2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

“Пхеньяны даяанч-хавч” КИМ ЧЕН ИР

Ким Чен Ирт “Пхеньяны даяанч-хавч” гэсэн хоч яг зохисон санагддаг. Нүхнээсээ хамраа ч цухуйлгалгүй, далайн ёроолд олон сар жил хэвтэж, толгой дээр нь шуурга дэгдэж, шулам хашгирсан ч ер тоодоггүй, туйлын тэвчээртэй “амьтан” байсан юм, умардын удирдагч асан. Түүнийг далайн кальмар гэдэг амьтантай бас зүйрлэмээр санагддаг. Тэмтрүүлээрээ газар тулж, урдуураа хар үүл шиг юм гаргаж цацаад, тэгснээ ер анзаарагдалгүйгээр саадгүйхэн урагшилна.

Хойд Солонгосын удирдагчийн алхаа гишгээ бүрийг нягт халхлан далдалсан “нууцлаг хөшиг” бол түүний хувьд амьдрах цорын ганц “шанс” байсан юм. Кимийн энэ хачирхалтай амьдрал сүүлдээ туйлын төвөгтэй, учир начир нь үл ойлгогдом түүх болон хувирсанд гайхах хэрэггүй мэт. Детектив зохиол бичдэг хүмүүсийн толгойд ч ийм гоц сонин санаа орж ирэхгүй л байх. Гэхдээ энэ нь баллуурдаад ч нэмэргүй бодит амьдрал юм даа.

Түүнийг бие барахаас нэлээд хэдэн жилийн өмнө оросуудад Кимийг амьдаар нь харах боломж анх тохиожээ. Чухамдаа тэр үед Пхеньяны даяанч Пхеньян-Санкт-Петербургийн чиглэлд /Москвад түр саатсан. Г.И/ жаахан аялж аваад нутаг буцсан түүхтэй. Кимийн хувьд анхны “урт удаан”, магадгүй Гиннесийн амжилтын номд ч бүртгэчихмээр аялал болсон гэдэг. Гурван долоо хоногийн турш Орос орноор аялахдаа тэр хорвоо ертөнцийг дөнгөж таньж ядаж буй хүүхэд шиг гайхаж ханахгүй явжээ.

Галт тэрэг зогсоол дээр ирмэгц мань эр аль тэртээ эцэг Ким Ир Сенийг айлчлах үеэр угтан зогсож байсан пионерууд, одоо нас биед хүрсэн бүсгүйчүүдийн гарыг атган мэндчилсэн ч түүнд зориулан бэлтгэж зассан тавцан дээр гарч ирсэнгүй. Улаан-Үдийн зогсоол дээр бөөн цэцэг энэ тэр барьчихаад, эрхэм удирдагчийг өдөржин хүлээсэн нутгийн удирдлагууд, Буриадын урлагийн мастерууд яг л энүүн шиг сэтгэл гонсгор хоцорцгоож байв. Гэсэн ч Ким орос анд нартаа хэсэгхэн хугацаанд ч болов өөрийх нь хүсэл зоригоос шууд хамааралтай солонгос хүмүүс болсон мэт сэтгэгдлийг төрүүлж чадсан хэмээдэг.

Ким Чен Ир яг л гэртээ байгаа юм шиг ойлголтыг тэдэнд төрүүлэхийг оролдож байсан гэдэг, тэр үед. Хуягласан галт тэрэг нийслэлийн Ярославын буудал дээр ирэх үед хэдэн мянган москвачууд шахцалдаж үхэх шахан байж угтаж авсныг бодоход Кремль түүнд бараг Америкийн ерөнхийлөгчөөс ч илүү хүндэтгэл үзүүлсэн нь илт. Хойд Солонгосынг удирдагч умард хязгаар нутагт дахин очно гэсэн баярт мэдээ оросуудад хэдийнэ нисээд оччихож. Бээжингийн нэгэн нууцхан эх сурвалжаас иш татсан мэдээллийг Өмнөд Солонгосын “Йонхап” агентлаг цацсанаар тэр дорхноо л дэлхийд сенсааци дэгдээж байв.

