан

Иргэдэд яаж эрх мэдэл олгох вэ, хэрхэн хүчирхэгжүүлэх вэ, иргэдийг хэн хамгаалах вэ гэж Ч.Сосормаа асуугаад өөрөө түүндээ хариуллаа. Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх байсан түүнийг  Бразилд  Элчин сайд байхдаа ч суугаа орнуудын сайн туршлагыг хүмүүст хүргэхээр хичээж байсныг мэдэх юм. Нээлттэй нийгэм форумд өрнөсөн “Иргэдийн төр барих эрх мэдэл, гарын үсгийн хүч” хэлэлцүүлгийн үеэр ч тэрбээр бусад улс орнуудын иргэдийг  хүчтэй болгож байгаа “жор”-уудаас танилцууллаа.

Монгол төлөөллийн ардчилалтай, парламентын засаглалтай улс.

Гэхдээ хуучин социалист байсан улс орнуудад төлөөллийн ардчилал олон сул талтай байдгийн жишээ нь Монгол.

Төлөөллийн байгууллагууд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбож үзэхээс аргагүй. Н.Учралын хууль гэж бүгд мэдэж байгаа. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай  хуулийн төсөл. Энэ хуулийн төсөл 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн баригдаад, 20-нд батлагдан гарч байсан. Энэ хууль арав хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр заасан байлаа. Хамгийн аюултай нь Хууль зүйн сайдын санал оруулснаар  олон нийтийн эмх замбараагүй байдал газар авсан онцгой байдлын  үеэр Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны сүлжээг  хэсэгчлэн болон бүхэлд нь хянахаар заалт  оруулчихсан.

Өөрөөр хэлбэл 2008 оны долдугаар сарын 1 шиг ард иргэд эрхийнхээ төлөө жагсаал цуглаан хийгээд эхлэх юм бол харилцаа холбоог тасалж, хязгаарлах болж байна. Ямар ч байсан иргэд идэвхитэй тэмцэж байгаад энэ хуулийг хүчингүй болгосон.

Дараагийн нэг жишээ долдугаар сарын 5-нд иргэд наадмын өмнө талбайд жагсаал хийж эсэргүүцээд байсан  Газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай нэгжид  10 жилээр ашиглуулна гэж заасныг Хөрөнгө оруулалтын хуульд 60+ 40 буюу  100 жилээр ашиглуулж болно гэдэг заалт оруулж УИХ хэлэлцээд эхэлсэн.

Үүнийг УИХ-ын 20 гаруй гишүүн санаачилсан шүү дээ.

Наад захын  жишээ төлөөллийн ардчиллын сул тал энэ.

Өөрөөр хэлбэл иргэдийг төлөөлөх, нийтийн эрх ашгийг хамгаалах  ёстой парламент маань хэнийг  төлөөлж байна вэ?

Иргэдийг хэн хамгаалах вэ?

Засгын газраа хянаж, хариуцлага тооцож байгаа иргэдийн элч төлөөлөгч, дуу хоолой болох парламент  маань үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хэн иргэдийг хамгаалах вэ гэж  өөрсдөөсөө асууя.

Өнөөдөр бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудлын гол гогцоо  энэ л байдаг.

Үндсэн хуулийн сүүлийн гурван удаагийн өөрчлөлтөөр эрх баригчдын эрх мэдэл ихээхэн   нэмэгдсэн. Харин иргэдэд эрх мэдэл очсонгүй ээ.

УИХ-ын гишүүдийн тоо  126 болсон.

Тоо нь нэмэгдлээ. Ингээд УИХ маань чадварлаг болох уу, хариуцлагатай болох уу? Үүргээ биелүүлдэг болох уу?

УИХ-ын гишүүд давхар дээлтэй болоод эхэлсэн.

Ялангуяа дөрвөөс илүүгүй давхар дээлтэй сайд байна гэсэн заалтыг 2023 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аваад хаячихсан шүү дээ.

Сонгуулийн  холимог тогтолцоогоор сонгууль явуулах болсон.