“Йонхап”-ийн мэдээлэлд “Өнгөрсөн оны аравдугаар сард Хойд Солонгост айлчилсан Приморья мужийн амбан захирагч Сергей Дарькин Ким Чен Иртэй уулзах ёстой байсан ч учир битүүлэг шалтгаанаар тэр уулзалт болсонгүй. Харин одоо Ким өөрөө Приморийн захирагч дээр ирэхээр болжээ. Яг үнэндээ Ким ганц Дарькинийг бодож ирэхгүй, гол нь Приморьяд Путиныг тосч уулзахаар зорьсон хэрэг” хэмээн мэдээллэж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. “Ренхап” ийм л мэдээлэл тарааж байлаа.

Ким гадагшаа тун ховор явдаг удирдагч байв. Хятад, Орос гэсхийгээд л барагладаг байж. Түүний айлчлал гэнэтийн бөгөөд маш нууцлаг болдгоороо дэлхийн түүхэнд үлдсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. 2000 оны тавдугаар сард Хятадад хийсэн анхны айлчлал нь бараг өндөрлөсөн хойноо л ил болж байсан гэдэг. Кимийг 2001 оны нэгдүгээр сард Хятадын нийслэлд ирсэн өдөр хоёр дахь айлчлалын мэдээ цацагдсан байсан түүх өнгөрсөнд бий. Дараагийн айлчлал нь ч нам гүм ажин түжин болж байж.

Тухайн үед ноён Ким цөмийн хямралын асуудлаарх байр сууриа БНХАУ-ын удирдагч Ху Жинтаотой хуваалцахаар гурав дахь удаагаа айлчилж байсан юм. Дээрээсээ тушаал авсан Хятад сэтгүүлчид энэхүү айлчлалын талаар бүлх залгичихсан юм шиг таг дуугүй байсан хэмээдэг. Ким Чен Ирийг Пхеньянд буусан хойно л Хятадын Гадаад хэргийн яам сая нэг ам нээснийг өнгөрсөн түүхээс шүүрдэн харж болно. Сэтгүүлчид эл айлчлалаас хагас хугасхан ч болов мэдэж авах аятайхан боломж тэгж л бүрдсэн гээд төсөөл дөө.

Тухай үед өрнөдийн нэг гэрэл зурагчин Ким Чен Ирийг Тяньаньмэнийн талбайн ойролцоох “Бээжин нугас” гэдэг алдартай зоогийн газраас гарч явахад нь зургийг нь дарж орхижээ. Ким Чен Ир Хятадын өмнөх лидер, тухайн үеийн Цэргийн төв зөвлөлийн дарга, Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн Зян Зэминьтай “бээжин нугас” хамтдаа зооглосон нь төө сүүлд л тодорхой болсон юм.

Хятадын нийслэлээс Солонгосын хуягласан галт тэрэг хөдлөөд удаагүй байтал маш нууцлаг, эмгэнэлт явдал гарчээ. Ким Чен Ир үхлээс гайхалтайгаар мултарсан байдаг. Төмөр замын Ренчхан станц дээр түүнийг элбэгхэн устгачихаар хүчит дэлбэрэлт болсон гэдэг. Пхеньян албан ёсны мэдээлэлдээ уг дэлбэрэлт нь усжуулалтын сувгийн барилгын ажилд ашиглах зориулалттай дарь гэнэт ассан гэж мэдээлж байж. Ачаа тээврийн хоёр галт тэргийг өөр нэгэн галт тэрэгтэй холбох үед цахилгаан дамжуулагч хоолой өртөж, яах ийхийн зуургүй дэлбэрсэн аж. Үрэгдсэн, шархадсан хүний тоо хэдэн мянгад хүрч байв. Осол болохын өмнөхөн галт тэрэг станцын дэргэдүүр буухиалан өнгөрөх үед Кимийг дэлбэлж алах оролдлого гарсан гэх цуу яриаг хожим үгүйсгэсэн байдаг. Энэ явдал үнэхээр халдлага байсан эсэхийг мэдэх аргагүй юм. Хойд Солонгост алив юмыг ямагт чанд нууцалдаг хойно доо.

Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сен, эх Ким Чен Сук нар коммунист Солонгосыг төр улсын дайтай болж амжаагүй байхад, Манжуурын хойд хэсэгт Японы түрэмгийлэгчидтэй тулалдаж ахуй цагт партизаны отрядад танилцаж байж.

Үзэсгэлэнт сайхан бүсгүй, цэргийн эмч Ким Чен Сук өөрийн хайрт нөхөр, командлагч Ким Ир Сений гутланд улавч хийхийн тулд урт хар үсээ тайрч дэвсэж өгсөн тухай сэтгэл уярам түүхийг Солонгосын тэр үеийн суртал ухуулагчид чихэнд хоногштол ярьдаг байсан хэмээдэг. Ер нь тэдний талаар энэ мэт олон домог яриа бий. Ким Чен Сукийн нөхөртөө өгсөн бас нэгэн үнэт бэлэг бол “агуу их эцгийн үйл хэргийг үргэлжлүүлэгч” хүү Ким Чен Ир юм.

Тэр үеийн хар цагаан зурган дээр Кимийн бага, залуу нас дурайтал үлджээ. Гялалзсан хоёр эгнээ товчтой хар өнгийн цэмцгэр пальто өмссөн залуу жаахан Ким. Жирийн л нэг Солонгос хөвгүүн. Солонгосын ардын армийн үзэсгэлэнгийн цогцолборт тэрбээр эцгийгээ гараараа тулаад зогсчихсон байх. Эцэг нь яг л түүн шиг ажил хэрэгч байрын харагдана. Харин хожим эцэг Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн оюутан болсон тэрбээр цэрэг анд нарынхаа дунд нисгэгчийн дүрэмт хувцастай зогсч патиараа татуулсан юм.

1970-аад онд Ким Ир Сен хүүгээ албан ёсны залгамжлагчаар зарласны дараахан авахуулсан хэд хэдэн албархуу зурган дээр “агуу жолоодогч”, ”хайрт удирдагч” нар урьдын хэвээр хамтдаа сүр жавхлантай харагдана. Эхэндээ тэр эцгийнхээ “сүг сүүдэр” шиг л санагдахаар байв.

1994 оны долдугаар сард аугаа Ким Ир Сен насан өөд болоход хүү нь эцгийнхээ харизмыг өвлөж чадсангүй.гэсэн цуурхал хормын зуур дэгджээ. Бага Ким бүтэн гурван жилийн турш Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны даргын ажлыг алба ёсоор хийлгүйгээр, улс орноо де факто маягаар удирдсан эцгийнхээ үлгэр жишээг дагасан байдалтай байлаа.

Ким Ир Сенийг үхсэний дараа Хойд Солонгосын эрх баригчдын дунд засаглалын төлөөх тэмцэл хурцдаж, Ким Чен Ир эцэст нь хяналтаа алдаж, хэзээ мөдгүй “хусагдах” дээрээ тулж ирснийг дээрх хэрэг явдал гэрчилнэ. Гитлер, Сталин, Муссолини, Франко, Салазара, Чаушески, Энвер Хож, Сухарто, за тэгээд Латин-Америк, Африк тивийн өч төчнөөн дарангуйлагч нарыг бодоод байх нь ээ нэг дарангуйлагч нөгөөгөөр солигддоггүй түүх нотолсон байдаг. Харин 38 дугаар өргөрөг дээр сталинизмыг шүтсэн энэ улс яагаад ертөнцөөс тасарчихав?! Олон янзын тайлбар хийж болно. Гэвч Солонгосын хойг дээр бусдын таамагласан бүхэн эсрэгээр эргэж, байдал тэс өөрөөр өрнөсөн юм.

Кимийн дэглэм нурсангүй. Ким гаднаа зожиг, идэвхгүй харагддаг мөртлөө байр суур нь огт ганхалгүй явсаар орчлонгоос буцсаны учир юунд байсан юм бол?. Тэрээр төрийн өндөр албан тушаалуудыг гартаа аажмаар оруулахдаа юун түрүүнд Солонгосын уламжлалт дэг жаягийг хадгалахыг хичээсэн гэдэг.