Санал гээгдэхгүй, аль нэг хүчин үнэмлэхүй олонх болохгүй сайн талтай ч эвслийн Засгийн газар байгуулагдах магадлал өндөртэй. Өөрөөр хэлбэл сөрөг хүчингүй болох эрсдэлтэй.

Тэгвэл иргэдийг  хэн хамгаалах вэ?

Эрх баригч намын дарга Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуультай. УИХ-ын гишүүд намын даргаасаа хамааралтай болчихож байна. Нэр дэвшихийн тулд намын даргынхаа үгэнд орох ёстой болдог.

Ерөнхий сайд Засгийн газраа ч удирдаж байна, УИХ-ыг ч атгаж байна.

Ард түмнийг хэн хамгаалах вэ. Хэн бидний дуу хоолой болох вэ?

Маш олон оронд иргэд өөрсдийгөө хамгаалдаг.

Иргэд мөнхийн сөрөг хүчин байдаг. Энэ механизмын тухай л бид өнөөдөр ярих гэж байна.

Иргэдийн санаачилгын үндсэн дөрвөн хэлбэр бий.

Иргэд хууль өргөн барих санаачилга

Иргэд яаж хууль өргөн барих юм бэ. Ерөнхийлөгч,  Засгийн газар, УИХ-ын гишүүд өргөн барьдаг шүү дээ гэж хэлэх байх.

Иргэдийн эрх мэдэл гэдэг нүдний шилээр харъя. Өнөөдрийн зорилго ерөөсөө л энэ. Энэ шилээр харвал асуудлыг өөр өнцгөөс харж эхэлнэ.

Бодлогын санаачилга гэдэг нь иргэд  тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг санал болгож, гарын үсэг цуглуулаад, парламентад хүргүүлнэ.  54 оронд иргэд асуудлыг парламентад хүргүүлж, хууль батлуулах хүсэлтээ илгээх эрхтэй байдаг.

Засгийн газрын хуульд  төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх тухай хэзээ ч хэрэгждэггүй заалт байдаг. Авто замын осол, утаа, түгжрэл, уул уурхайн асуудлаар  иргэд нэгдээд 5000, 10 000, 20000 эсвэл 30 000 гарын үсэг цуглуулж, парламентад өргөн барихад УИХ ажлын хэсэг байгуулаад, санал гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулаад, хуулийн төсөл боловсруулж яагаад болохгүй байгаа юм. Бодоод үзэхээр боломжийн байгаа биз дээ.

Яагаад бид энэ мэт боломжийг эрэлхийлэхгүй УИХ-ын гишүүнийг царай алдаж, “Даргаа, гишүүнээ ингэмээр байна, тэгмээр байна” гэж явах ёстой юм бэ?

 Хууль санаачлах өргөн барих эрх мөн адил тодорхой тооны иргэдийн гарын үсэгтэй хуулийн төслөө шууд өргөн барьдаг.

39 оронд иргэд нэгдэн  хууль өргөн барих эрхтэй байдаг.

Зарим улс оронд 15 хуульчтай хуулийн фирм оролцуулаад, боловсруулсан хуулийн төслөө өргөн барина гэж хуульчилсан байдаг.

Зарим оронд тодорхой тооны гарын үсэг цуглуулсан бол тэр хуулийг шууд хэлэлцдэг.  Хэлэлцэх эсэхийг шийддэг улсууд ч бий.

Хориг тавих эрх

Монгол Улсад хуульд хэн хориг тавьдаг билээ. Үндсэн хуульд зааснаар хуульд хориг тавих бүрэн эрх гагцхүү Ерөнхийлөгчид байдаг.

Бид  ингэж л ойлгоод, ийм л байх ёстой гэж боддог.

Боол болж төрөөд, би насаараа л боол байх юм байна гэж ойлгосон гэдэг шиг  хуульд хориг тавина гэхээр манайхан  “Ерөнхийлөгч л хориг тавьдаг шүү дээ, иргэд хориг тавина гэж юу байдаг юм бэ. Ч.Сосормаа чи тэнэг юм уу” гэцгээдэг.

Гэтэл өнөөдөр дэлхийн 19 оронд иргэд хуульд хориг тавих эрх эдлээд байна.