Тухайлбал, нас барсан эцгээ хүндэтгэн гурван жилийн турш гашуудал илэрхийлж байхыг сургамжилсан Күнзийн сургаалыг даган баримталжээ. Гэхдээ Ким Чен Ир ард түмэнтэйгээ хамт эцэгтээ бүтэн гурван жил гашуудал зарлахдаа гар хумхин зүгээр суугаагүй юм. 1990-ээд оны дунд үеэс Хойд Солонгосын албан ёсны, амьд сонгодог үзэл суртал болох чучхеинизмыг хэрэгжүүлэхийг оролдож эхлэв.

Чучхейзм нь “зөвхөн өөрийн хүч чадалдаа тулгуурласан” философи үзэл санаа /Дэлхий ертөнцөө тасарч хөндийрсөн энэ зожиглолыг Сталины “Төмөр хөшиг”-төй харьцуулж болно/ билээ.

Ким чучхегийн үзлээ урагш хүчтэй түрж, төр барьсан эхний жилүүдэд солонгос хүн “Чучхегийн үзэл санааны тухай” ,Чучхе болон үндэсний хувьсгалын шинж төлвийг хадгалж, шинэ нийгмийг байгуулах” зэрэг бусад онол сургаалийг нэн даруй судлах үүрэг өгч байж. Эцгийх нь дэлхий ертөнцөөс тусгаарлан босгосон хана хэрмийг илүү өндөрсгөх зайлшгүй шаардлага тулгарсныг дээрх сургаалд номложээ.

Социализмын уналтыг чамгүй судалсан Ким Чен Ир, үндэсний үнэт зүйлийг дутуу үнэлж, ихэнх оронд интернационализмыг хэт дэвэргэснээс алдаа гарчээ гэж дүгнэв. Өнөөгийн ертөнцөд социализм зөвхөн үндэсний өвөрмөц онцлогоор л хөгжих боломжтой гэж тэр үзэж байв. Улс орон нь төд удалгүй сүйрлийн ирмэгт тулж ирлээ.

Дэлхийн эдийн засгийн хамгийн их гажилттай /Америкийн эдийн засагч Маркус Ноланд”-ын тодорхойлолт/ энэ улсад чучхегийн үзэл санаа ид хүчтэй дэлгэрсэн арав гаруй жилийн дотор төмөр, нүүрс, химийн салбарын аварга аварга үйлдвэрүүд танигдахын аргагүй уналтад оров. ЗХУ-тай нөхөрлөж байх үед тэд бүх л бараа бүтээгдэхүүнээ “ахын”-хаа тусламжаар үйлдвэрлэдэг байсан бол Зөвлөлт улс задарсны дараа мөнхийн зовлонд унах нь тэр.

Өвгөн Кимийг үхсэнээс хойш хоёр жилийн дараа тус улсын хамгийн төмөрлөгийн үйлдвэрийн сүүлчийн зуун нь зогсчээ. Дээр нь байгалийн гамшиг нүүрлэж, жил болгоныг ургацгүй угтдаг болов. Өлсгөлөн гуйланчлал, аймшигт хэрцгийллийн тухай ам хуурайгүй үглэсэн дүрвэгчид Хятадын хилийн дээсийг хэдэн зуугаараа давж байлаа. Гэвч агуу Кимийн удирдлага дор бэхжсэн дэглэм гойд амьдрах чадвартай ажээ. “Наймдугаар сарын 3-ны хөдөлгөөн” гэсэн сүрхий юм гараад ирлээ.

Хаалгаа барьсан хүнд аж үйлдвэрүүдийн гологдол бараа түүхий эдийг боловсруулж нэн шаардлагатай бүтээгдэхүүн бэлтгэхийн нөр их ажилд тэтгэврийн насныхан, эмэгтэйчүүд, тахир дутуучуудыг дайчлах болов. Хөдөлгөөн улс орныг хамарлаа. Оролдсон хүн болгон л шүдний ооноос гялгар сав, суулга хүртэл хэдэн мянгаар нь үйлдвэрлэж, эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээв. Ким Чен Ир ямар зальтай, овтой эр болохоо харуулсан гэдэг.

Эхэндээ тэр хувийн өмчтөнүүдийг хараан зүхэж байлаа. Харин Хятадад хийсэн айлчлал нь түүнийг Хятадын загвартай эдийн засгийн либеральчлалыг сонирхон судлахад хүргэж, түүний бүхий л элементийг Солонгосын хөрсөнд буулгахаар шийджээ. Ким Чен Ир маш өндөр технологийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Бээжингийн эдийн засгийн бүх гэгдэх “Торгоны хөндий”-д нүдээ унагах дөхөв.

Ким Чен ИрКим Ир Сенийг нас барсаны дараахан, 1990-ээд оны дундуур Солонгосын суртал ухуулга нь “Солонгосын загвартай социализм”, “Хятадын онцлогтой зах зээл”-ийн социализмын хоорондох ялгааг онцлон тэмдэглэж байлаа. Хойд Солонгост өргөсөн “Намын хуучин гварди”, “Шинэчлэлийн төлөөх технократ”-дуудын дунд цусгүй дайн дэгдэж эцэст нь шинэчлэгчид ялалт байгуулах нь тэр.

Эцгийнхээ гадаадын хөрөнгө оруулагчдад хагас дутуухан нээсэн хаалгыг хүү Ким нээж Солонгосчуудын чихэнд огт дасал болоогүй “өөртөө үйлчлэх”,”ашиг” зэрэг үгс сонсогдож эхэлжээ. Үүний зэрэгцээгээр Ким удирдагч коммунист Солонгост тохирсон хүнсний асуудлыг шийдэх уламжлалт бус аргыг сэдэж оллоо. 1996 оны үерийн гамшигт хамаг ургацаа алдах үед Ким “хараал идсэн дайснууд” болох Япон, Солонгосчуудаас тусламж гуйхаас аргагүйд хүрчээ. Тусламжийн бараанууд хойд Солонгосын боомт дээр ирэнгүүт л барааны тэмдэгтийг нь шалавхан сольчихож байлаа. Хязгаарлагдмал мэдээлэл дунд амьдардаг Умардын Солонгосчууд өлсөж үхэх шахсан олон хүнийг “Өмнөд Солонгосын дайснууд”,”Арлын үл бүтэх Япончууд” хагас сая тонн тээж явуулсныг огтхон ч мэдэхгүй байв. Чучхе үзлээр зэвсэглэсэн тэдний хувьд гэнэт хоолтой залгасан нь зоригтой, тууштай тэмцэж байгаагийнх нь шагнал мэт санагдаж байв. Ким Сен Ир, Ким Чен Ирийг магтан дуулсаар л.

Пхеньяны суртал ухуулга үнэн хэрэгтээ хоёр Кимийг “амьд бурхан” хэмээн нэрийдэж байв. Тэдэнд зориулсан сүлд дуу тоймоо алдаж тэдний хөрөг зураг гудамж талбайд алхам бүрт тааралдаж, хөшөө дүрсийг нь хаанаас ч харж болохоор байв.

“Пхеньяны даяанч”-ын амьдрах чадварыг илэрхийлсэн бас нэгэн арга ухаан бол “Солонгосын цөмийн аюул”-аар наймаалцах явдал байв. Орчин үеийн дэлхийн бодлогын детектив санаа гэвэл үнэхээр энэ юм. Хэн нэгэн түүнийг хайр дурлалаар тун аюултай нааддаг хүнтэй жиших юм бол Хойд Солонгос л лав “үзэсгэлэнт бүсгүй”-н дүрд, харин Вашингтон түүнийг эзэмдэх гэсэн догшин эрийн дүрд хувирна.

“Үзэсгэлэнт бүсгүй” цөмийн нууц гэгдэх “янагийн эрхтэн”-ээ хагас дутуухан нээж үзүүлээд, Сэм өвөөг тооцоотой нь аргагүй өднө. Үүний дараа тэр бүсгүй өөрт хэрэгтэй бүхнээ салгаж авна. Эцэст нь өнөөх эрийн хүссэнийг нь өгөлгүйгээр хулхидаж орхино. Ким Чен Ирийн хошигнол бүхий сонирхолтой түүх дээрх тохиолдлын жишээ болно. 2000 оны зун Ким Оросын ерөнхийлөгч Путиныг зочлохыг хүсчээ.