Үүний хамгийн хүчирхэг жишээ Швейцар улсад 50 000 иргэн 100 өдрийн дотор гарын үсэг цуглуулаад, хуульд хориг тавьчихдаг.  Хориг тавих эрхээ эдэлж байна.

Хоригийг  хүлээж авах эсэхийг хэн шийднэ гэж бодож байна?

Бүх нийтийн санал асуулгаар шийддэг. Түүнээс биш парламент шийдэхгүй.

Парламент тэр дор л байна. Иргэдийн эрх нь өндөр.

Ийм нөхцөлд парламент маш хариуцлагатай болдог.

форум-1

Болчимгүй дутуу буруу хууль баталвал иргэдийн хоригт ордог. Бүх нийтийн санал асуулга явуулахад хүрнэ. Төсөв мөнгө зарцуулах шаардлагатай болно. Тийм учраас хууль батлахаасаа өмнө иргэдийн оролцоог хангадаг. Иргэддээ ойлгуулах сурталчилах, хэлэлцүүлэх ажил сайн хийдэг.

Хэрвээ манай улсад иргэд нь  хуульд хориг тавих эрхтэй байсан бол Н.Учрал ингэж даврахгүй байсан.

Газраа гадаадынханд эзэмшүүлэх гээд явж зүрхлэхгүй байсан.

Хориг тавих нь олон хэлбэртэй.

Энгийн хэлбэр нь Албани улсад  50 000-аас дээш иргэний гарын үсэг цуглуулснаар  иргэд  хууль хүчингүй болгох санал асуулга явуулахыг  Ерөнхийлөгчөөс шаардах эрх үүсдэг.

Дараагийн нэг хувилбар нь иргэд тодорхой тооны гарын үсэг цуглуулаад, хуульд хориг тавин, парламентад илгээдэг.  Энэ тохиолдолд иргэд хуульд хориг тавих субьект болно.

Гурав дахь нь хамгийн хүчтэй нь Швейцарийн иргэд. Шууд хориг тавьдаг.

Хоригийг хүлээж авах эсэхийг бүх нийтийн санал асуулгаар шийддэг.

Төлөөлөгчөө эргүүлэн татах санаачилга

Сонгосон төлөөлөгчөө эргүүлэн татах талаар Монголд их ярьдаг ч ахиц байдаггүй. Энэ бол шууд ардчиллын нэг механизм мөн.

21 оронд иргэд нь үндэсний хэмжээнд төлөөлөгчөө эргүүлэн татах эрхтэй байдаг.

Муж  улсын түвшинд олон оронд төлөөлөгчөө эргүүлэн татдаг.

Үүний  жишээ АНУ. Америкт хориод муж нь сонгосон төлөөлөгчөө эргүүлэн татах хуулийн заалт хэрэгжүүлдэг.

Бүх нийтийн санал асуулга

  Бүх нийтийн санал асуулга гэж маш хүчирхэг механизм бий.

Манайд бүх нийтийн санал асуулгын хууль байдаг ч хэзээ ч хэрэглэдэггүй.

Дотроо бас дөрвөн хэлбэртэй.

Хуулийн дагуу  бүх нийтийн санал асуулга явуулдаг.  Швейцарт  Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад бүх нийтийн санал асуулгаар л шийднэ. Манайд ийм байсан бол Үндсэн хуульд олон удаагийн өөрчлөлт орохгүй байсан болов уу.

Олон улсын  гэрээ конвенцид нэгдэх эсэхээ бас ард түмнээсээ асуудаг.

Нэг сонирхолтой жишээ нь Швейцар Европын холбооны гишүүн биш.

Яагаад гэхээр бүх нийтийн санал асуулгаар дэмжигдээгүй.

Европын  холбоо Швейцарийн эрх мэдэлтнүүдийг шахдаг.  “Та нар  Европын холбоонд элс” гэхэд нь ганц л хариу хэлдэг. “Үүнийг би шийдэхгүй манай ард түмэн шийднэ” гэдэг.

Өөрөөр хэлбэл Швейцарийн ард түмэн улс орныхоо хараат бус байдлын баталгаа болж байдаг.

Швейцар, Уругвай  гэх мэт жижиг улсууд чухал асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийддэг. Гэхдээ санал асуулга явуулахын өмнө бүтэн жил, хоёр жилийн турш бэлтгэл хангадаг юм билээ. Ард иргэддээ мэдээлэл хүргэдэг, нийгмийн олон талыг сонсдог. Хэлэлцүүлэг хийдэг. Түүнээс биш иргэдээ харанхуй байлгаж байгаад саналыг нь авдаггүй.

Эрх мэдэлтний санал асуулгаар бүх нийтийн санал асуулга хийдэг хэлбэр бий.

Үүний жишээ Монгол Улс шүү дээ. Манайд санал асуулга явуулах эсэхийг эрх мэдэлтнүүд  шийддэг.

Яаж иргэдийн оролцооны энэ хувилбаруудыг өөрсдийн хууль тогтоомжид хэрэглэх вэ?

Үндсэн хуулийн энэ заалт  аминд орно.

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг. Ямар эрх мэдлээ өгөх, ямрыг нь өөртөө авч үлдэхээ ард түмэн шийдэх эрхтэй. Яагаад бид сонгууль явуулж, эрх мэдлээ бүгдийг нь  өгчихөөд байгаа юм, Манаачаа яагаад манахгүй байна вэ?

Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцоно гэдэг нь  төлөөллийн болон шууд ардчиллыг хослуулан  хэрэглэх боломжтой гэсэн үг.

Олон оронд төлөөллийн ардчиллаа сайжруулах, чанаржуулахын тулд иргэдийн  шууд оролцоог хэрэгжүүлдэг.

“Ерөнхийлөгч өө, хориг тавиач ээ” гэж гуйхын оронд иргэд хуульд хориг тавих эрхтэй байж болно

 Ардчиллын гажуудлаас гарах зам нь иргэдийн шууд оролцоо юм шүү гэж энэ чиглэлээр 15 жил судалж  байгаа хүний  хувьд онцолъё.

Энэ намрын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ.

Энд “Хуульд  хориг тавихад иргэдийн оролцоог оруулах” боломж бий.

Үндсэн хуулиар Ерөнхийлөгч хуульд хориг тавих бүрэн эрхийг эдэлдэг. Үндсэн хуулийг одоохондоо өөрчлөх боломжгүй учраас Ерөнхийлөгчийн  бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын баталсан шийдвэр бусад  шийдвэрт зарим хэсэгт нь буюу бүхэлд нь хориг тавих хүсэлтийг 5000-аас доошгүй иргэн 30 хоногийн дотор  гарын үсэг  зурсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч хянан үзнэ гэсэн заалт байж болох юм.

5000, 30 хоног гэдгийг зүгээр жишээ болгож тавьсан шүү.

 “Ерөнхийлөгч өө, хориг тавиач ээ” гээд  иргэд гуйдаг.  Ерөнхийлөгч  дэмжиж  байгаа бол хориг тавина, дэмжихгүй бол сонсоогүй царайлаад өнгөрдөг.

Ядаж энэ байдлыг бид өөрчилнө. Иргэд гарын үсэг зураад өгвөл Ерөнхийлөгч хянан үзэх үүрэгтэй болно.

Энэ нэг алхам юм. Иргэд идэвхжнэ,  оролцоно.

 УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хуульчилж болно шүү дээ 

УИХ-ын хуулийн шинэчилсэн найруулга намрын чуулганаар хэлэлцэгдэнэ.

Энэ хуульд бид юу оруулж болох вэ?

Мэдээж УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг оруулж болно шүү дээ.

УИХ-ын тухай хуульд 2022 оны долдугаар сарын 5-ны  өдөр иргэдийн шууд оролцоог дэмжсэн маш чухал заалтууд орсон.

Бидний яриад байгаа оролцоонууд орсон.

Тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр асуулт асуух, санал өгөх эрхээ УИХ-ын албан ёсны  санал авах цахим хуудсаар дамжуулан хэрэгжүүлж болно гэж заасан.  Иргэд  УИХ-ын цахим хуудсанд санал илгээнэ. 30 хоног тэнд байршна.