Окинава дахь “Их найм”-ын удирдагчдын уулзалтад очих зам зуураа Оросын лидерийн Пхеньянд хийсэн гэнэтийн, богино хугацааны айлчлал бүхэлд нь харлуулсан дуулиан болон хувирч байлаа. В.Путины Кимтэй нүүр тулж уулзсан явдал нь Окинавагийн уулзалтын эхний хэлэлцэх асуудал болсон бөгөөд их гүрнүүдийн удирдагч нарт үлэмж сонирхолтой сэдэв байсан билээ. Ким Чен Ир өөрийн цөмийн хөтөлбөрөө татгалзан гэж Путинд амлачихаж. Путин ч үнэхээр тэр чуулганы гол баатар болж орхисон түүх өнгөрсөнд бий.

Ким Чен ИрГэвч Солонгосын цөмийн аюулыг дарсан ялалтын хөгжим тийм ч удаан эгшиглээгүй юм. Хэдэн долоо хоногийн дараа Ким ажлын завсраар хундага франц улаан дарсны ард Өмнөд Солонгосын сэтгүүлчидтэй уулзахдаа В.Путинтэй пуужингийн асуудлаар ярилцсан нь үнэндээ тоглоом байсан гэж пал хийтэл хэлж байсан нь мөн л өнгөрсөнд өрнөсөн бодит түүх. Сэтгүүлчид чихэндээ ч итгээгүй нь ойлгомжтой.

Энэ нь тэгээд галзуу солиотой явдал уу, эсвэл алиа марзагнал уу, эсвэл бүр хянуур болгоомжтой, цэвэр луйвар уу, аль нь болохыг хэн ч хэлж чадаагүй нь бас л булзах аргагүй үнэн. В.Путинээр “тахил өргөсөн” Ким өөртөө Өрнөдийн ертөнцийн ашиг сонирхлын давалгааг даллан дуудсан юм. Өрнөдийн орнууд Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоохоор уралдацгаав. Итали, Канад, Австрали, Шинэ Зеланд, Их Британи…

Хойд Солонгосын харилцаанд гарсан эдгээр өөрчлөлт Ази тивд мэдрэгдсэн юм. Зүүн Өмнөд Азийн орнуудын байгууллага АСЕАН “коммунизмын эвсэл” гээчийг байгуулаад, Хойд Солонгосын ажиглагчаар эгнээндээ элсүүлэхээр урив. Гэхдээ хамгийн чухал нь “цөмийн үзэсгэлэнт бүсгүй”-д татагдсан Вашингтонд ч мөн гайхам өөрчлөлтүүд өрнөсөн байдаг. 2000 оны аравдугаар сард Пхеньянд АНУ-ын тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт хүрэлцэн ирэв. Үүний дараа Билл Клинтон өөрөө Хойд Солонгост айлчлахаар бэлтгэж эхэлжээ.

Гэтэл тэр ирж амжихааргүй болов. Биллийг айлчлах үеэр АНУ, Хойд Солонгосын дунд түүхэн энхийн тохиролцоо хийгдэнэ гэсэн цуурхал тухайн үед тарчихсан байж (1953 оны Солонгосын дайн дууссанаас өнөөг хүртэл хоёр улсын дунд энхийн тохиролцоо дөнгөж л хийгдэх нь). Ким Чен Ир үгээр тоглолоо ч энэ нь Хойд Солонгос болон өөрт нь ирэх сонирхлын давалгааг няцаахгүй гэдгийг сайтар тооцоолсон байж. Үнэхээр ч тийм л явдал болсон юм. Гойд заль мэхтэй тэрбээр энэ марзан гэмээр явдлыг “дэлхий ертөнц хорон санаатнуудын тоглоом бус, орчуулгын буруугаас болж золиослогдлоо” хэмээн “хоржоонтой” тайлбарлаж чадсан байдаг.