УИХ-ын тухай хуулийн 391 дүгээр зүйл.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах заалт оруулсан.

391.2.1.тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;

391.2.2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу;

391.2.3.хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол …. авч хэлэлцэнэ гэж байгаа.

Иргэдийн санаачилгаар ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх, хуулийн санал авах заалт оруулсан боловч иргэдийн дэмжлэг авах хугацаа богино, босго өндөр тогтоосон нь хаалт болж байна.

Байгаль орчны байнгын хороонд хяналт шалгалт явуулаад өгөөч гэж шаардаад 70 мянган иргэдийн саналыг  цуглуулбал  Байнгын хороо авч хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалт явуулах нь байна шүү дээ.

Уул нь маш том боломж байгаа биз. Гэхдээ 30 хоногийн дотор 70 мянган хүний санал цуглуулах боломжтой юу?

Жагсаал цуглаан хийх журмын  хуулиар бүртгүүлмээргүй байна, зүгээр мэдэгдээд жагсмаар байна гэвэл гуч хоногт 100 000 иргэний саналыг яаж авах вэ. Дарангуйлалтай улс оронд нэг гараараа эрх өгөөд, нөгөө гараараа  өндөр босго тавьчихдаг юм билээ. Энэ хуулийн төсөл дээр босгыг намсгах хугацааг нэмэгдүүлэх чиглэлээр нөлөөлөх боломжтой.

Ард нийтийн санал асуулгын хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ.

Иргэдийн оролцооны нүдний шилээ зүүгээд хар даа. Энд юу дутагдаад байна. Ард нийтийн санал асуулга явуулахыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй  гэж байгаа биз. Бид ийм л байх ёстой юм байна гээд ойлгочихсон. Тэгвэл юу гэж хэлэх вэ?

Ард нийтийн санал асуулгыг санаачлах эрхийг  төрийн гурван субьектэд олгосон, иргэдэд олгоогүй. Сонгуулийн санал өгөх эрхтэй иргэдийн тодорхой хувь нь гарын үсэг цуглуулаад шаардлага хүргүүлж яагаад болохгүй гэж.

Хуучин соц байсан орнуудад төсвийн асуудлаар, нийгмийн халамжийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахгүй гэх мэтээр хязгаарласан байдаг юм билээ.

Үүнийг бол ойлгох боломжтой.

Төлөөлөгчийг эргүүлэн татах заалт мөн орж ирсэн

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуульд иргэдийн шууд оролцооны маш чухал заалт бий.

2020 онд батлагдсан.  Иргэн сум дүүрэг эдийн засгийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр  гаргахаар санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж,гарын үсэг зурсан тохиолдолд сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэх үүрэгтэй.

Сум дүүрэгт л зөвшөөрсөн, аймаг дээр нийслэлд зөвшөөрөөгүй. Гэхдээ эхний алхам. Шууд ардчилал ороод ирсэн байна. Энэ хуулийг хэрэгжүүлж үзээгүй болохоор 5-10 хувь аль хэр боломжийн гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Төлөөлөгчийг эргүүлэн татах заалт мөн орж ирсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч үүргээ биелүүлээгүй бол сонгогчдын олонхийн саналаар эргүүлэн татна гэсэн заалт орсон байна. Олонхи гэдэг нь 50 + байх нь, журам нь гараагүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан алхмууд хийгдсэн шүү. Тийм болохоор өнөөдөр миний яриад байгаа зүйлс хий хоосон зүйл, утопи биш. Манай хуульд ороод ирсэн байна.

Үүнийг улам боловсронгуй болгоё.

Дараагийн чухал хууль Нийтийн сонсголын тухай хууль. 2015 онд АН эрх барьж байх үед гаргасан маш чухал хууль.

Гэсэн ч нийтийн сонсгол ерөөсөө хийгдэж өгдөггүй. Бусад оронд бол хяналтын сонсгол өдөр тутмын ажлынх нь нэг хэсэг байдаг. Гэтэл энэ хяналтын сонсголыг хэн санаачлах эрхтэй вэ гэхээр Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан, УИХ-ын есөөс доошгүй гишүүн гарын үсэг зурсан,  бол төсвийн хяналтын сонсгол хийнэ гэсэн. Төсвийн хяналтын сонсгол жил бүр хийхээр хуульдаа заасан ч хийдэггүй. Иргэд шаардах механизм байхгүй. Хариуцлага хүлээдэггүй.

2011 онд батлагдсан Төсвийн тухай хуульд шууд ардчиллын механизм тусгагдсан. Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог хангах нь гээд 63.1-д баг хорооны хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ олон нийтийн нээлттэй санал асуулгаар явуулна гэж заасан. Жил бүр дөрөвдүгээр сард  баг хорооны иргэд идэвхтэй санал өгдөг. Баг хорооны иргэдийн нийтийн хурал дээр энэ саналуудыг эрэмбэлдэг. Тэгээд дараа нь хаана очих вэ гэхээр  сум дүүргийн Засаг даргын тамгын  газар очиж, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, дахин эрэмбэлнэ гэж байгаа юм. Ингээд үр дүнгүй  болгодог. Энэ шууд ардчилал биш.

Дарга засах юм бол иргэдээс асууж яах юм.

Ингээд иргэд санал өгөх сонирхолгүй болсон. Энэ хуулийн төслийг засварлах шаардлагатай.

Томас Жефферсоны агуу үг байдаг.

Төрийн дээд эрх мэдлийг ард түмнээс өөр ямар ч найдвартай хүч хамгаалж чадахгүй. Хэрэв ард түмний гэгээрээгүй гэж голж байгаа бол эрх мэдлийг тэднээс булаах бус харин иргэдээ боловсруулах замаар улам бүр эрх мэдэлжүүлэх хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуульт засаглалыг хамгаалах хамгийн найдвартай арга зам шүү гэж хэлсэн. Ардчилсан орнууд энэ л арга замаар хөгжсөн юм шүү гэдгийг онцолъё гэв.

33 мянган иргэний санал цуглуулж, Архусын конвенцид нэгдье гэв

Хэлэлцүүлэгт оролцогсод саналаа хэлэв. ҮХЦ-ийн гишүүн байсан Ш.Цогтоо 70 000, 100,000 иргэний санал цуглуулах гэдгийг хэт өндөр тоо гэж үзэж байв. Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцоно гэдэг Үндсэн хуулийн заалт 30 жил хаягдсан гэж тэр хэлсэн. Шууд оролцоог сайжруулна гэвэл Үндсэн хуулийн ийм суурь байгаа шүү хэмээн бас сануулсан юм.

Харин О.Гэрэл хэмээх залуу эмэгтэй  иргэдийн тооны босгыг өндөр гэж үзэхгүй бололтой.

“Иргэдийн реакцаар 25 000-30 000 иргэний саналыг гялс цуглуулаад, эсэргүүцээд байвал ажил явуулахгүй жишиг тогтоох магадлалтай.

Иргэнээ, хүнээ боловсруулах шаардлагатай. Америкт иргэнлэг байх гэдгээ иргэний нийгэм нь өөрсдөө орхигдуулсан юм болов уу гэх санаа бодол явдаг. Газраа түрээслэх жишиг аль ч оронд байдаг. Энэтхэгт гадны мэдээллийн технологийн компаниудад газраа 100 жилээр түрээслээд, мэдлэгийн технологи хөгжиж байна” хэмээн ярилаа.

Хуульч Г.Дашдэмбэрэл “15 гаруй жил байгаль орчны салбарт өмгөөлөл хийлээ. Хууль тогтоомж хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан төрийн албаныхан хуулиа хэрэгжүүлэх хүсэл сонирхол алга. 33 мянган иргэний санал цуглуулж,  иргэд нь  байгаль орчны асуудлын талаар мэдээлэл олж авах болон хууль зүйн шийдвэр гаргахад оролцох боломж олгодог  Архусын конвенцид нэгдэхэд иргэд гар бие оролцох хэрэгтэй байна” гэсэн шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img