Ерөнхийдөө бол орчуулагч нар, дараа нь сенсацид хорхойтой сэтгүүлчид л дандаа бүгдийг будлиантуулдаг гэсхийгээд тайлбарлачихэж. Яг үнэн хэрэгтээ тэр хэн билээ дээ. Хувийн амьдралаа нууц байлгахыг илүүд үзэн хэвлэлийнхнээс зугтдаг хүн шүү дээ. За тэгээд соёлтой улс төрчдийн хүрээлэл дунд Ким Чен Ир сүр дуулиантайгаар орох гэхэд нь Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш саад хийж орхив.

Тэрбээр Хойд Солонгосыг Саддамын Ирак, исламын Ирантай хамтад нь “ад чөтгөрийн тэнхлэг”-т багтаан оруулав. Кимтэй гэнэт өөрөөр харилцах болсон шалтгаан нь гэнэн, тооцоогүй алхам огт биш байлаа. Бага Буш өмнөх Ерөнхийлөгч Билл Клинтоны үлдээсэн болгоныг ихэнхдээ үгүйсгэх байдлаар өөрийн бодлогоо бэхжүүлж байсан юм. 2002 оны аравдугаар сард АНУ, Хойд Солонгосыг цөмийн зэвсэг бүтээх зорилгоор уран баяжуулах хөтөлбөрийг нууцаар хэрэгжүүлсэн хэрэгт буруутгалаа.

Үүний дараа америкчууд Хойд Солонгосын эрчим хүчийг хангадаг түлшний нийлүүлэлтээ зогсоов. Хариуд нь Ким Ёнбоноос Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийг хөөж гаргаад, тэнд цөмийн туршилтын реактороо асааж, үй олноор хөнөөх зэвсгийн хэлэлцээрээс гарснаас зарлаж “цөмийн хүч чадал” хуримтлуулахын тулд зэвсгийн плутони үйлдвэрлэж эхэлснээ мэдэгдэж байв.Удаан маргалдсаны эцэст хямралыг намжаах зорилгоор АНУ, БНМАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Японы оролцоотой хэлэлцээрүүд эхэлсэн түүхтэй.

2003 оны наймдугаар сар, 2004 оны хоёрдугаар сард Бээжинд болсон уулзалтууд ямар ч үр дүнгүй болсныг өнгөрсөн түүхээс харж болно. Тэр жилийнхээ зун товлосон гурав дахь шатны уулзалтын өмнөхөн хор шар нь буцалсан Америкийн дэд Ерөнхийлөгч Дик Чемни дайснуудтай тохиролцоод нэмэргүй, тэднийг шууд номхотгох хэрэгтэй гэж мэдэгдээд, хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг эргэлзээнд оруулчихав.Хойд Солонгосын дэглэмийн харгислалыг батлах зорилгоор “Нью-Йорк таймс” сонинд нийтлэгдсэн өгүүллүүдийг эш татлаа.

Өөрийн цөмийн нууцаа Хойд Солонгост худалдсан хэрэгч буруутгагдсан Пакистаны атомын бөмбөгийн эцэг Абдул Кадар Хан хэргээ хүлээн зөвшөөрсөн нь сенсаци дэгдээж орхив. Пакистанд түүнийг мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлсэн тэр хавар Абдул Кадар Хан таван жилийн өмнө Хойд Солонгост очих үедээ газар доорх нууц заводад гурван атомын бөмбөг байхыг харсан хэмээж байсан гэдэг. Түүний тухай энэ мэт хачирхам сониныг хөврүүлбэл олон сонин түүх хүүрнэх хэрэг гарна. Ингэсгээд зогсъё.

БНАСАУ-ын Анхны удирдагч Ким Ир Сений хүү Ким Чен Ирийг 1942 оны 12 дугаар сарын 16-нд Хойд Солонгосын Пэктусан ууланд партизаны лагерьт төрсөн, ЗХУ-ын Вятское тосгонд төрсөн гэх зэргээр мэдээлдэг ч албан ёсоор хоёрдугаар сарын 16-нд төрсөн хэмээдэг. Навчин тамхи, коньяканд дуртай, онгоцоор нисэхээс айдаг байсан тул галт тэргээр л аялдаг, дөрвөн хүнтэй гэрлэсэн, албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гурван хүүтэй, хөгжим зохиодог, нийт зургаан дуурь бичсэн гэж намтарт нь дурайдаг энэ эрхэм 2011 онд бие барсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img